Зорилго...    
1
2
3
4

Д.Сумъяа: Залуу насаа хүсэл мөрөөдөл, зорилготойгоор өнгөрөөнө гэдэг маш чухал зүйл

Ч.Болортуяа
2016 оны 9 сарын 12
iKon.MN
Д.Сумъяа: Залуу насаа хүсэл мөрөөдөл, зорилготойгоор өнгөрөөнө гэдэг маш чухал зүйл

iKon.mn сайтын "Өглөөний хүн" булангийн шинэхэн ярилцлагууд уншигч та бүхэндээ хүрч эхэллээ.

Энэ удаагийн зочин бол яах аргагүй л 2016 оны онцлох хүн Доржсүрэнгийн Сумъяа. 

Д.Сумъяаг бид та бүхэндээ спортын хувцас, жудогийн өмсгөлөөс нь салгаж илүү түүний гоо сайхан, эмэгтэйлэг төрхийг нь таниулахаар нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй зураг авалт зохион байгууллаа.

Ярилцлагын хувьд түүний эгэл атлаа эрт биеэ даасан, өөрийгөө уйгагүй дайчилсан, хөдөлмөрч зан чанарынхаа үрээр өнөөдрийн амжилтанд хүрснийг харуулахыг хичээв.

Түүнчлэн Д.Сумъяагийн бэлтгэлийн үеэр хийсэн богино хэмжээний ВИДЕО ярилцлагыг манай багийнхан бэлдсэнийг та бүхэн үзэх боломжтой. 

Мөн уншигч та бүхэндээ Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн "Цагаан хадаг" кино удахгүй нээлтээ хийх гэж байгааг дуулгахад таатай байна. Тус кино багийнхан "Өглөөний хүн" ярилцлагын булантай хамтран ажиллалаа.

iKon.mn  сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн”  үргэлжилсээр…

"ЦАГААН ХАДАГ" КИНО МИНИЙ АМЖИЛТЫГ ЗӨГНӨСӨН УРАН БҮТЭЭЛ БОЛСОН

 

- Өөрийн тань амьдралаас сэдэвлэсэн “Цагаан хадаг” кино удахгүй нээлтээ хийнэ. Энэ кинонд Сумъяагийн бага балчир насны амьдрал их хүнд өнгөрсөн тухай гардаг. Энэ үйл явдлууд бодит байв уу?
- Миний хүүхэд нас Увс аймгийн Баруунтуруун суманд өнгөрсөн. Бусад хүүхдийн адил цэцэрлэгт хүмүүжиж, ихэвчлэн өвөө, эмээгийндээ байдаг байлаа. Өвөө, эмээгийн хүүхэд гэж хэлж болно. Тэд маань тодорхой тооны малтай. Багаасаа малын хажууд өссөн. Киноны хувьд миний амьдралаас сэдэвлэсэн. Гэхдээ би өөрөө киногоо үзээгүй байгаа учраас яг сайн хэлж мэдэхгүй байна.  

- Жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн нас чинь 15 юм билээ. 15 гэдэг тамирчид дундаа нэлээд хожуу үедээ орох байх. Тийм үү?
- Гадны тамирчдын хувьд ялангуяа Япон, Солонгосын тамирчид дөрөв, таван настайгаасаа энэ спортоор хичээллэж эхэлсэн байдаг. 

15 гэдэг хожуу нас. Гэхдээ энэ магадгүй монгол хүний онцлог байх. Хожуу эхэлсэн ч амжилт гаргаад явж байгааг маань гадны тамирчид гайхаж асуудаг. Би ч гэлтгүй монголын тамирчдад ийм жишээ олон бий. 

Н.Түвшинбаяр ахын хувьд наймхан жил хичээллээд олимпийн аварга болсон хүн. Найман жилийн дотор олимпийн аварга болно гэдэг гадны тамирчдын хувьд нүд нь орой дээр гарах амжилт юм. Тэгэхээр монгол хүний онцлог, авьяасыг бас харуулж буй хэрэг болов уу. 

