Б.НОМИНТУЯА    
1
2
3
4
5

Б.Номинтуяа: Бид зөвхөн Монголын биш "ДЭЛХИЙН" НҮҮДЭЛЧИН болох цаг ирсэн

Ч.Болортуяа
2016 оны 12 сарын 6
iKon.MN
Б.Номинтуяа: Бид зөвхөн Монголын биш "ДЭЛХИЙН" НҮҮДЭЛЧИН болох цаг ирсэн

2016 онд Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаас Соёлын 40 лидерийг нэрлэхэд түүний дотор Холливүдийн жүжигчин Леонардо ДиКаприогоос эхлэн урлаг соёлын нөлөө бүхий манлайлагчид жагсчээ. 

Харин энэ жагсаалтад Монголын Урлагийн Зөвлөлийн дэд захирал Б.Номинтуяа багтсан нь үнэхээр бахархууштай. 

Тиймээс ч бид орчин үед урлаг соёлын манлайлагч гэж хэнийг хэлж байгаа талаарх ойлголтыг эрэлхийлж Б.Номинтуяаг "Өглөөний хүн" буланд урьж ярилцлаа. 

Гэхдээ зөвхөн дээрх жагсаалт бидний түүнтэй ярилцах ганц шалтаг байсангүй. Түүний хүүхэд бага нас урлагийн халуун тогоон дунд буюу есөн наснаасаа 18 хүртлээ 20 гаруй орны аялан тоглолт дунд өнгөрчээ. Тэр бол нугараач. 18 нас хүртлээ тасралтгүй нугарч харин түүнээс хойш эрдэм номын мөр хөөж урлаг судлаач мэргэжил эзэмшжээ. Фулбрайтын тэтгэлгээр Колумбиад 2010 -2012 онд урлагийн менежментээр мастерын зэрэг хамгаалж  урлагийн менежер, манлайлагч болон хөгжжээ. 

Одоо түүний ажилладаг Монголын Урлагийн Зөвлөл нийтдээ зургаан сая долларын санхүүжилт босгон соёл урлагийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд байна. 

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр…

 

Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА @Bolort
Ярилцлагын зочин: Б.НОМИНТУЯА @globalnomadnomi
Гэрэл зургийг:  Б.УУГАНСҮХ Uugansukh Byamba "Photographer"
Гэрэл зургийг Монголын Урлагийн Зөвлөлийн оффис болон UB INN зочид буудалд авав. 

НЭГ. ЕСӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД ДЭЛХИЙН 20 ОРЧИМ ОРОНД АЖИЛЛАЖ АМЬДРАВ

 

- Та дөрвөн настайгаасаа уран нугарч эхэлсэн юм билээ. Тэр үеэ санадаг уу?
- Саналгүй яахав. 

Би нисгэгч болно гэж их боддог байлаа. Их эрэгтэйлэгдүү охин байсан. Аав маань цэргийн хүн байсантай холбоотой байх. Аавын цэргийн хувцас, сүр жавжаатай байдал их таалагддаг байсан юм болов уу. Харин нэг л өдөр зурагтаар уран нугаралтын үзүүлбэр үзээд маш их таалагдаад гэртээ түүнийг нь дуурайж хийдэг болсон юм.  Хүүхэд нэг зүйлийг хэсэг хугацаанд сонирхож байгаад л больчихдог тал байдаг. Гэтэл миний хувьд гэртээ нэг жил бие дааж нугаралтаар хичээллэсний дараа аав, ээж хоёр маань үнэхээр үүндээ дуртай юм байна гээд улсын циркт шалгуулж, тэнцэж байсан юм. Ингээд Монголын анхны уран нурагаач Т.Цэнд-Аюуш багшийн шавь болсон. Шалгуур давсан хүүхдүүд ойролцоогоор дөрвөн жил бэлтгэгдэж байж нугараач болдог. 

Нэг дутагдалтай тал нь бусад үеийн хүүхдүүдээ бодох нь ээ аав, ээждээ эрхэлж, тоглох цаг маань циркэд өнгөрсөн байдаг. Сургуульд ороод бүр л завгүй болсон. Нугараач, циркчин хүүхдүүдийн бага нас ер нь ингэж өнгөрдөг. 

 Нуруу хоорондын нугалмны мөгөөрс нь зузаан байх тусмаа хүн уян байдаг

- Нугараачдын хувьд шантралгүй дөрвөн жил хичээллэж үндсэн техникүүдээ сурахаас гадна төрөлхийн өгөгдөл гэж гол нь бий байх. Тийм үү?
- Би 22 нас хүртлээ нугарсан. 

Энэ хугацаанд маш олон гадна, дотны хүмүүс бидний биед ямар нэгэн өөр зүйл байна уу, яс байна уу гэж хүртэл асуудаг байсан. 

Би үүний хариултыг өөрөө ч сайн мэддэггүй байлаа. Тийм ч учраас  баклаврын дипломын ажлаа “Уран нугаралтын түүх, техникийн онцлог” сэдвээр хийж, нугараач хүний биеийн онцлогийг судалсан. Миний хувьд урлаг судлаач мэргэжлээр сурсан. Тиймээс ч англи, монгол хэл дээрх түүх, анагаахын эх сурвалжуудыг судалж, Монголын уран нугаралтын сургуулийг үндэслэгч Т.Цэнд-Аюуш болон Д.Мажигсүрэн нарын хуваалцсан түүх  болон өөрийн туршлага дээр тулгуурлаж бид яагаад бусдаас уян, хэрхэн биеэ удирддаг тухай ойлгож авсан.

Хүний нуруу хоорондын нугалмны мөгөөрс нь зузаан байх тусмаа хүн уян байдаг юм байна. Тэгэхээр нугараачид бага наснаасаа эхлэх нь чухал. Учир нь тэр үед бидний нурууны нугалам хоорондын мөгөөрс зөөлхөн байдаг. Нугараачдын хийдэг дасгалууд нь нуруу хороондын нугаламны мөгөөрсийг сунгах, уян хатан болгоход чиглэгддэг. Түүнийхээ хажуугаар сээр, дал, нурууны булчингуудыг нь давхар хөгжүүлж сунасан мөгөөрсөнд дэмжлэг үзүүлдэг.

