Ө.Ганзориг    
1
2
3
4
5

Ө.ГАНЗОРИГ: Бид өндөр хөгжил рүү зугуухан алхаад гүйцэхгүй. ҮСРЭХ Л ЁСТОЙ

Ч.Болортуяа
2016 оны 1 сарын 26
iKon.MN
Ө.ГАНЗОРИГ: Бид өндөр хөгжил рүү зугуухан алхаад гүйцэхгүй. ҮСРЭХ Л ЁСТОЙ

"Өглөөний хүн" булангийн 2016 оны анхны ярилцлагаа уншигч ТАНД хүргэж байгаадаа баяртай байна. 

Шинэ оны анхны зочноор "Голомт" банкны Ерөнхийлөгч Ө.Ганзоригийг урьж ярилцсан юм.

Өөрийн эхлүүлсэн ажил болоод удирдсан компани, салбартаа үргэлж АМЖИЛТТАЙ КЕЙС үлдээдэг Ө.Ганзоригийн АМЖИЛТЫН ТҮҮХээс бид та бүхэнтэйгээ хувцаалцахыг зорьж энэхүү ярилцлагыг хийв.

Түүнийг бид Санхүүгийн Зах Зээлийн Холбоо, "Тэнгэр", "Мандал" даатгалаар овоглож сайн мэднэ. Харин энэ удаад "Алтны Ганзориг", Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дилерийн сертификатыг эзэмшдэг хийгээд Хөгжлийн онол, Философилог боловсрол зэрэг Ө.Ганзоригийн судалж бас хийхээр бодож сэтгэж байгаа бидний төдийлөн хөнддөггүй сэдвүүдээр ярилцлаа. 

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр…

Ярилцсан: Ч.Болортуяа @Bolort

Ярилцлагын зочин: Ө.Ганзориг @GanzorigU

Гэрэл зургийг:  Б.Бямба-Очир MPA.mn 

Энэхүү ярилцлагыг хийх боломжоор хангасан  рестораны хамт олонд талархсанаа илэрхийлье.

1. ЦАГ ҮЕИЙН АСУУДАЛ: ТАВАН ХУВЬ

Бидэнд байгаа боломжийг Монгол Улсын Засгийн газрын гадаадаас зээлээд авчихсан байгаа мөнгөтэй харьцуулахад инээдтэй

- Цаг үеийн асуудлаар ярилцлагаа эхэлье. Ипотекийн зээлийн хүүг таван хувьд хүргэх асуудал зөв, буруугийн хоёр туйлд хүрээд байна. Таны хувьд хүү таван хувь болох хэр боломжтой вэ?
- Зөв, буруу гэх нь банкны байр суурь мэт ойлгогдоно. Тэгэхээр энэ сэдвийг томруулаад харвал дэлхийн аль ч улсын эдийн засагчид, банкирууд иргэдэд бага хүүтэй зээл олгох сонирхолтой байдаг. Яагаад гэхээр энэ нь нийгмийн болон эдийн засгийн хоёр ач холбогдолтой.

Эдийн засгийн ач холбогдол нь бага хүүтэй зээл авсан хүн эргүүлж төлөх магадлал өндөр. Нийгмийн ач холбогдол нь зээл бага хүүтэй байх тусмаа хүртээмж нь их байна. Бага цалинтай ч орон сууцны зээл авах боломжтой болох энгийн ойлголт. 

Мэдээж нөгөө талд нь эдийн засгийн суурь хуулиуд гэж бий. Жишээ нь, зээлийн хүү инфляцаас доошоо орж болохгүй. Манай улсын хувьд харьцангуй өндөр инфляцтай орон. Тогтмол хоёр оронтой тоонд байдаг. Харин энэ оны хувьд нэлээн буугаад 1.9 болсон байна. Гэхдээ энэ нь эргээд өсөхдөө хурдан байх магадлалтай. Тэгэхээр ипотекийн зээл гэдгийг нийгэм, эдийн засгийн олон талаас нь харж байж хийх ёстой асуудал. Тийм ч учраас аль нэг талаас нь харсан хүмүүсийн маргалдах сэдэв болоод байна.

Асуудлын хамгийн гол цэг нь Монгол Улс иргэдээ орчин үеийн боловсон орон сууцтай болгох ёстой юу гэвэл ёстой. Тэгж байж орчны бохирдол буурч бидний хөгжлийн гол хэмжүүрийн нэг үзүүлэлт дээшилнэ.

Зээлийн хүү тав, зургаа, найм байх эсэхийг цаг хугацаа л харуулдаг. Учир нь бид ирээдүйн нөхцөл байдлыг тааж мэдэхэд хэцүү. Таахад хэцүү юм байна гэдгийг бид олон жилийн туршлагаараа харлаа. Юу гэх гээд байна вэ гэхээр бид бүх зүйлийг хуульчилсан, томьёолчихсон мэтээр харж болохгүй. Монгол Улсын зорилго, чиг юу юм, бид хаана хүрэх юм гэдгээ л хараад явах нь зөв болов уу.