- Аавын тань хувьд бас бөх барилддаг байсан гэж дуулсан юм байна. 
- Тийм ээ. Аав маань залуудаа чөлөөт бөхөөр барилддаг байсан. 

- Аав тань барилддаг байсан учраас бөх болоход чинь нөлөөлөв үү? 
- Миний тоглож өссөн орчинд маань хөвгүүд их олон байж. Тэд нартай их ноцолддог байсан. Эрэгтэй дүү нартайгаа ч ноцолдож өссөн. Тиймээс ч аавдаа би барилдмаар байна гэж их хэлдэг байсан. 

Тавдугаар ангидаа аавдаа барилдах сонирхолтой байгаагаа хэлтэл аав маань “Нас чинь бага байна, нэг, хоёр жил хүлээчих” гэж хэлсэн. Жил гаруйн дараа аав маань намайг спортод хөтөлж оруулсан. Спортын Төв Ордонд Г.Базарсүрэн багшийн “Монгол охид” клубт анх орж байлаа. 

- Та багаасаа сурахын зэрэгцээ хар, бор ажил их хийж байсан юм билээ. Аавынхаа дугуй засварын газарт ажиллаж байгаа хэсэг таны кинон дээр гардаг. Энэ үнэн түүх үү?
- Би ч гэлтгүй дүү нар бүгдээрээ аавын ажилд тусалдаг. Аав маань дугуйгаа засна.  Бид нар хажууд нь машин угаадаг байсан. “Баянбүрд”- ээс “Цагаан байр” руу өгсөх хэсэгт манайх амьдардаг.  Алчуур эргүүлээд л тэр зам дээр л зуныг өнгөрүүлдэг байлаа.

Бид амьдралын шаардлагаар аавдаа тусалж мөнгө олж хичээлийн хэрэгсэл зэргээ бэлддэг байсан. Харин дугуйг аав шигээ биш ч өөрийнхөө хэмжээнд нөхчихнө шүү.  

- Өмнө нь өгсөн ярилцлагуудыг харж байхад та аавтайгаа их нандин сайхан харилцаатай юм билээ. Аавынхаа тухай ярьж өгөөч. 
- Аавыг маань М.Доржсүрэн гэдэг. Аав маань хүүхдүүдийнхээ төлөө өөрийгөө бүтэн зориулж, амьдралын төлөө зүтгэсэн сайхан сэтгэлтэй хүн байдаг. 

Аав бид хоёрын дунд нэг хөгтэй явдал байдаг юм. 

2009 оны “Чингис хаан” дэлхийн цом миний хувьд насанд хүрэгчдийн анхны тэмцээн байж би мөнгөн медаль авч өөрийнхөө хэмжээнд маш амжилттай оролцсон. Дараа жил нь “Чингис хаан” дэлхийн цом хуваарийн дагуу болсон. Тэр үед аав “Манай охин барилдаж байгаа. Бүгдээрээ дэмжье” гээд найзуудыгаа цуглуулаад ирсэн байсан. Тэгсэн би эсрэгээрээ муу барилдаад ялагдчихсан. Тэрнээс хойш аав маань миний оролцсон тэмцээнүүдийг нэг их ирж үзэхээ больсон. Ер нь үзээд дэмий юм байна гэсэн. Чухам ямар шалтгаанаар дахиж үзэхээ больсныг сайн мэдэхгүй. Барилдааныг маань нэг бол гэрээсээ үзнэ эсвэл огт үздэггүй ажлаа хийгээд байж байдаг. Үзэхгүй байх нь өөрийнх нь сэтгэлд амар байдаг гэсэн. 

- Энэ олимпоор бас үзэж чадаагүй гэсэн үү?
- Гэрийнхэн маань олимпийн үеэр миний төрсөн нутагт очсон. Эмээ, өвөө, аав, ээж, дүү нар бүгдээрээ нутгийнхаа уул усанд миний төлөө залбирсан юм билээ. 