Уран нугараачийн сээр нуруунд хийсэн анхны судалгааг 1935 онд Америкийн Пенсильвания мужийн Филадельфия их сургуулийн харьяа эмнэлэгт хийгдсэн юм байна лээ. Энэ судалгааг уран нугараач Флорейнс Барловын сээр нурууг рентгэний аппарат ашиглан хийсэн байдаг. Судалгаанаас харахад түүний яснууд нь хэдэн хэсэг болж хугарсан биш харин түүний сээр нурууны нугалам хоорондын мөгөөрс нь энгийн хүнийхтэй харьцуулахад илүү зузаан бөгөөд уян хатан байгааг баталсан.

Миний хувьд хүүхэд байхдаа өөрөө ч энэ учрыг нь ололгүй нугарч яваад дараа нь энэ талаараа судлаад учрыг нь мэдчихээд их баярлаж билээ. Энэ судалгаагаа CNN-д өгсөн ярилцлага болон TEDMED 2013 үеэр тависан итгэлээрээ хуваалцаж байсан. Яагаад гэхээр маш олон хүн бидний биеийг ямар нэгэн гаж өөрчлөлттэй мэт харддаг шүү дээ. Тэгэхээр нугараач хүмүүс гэдэг бол ямар нэгэн нурууны гажигтай бус мэргэжлийн сургалтын дор бэлтгэгдэж, шаардалагтай чадваруудыг эзэмшсэн жүжигчин гэж ойлгох хэрэгтэй.

Есөн настайдаа Африк руу бүтэн жилийн хугацаатай анхны аялалдаа гарч байлаа

- Таны хувьд дөрвөн настайгаасаа эхэлж нугараачийн бэлтгэлд дөрвөн жил явсан юм байна. Найман настайгаасаа шууд циркчин болчихсон уу?
- Тэгсэн. Найман настайгаасаа туслах жүжигчнээр циркт ажилд орж байлаа.

- Харин удалгүй гадаадын аялан тоглолтуудад явж эхэлжээ. Тийм үү?
- Тийм ээ. 

Есөн настайдаа Африк руу бүтэн жилийн хугацаатай анхны аялалдаа гарч байлаа. Өмнөд Африкийн 246 хотоор тоглолт хийж байсан. Энэ миний хувьд жаахан хэцүү байсан л даа. Дөнгөж есөн настай гэрээсээ анх удаа маш хол удаан хугацаагаар явсан. Нэг хотод 2-3 хоноод л дараагийн хот руугаа явдаг нүүдлийн амьдралаар амьдарсан. Өвдөж, зовсон ч тайзан дээрээ заавал гардаг л тийм үе байсан. Алхаад ч болтугай гэртээ харьчих юмсан гэж боддог байж билээ. Харилцаа холбоо ч айхтар хөгжөөгүй, гэр лүүгээ захиа явуулахад хоёр сарын дараа аав, ээжид маань очдог байсан. Гэрийнхэнтэйгээ яриад тайтгарчих ч боломжгүй үе байв. 

- Эхний аяллын хувьд танд жаахан хүнд байжээ. Харин хэзээнээс энэ амьдралдаа дасч эхэлсэн бэ?
- Гурван жил тасралтгүй аялалд явсны дараагаас дасч эхэлсэн. Шууд Африк тивээс аяллаа эхэлсэн нь жаахан цочирдом байсан байх. Гэхдээ соёлын хувьд шинэ сонин, сонирхолтой зүйл олон байсан.

Алхаад ч болтугай гэртээ харьчих юмсан гэж боддог байж билээ

- Та дэлхийн 20 орчим оронд есөн жилийн хугацаанд ажиллаж, амьдарсан юм билээ. Хамгийн их сэтгэлд үлдсэн аялал аль нь байв?
- Өмнөд Африкт нэг жил тоглоод Монголдоо буцаж ирээд удалгүй гурван жил Европд аялан тоглолт хийсэн. Энэ хугацаандаа тэмцээнүүдэд маш их оролцдог байлаа. Тэмцээнд оролцож тодорхой амжилт үзүүлээд гэрээгээ үргэлжлүүлж хийгээд дараагийн аяллууддаа явдаг байсан. Европын аялан тоглолт маань хамгийн сайхан дурсамж үлдээсэн.

Англи хэл сурч, европын шинэ соёлтой танилцаж, үеийн хүүхдүүд олонтой тийм орчин байсан. Европ дундаасаа Швейцарьт миний хувьд хамгийн их дурсамж үлдээсэн байдаг. Гэхдээ тухайн улс нь гэхээсээ илүү тэнд хамт байсан найзууд л сайхан дурсамж үлдээсэн юм болов уу даа. Яагаад гэхээр бидний хувьд хүүхэд нас барагтаа байгаагүй бусад насанд хүрсэн жүжигчидтэйгээ зэрэгцээд л ажиллаж, амьдарч ирсэн. Харин Швейцарьт үе тэнгийн найзуудтай болж хэсэг хугацаанд ч болов чөлөөт цагаа хүүхэд шиг өнгөрөөх боломжтой байсан. Түүнээс сүүлд Швейцарьт очиход маш тайван, уйтгартай талдаа орон санагдаж билээ.

ХОЁР. "НАРНЫ ЦИРК" -ЭЭС ТАТГАЛЗСАН НЬ

 

- Таны хувьд хүүхэд насаа барагтаа аав, ээж дээрээ өнгөрөөгөөгүй юм байна. Таны хүмүүжлийг энэ урлаг л өгчээ гэж ойлгож болохоор. Санал нийлэх үү?
- Хүүхэд нас минь олон хэл, соёлын дунд өнгөрсөн. Би хамт нугардаг хоёр охин болон багштайгаа олон улсын циркчдийн багтай нэгдэж аялан тоглолтоо хийдэг байсан. Ойролцоогоор 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй олон улсын циркчдийн баг яг л нэг гэр бүл шиг хамтдаа аялж, нэг нэгнийхээ соёлоос суралцаж бас хуваалцаж явдаг. Энэ нь намайг бусдын соёлыг хүндэтгэх, бусадтай аливаа зовлон, жаргалаа хуваалцаж нэг баг болж ажиллахад сургасан. 

Миний гэр бүлийн хүмүүжил ч тийм байсан нь бусадтайгаа ойлголцоход их амар байсан болов уу. Надтай хамт нугардаг байсан хоёр охин маань надаас хоёр эгч би хамгийн бага нь байсан. Бид гурав ч өөр хоорондоо маш өөр ч би тэр хоёртойгоо бүх л зүйлээ хуваалцаж өссөн.