- Хамгийн гол нь энэ зээлийн эх үүсвэр нь тодорхойгүй байхад хэтэрхий эрт таван хувь болгох тухай ярьж байна гэж үзээд байгаа шүү дээ.
- Популизм хийж байна уу, үгүй юу гэдэг улстөрчдийн л асуудал. Харин энэ таван хувийн хүүтэй зээл ямар эх сурвалжаас, ямар аргаар гарах вэ гэдгийг хэн ч яриагүй байгаа гэж бодож байна. Зүгээр л таван хувь болгох боломжтой л гэж зарим хүн хэлсэн. Нөгөө талд нь байгаа хүмүүс боломжгүй гэсэн. Тэгэхээр яаж тав болгох вэ гэдэг аргачлал дээрээ маргалдах нь зөв юм шиг. Учир нь зээлийн хүү буурах ёстой юу. Ёстой. Би бол үүнд итгэдэг. Гэхдээ энэ нь өөрөө эдийн засгийн суурь хуулиудыг дагасан байх ёстой. Тэгэхээр бид аргачлалаа л харах ёстой. Ямар арга яриад байгааг би мэдэхгүй байгаа учраас одоо дүгнэлт хийхэд хэцүү байна.

- Та Монголбанкны Мөнгөний Бодлогын Зөвлөлийн гишүүн байсан. Тиймээс ипотекийн зээлийн тухайд Монголбанкны бодлогыг дэмжих, хамгаалах талд хариулт өгч байна гэж ойлгож болох уу?
- Ингэж ойлгож байгаа бол би арай өөр өнцгөөс нь тайлбарлая. Банкны секторт ердөө 19 мянган орон сууцны зээлдэгч байсан. Гэтэл найман хувийн хөтөлбөр гараад энэ тоо 76 мянга болсон. Үүнийг миний хувьд эдийн засгийн бодлогын түвшинд хийгдсэн нэлээн чухал ажил гэж хэлнэ. Би Монголбанкны Мөнгөний Бодлогын Зөвлөлийн хараат бус гишүүн байсан гэдэг нь Монголбанкыг хамгаална гэсэн үг биш. Би Монголбанкнаас ямар нэгэн цалин авдаггүй байсан. Тэгэхээр надад төв банкийг өмгөөлж ярих үндэслэл байхгүй. 

Асуудлыг ипотекийн зээл гэдэг өргөн ойлголтоор нь л харах хэрэгтэй. Манай улсын зарим нэг хариуцлагатай албан тушаалтай хүмүүс “Ер нь хүмүүсийг зээлээр ингэж боомилж өрөнд оруулах нь буруу гэж” ярьж байна. Энэ бол маш хариуцлагагүй, эдийн засгийн мэдлэггүй байгаагийн шинж. Ер нь улс орон юуны тулд оршин байх тухай сайн эргэцүүлж бодоогүй, сэтгэл хөдлөлөөрөө л ярьж байгаа яриа гэж зоригтой хэлнэ.

Нийслэлийн хүн амын тал гаруй хувь нь гэр хороололд амьдарч байна. Иргэдээ эрүүл, тохилог орчинд амьдруулах үүрэгтэй юм шүү дээ энэ төр засаг чинь. Үүнийг шийддэг механизм чинь өөрөө орон сууцны зээл юм. Ер нь орон сууцны зээл хэрэггүй ч гэж зарим хүн ярьж байна. Харахаар дандаа өөрсдөө орон сууцны асуудлаа аль дээр шийдчихсэн, харьцангуй чинээлэг хүмүүс, улстөрчид байх жишээтэй.

Гэтэл 21 настай, аав, ээжээсээ орон сууц өвөлж аваагүй залуугаас ипотекийн зээл хэрэгтэй юу гээд очоод асууд аа. Ийм мэдээжийн зүйл дээр манайхан хоорондоо их маргах юм. Буруу, зөрүү ойлголтыг хэтэрхий дэвэргэх юм.

- Монголбанкны зүгээс эдийн засагт нийлүүлж байгаа мөнгөний хэмжээний тухайд та тэгвэл юу хэлэх вэ?
- Энэ мөнгөний хэмжээ ихэдсэн үү, багадсан уу гэдгийг л бид ярих ёстой. Мөнгө нийлүүлэх нь зөв үү, буруу юу гэж яривал яг үнэндээ цаг үеэ олоогүй, тухайн маргааныг хийж байгаа хүний эдийн засгийн ямар ч мэдлэггүйг л харуулж байгаа хэрэг болно. Монголбанк ч тэр, Сангийн Яам ч тэр эдийн засагт мөнгө нийлүүлэх ёстой. Дэлхий даяараа л мөнгө нийлүүлдэг. Нийлүүлэхдээ харин яг зохистой хэмжээний мөнгө нийлүүлсэн үү. Дутуу нийлүүлчихвэл эдийн засгийн өсөлт гарч ирдэггүй. Хэтрүүлчихвэл инфляц бий болдог. Тэгэхээр энэ хэмжээн дээр бид ярьж болно. Хамгийн гол нь энэ хэмжээ ихэдсэн эсэхийг дүгнэхэд цаг хугацааны хувьд эрт байна.