Тэгтэл яг аваргын барилдаан үзэх гэсэн чинь тэнд бороо ороод зурагт нь гарахгүй үзэж чадаагүй гэсэн. Уг нь үзэх гэж их л хичээж нэг жаахныгаа гадаа антенныхаа усыг арчуулаад зогсоочихсон байсан ч амжилт олоогүй хөгтэй зүйл болсон байна лээ. Түүнээс мөнгөн медалийн барилдааныг маань үзсэн байсан. 

- Охин нь олимпийн аварга болохоо шахаж, сэтгэл нь их хөдөлсөн байх даа. 
- Мөнгөн медаль авсныхаа орой нь гэрийнхэнтэйгээ ярьтал аав ярьж чадахгүй, хоолой нь зангираад “Аав нь ярьж чадахгүй нь ээ” гээд утсаа тасалчихсан.

 

- “РИО 2016” олимпийн бэлтгэл, сэтгэл санааны хувьд их онцгой сайхан байсан тухай ярьсан байсан. Бүх зүйл тийм онцгой байв уу?
- Би Даваа гарагт төрсөн учраас аав, ээж хоёр маань надад Сумъяа гэж нэр өгсөн. Миний олимпийн медаль авсан барилдаан Даваа гарагт болсон. Ер нь бүх л зүйл цаанаасаа нэг сайхан бүрдээд байсан. 

Энэ олимпоор миний хувьд тооны билэгдэл их байсан. Би наймын тоонд их дуртай. Тэгсэн бүх зүйл маань бас наймын тоон дээр л таараад байсан. Багштайгаа өглөө тосгоноосоо тэмцээн рүү явахдаа хүртэл яг найман цагт гарна шүү гээд сэтгэл санаагаа хүртэл дэмжсэн. 

Миний авсан медаль Монгол Улсын 25 дахь олимпийн медаль. Би энэ жил 25 настай. Ингээд тоонууд яагаад ч юм их гоё таараад байсан шүү. 

Мөн миний амьдралаас сэдэвлэсэн киноны багийнханд хүртэл нэг билэгшээлтэй зүйл болсон нь киноны зураг авалтад Японы бөх Каори Мацүмотог саяны олимпоор Мацүмотог хэрхэн ялсан яг тэр мэхээрээ давж байгаа тухай гардаг гэсэн. Сонин байгаа биз. 

- Хамгийн инээдтэй нь өөрийн тань тухай кинон дээр олимпийн аварга Силвагийн мишокийг Сумъяа биш нөхөр чинь унагачихдаг хэсэг гардаг юм. 
- Тийм үү. Ямар хөгжилтэй юм бэ /инээв/.

- Сумъяа яагаад киноны гол дүр болов?
- Анх хэд хэдэн хүн сонгогдсон байсныг миний амьдрал хамгийн сонирхолтой нь гээд холбооныхон санал болгосон гэсэн. "Hulegu pictures" –ийн продюсер Т.Номуунзул эгч маань өөрөө надтай яриад намайг сонгогдсоныг хэлсэн. 

- “Цагаан хадаг” киног хэзээнээс хийж эхэлсэн бэ?
- Киног 2015 оноос хийж эхэлсэн. Түүнээс 2016 онд олимпийн дараагаас хийсэн кино биш. Зарим хүн олимпоос медаль авчингуут л кино хийчихлээ гээд байсан. Энэ бол буруу мэдээлэл. Энэ киног гарахаар учир нь тайлагдах байлгүй дээ. Миний энэ амжилтыг зөгнөсөн уран бүтээл болсон гэж бодож байна. Тамирчин хүний бодит амьдралаас сэдэвлэсэн бараг анхны Монгол кино болж байгаа байх. 