Би есөн настайгаасаа 18 хүртэл есөн жил тасралтгүй аялан тоглолтоор явсан. Монголдоо богино хугацагаар ирээд дараагийнхаа орон руу явдаг байлаа.

Ийм явуулын амьдралын дунд янз бүрийн ааштай, өөр хоорондоо адилгүй, соёлын маш их ялгаатай хүмүүс, амьдрах орчинд л хүмүүжсэн. Учир нь бид аялан тоглолт хийх үедээ тухайн улсын бодит байгаа нөхцөл байдалд нь ажиллаж, амьдардаг болохоос жуулчин шиг дурсгалт газраар нь аялж, сайхан бүхнийг үзэх боломж тэр болгон байдаггүй.

“Нарны цирк”-ийн Лас Вегаст тоглогддог “О” шоунд ажиллах санал ирсэн байсан

- 18 нас хүрээд яагаад энэ хэв маягаасаа татгалзав?
- Ингэж есөн жил тасралтгүй аялан тоглолтонд яваад миний хувьд жаахан ядарсан бас өвдсөн. Тиймээс ч энэ амьдралаа зогсоох хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгээд ч надад боловсрол бас их чухал байсан. Манай гэр бүлийнхний хувьд аав, ээж хоёр маань хоёулаа багш мэргэжилтэй, боловсролыг их чухал гэж ойлгуулдаг хүмүүс.

Тийм ч учраас англи хэлээ өөрөө бие дааж сурсан. Ингээд 18 нас хүрэхдээ би нэг бол уран нугаралтаараа илүү сайн ажиллах эсвэл боловсролдоо анхаарч сургуульд орох гэсэн хоёр сонголтын өмнө ирсэн. Тухайн үед надад “Нарны цирк”-ийн Лас Вегаст тоглогддог “О” шоунд ажиллах санал ирсэн байсан. Яг гэрээгээ зураад явах гэж байсан боловч эцсийн мөчид би их сургуульд орохоор шийдсэн. Учир нь нугаралтаар хүн 30, 40 хүртлээ ажиллаж болно. Түүнээс хойш би юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй байсан. Тиймээс ч одоо зогсоод боловсролдоо илүү анхааръя гэж шийдсэн. 

Хамгийн залуугаараа СТА цол тэмдгийг авч байсан. Одоо ч энэ амжилт хадгалагддаг юм шиг байна лээ

- Нугараач байхдаа үзүүлсэн амжилтаасаа хуваалцахгүй юу?
- Дэлхийн циркчдийн хувьд хоёр том тэмцээн байдаг. Нэг нь Парист /Festival Mondial Du Cirque De Demain Paris/, нөгөөх нь Монте-Карлод /Première Rampe" à Monaco, Monte-Carlo/ зохион байгуулагддаг. Энэ хоёр тэмцээнд хоёуланд нь оролцож мөнгөн медаль, мөнгөн алиалагч авч байсан. Мөн Итали, Унгарийн олон улсын циркийн тэмцээнүүдэд орж мөнгө, хүрэл медаль авч байлаа.

 
Парист /Festival Mondial Du Cirque De Demain Paris/, 1996 он,
 
Улаанбаатар, 2002 он, Б.Номинтуяа

Энэ бүх тэмцээнд оролцсоны дараа 1998 онд 14 настай байхдаа Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр шагнуулж байсан. Тухайн үедээ хамгийн залуугаараа СТА цол тэмдгийг авч байсан. Одоо ч энэ амжилт хадгалагддаг юм шиг байна лээ. Уран нугараач хүний хувьд дэлхийн олон орноор аялж, оролцох ёстой тэмцээнүүддээ амжилттай оролцсон учраас 18 настайдаа тийм шийдвэр гаргасан.  

- “Нарны цирк” бол циркчдийн мөрөөдөл гэж ойлгодог. Тэгэхээр та энэ шийдвэртээ харамсах үе бий юу?
- Харамсах үе байдаггүй. Яагаад гэхээр түүнээс хойш маш олон шинэ зүйлийг нээсэн.

Соёл урлагийн тэр дундаа хөгжим, орчин үеийн бүжиг, кино, дүрслэх урлаг, медиа урлагийн салбарт ажиллаж үзлээ. 

Хүн нэг л амьдрах учир өөрийгөө бусад салбарт сорьж, олон чадварыг өөртөө шинээр суулгаж, илүү ихийг сурч, хөгжиж байхыг би хүсдэг. Багадаа байнга аялж шинэ хүмүүс, соёлтой танилцсаар байгаад сониуч зантай болсон байх. Тийм ч учраас одоо хийж байгаа ажилдаа би их сэтгэл хангалуун байдаг. 

Яагаад гэхээр төсөл болгон шинэ салбар, хамтрагч, цар хүрээ, мэдлэгийг авчирдаг. Олон улсын соёл урлагийн байгууллага, уран бүтээлчид, сангууд, бизнес эрхлэгчтэй хамтран ажиллаж, аялж, тэндээсээ олж ирсэн санаа, урам зоригоороо  ажилладаг. Байнгын ингэж аялж ирсэн амьдрал маань нэг жижигхэн өрөө байсан ч түүнийгээ өөрийнхөө орон зай болгож амьдрах чадварыг олгосон.

Багадаа байнга аялж шинэ хүмүүс, соёлтой танилцсаар байгаад сониуч зантай болсон байх

- Та оюутан байхдаа одоогийн ажиллаж байгаа Урлагийн Зөвлөлд ажиллаад эхэлсэн юм билээ. Нугаралт, хичээл, ажлаа хэрхэн зохицуулдаг байсан бэ?
- Би гуравдугаар курстээ Соросын Сангийн тэтгэлгээр Америкийн Пенсильвания мужийн Слиппери Рок Их Сургуульд нэг жил суралцаад ирсэн юм. 

Монголын Урлагийн Зөвлөл өөрөө Соросын Сангийн соёл урлагийн хөтөлбөр байж байгаад бие даасан төрийн бус байгууллага болсон юм. Нэгдүгээрт, холбоо харилцаа байсан учраас хоёрдугаарт,  миний сурсан чиглэлээр ажиллахад хамгийн тохирох газар нь Урлагийн Зөвлөл байсан. Тиймээс ч энэ газарт би дадлагын оюутнаар ажиллаж эхэлж байлаа. Харин удалгүй ажлын санал тавьж оюутан байсан учраас хагас цагаар ажиллаж эхэлсэн юм. Харин сургуулиа төгсөөд ажлын найман цаг ажиллаад нугаралтаа үргэжлүүлэх боломжгүй болсон. 