- Санхүүч хүний хувьд Монгол Улсын ойрын эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа вэ. Сонгууль дуусаад 2017 онд бид Грек шиг дампуурлаа зарлана гэх айдас хүртэл бий болоод байна.
- Монгол Улсын хувьд ямар боломж байгаа вэ. 

Бидэнд байгаа боломжийг Монгол Улсын Засгийн газрын гадаадаас зээлээд авчихсан байгаа мөнгөтэй харьцуулахад инээдтэй. 

Бидэнд байгаа боломжийг Монгол Улсын Засгийн газрын гадаадаас зээлээд авчихсан байгаа мөнгөтэй харьцуулахад инээдтэй. Хамгийн гол нь боломжоо ашиглаж чадаж байна уу гэдэг их том асуудал. Бид аливаа зүйлийг яаж харж байгаагаас л асуудал шалтгаалж байна. Хэрвээ манай улстөрчид талцсаар гол асуудлаа ярьж чадахгүй, жижиг юмаар хөөцөлдөж популизм хийсээр байгаад сонгуулиар мөнгө тараачихдаг эсвэл популист амлалт өгчихдөг маягаараа үргэлжлээд байвал Монгол Улсын хувьд одоогийн өр дааж давшгүй ачаа болно. Грек байтугай ч болж магадгүй. Гэтэл нөгөө талд нь боломж нь хязгааргүй. Бид Хятад гэж маш том хэрэглэгч улсын хажууд байна. Бидэнд газар нутаг, байгалийн баялаг байна.

Бидний өр гэж хэлээд байгаа мөнгө дэлхийн дундаж компанийн дансанд л байж байдаг мөнгө шүү дээ. 

Бидний өр гэж хэлээд байгаа мөнгө дэлхийн дундаж компанийн дансанд л байж байдаг мөнгө шүү дээ. 

Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 19 дүгээр байрт жагсдаг, өнө эртний түүхтэй, тусгаар тогтносон, гурван сая иргэнтэй, асар их байгалийн баялагтай Монгол Улсын хувьд энэ тоо өнөөдөр том юм шиг сонсогдоно гэдэг бид үнэхээр ямар янзтай, ямар байдалд оччихоод байгааг л харуулж байгаа болов уу.

- Төсөв, Дотоодын нийт бүтээгдэхүүний хувьд өр маань том харагдахаас өөр аргагүй болоод байна шүү дээ.
- Тэгвэл ДНБ-ний хэмжээг томруулахын тулд энэ улстөрчид юу хийсэн юм бэ. Үүн дээр л бид ажиллах ёстой.

2. ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ: ӨӨРЧЛӨЛТҮҮД

 

Монгол Улсын нийт олборлосон алтны 70 орчим хувь нь миний гараар дамждаг байсан үе бий

- Монголын топ банкууд Ерөнхийлөгч хэмээх шинэ албан тушаалтай болох өөрчлөлтүүд хийгдэж байна. “Голомт” банкны хувьд ч цоо шинэ энэхүү албан тушаалыг гаргаж ирлээ. Хэрэгцээ шаардлагын тухай та товч ойлголт өгөхгүй юу?
- Олон улсын хандлагыг харах юм бол Co-CEO гэж байдаг. Өөрөөр хэлбэл нэг байгууллага хоёр гүйцэтгэх захиралтай байдаг бөгөөд ажлаа хувааж хийдэг. Яагаад ийм нөхцөл байдал үүсэв гэхээр байгууллагууд томроод 500 мянга, нэг сая харилцагчтай болох,1.000, 2.000, 5.000 ажилтантай болоод ирэхээр тухайн компанийг багаар удирдах хэлбэр рүү шилжүүлдэг. 

Америкт ч юм уу, Японд 25 настай банкны захирал гэвэл төсөөлөгдөхгүй л дээ

Монголд ч гэсэн өнөөдөр банкууд болоод бусад компанийн үйл ажиллагаа, цар хүрээ томорсоор байна. Тэгэхээр гүйцэтгэх захирлын хувьд хийх ажил нь нэг хүний хэмжээ хязгаараас давдаг. Тиймээс ажил үүргүүдээ хувааж хийх шаардлага гардаг учраас ерөнхийлөгч эсвэл гүйцэтгэх захирлын тоог нэмдэг.

- Гүйцэтгэх захирлын олон үүргээс чухам аль хэсэг нь танд ногдож байна вэ?
- Миний хувьд бизнес талын буюу харилцагч, маркетинг, банкны бизнесийн стратеги тал дээр ажиллаж байна.

