Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Сирийн Курдүүдийг зэвсэглэх шийдвэр гаргасан нь Туркийг айлгаж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Исламын улс бүлэглэлтэй тулалдаж байгаа Сирийн Курдүүдийг зэвсэглэх шийдвэр гаргасан нь Ойрх Дорнодын газрын зургийг өөрчилж магадгүй боллоо.

Ингэснээр Курдүүдийн хүчирхэгжилтээс болгоомжилдог Туркийн эрх баригчид Цагаан ордонтой муудалцах нь тодорхой болж байна. АНУ Курдүүдэд байлдааны хүнд зэвсгүүд, танк эсэргүүцэгч, мина харвагч, хуягт тэрэг, инженерийн техник хэрэгслүүдийг илгээхээр болжээ.

Ингэсний дараа Курдын зэвсэгт хүчин Сири дэх Исламын улс бүлэглэлийн нийслэл гэгддэг Ракка хотыг чөлөөлөх байлдаанд орох юм. Туркууд Сирийн курдүүдийг өөрийнх нь нутаг дэвсгэрт 1984 оноос хойш салан тусгаарлах партизаны дайн хийж байгаа Курдын Ажилчны Намын холбоотон гэдгийг Вашингтонд ухуулсаар байсан ч шийдвэрт нь нөлөөлж чадсангүй.

Туркийн гадаад хэргийн сайд Мэвлут Чавушоглу “Нэрнээс бусдаар тэдэнд ямар ч ялгаа байхгүй, хоёул террорист байгууллага. Тэдний гарт орсон зэвсэг бүр Туркэд аюул учруулна” гэж Трампын шийдвэрийн дараа мэдэгджээ.

Вашингтон Сирийн Ракка, Иракийн Мосул хотуудыг чөлөөлөх тулаанд амжилт олохоор хичээж байгаа юм. Иракийн арми долоон сарын турш Мосулын төлөө байлдаж байгаа ч хуучин хэсгийг нь одоо болтол Исламын улс бүлэглэл мэдэлдээ байлгаж байгаа.

Турк улс Курдүүдийн нөлөө нэмэгдэхээс сэргийлж өнгөрсөн онд хойд Сирид цэргээ оруулсан ч төдийлөн амжилт олж чадаагүй юм. Раккаг чөлөөлөх Курдүүдийн довтолгоонд Туркууд саад болсноос өөр үр дүн гараагүй гэхэд болно.

Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган энэ сарын 16-17-нд Вашингтонд айлчилж Дональд Трамптай анх удаа уулзах гэж байгаа. Энэ үеэрээ тэр Цагаан ордны бодлогыг өөрчлүүлэх төлөвлөгөөтэй байгаа ч үр дүнд хүрэх магадлал маш бага байна.

Обамагийн үед ч Курдүүдэд зэвсэг илгээж байсан ба Анкарад тайлбарлахдаа энэ нь зөвхөн Раккагийн ажиллагаанд ашиглагдах зориулалттай гэж байв. Гэвч Туркууд энэ зэвсэглэл өөрийнх нь эсрэг ашиглагдахаас болгоомжилж байна.

 

Эх сурвалж: Independent