ГУРАВ. 14 ЖИЛИЙН ХУГАЦААНД ЗУРГААН САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ БОСГОВ

 

- Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) өнгөрсөн 14 жилийн хугацаанд зургаан сая ам. долларын санхүүжилт босгосон гэх юм билээ. Та бүхэн өөрсдийн хэрэгжүүлдэг төслүүдээ танилцуулахгүй юу?
- МУЗ 14 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах, соёлын өвөө хойч үедээ өвлүүлэх эрхэм зорилгын хүрээд ажиллаж ирсэн. 

Хөтөлбөр, төслийн санхүүжилтийг дотоод болон олон улсын санхүүжгийн эх үүсвэрээс санхүүжилтээ босгодог. Тийм учраас санхүү, шийдвэр гаргах үйл явц нь ил тод, нэг хүнээс хамааралтай биш олонхын саналаар хороо, удирдах зөвлөлөөр дамжин шийдэгддэг онцлогтой. Өнгөрсөн 14 жилийн хугацаанд зургаан сая ам. долларын хөрөнгө оруулалтыг Монголын соёл урлагийн салбарт оруулсан. 

Эрхэм зорилгоо бид үндсэн дөрвөн хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлдэг. 

  1. Урлагийн хөтөлбөрөөр дамжуулан салбар доторх чадавхийг дээшлүүлэх, дэлхийн сор болсон уран бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, эргээд Монголын урлагийн дэлхийд сурталчилах зорилготой. 
  2. Соёлын өвийн хөтөлбөр нь биет болон бус өвийг хойд үедээ өвлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. 
  3. 2004 оноос эхлэн Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Олон нийтийн урлагийн боловсрол гэдгийг манайхан дуу, хөгжмийн хичээл заалгах гэж ойлгож магадгүй. Энэ тийм биш юм. Урлагаар дамжуулж хүнийг хөгжүүлэх, нийгэмд тулгарч байгаа асуудлыг  урлагаар дамжуулан олон нийтэд ойлгуулах, шинэлэг шийдэл олохыг хэлнэ. 
  4. Хамгийн сүүлд нь 2011 оноос бид Хөгжлийн хөтөлбөрийг зохион байгуулж ажиллаж байна. Бид төслийн санхүүжилтийн замаар санхүүжилтээ босгодог гэж би дээр хэлсэн. Ингэхлээр тухайн  төслийн үйл ажиллагаанд л зориулж санхүүжилтийг босгодог. Харин тэр төслийг хэрэгжүүлж байгаа бидний хувьд мөн санхүүжилт хэрэгтэй болдог учраас бид төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж мөн МУЗ-ийн гишүүнчлэлийг бий болгох зарчмаар тогтвортой үйл ажиллагаа явуулахыг зорьдог.  

Товчхондоо, МУЗ нь бүтээлч хамтын ажиллагааны хүрээнд соёл урлагийн салбарыг нийгэм, хүний хөгжлийн нэг чухал хүчин зүйл болгоход анхаарч ажилладаг.  

Улаанбаатар Олон Улсын Кино Наадмын Ерөнхий зохицуулагчаар ажиллаж байна

- Яг таны хувьд удирдаж хэрэгжүүлж байсан төслүүдээсээ танилцуулахгүй юу?
- Одоогоор би Урлаг болон Хөгжлийн хөтөлбөрийг хариуцан хөгжим, бүжиг, кино, медиа урлаг, хөгжлийн чиглэлээр дагнан ажиллаж байна.  

21-р зуунд соёл урлагийн салбарт шинэ манлайлагчдыг бэлтгэх, нийгмийн хөгжлийг дагаад үүсэж буй шинэ нөхцөлд шаардалагтай мэдлэгийг олгох зорилгоор хэрэгжүүлдэг “Соёл урлагийн манлайлагч” төслийг хариуцаж ажиллаж байсан. Манай хөтөлбөрийн төгсөгчид дотор Уран Зургийн Галерейн захирал Н.Батбаатар, Чойжин Ламын Сүм Музейн Д.Отгонсүрэн захирал, Түмэн Эх Чуулгын Т.Отгонсүрэн захирлууд байх жишээтэй. Харин 2009 онд илүү залуу 18-25 насны уран бүтээлч, менежерүүдэд зориулсан “Урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийг санаачилж “Амжилтын Гарц” гарын авлага номыг удирдан гаргаж байсан. Одоогоор нийт 300 гаруй соёл урлагийн манлайлагчид эдгээр хөтөлбөрт хамрагдсан. 

Дэлхийн урлагийн сор болсон бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, соёл урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, соёлын олон төрөл зүйлийг Монголд болон дэлхий дахинд таниулах төслүүд дээр би түлхүү ажилладаг. Учир нь миний мэдлэг туршлага, олон улсын танилын хүрээ, итгэл үнэмшил маань илүү холбоотой байдаг. 

Жишээ нь, дэлхийн алдарт АНУ-ын “Нью-Йорк Сити Балет, Нортвест Данс Прожект компанийн аялан тоглолтыг Монголд, “Арга Билэг” хамтлагийн аялан тоглолтыг АНУ болон Швейцарьт зохион байгуулсан. Хөгжмийн чиглэлээр Монгол Швейцарын уран бүтээлчдийн хамтарсан “Агула” хөгжмийн төсөл, цомгийн продюсероор ажиллаж дэлхийн нийт 22 цахим сүлжээгээр тус цомог борлуулагддаг байгаа. 

 
АНУ-ын “Нью-Йорк Сити Балет, Нортвест Данс Прожект компанийн аялан тоглолтыг Монголд зохион байгуулав,
 
Улаанбаатар Олон Улсын Кино Наадам - 2016

Мөн 2013 оноос Улаанбаатар Олон Улсын Кино Наадмын Ерөнхий зохицуулагчаар ажиллаж байна. Тус наадам өнгөрсөн 4 жилийн хугацаанд Канн, Берлин, Венец, Торонто, Гётеборг, Токио, Сан Паулогийн олон улсын кино наадмаас шалгарсан нийт 40 гаруй кино бүтээлийг Монголын 10,000 үзэгчдэд хүргэсэн. Хамгийн сүүлд техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг удирдаж ажилласан.  