- Та өөрийн байгуулалцсан “Мандал” даатгалынхаа нэлээд хувийг “Голомт” банканд зарсан гэдэг. Ер нь яагаад эргэж банкны салбарт ажиллахаар болов?
- "Мандал" даатгалд "Голомт" банк хөрөнгө оруулалт хийсэн.

Миний хувьд яагаад эргээд банкны салбарт орж ирсэн бэ гэхээр сурсантайгаа нийлээд нийт 18 жил санхүүгийн салбартай холбоотой ажил хийлээ. Анхны ажлын гараа маань банк байсан. Үүний дараа даатгалын салбарт ажилласан.

Шинэ секторыг буюу даатгалын салбарыг хөгжүүлэх гээд явж байхдаа банкны салбарт хийх ажил, боломж их байна гэдгийг харсаар, ажигласаар ирсэн. Тиймээс "Голомт” банканд ажиллаад жил болж байна.

- Таныг хүмүүс “Тэнгэр”, “Мандал”, Санхүүгийн Зах Зээлийн Холбоо зэргээр илүү сайн мэддэг. Одоо та “Голомт” банкны Ерөнхийлөгч боллоо. Гэхдээ таны амжилтын түүхийн эхлэлийг залуус тэр бүр мэддэггүй шүү дээ. Алтны дилер хэрхэн болсон тухайгаа ярьж өгөөч?
- Би энэ талаар нэг их ярьж байгаагүй л дээ. 

- Таны тухай яриа үлгэр домог шиг л байдаг шүү дээ. “Алтны Ганзориг” гэдэг хочтой байсан гэсэн. Энэ тухайгаас яриач?
- Ганзориг гэдэг маш түгээмэл нэр. Хүмүүс рүү утсаар ярихаар “Аль Ганзориг вэ?” Гэж асуухад нь “Алтны Ганзориг байна аа” гэж хэлдэг байлаа. Монгол Улсын нийт олборлосон алтны 70 орчим хувь нь миний гараар дамждаг байсан үе бий. Энэ бол банканд дилер хийдэг байсан үеийн түүх л дээ.

Монгол Улсын нийт олборлосон алтны 70 орчим хувь нь миний гараар дамждаг байсан үе бий.

- Та нягтлан бодогч мэргэжилтэй хэрнээ банканд хэрхэн дилер болсон тухайгаа ярьж өгөхгүй юу?
- Би нягтлан болохгүй гэдгээ энэ мэргэжлээр сурч байхдаа ойлгосон. Гэхдээ л сургуулиа төгсөөд мэргэжлээрээ буюу нягтлан бодогчоор ТАСИС гэж төсөлд хагас жил ажилласан юм. Тухайн үед дилер болно гэдгээ шийдчихсэн л байсан. Харин энэ үед нэг найз маань ХХБ-ны Дилерийн газар дадлага хийдэг байсан бөгөөд нэг дилер нь гадагшаа явах гээд орны хүнийг нь хайж байгаа талаар хэлсэн. Би энэ ажлыг сонирхож байсан болохоор захирлынх нь утасны дугаарыг нь аваад ярьсан. Тэгсэн хүрч ирээд уулз гэсэн. Шууд ажлын ярилцлаганд орсон. Ингээд л намайг банканд авахаар болсон юм.

- Тухайн үедээ та дилерийн ямар нэгэн чадвар эзэмшээгүй байсан байна. Тийм үү?
- Дилер байтугай банкны талаар ямар ч ойлголтгүй нягтлан хүн байсан. МУИС, СЭЗДС-ийн банкны ангийн онц төгсөгчдийг л тухайн үед банканд ажилд авдаг байлаа. 

 Миний хувьд аз гэдэг зүйлд итгэдэггүй. Аливаа бүх юм хичээл зүтгэлээс л урган гардаг.

- Таныг аз ивээсэн гэж та боддог уу?
- Миний хувьд аз гэдэг зүйлд итгэдэггүй. Аливаа бүх юм хичээл зүтгэлээс л урган гардаг. Би банканд өөрийн хүссэн мэргэжлээр ажлын гараагаа эхэлсэн маань ч найз нөхөд олонтой, тэдэнтэйгээ мэдээлэл байнга солилцдог байхыг эрмэлздэг байсны л үр дүн гэж боддог. Хүмүүс азтай юм байна, аз ирээсэй л гэдэг. Би үүнд итгэдэггүй. Би эрсдлийн мэргэжилтэн, дилер хүн. Азаар ханш өсдөг, унадаг гэсэн ойлголт байдаггүй л дээ. 