БИ Г.ОТГОНЦЭЦЭГТЭЙ АДИЛХАН Л СОНГОЛТ ХИЙХ БАЙСАН БАЙХ

 

- Олимп дуусч тамирчид, мэргэжлийн холбоод өөрсдийн алдаа оноог дэнсэлж байна. Монголын тамирчид өмнөхөөсөө амжилтаа бууруулсан. Энэ нь юутай холбоотой байв гэж бодож байгаа вэ?
- Олимпоор монголчууд жүдогийн тамирчдаас илүү их хүлээлттэй байсан байх. Манай багийн хувьд олимпт хамгийн олон хүнтэй оролцсон. Бүтэн багаараа оролцох зорилго тавиад анх удаа ийм өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. 

14 жингээс 13-т нь оролцоно гэдэг бас нэг амжилт юм.  Яагаад гэхээр олимпт эрхээ аваад оролцоно гэдэг тамирчин хүний бас нэг том зорилго. Зөвхөн миний жинд л гэхэд 300 гаруй тамирчнаас ердөө 14 нь л шигшигдэж олимпт ордог гэхээр ямар хатуу чанга өрсөлдөөн болдгийг харуулж байгаа болов уу. 

Миний хувьд ч жүдогийн баг маань 3-4 медаль авчих боломжтой юм шиг санагдаж байсан. Гэхдээ энэ олимп их хатуу боллоо. Шүүгч нарын шүүлт, цагийн зөрүү, цаг агаар гээд нөлөөлөх зүйл их олон байсан. 

Гэхдээ бүх зүйл бусад хүчин зүйлээс боллоо гэж би хэлэхгүй. 

- Олимпт амжилтаа ухраагаад ирсний дараа спортынхоныг шүүмжлэх олон янзын санал, сэтгэгдэл гарч байна. Энэ дундаас онцолж асуухад манай спортынхон шинжлэх ухаанч биш байна гэдэгтэй санал нийлэх үү. Өөрөөр хэлбэл бид зүгээр хар ухаанаар явж байна.
- Жүдогийн хувьд ярих нь зүйтэй байх. Нэг өгүүлбэрээр хариулбал Монголын жүдогийн амжилт, үзүүлэлт дэлхийн топ тавд багтдаг. Үүгээр л бүх зүйл илэрхийлэгдэнэ гэж бодож байна. 

- Монголын шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээн болгоныг хэсч оноо цуглуулчихаад өөрийнхөө жинг тэргүүлчихлээ гэдэг. Түүнээс олимпийн аваргууд бол тэмцээн болгонд ордоггүй. Олон тэмцээнд орох тоолондоо бусдад судлагдаж, нөгөөтэйгүүр тамирчид өөрсдөө ядарч байдаг гэх юм билээ. 
- Бидний дунд орж ирээд нарийн ширийн зүйлийг мэдэхгүй хүмүүсийн л тайлбар юм болов уу гэж бодож байна. Жүдогийн хувьд  өөр, өөрийн зэрэглэлтэй 10 тэмцээн хуваарийн дагуу жил бүр болдог. Тэгэхээр нэг жинд л гэхэд 300 гаруй тамирчин байдаг учраас эхний 14-т орохын тулд яалт ч үгүй л тэр тэмцээнд орж таардаг. Чөлөөт, боксийн хувьд гэхэд нэг тэмцээнээс медаль аваад эрхээ авчихдаг учраас бусад тэмцээнд оролцох шаардлагагүй болдог. 

Бидний хувьд тэмцээнээс хоцрох л юм бол ард байгаа хэдэн зуун тамирчин урагшаа ахих эрсдэлтэй байдаг. Гэхдээ бүгдэд нь явах албагүй л дээ. Тамирчны өөрийнх нь үзүүлэлтээс нь шалтгаална гэсэн үг. 

Миний хувьд энэ жил гэхэд гурваас дөрвөн тэмцээнд орсон. 