Миний хамгийн дуртай, маш олон жил бодож санаачласан төсөл бол “Усгал” орчин үеийн бүжгэн жүжиг. Энэ төсөл нь соёл урлагийн бүтээлээр нийгэмд хамгийн тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн. Ингэхдээ орчин үеийн бүжгийн бүтээлийг медиа урлагтай холбосон. Ер нь эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, хоорондын харилцаа, хүлээх хариуцлагыг бид нүүдлийн соёлд, социализмын үед, одоо хэрхэн үзэж байгааг, энэ ялгаа юун дээр илэрч байна вэ гэдгийг орчин үеийн бүжгээр, видео, хөгжимтэй холбож хийсэн бүтээл юм. 

Одоогоор “Монголыг шинэ өнцгөөр” нэртэй төслийн санаачлан ажиллаж байна. Энэ төсөл нь уламжлалт цаасан шуумлын урлагаар дамжуулан нийслэлийн захын дүүрэгт ажиллаж амьдарч байгаа эмэгтэйчүүдэд уламжлалт гар урлалын мэдлэг болон жижиг дунд биснес эрхлэх боловсрол олгох, тэдэнд орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, байгаль орчинд ээлтэй соёлын бүтээдэгхүүнийг бүтээх олон зорилгыг өөртөө шингээсэн төсөл юм. Тийм учраас төр, бизнес, олон улсын байгууллага, уран бүтээчид зэрэг олон талын ажиллагааг биднээс шаардсан, хувь хүний хөгжил, нийгэмд тулгарч байгаа асуудалд шинэ өнцгөөс харсан төсөл юм. 

Соёл урлагийн байгууллагуудын сан бүрдүүлэлтийн ихэнх хувийг урлагийн боловсролын хөтөлбөрүүд эзэлж байна

- Та бүхний хэрэгжүүлж буй төслүүдээс олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөрийг онцолж асууя. Хувь хүний хөгжилд урлагийн өгөх өгөөжийг ярих нь илүүц биз.  Гэхдээ энэ талын олон улсын чиг хандлагаас бидэнтэй хуваалцахгүй юу?
- Хүний бүтээлч чанар, аливааг олон талаас харах чадварыг хөгжүүлдэг зүйл бол соёл урлаг гэдгийг нотолсон судалгаанууд бий.  Мөн аливаа зүйлд тууштай байх тэр чадварыг урлаг өгдөг. 

Тиймээс ч баруунд, Азийн зарим орон тэр дундаа Солонгост урлагийн боловсролын хөтөлбөрүүдийг их амжилттай хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрүүдээ хэрхэн хийж байгааг ажиглаад харвал, тухайн оронд үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлагийн байгууллага болгон хүүхэд залуучуудад зориулсан урлагийн боловсролын хөтөлбөрийг дэргэдээ хэрэгжүүлж байна. 
 
Нөгөө талаас соёл урлагийн байгууллагуудын сан бүрдүүлэлтийн ихэнх хувийг урлагийн боловсролын хөтөлбөрүүд нь эзэлж байгаа харагдсан. Тэгэхээр энэ нь өөрөө ямар чухал вэ гэдэг нь харагдаж байна. 

Өөрөөр хэлбэл, бизнесийн байгууллагууд зөвхөн нэг бүтээл, тоглолтыг ивээн тэтгэхээсээ илүү боловсролын хөтөлбөр дэмжиж ажилласнаар нийгэмд үзүүлэх үр нөлөөгөө илүү хүчтэй, ирээдүй рүү чиглэсэн, тэдний үр хүүхдүүдэд ач холбогдолтой байдаг учир тийм шийдвэрүүд гаргаж байна. 

 Баруунд, Азийн зарим орон тэр дундаа Солонгост урлагийн боловсролын хөтөлбөрүүдийг их амжилттай хэрэгжүүлж байна.

Монголын хувьд ч мөн соёл урлагийн байгууллагууд дэргэдээ ийм урлагийн боловсролын хөтөлбөрүүд бий болгож чадвал илүү өгөөжтэй санагддаг. 

- Жишээ нь, манай Драмын театр дэргэдээ Хүүхэлдэйн театртай. Тэднийг ирээдүйн үзэгчээ бэлдэж байна гэдэг. Энэ таны ярьж байгаа загвар мөн үү?
- Нэг хэлбэр нь мөн. Гэхдээ орчин үеийн хандлага нь тухайн хүн театрт ирж тоглолт үзэх нь чухал бус харин хүүхдүүдийн тэр байгаа газарт нь хүрч очиж хөтөлбөрүүд хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж байна. Жишээ нь, МУЗ-ийн хэрэгжүүлж байсан хар цагаан гэрэл зургийн “Хүүхэд ба Дуран” төсөл үүний тод жишээ. Хайлайстын гурван дунд сургуулийн хүрээнд хэрэгжүүлсэн тус төсөл нь зөвхөн хар цагаан гэрэл зураг авах, боловсруулахыг заагаад зогсохгүй багаар ажиллаж, урлаг, гоо зүйн мэдлэг, мэдрэмж өгөх гээд олон чадваруудыг төлөвшүүлсэн. Тус төсөлд хамрагдаад өнөөдөр гэрэл зурагчин мэргэжлээрээ ажиллаж байгаа хүмүүс нэлээд байдаг нь бидний яриад байгаа урлагийн боловсролын гол үр дүн болов уу. 

Ялангуяа захын дүүргүүд буюу урлагийн боловсролыг харьцангуй авч чадахгүй байх магадлалтай тэдгээр хүүхдэд хүрч очих нь маш чухал.  

МУЗ-ийн хувьд цаашдаа энэ чиглэлд бас олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. 

ДӨРӨВ. ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ СОЁЛ УРЛАГИЙН 40 ЛИДЕРИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭВ

 

- Өнгөрсөн зун Монголд Медиа урлагийн наадам болсон. Урлаг өөрөө технологийн хөгжлийг дагаад бас их өөрчлөгдөж байна. Урлаг өөрийн хэлбэр дүрсээ хэрхэн өөрчилж байна вэ?
- Техник, технологийн хурдацтай, зарим тохиолдолд 4 дэх үйлдвэрийн хувьсгал гэж тодорхойлж байгаа энэ хөгжлийн явцад үзэгчид болоод тэдний биднээс хүлээх хүлээлт маш ихээр өөгчлөгдөж байна.  Тэгэхээр үүнийг дагаад урлаг бас л өөрчлөгдөх шаардлага гарч байна. 