- Өөрийн тэмүүлж байсан мэргэжлээ хэдий хугацаанд эзэмшсэн бэ?
- Өөрийгөө энэ ажилд хамгийн шилдэг нь гэдгээ хүмүүст харуулах нь нэг их чухал биш гэж боддог. Харин шилдэг болохын төлөөх тэмүүлэл заавал байх ёстой. Тиймээс шилдэг дилер болохын тулд олон улсын зах зээл дээр ажиллах түвшинд хүрэх ёстой юм байна гэж бодсон. Энэ зорилгоо биелүүлсэн.

Хамгийн шилдэг нь гэдгээ хүмүүст харуулах нь нэг их чухал биш. Харин шилдэг болохын төлөөх тэмүүлэл заавал байх ёстой.

Залуус өөрсдийгөө зөвхөн дотоодын зах зээлд авч үзэж маш том алдаа гаргаж байна.

Юу гэхээр би энэ хэлтэстээ эсвэл энэ компанидаа хамгийн шилдэг нь юм чинь гээд ханачихдаг. Хүн хэзээ ч өөрийгөө тухайн компани, газар хэлтсийн хэмжээнд сэтгэж болохгүй. Болж өгвөл секторын хэмжээнд, чадвал улсын хэмжээнд, болвол глобал түвшинд авч үзэж чадвал онц.

Миний хувьд хэн ч надад үүнийг зааж өгөөгүй. Би ганц л зүйлийг бодсон. Би Монголын хамгийн мундаг дилер болъё гэж бодсон. Хоёрдугаарт, олон улсын тавцанд гараад дэлхийн аль ч банканд очсон дилерээр ажиллах чадвартай байх ёстой юм байна гэдэг шалгуур өөртөө тавьсан.

Олон улсын Санхүүгийн Зах Зээлийн Холбооны Дилерийн сертификатын шалгалт гэж байдаг. Би энэ шалгалтыг ажилд орсноосоо хоёр жилийн дараа өгч тэнцэж байлаа. Энэ сертификатыг эзэмшдэг хүн дэлхийн хаана ч дилерээр ажиллах боломжтой болдог.

Хүн хэзээ ч өөрийгөө тухайн компани, газар хэлтсийн хэмжээнд сэтгэж болохгүй. 

- Банканд ажиллаж байгаад яагаад даатгалын салбар руу орох болов?
- Дилерээр ажиллаж байх энэ үедээ Уолл Стритэд очиж  хөрөнгө оруулалтын банкир хийе гэж бодож байлаа. Гэхдээ миний бодол өөрчлөгдсөн. Юу гэж өөрчлөгдсөн бэ гэхээр би хүмүүсийг удирдая, сайн менежер болъё гэж бодогдсон. 

Ингэж 2006 оноос банканд удирдах ажил хийж эхэлсэн.

Харин 2008 онд би банкны салбарын бүх талыг хараад мэдчихлээ. Одоо өөрийгөө илүү сорьё гэж бодсон. Банкны бизнесийн тухайд Монголд хамгийн өндөр хөгжилтэй, тогтворжсон бизнесүүдийн нэг.

Тэгэхээр би нэг байгууллагыг сайжруулахаас илүү секторыг хөгжүүлэх нь зөв юм байна гэж бодсон. Ийм зүйл бодоод даатгалын салбар руу орж байлаа. Жижигхэн даатгалын компанийн гүйцэтгэх захирлаар очсон. Хоёр жилийн дотор хангалттай амжилт гаргасан. Компаниа дөрөв дахин томруулж Монголын топ даатгалын компаниудын нэг болгосон.

 

 

- “Прайм” даатгалын тухай ярьж байна уу?
- Тийм ээ. Одоогийн “Тэнгэр” даатгал. 

Үүний дараа миний сонирхол дараагийн шат руу явсан. Ер нь хөрөнгө оруулалт гэж юу юм. Үүн дээр ажиллая гэж шийдсэн. Хөрөнгө оруулалтын удирдлага гэж хэлж болно. Ингэхдээ бид менежментийн чадварлаг залуучуудтайгаа нийлээд “Мандал” даатгалыг 2011 онд байгуулсан. 

Бидэнд тэг цэгээс том бизнес эхлүүлэх шаардлага бий болсон. Миний төсөөлж байснаас хамаагүй хэцүү сорилт байлаа.

Бидэнд тэг цэгээс том бизнес эхлүүлэх шаардлага бий болсон. Миний төсөөлж байснаас хамаагүй хэцүү сорилт байлаа.

Харин өнөөдөр энэ сорилтоо сайн даваад “Мандал” Монгол Улсын топ даатгалын компани болж хөгжиж байна. Үнэндээ ганцхан компаний тухай ч энэ нь даатгал гэж секторыг хөгжүүлэхийн төлөө санхүүгийн зах зээлийн карьерынхаа долоон жилийг зарцуулсан байна.

“Мандал” ч тэр, “Тэнгэр” даатгал дээр ч бидний үйл хэргийг олон чадварлаг залуу үргэлжлүүлээд явж байна. Компанид маань чадварлаг залуу олон байсан. Би тэдэнд зам тавьж өгөх хэрэгтэй юм байна гэж бодсон. Нөгөө талд нь би банкны секторыг сүүлийн долоон жил шүүмжлэлтэй нүдээр харж явсан маань эргэж банк руу ороход нөлөөллөө.