- Г.Отгонцэцэгийн шийдвэрийг юу гэж боддог вэ. Хэрвээ өөрөө түүний оронд байсан бол?
- Би Отгонцэцэгтэй адилхан л сонголт хийх байсан байх. Спорт гэдэг чинь хүнд шүү дээ. Нэг хүнд дарагдана, нэг жинд олон тамирчин өрсөлдөж байгаагаас цорын ганц л олимпт явна. Цорын ганц эрхийн төлөө тамирчид бүх зүйлээ л зориулдаг. Тэгэхээр Отгонцэцэгийн хувьд зөв сонголт хийсэн болов уу гэж бодож байгаа.  

 

- Та хэд энэ жил сонгуулийн ажилд хэр зэрэг явсан бэ. Холбооны Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуулийн кампанит ажилд их тусалсан нь бэлтгэлд сөрөг нөлөөллөө гэх таамаглал их байсан. 
- Монголын жүдо бөхийн амжилт энэ спортын холбоо, менежменттэй салшгүй холбоотой. Энэ холбоог Х.Баттулга ерөнхийлөгч удирддаг. Тэгэхээр бидний амжилт энэ хүнтэй салшгүй холбоотой. Тэр хүн жүдод ямар их сэтгэлтэй вэ гэдгийг би хувьдаа олж харж чаддаг. 

Тэр хүн бидний яг аав шиг байдаг. 

Гэхдээ бид тэр хүний сонгуулийн ажилд яваагүй шүү дээ. Х.Баттулга Ерөнхийлөгчийг зүгээр л сэтгэлээрээ дэмжсэн. 

- Сонгуулиар та хэдийг бараг Баянхонгорт өнжсөн гэх юм билээ. 
- Үгүй, үгүй. Бид Баянхонгор аймагт сэргэлтийн бэлтгэл хийсэн нь үнэн. Тэр үеэрээ холбооны Ерөнхийлөгчтэй нэг удаа очиж уулзсан юм байна. Спортын хувьд сэргэлтийн бэлтгэл гэж байдаг. Түүнийг тэгж мушгиж тайлбарлаж болохгүй байх. 

Тамирчид ер нь л тэмцээний өмнө гэр бүл, хувийн амьдрал гэх зүйлсээ бүгдийг хойш нь тавиад бүх анхаарлаа бэлтгэлдээ хандуулдаг. Бид тэгж л бэлтгэлээ хийсэн.  

СПОРТДОО ИЛҮҮ ИХ АНХААРАЛ ХАНДУУЛАХЫН ТУЛД ДУНД СУРГУУЛИА ТӨГСӨӨД Л БИЕЭ ДААЖ АМЬДАРЧ ЭХЭЛСЭН

 

- Өөрийн тань хувьд гэхэд “РИО 2016” олимпт бэлдэж олон сар сэтгэл зүйчтэй ажилласан юм билээ. Энэ бэлтгэл амжилтад чинь хэр зэрэг нөлөөлсөн бэ?
- Сэтгэл зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Б.Золзаяа гэж эгч байдаг. Би энэ хүнтэй 2012 онд холбоо бариад сэтгэл зүйн зөвлөгөө авахыг хүстэл “Эгч нь өөр хүнтэй тулж ажиллаж байгаа. Боломжгүй” гээд надад өөр хүний дугаар өгснийг нь би холбогдоогүй орхичихсон юм. 

Миний хувьд 2014 онд дэлхийн аваргад яваад тавдугаар байранд орж медалиас мултарч байсан. Энэ үед би өөртөө дүгнэлт хийгээд надад нэг зүйл дутагдаад байгаа юм шиг санагдаад байсан. 

Бэлтгэл сургуулилт, техник, хүч бяр болоод байгаа юм шиг мөртөө нэг л зүйл дутагдаад байсан. Зөвхөн би өөртөө л ингэж санагдаад байдаг байлаа. Ингээд дараа жил нь буюу 2015 онд дэлхийн аваргаас хүрэл медаль авсан. Тэгээд л энэ үед сэтгэл зүйчтэй болъё гэж эрс шийдсэн. Арай өөр шинэлэг зүйл туршаад үзье гэж эрэлхийлсэн нь энэ юм. Ингээд Х.Эрдэнэт-Од багш маань ч бас тусалж Золзаяа эгчтэй дахиад холбогдтол зөвшөөрсөн. 