Жишээ нь, XV зуунд тосон будгийн шинэ технологийг нээхэд дүрслэх урлагийн салбарт нэг бүтэн урсгал бий болсон. Тэгэхээр ямар нэгэн технологийн дэвшил, өөрчлөлт өөрөө соёл урлагийн салбарт шинэчлэл авчирдаг гэдэг нь харагдаж байна. Соёл урлаг дотроо технологийн өөрчлөлтийг хамгийн түрүүнд мэдэрч байдаг нь кино урлаг. Дараа нь, дүрслэх урлаг орж байна.  

Медиа арт буюу медиа урлагийн шинэ урсгал сүүлийн 20 гаруй жил хөгжиж ирсэн. Медиа урлагийг mediate буюу А цэгийг Б цэгтэй утга санаа, орон зай, соёл, үзэл бодол, итгэл үнэмшил, өөрчлөлт, шинэчлэл гэх мэт олон талын хүрээнд холбосон оюуны бүтээл гэж ойлгох нь зүйтэй. Ямар нэгэн урлагийн төрлийг технологитой хослуулчихаар л медиа урлаг гэж ойлгох нь учир дутагдалтай. Гэхдээ яг энэ бол медиа урлаг юм гэсэн тогтсон тодорхойлолт одоогоор байхгүй байна.  

Анх удаа зохион байгуулагдсан “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам “Уламжлал ба Шинэчлэл” сэдвийн дор 9 орны 18 уран бүтээлчийн уран бүтээлийг танилцуулсан. 

 Үзэгчид ухаалаг гар утас, бусад технологийн хэрэглэгчид болсноор аливаа бүтээлийг үзэх тэр үйл явцад оролцох сонирхол маш их нэмэгдэж байгаа

Бидний танилцуулсан уран бүтээлүүд дотор анхны виртуал реалити “Мөргөлдөөн” уран сайхны богино хэмжээний кино бүтээлийг онцлох хэрэгтэй. Энэ кино бүтээлийн найруулагч, продюсертай би энэ жилийн Дэлхийн Эдийн Засгийн Давосийн чуулганы үеэр танилцаж,  уран бүтээлчдийг нь Монголд урьсан юм.  “Мөргөлдөөн” виртуал реалити кино нь орон зайн хувьд дэлхийн аль ч улсад байгаа үзэгчийг Австралийн баруун хэсгийн цөлд орших Марту овгийн нутгаар аялах, угуул Нийри Морганы түүхийг хуучны дэлгэц ба үзэгч гэсэн нэг шугаман өнцгөөс бус 360 хэмжээсд орж, өөрийн оролцоотойгоор үзэх боломжийг олгож байгаараа медиа урлагийн тод жишээ болж байгаа юм. 

Ихэнх үзэгчид ухаалаг гар утас, бусад технологийн хэрэглэгчид болсноор аливаа бүтээлийг үзэх тэр үйл явцад оролцох сонирхол маш их нэмэгдэж байгаа. Харин технологийн хөгжил урлагт энэ чиг хандлагатай хөл зэрэгцэн алхах боломжийг олгож байна. Тэгэхээр соёл урлагийн байгууллагууд үзэгчдийн оролцойтоогоор тухайн бүтээлийг хүлээн авах боломжийг хангах дээр анхаарч ажиллах цаг ирсэн.  

- Монголд медиа урлаг ямар хэмжээнд хөгжиж байна вэ?
- Медиа урлагийн наадамд, уран бүтээлч С.Ганзүгийн “Дахин төрөгч”, Б.Мөнхцэцэгийн “Авдар” бүтээлүүд сонгогдсон. С.Ганзүгийн “Дахин төрөгч” гэж бүтээлийн хувьд Цагаан Дарь Эх шүтээний гурван хэмжээст баримал, бөөгийн шашны тэнгэр шүтэх заншлыг видео артаар төлөөлүүлэн, хүний дотоод ертөнц дахь шашны зан үйлийг бодитой, оролцоон дээр тулгуурласан илэрхийлсэн нь уламжлалт шашны зан үйл, итгэл үнэмшлийг технологитой холбон үзэгчдийн оролцоон дээр тулгуурлан уламжлал ба шинэчлэл гэсэн ухагдахууныг илэрхийлсэн. Энэ мэт уран бүтээлүүд туурвигдаж байгаа. Харин цаашид медиа урлагийг уран бүтээлчдийн түшвинд судлахаас гадна урлаг судлалын хэмжээнд судалж цаашид хөгжүүлэх нь чухал. Тиймээс бид цаашид энэ наадмыг үргэжлүүлэн хийхээр ажиллаж байна. 

Соёл урлаг бидний өмнө тулгараад байгаа олон асуудалд илүү шинэлэг, оновчтой шийдлийг гаргаж, санхүүгийн болон бусад эх үүсвэрийг бидэнд авчирж байгаа олон туршлага байна

 

- Урлагт оролцохгүй салбар гэж байхгүй юм. Байгаль орчин, нийгмийн хамгаалал гээд. Хөгжингүй орнуудад бол урлагаар дамжуулж энэ бүгдийг сайн хийж чадаад байна. Харин Монголд ямар байна вэ?
- Дэлхийн Соёл Урлагийн Чуулган өнгөрсөн 10-р сард зохион байгуулагдаж нийт 90 орны 380 соёл урлагийн салбарын төлөөлөл оролцож,  тав хоног 21-р зууны соёл урлагийн манлайлал сэдвээр хуралдлаа. 

Монголын урлагийн зөвлөлөөс манай гүйцэтгэх захирал О.Одгэрэл болон бид оролцож ирсэн.