Банкны секторыг сүүлийн долоон жил шүүмжлэлтэй нүдээр харж явсан маань эргэж банк руу ороход нөлөөллөө

- “Голомт” банкнаас танд санал тавьсан гэсэн үг үү?
- Өөрийнхөө жишээн дээр харж байхад шинэ ажлын тухайд би хэн нэгэнд санал тавиад эсвэл нөгөө компани надад санал тавьсан тохиолдол байдаггүй юм байна. Саналууд мэдээж ирдэг. Гэхдээ би тэрэнд нь болж очдоггүй. 

Зүгээр л хүмүүстэй хувь тавилангаараа л таардаг, уулздаг.

Анх “Худалдаа Хөгжлийн Банк”-нд ажиллахад л тийм байсан. Хувь заяаны эрхээр л тааралддаг. “Голомт” банк ч мөн адил. “Голомт” банкнаас намайг чи ирээч ээ гээгүй. Нөгөө талд нь би оръё гэж гуйгаагүй. Зүгээр л хүмүүстэй тааралддаг, уулздаг. Үзэл бодол нийлдэг. Сорилт нь маш сонирхолтой санагдсан. Ингээд л хийе, шинэ зүйл бүтээе гээд л ажилдаа ордог.

 Сорилт нь маш сонирхолтой санагдсан. Ингээд л хийе, шинэ зүйл бүтээе гээд л ажилдаа ордог.

- Даатгалын салбарыг орхиод энэ ажилд орохдоо таны хөгжүүлье гэж хүсч байсан сектор тань хүсч байсан хэмжээнд хүрч чадсан уу?
- Миний хүсч байсан хэмжээнд хүрэх болоогүй байгаа. Хийгдэх ажил маш их. Тодорхой хөгжил дэвшлүүд бол гарсан. Мэдээж ганцаараа энэ салбарт санаа зовж явдаг хүн би биш. Ер нь энэ салбар хөгжих орон зай маш их хэрэгтэй байгаа. Нөгөө талаас даатгалын салбар хөгжихийн тулд банкны салбар реформ хийж шинэчлэгдэх хэрэгтэй. Тэгэхээр энд ажиллаж байгаа магадгүй долоо, найман шалтгааны нэг нь банкны салбараар дамжуулж даатгалын болон хөрөнгийн зах зээлийн хөгжлийг нөхцөлдүүлэх явдал юм. 

Банкны салбараар дамжуулж даатгалын болон хөрөнгийн зах зээлийн хөгжлийг нөхцөлдүүлэх зорилготой

- Хөрөнгийн зах зээлийн тухай илүү тодруулахгүй юу?
- Миний хувьд сүүлийн12 жил хөрөнгийн захыг хөгжүүлэхээр өөрийн хувь нэмрийг оруулаад Санхүүгийн Зохицуулах Хороог байгуулагдсан цагаас нь тэдэнд зөвлөөд залуучуудтай нь хамтарч ажиллаж ирсэн. 

Сүүлийн таван жил Хөрөнгийн Биржийн ТУЗ-ийн гишүүн бөгөөд Аудитын хорооны даргаар ажиллалаа. Санхүүгийн Зах Зээлийн Холбоог бид үүсгэн байгуулаад 12 дахь жилдээ ажиллаж байна. Энэ холбооны үндсэн үүрэг бол хөрөнгө, санхүүгийн захыг хөгжүүлэх зорилготойгоор дандаа л дилерүүд, брокерууд нийлээд байгуулсан. Би өөрөө Ерөнхийлөгчөөр нь 12 дахь жилдээ ажиллаж байна. Холбооны маань хийсэн ажил маш их. Олон хуулийн төслүүдэд гар бие оролцсон. Олон зуун сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулсан. Хамгийн сүүлд хийсэн ажлууд гэхэд Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль байдаг. Энэ хуулийг СЗХ, Хөрөнгийн Бирж бусад яам тамгын газрын хүмүүсийн хамт гар бие оролцож хуулийг гаргалцсан. Хуулийн лоббиг нь хүртэл хийлцлээ. 

Миний хувьд банк, хөрөнгийн зах, даатгал гэсэн гурван секторыг дамнаж ажилласан маань их аз завшаан. Санхүүгийн зах зээл гэдэг зүйлийг бүтнээр нь харах боломжийг надад олгосон.

Миний хувьд банк, хөрөнгийн зах, даатгал гэсэн гурван секторыг дамнаж ажилласан маань их аз завшаан.

Эргээд банканд орж ирсэн нь банкны сектороор дамжуулж даатгал, хөрөнгийн зах дээр хаалттай байгаа зүйлүүдийг нээж өгөх гол зорилгын маань нэг.