Ингээд сэтгэл зүйн сургалт, зөвлөгөө надад үр дүнгээ өгсөн. Тиймээс ч саяны олимп надад эхнээсээ их энгийн бөгөөд таатай байсан.  Найман сарын турш сэтгэл зүйчтэй ажилласан. 

- Х.Эрдэнэт –Од багштайгаа хэзээнээс хамтарч ажилласан бэ?
- Х.Эрдэнэт-Од багш 2008 онд Бээжингийн олимпоос ирээд зодог тайлсан. Тэгээд шигшээ багийн дасгалжуулагч болсон. Миний хувьд үе, үе шигшээ багтай бэлтгэл хийдэг байсан. Тэр үед багш маань намайг олж харсан юм шиг байгаа юм. Түүнээс хойш найман жил цугтаа бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Х.Эрдэнэт - Од багштайгаа ээж, охин хоёр шиг л дотно болсон байна. 

- Шигшээ багийн тамирчдын бэлтгэл ер нь хэрхэн өнгөрдөг вэ?
- Яг тэмцээн, уралдаанд зориулсан шаргуу бэлтгэлийн үед өдөрт гурван удаа бэлтгэл хийнэ. 

Өглөө зургаан цагт босч бэлтгэлдээ явахдаа өөрийгөө бэлдэх хэрэгтэй болдог. Учир нь долоон цагт бэлтгэл эхэлдэг. Бүх тамирчин долоон цагт гадаа жагсаж тоондоо ороод бэлтгэлээ эхлүүлдэг. Ингээд 09:30 хүртэл хөнгөн бэлтгэл хийчихээд өглөөний цайгаа ууж жаахан амардаг.  Үдээс өмнөх бэлтгэл 11:00 цагаас эхэлж 13:00 цаг хүртэл дэвжээний эсвэл хүчний бэлтгэл хийдэг. Харин оройны бэлтгэлээ 17:00-19:00 цаг хүртэл хийдэг. 19:00 цагаас хойш тамирчид хувийн бэлтгэлээ хийгээд 22.00 цагт тамирчид маань оройн тооллогодоо ордог. 

"Спортдоо илүү анхаарал хандуулах гээд аравдугаар ангиа төгсөөд л гэрийнхнээсээ тусдаа амьдарч эхэлсэн"

 

- Ингэж шаргуу хөдөлмөрлөхөд юу танд нөлөөлдөг вэ. Нэг эрч хүч өгдөг зүйл байдаг байж таараа байх. 
- Би баг хамт олноосоо маш их эрч хүч авдаг. Манай хамт олон их нийтэч. Гадны тамирчид бидний амь нэгтэй байдлыг гайхдаг. Манай холбооны нэг гоё уриа байдаг нь “Хамтын хүч амжилт” гэж үг бий. Яг энэ зарчмаар л бид бие биедээ ханддаг. 

- Хэрвээ олимпт амжилт үзүүлээгүй бол жирийн тамирчны амьдрал санхүүгийн хувьд тийм хангалттай биш байх. 
- Тэгэлгүй яахав. Хэцүү шүү дээ. 

2004, 2005 оны үед манай гэр бүл гэхэд 450-500 төгрөгийн үнэтэй атар талхыг наймуулаа хувааж иддэг байлаа. 100 гр масло, 100 гр сахар худалдаж аваад дүү нартайгаа хувааж иддэг үе байсан. Энэ бол амьдрал шүү дээ. Амьдралд байдаг л зүйл. 

Тамирчдын амьдрал харахад сайхан юм шиг боловч бодит байдал дээр хэцүү. Шигшээ багийн тамирчдын цалин гэхэд сарын 400 мянган төгрөг. Давхар нийгэмлэгүүдэд харьяалагдаж цалин авдаг.  Тэмцээн уралдаанд явж амжилт үзүүлбэл тодорхой хэмжээний шагнал авдаг. Мэдээж энэ нь амьдарлыг өөрчлөх хэмжээнд биш хэсэг хугацаанд хэрэглээд дуусдаг. 