Тэнд яригдсан гол сэдэв нь технологийн үсрэнгүй хөгжил, дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал болоод хүн амын эрчимтэй шилжилт хөдөлгөөнийг дагаад соёл урлагийн салбар оршин тогтнох нөхцөл өөрчлөгдөж байна. Энэ үед бид гал тогооноосоо гарч бусад салбартаа нэгдэж нийгэмд үзүүлэх үр нөлөөгөө хэрхэн нэмэгдүүлэх тухай хэлэлцсэн. Мөн нөгөө талаас бидний хамгийн үндсэн хэрэгцээ болох хоол хүнс, аюулгүй байдлыг хангахад бэрхшээтэй болж байгаа энэ үед соёл урлагийн салбарыг яагаад дэмжих ёстой вэ гэдэг асуулт байнга л гарч ирж байна. 

Тиймээс бид бусад салбартай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, урьд өмнө хамтарч байгаагүй салбаруудтай нэгдэж тэдний нийгэмд үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх замаар өөрийнхөө үр нөлөөг нэмэгдүүлэх ёстой гэдэгт бүгдээрээ санал нэгдэж байсан. 

Жишээ нь, Монголд 1990 он гараад лангуун дээр давс л үлдсэн. Энэ үед соёл урлагийн салбар уналтанд орж байсан. Сүүлийн 20 жил энэ салбар төрийн хяналттай, төвлөрсөн санхүүжилтээс салж, зах зээлийн нээлттэй хэдий ч олон бэршээлийг өөртөө дагуулсан шинэ нөхцөлд тогтвортой хөгжих гэж явж байна. Тиймээс энэ 21-р зуунд соёл урлагийн манлайлагч гэж хэн бэ? Ямар итгэл үнэмшил, мэдлэг чадвар, цар хүрээг хамран ажиллах тухай нийт 20 орны залуус нийтлэл бичсэн. Би Монголын соёл урлагийн манлайллын тухай нийтлэлийг Ази, Европын сангийн 360˚ цахим хуудаснаа нийтлэсэн. 

Нийтлэлийн гол санаа нь бид өөрсдийгөө зөвхөн соёл урлагийн манлайлагч гэж хязгаарлах бус нийгмийн манлайлагч гэх харах цаг ирж байна. Учир нь соёл урлаг бидний өмнө тулгараад байгаа олон асуудалд илүү шинэлэг, оновчтой шийдлийг гаргаж, санхүүгийн болон бусад эх үүсвэрийг бидэнд авчирж байгаа олон туршлага байна. Тиймээс бид нээлттэй өөрсдийн мэдлэг цар хүрээ, орон зай магадгүй зөвхөн урдаа байгаа боломжийг биш түүнээс давж харах нь чухал байгаа тухай бичсэн. 

- Энэ жилийн Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаас  (ДЭЗЧ) нэрлэсэн дэлхийн урлагийн 40 лидерийн нэгт та нэрлэгдсэн юм билээ. Энэ шалгаруулалтын тухай тайлбарлаж өгөхгүй юу?

 

 

- Миний хувьд  ДЭЗЧ-ы дэргэдэх Глобал Шейперс  Улаанбаатар Нийгэмлэгт хоёр жилийн өмнөөс гишүүнээр элсэж энэ жил Тэргүүнээр сонгогдон ажиллаж байна. Нэг салбар, мэддэг хүрээллээсээ гарч нийгэмд тургарч байгаа асуудалд өөрийн хувь нэмрийг оруулж болох юм байна гэсэн санаа нь надад маш их таалагдсан. 

Дэлхийн 6,000 орчим залуу 456 хотод сайн дураараа нэгдэж, нийгмийн хөгжилд залуусын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж байна. Жил бүр 50 Шейперс буюу гишүүнийг сонгон Давос хотноо болдог ДЭЗЧ-нд оролцуулдаг. Ингэж оролцуулах гол зорилго нь тухайн жилийн ДЭЗЧ-ы гол сэдэв, чуулганы үеэр хэлэлцэж байгаа олон асуудлыг ирээдүйд нуруун дээрээ үүрэх залуусын дуу хоолой, үзэл бодлыг илэрхийлэхэд оршдог. Би 2016 онд сонгогдон тус чуулганд оролцсон 50 шейперсийн нэг болсон. 

Мөн ДЭЗЧ хажуудаа Дэлхийн Урлагийн Чуулгантай. Энэ байгууллага нь соёл урлагийн салбарын нийгэмд үзүүлэх үр нөлөө, шинэ нээлтүүдийг дэлхийн шийдвэр гаргагчдад таниулах зорилготой. Тухайн жилдээ хамгийн их өөрчлөлтийг урлагаар дамжуулан үзүүлсэн соёл урлагийн манлайлагчдыг шалгаруулж “Болор цом” гардуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд дөрвөн хүн авсан нь Леонардо ДиКаприо, will.i.am, Олафюр Элиассон, Яао Чен нар юм. Жишээ нь, бидний сайн мэдэх Леонардо ДиКаприогийн хувьд жүжигчин, найруулагч мөртлөө байгаль орчны асуудалд маш их анхаарлаа хандуулж энэ чиглэлд түүний оруулж байгаа хувь нэмэр их байгаа учраас энэ шагналыг авсан. 

Энэ бол соёл урлагийн салбарт гарч байгаа том өөрчлөлт.

Мөн тус чуулганд уригдаж урлагаар дамжуулж дэлхийн дахины тодорхой асуудалд эерэг нөлөөлөл үзүүлж байгаа дэлхийн 40 соёл урлагийн манлайлагчдыг нэрлэдэг. Тэдний нэг нь болсондоо баяртай байсан.  

- Ерөнхийдөө танай салбарын шинэ тутам хоёр гол логикийн арга замыг ойлголоо. Нэгдүгээрт, урлагаар дамжуулан бусад салбарын үр нөлөөг нэмэгдүүлэх, хоёрдугаарт соёл урлагийн манлайлагчид нийгэмд тулгараад байгаа асуудалд өөрсдийн хувь нэмрээ шууд оруулах болсон байна. Зөв үү?
- Тийм ээ.

ТАВ. ОЛОН УЛСАД ГАРЧ АЖИЛЛАХ ТАЛ ДЭЭР АНХААРНА

 

- Таны ажил амьдрал бас хувь хүний хөгжлийн талаарх цаашдын төлөвлөгөөг тань сонирхож болох уу?
- Дээр ярьсанчлан салбар хоорондын хамтын ажиллагаа тэр тусмаа соёл урлаг, иргэний нийгэм, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах болно. 