- Та Улаанбаатар Хотын Банкны дэд захирлаар ажиллаж байхдаа дөнгөж 25 настай байсан гэсэн. 25 настай банкны захирал хийнэ гэдэг тийм ч амар зүйл биш байх.
- Тухайн үед над шиг залуу захирлууд нэлээн байсан шүү. Манай улсын хүн ам өөрөө залуу учраас энэ хэвийн үзэгдэл болчихож. Харин Америкт ч юм уу, Японд  25 настай банкны захирал гэвэл төсөөлөгдөхгүй л дээ. 

 

3. ГОЛОМТ БАНК: ХУРИМТЛАЛ

 Хуримтлал гэдэг зуршил юм

- Банкны салбарт реформ хийх ёстой гээд энэ салбарт орж ирсэн гэсэн.  Маркетеруудын хувьд аль хэдийнээ ажиглачихсан байна. “Голомт” банкны шинэ бодлогыг. Юу гэхээр банк иргэдийн санхүүгийн боловсролыг ингэж дээшлүүлж болдог юм байна гэдгийг харж байна. Иргэдийг хуримтлалттай болгох том ажлыг эхлүүлж чадлаа шүү дээ.
- Банкны сектор реформ хийгдээд дараагийнхаа шатанд гарах ёстой гэж би үзсэн учраас энэ салбарт ирсэн. Зөвхөн “Голомт” банкаар жишээ авахад 600 гаруй мянган харилцагчтай, 1.800 орчим  ажилтантай,100 гаруй салбартай, Монгол Улсын эдийн засгийн бүхий л үйл ажиллагаанд оролцдог томоохон дэд бүтэц болсон байна. 2015 онд манай банкны 20 жилийн ой тохиосон. 20 жилийн дотор бид маш их зүйлийг сурсан. Үүнийг бид дараагийн шатанд гаргана. Үүний нэг жишээ нь үндэсний хуримтлал хөтөлбөр юм. 

Санхүү, эдийн засгийн боловсрол хүнд ямар чухал вэ. Санхүү, эдийн засгийн боловсролгүйгээс болж хүмүүс маш их алдаатай шийдвэр гаргадаг. Эрсдэлд ордог.

Хөрөнгө чинээгээ нэмэгдүүлэх боломжоо алддаг. Тэгэхээр үүнийг шийдье гэдгийг Монгол Улс олон жил ярьж ирсэн. Гэтэл амжилттай хэрэгжсэн хөтөлбөр ховор. Тийм учраас бид орчин үед бүх зүйл цахимжиж, дижитал болж байгааг ашиглаж боловсролын онлайн контентуудыг бэлдсэн. Өнгөрсөн тавдугаар сараас http://edu.golomtbank.com/ сайтыг нээсэн. Түүнээс бид 20, 20 хүнийг уриад лекц уншвал хэзээ ч дуусахгүй. Тэгэхэд бидний хийсэн сайт руу 220 мянган хэрэглэгч зочилсон байна. Энэ бол бидний ажлын дөнгөж эхлэл.

Үндэсний хуримтлал хөтөлбөрийн хувьд 2015 оны арваннэгдүгээр сард эхэлсэн. Арванхоёрдугаар сарын 31-н гэхэд 23.500 харилцагч хуримтлалын дансаа нээсэн. Энэ маш амжилттай явж байгаа хөтөлбөр. Гол санаа нь хүмүүс ерөөсөө хуримтлалтай болж чадахгүй байгаа учраас үүнийг эхлүүлсэн.

Мөнгөтэй хүн мөнгөө хадгаламжинд хийдэг. Харин мөнгөгүй хүн хуримтлалыг бий болгодог.

Хадгаламж гэдэг бол мөнгөтэй хүний зүйл. Мөнгөтэй хүн мөнгөө хадгаламжинд хийдэг. Харин мөнгөгүй хүн хуримтлалыг бий болгодог.

Манайхан юу гэж боддог вэ гэхээр “Би мөнгөгүй юм чинь хадгаламж надад хэрэггүй. Энэ миний сонирхох зүйл биш” гээд хаячихдаг.

Гэтэл хуримтлал гэдэг зуршил юм.

Хүн мөнгө хуримтлуулах зөв дадалтай, зөв зуршилтай байвал хуримтлал бий болдог. Энэ хуримтлал чинь эргээд таны хадгаламж болж хувирдаг. Энэ нийгэмд байгаа асуудлуудыг Монголын том корпорациуд ялангуяа “Голомт” банк соргогоор олж харж эдийн засаг нийгэмд хэрэгтэй ажлыг хийж бүтээх нь өнөөдөр маш чухал.

Монголын томоохон корпорациуд бүгдээрээ ийм маягаар ажиллах ёстой гэдэгт би итгэдэг. 

Хуримтлал гэдэг зуршил юм.