Харин олимп, дэлхийн аваргаас медаль авч чадвал Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу насан туршийн цалин авна гэдэг нь тамирчдын хувьд маш том гэрэл гэгээ болсон. Энэ бас их том урам зориг, амьдралын баталгаа болж байдаг. Надад ч бас энэ санхүүгийн баталгаа амжилт үзүүлэхэд их нөлөөлсөн. Олимпоос медаль аваад энэ боломжоо олж авсандаа бас их баяртай байгаа. 

 

 

- Олимпт явахын өмнө та байрны зээлтэй байсан гэсэн. Одоо бол орон байрны асуудалгүй боллоо. Тийм үү?
- Тэглээ. Би 2009 онд “Чингис хаан” дэлхийн цомоос мөнгөн медаль авч 3,000 доллар шагналд нь авч байсан. Энэ бол маш их мөнгө. Миний хувьд анхны минь хамгийн том шагнал. 

Шагналаа аваад дүү нараа баярлуулж, өр ширээ дардаг байлаа. 

Гэхдээ миний хувьд тэмцээн уралдаанд оролцоод хэрэв мөнгөн шагнал авах юм бол түүндээ их гамтай байж аль болох хадгалдаг.

Тиймдээ ч аравдугаар ангиа төгсөөд гэрийнхнээсээ тусдаа амьдрахаар шийдэж айлын хажуу өрөө хөлсөлж суусан. 

- Спортдоо анхаарал хандуулахын тулд уу?
- Гэрийнхэнтэйгээ ярилцаад тусдаа гарах шийдвэр гаргасан. Нэгдүгээрт оюутан болсон. Хичээл номоо давтах хэрэгтэй болсон. Бас спортдоо илүү анхаарал хандуулах гээд тусдаа амьдарч эхэлсэн. 

Ингээд цалин, шагналын мөнгөө бага гэлтгүй цуглуулсаар байгаад найман хувийн орон сууцны зээлэнд хамрагдаж чадсан. Гэхдээ би ганцхан өөрийнхөө тухай яриад байгаа биш юм. Манай тамирчид бүгдээрээ шахуу л ийм амьдралыг туулж байгаа.  

ОДОО НАДАД ӨМНӨХӨӨСӨӨ ИЛҮҮ ХАРИУЦЛАГА ИРСЭН ГЭЖ БОДОЖ БАЙНА

 

- Их сургуульд нэг жил сураад орхисон юм билээ. Спортдоо л бүтэн анхааръя гэж бодов уу? 
- Тийм ээ. Би ХААИС-д нягтлан бодогчийн ангид элсэж орсон. Хагас жил сураад миний өмнө хоёр том сонголт бий болсон. Аав, ээж хоёртойгоо ярилцсан. Гэрийнхэн маань чи яг юунд нь илүү дуртай байна түүнийгээ  л сонго гэсэн. Ингээд л би спортоо сонгосон доо. Энэ маань ч зөв сонголт байсан гэж би одоо бодож байна. 

Мэдээж спорт бол залуу насны зүйл. Тиймээс ч спорт бол миний залуу насанд маш том хэсэг болж үлдэнэ. Хүсэл мөрөөдөл, зорилготойгоор залуу насаа өнгөрөөнө гэдэг маш чухал зүйл гэж бодож байна. Спорт миний амьдралд маш том урам зориг бас гоё дурсамж болж үлдэнэ. 

- Спортоо орхисны дараа юу хийхээр төлөвлөсөн бэ?
- Одоохондоо зодог тайлах тухай бодохгүй байгаа. 

- Гэхдээ магадгүй дараа нь юу хийхээ бодож байгаа байх?
- Тэгэлгүй яахав. Одоо би бэлтгэлийнхээ хажуугаар МУБИС-ийн багш, дасгалжуулагчийн ангид сурч байгаа. Дараа жил төгсөнө. 