Энэ зорилгынхоо хүрээнд өнгөрсөн өнгөрсөн сарын 30-нд Глобал Шейдерс Улаанбаатар нийгэмлэгийн “Олон талт хамтын ажиллагааны өдөрлөг”-ийг  санаачлан хийсэн. Энэ өдөрлөгийн нэг чухал хэсэг нь Улаанбаатар, Бээжин, Хонг Конгийн Глобал Шейперс нийгэмлэгүүд хамтран азийн бүс нутгийн замын хөдөлгөөний аюулгүй байдалд залуусын оролцоог нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг эхлүүлсэн байгаа. Энэ арга хэмжээг жил болгон уламжлал болгон хийхийг зорьж байна.   

Цаашид соёл урлаг өөрөө ямар цар хүрээтэй, ямар үр нөлөөтэй байж болох тухай бусдад таниулах бас тэр нөлөөллийг хэрхэн хэрэгжүүлэх арга замыг улам боловсронгуй болгоход өөрийн ажлаа чиглүүлнэ гэж боддог.

Бид Монголын нүүдэлчид биш харин дэлхийн нүүдэлчид байх цаг ирсэн гэж боддог
 

Мөн Монголд соёлын олон төрөл зүйл хөгжих нь маш чухал. Учир нь бид бусдын соёлыг хүндэтгэж байж өөрийн соёлоо илүү ойлгож, дэлхийтэй хөл нийлүүлэн алхана. Бид Монголын нүүдэлчид биш харин дэлхийн нүүдэлчид байх цаг ирсэн гэж боддог. 

Бидэнд нүүдлийн соёлоос уламжилж ирсэн маш олон давуу талууд бас дутагталтай талууд байгаа. Тийм учраас дутуу байгаа зүйлээ бусдаас суралцах нь чухал. 

Мөн бүтээлч байх, шинэ санааг санаачилж түүнийгээ хүмүүст хүргэдэг, таниулдаг учраас их зүйл уншина, харна, бусадтай уулзана. Сэдэл гэж зүйлийг байнга эрж хайж, олж авах хэрэгтэй болдог. Миний хувьд гэхэд тухайн жилийн эхний сарыг бүтэн аялалд зориулдаг. Хувиараа ч бай, ажлаар ч бай аялаад ирэхээр тархиа цэвэрлээд шинэ санааг олноор нь олдог гэх үү дээ. Тэгэхээр миний цаашдын амьдрал ч аяллаар дүүрэн байх болов уу. 

- Гэр бүлээ хэзээ зохиохоор төлөвлөж байна вэ?
- Миний хувьд нэлээд их явлаа, аяллаа, нүд тайллаа. Харин одоо гэр бүлээ эхлүүлье гэж найз залуутайгаа зөвлөлдөж байгаа. Тэр маань бас урлагийн гэр бүлээс гаралтай, миний амьдралын хэв маягтай ойролцоо болохоор бид ойлголцоход амар байдаг. 

Би өөрийнхөө дуртай зүйлийг таньж мэдлээ. Энэ салбарт дуртай гэдгээ ойлголоо, тодорхой хэмжээнд туршлага хуримтлууллаа. Тэгэхээр дараагийн амьдралын төлөвлөгөө бол яг миний хувьд гэр бүлээ төлөвлөж, эхлүүлэх байна. Үүний дараагаар одоо байгаагаас илүү олон улсад гарч ажиллах тал дээр анхаарах болов уу. Учир нь нас, хүйс, үндэс, салбар харгалзахгүйгээр бид өнөөдөр аливаа өөрчлөлтийг хаанаас ч авчрах боломжтой цаг ирсэн байна. 

- Нугараачийн хувьд та 40 нас хүртлээ нугарах боломжтой байсан гэсэн. Өдийд ч магадгүй “Нарны цирк”-т нугараад байж байхыг үгүйсгэхгүй байж. Санхүүгийн хувьд та тэнд ажилласан бол одоо нэлээд баян хүн байж байх байсан байх даа?
- “Нарны цирк” мэдээж маш өндөр цалинтай. Гэхдээ миний хувьд нугараач биш болоод өөртөө нээсэн, сурч, мэдсэн зүйлс маань буюу одоо байгаа амьдрал минь надад маш ихийг өгсөн. Төрийн бус байгууллагын цалин бизнесийн байгууллагуудтай өрсөлдөхгүй. Гэхдээ энэ ажил маань надад дуртай зүйлээ хийгээд, дуртай газар руугаа аялаад амьдрах боломжийг олгодог. 

 
Тэрэлж, 2016 он, Б.Номинтуяа

Миний хүүхэд нас байнгын аялал дунд өнгөрсөн болоод ч тэрүү би одоо ч үргэлж шинэ зүйлд өөрийгөө сорьж, байнгын шинэ зүйлийг өөртөө нээж байх тэр хэв маяг надад маш их таалагддаг. 

Байнгын шинэ зүйлийг өөртөө нээж байх тэр хэв маяг надад маш их таалагддаг

МУЗ жилд 40 төслийг наймхан хүн хэрэгжүүлдэг учраас ажлын ачаалал бол маш их.  Үүрийн 5, 6 цагт оффисоосоо гарах бол энгийн асуудал. Дөрвөөс долоодугаар сарын хугацаанд гэхэд бид маш бага унтдаг. Гэхдээ үүнийгээ зовлон гэж боддоггүй. Яагаад гэхээр дуртай зүйлээ хийж байгаа болохоор асуудал байдаггүй. 

- Дөнгөж дөрвөн настайгаасаа л ачаалал дааж сурсан чанар чинь одоо ажил дээр чинь гардаг байх. Тийм үү?
- Тийм ээ. Хүүхэд байхдаа тэвчээр гаргаж маш хүнд дасгалуудыг хийж сурсан энэ чанар одоо ажил дээр их эерэг нөлөөлдөг. 

Мөн нугаралтын хувьд тэнцвэрийн дасгалууд ихтэй. Энэ нь яг нэг цэг дээр төвлөрөх буюу өөрийн оюун санаагаа удирдаж сурсан нь бас их давуу талтай байдаг шүү. 

 
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА @Bolort
Ярилцлагын зочин: Б.НОМИНТУЯА @globalnomadnomi
Гэрэл зургийг:  Б.УУГАНСҮХ Uugansukh Byamba "Photographer"
Гэрэл зургийг Монголын Урлагийн Зөвлөлийн оффис болон UB INN зочид буудалд авав. 
x