" Одоохондоо зодог тайлах тухай бодохгүй байгаа" 

- Тэгэхээр мэргэжлийн дасгалжуулагч болох юм байна. Зөв үү?
-Тэгнэ. Олимпийн Хороо, МУБИС хамтраад атлет карьер гээд шинэ хөтөлбөр бүхий яг бид нар шиг тамирчдад зориулсан багш, дасгалжуулагчийн ангийг бий болгосон. Энэ их гоё хөтөлбөр болж байгаа.  

- Өөрийн тань хувьд спортоос олж авсан хамгийн том зүйл юу байв?
- Спорт амьдралд хандах хандлагыг их эерэг болгож өөрчилж чаддаг. Хүнийг хүмүүжүүлэх том ухаан. Аливаад их хаттай, тэсвэртэй, уужуу, тайван байх зэрэгт сургадаг. Жүдогоос би хүндлэлийг их сайн ойлгож, сурч авсан. Хүн хэн байхаас үл шалтгаалаад мэндлэхээс эхлээд бусдад хүндэтгэлтэй хандахыг сургадаг. Жүдо чинь өөрөө маш их дэг журамтай спорт. 

- Эмэгтэй хүний хувьд бөх болно гэдэг хүнд шийдвэр. Ер нь больё гэж бодох үе байв уу?
- Больё, хэцүү байна гэж шантрах үе надад яагаад ч юм байгаагүй. Би өөрөө энэ спортод маш их дуртай байсан учраас зөвхөн хүсэл мөрөөдөлдөө л хөтлөгдөж байсан. 

Эмэгтэй хүний хувьд барилдана гэдэг амаргүй зүйл. Хувийн амьдрал, сурч боловсрох зэргээ золиосолж байгаад л бүх зүйлээ спортод зориулсан. Энэ бол маш том золиос бас зориг юм болов уу гэж бодож байна. 

"Спорт бол хүнийг хүмүүжүүлэх том ухаан"

- Төрсөн ээж тань таныг их бага байхад бурхан болсон юм билээ. Олимпийн медаль авсан үедээ ээжийгээ их санав уу?
- Тийм ээ. Төрүүлсэн ээж, өсгөсөн ээж хоёртоо хоёуланд нь баярлаж явдаг. Ээжийгээ саналгүй яахав. Намайг их жаахан байхад бурхан болсон. Тэр маш бага хугацаа байсан учраас жаахан, жаахан зүйлсийг санадаг. Ээжийнхээ тухай ярих гэхээр сонин болох гээд байна. Уучлаарай. 

- Зүгээр ээ.  Өөрөө хэзээ хүүхэдтэй болъё гэж бодож байгаа вэ?
- Том зорилго байгаа учраас хувийн амьдралаа жаахан хойш нь тавих тал байгаа. 

 

- “ТОКИО 2020” олимпийн дараа гэж төлөвлөж байна уу?
- Тэгэлгүй яахав. Дараагийн олимпдоо оролцохыг зүтгэнэ. Одоо надад өмнөхөөсөө илүү хариуцлага ирсэн гэж бодож байна. 

- Өөрийн тань барилдааныг үзэхэд их шийдэмгий, санаачлагатай, дайчин харагддаг. Харин жирийн үед их даруу төлөв санагдлаа. Барилдааныхаа үеэр яаж тэгж тэсэрч чаддаг юм бэ?
- Ёстой хэлж мэдэхгүй байна /инээв/.  

 

 

 
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА  Bolort
Гэрэл зургийг:  Б.УУГАНСҮХ Uugansukh Byamba "Photographer"
Ярилцлагын зочны нүүр будаг, үс засалтыг:  Diva Professional MakeUp Studio
Зочин, сэтгүүлчийн хувцасыг:  Goyo Cashmere
Хамтран ажилласан: HULEGU PICTURES
Зураг авалтыг: SKY RESORT цогцолборт авав.
x