- Бид яагаад хуримтлалтай болох ёстой вэ?
- Монгол Улсын үндэсний хуримтлал гэж зүйл маш бага. Улс үндэстний хуримтлал гэдэг хүн бүрийн хуримтлалын нийлбэр. Энэ тоо бага байхаар эдийн засаг байнга хямралд өртдөг. Нөгөө талд баян хоосны ялгаа асар гүнзгийрч байна. 

Банкны секторт байгаа хадгаламжийг аваад үзэхээр төвлөрөл их. Гэтэл нөгөө талд иргэд 600, 700 мянга, сая төгрөгний цалинтай мөртлөө хуримтлал үүсгэхгүй байгааг бид харж байна. Цалингийн дансаар нь цалин ороод л байдаг. Хуримтлал үүсдэггүй. Яагаад хуримтлал үүсэхгүй байна вэ гээд судлаад үзэхээр хүмүүс дээр хэлсэнчлэн “Би мөнгөтэй болохоороо л хуримтлалтай болно” гэдэг буруу ойлголттой байдаг.

Орчин үед баруунд нийгмийн сэтгэл зүй гэж том ойголт бий болсон. Нийгмийн сэтгэл зүйг зөв удирдаж жолоодно гэдэг нь тухайн улсад ажиллаж байгаа том корпорациудын үүрэг хариуцлага байдаг.

Бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ дамжуулж иргэдийг зөв зуршилтай, зөв соёлтой, санхүүгийн хувьд хүчирхэг, эрүүл мэндийн хувьд эрүүл болгох тал дээр компаниуд ажиллаж байна. Жишээ нь, даатгалын компаниуд гэхэд яаж иргэдийг эрүүл байлгах вэ гэдэг дээр л хамаг анхаарлаа хандуулан ажиллаж байна. Гэтэл өнөөдөр манайд ганцхан Эрүүл Мэндийн Яам л ажиллаж байна.

Хувийн компани юм чинь зөвхөн ашиг л олох ёстой, иргэд эрүүл байна уу, мөнгөтэй байна уу гэдгийг улс л хариуцах ёстой гэдэг сэтгэлгээнээсээ салах цаг болжээ. Үүнд л томоохон корпорациуд эхнээсээ үлгэр жишээ үзүүлээд ажиллаж эхэлж байна гэсэн үг.

4. ФИЛОСОФИ: БОЛОВСРОЛЫН САЛБАР

Математикийн олимпиадад түрүүлнэ гэдэг хүн боловсорч байгаа хэрэг биш ээ

- Та яагаад философийг сонирхож бас өөрийгөө философич гэх болов?
- Хүн болгон философич гэдэгт би итгэлтэй байдаг. 

Хүн болгон бүр багаасаа философиор хичээллэж эхэлдэг. “Ээжээ би хаанаас төрсөн юм бэ” гэж гурван настай хүүхэд асууж эхэлж байгаа нь л амьдралын утга учрыг таних гэж оролдож эхэлж байна гэсэн үг.

Миний хувьд яагаад блог дээрээ философи бичдэг вэ гэхээр нэгдүгээрт би өөрийгөө хайж байдаг. Би өөрийгөө хайх явцдаа олж мэдсэн зүйлсээ өөртөө зориулж бичдэг.

Хоёрдугаарт, яагаад түүнийгээ блог дээр тавьдаг вэ гэхээр магадгүй над шиг идэвхтэйгээр өөрийгөө хайгаад миний амьдралын утга учир чухам юу юм, амьдралд юу өгөх ёстой юм, би амьдралаас юу авах ёстой юм, хөгжил дэвшил гэж юу юм, улс орон гэж юу юм гэх олон асуултыг хайж байгаа залуучууд олж хараад бас нэгэн бодлыг аваад явж байвал жаахан ч гэсэн нэмэртэй юм болов уу гэж бодож блог бичдэг. 

- Та өөрийнхөө хайж байгаа энэ их асуултууддаа зөв хариултыг нь хэр их олж чадаж байна вэ?
- Асуултын хариултыг хайж байгаа бол хариулт руу чи тэр хэрээр ойртдог. Хэрвээ хариултыг хайхгүй бол хэзээ ч тэр хариулт чамд ирэхгүй. Тэгэхээр хариулт хайж байгаа энэ явцыг философидож байна аа л гэж тайлбарладаг.

- Хүн болгон таны ярьж байгаа шиг философидож, амьдралын утга учрыг хайх эрлээ тийм ч их гүнзгийрүүлж чадахгүй. Тэгэхээр энэ зүйлийг боловсролын салбарт суулгаж өгөх талаар та өөрийн нэг блогтоо бичсэн байсан.
- Тийм ээ.

Бага, дунд боловсролын систем философи дээр суурилах ёстой юм байна гэдгийг би хатуу ойлгосон. Урьд нь надад зөвхөн ийм санаа байсан. Нэлээд ном, судалгаа уншлаа. Одоо улам ч хатуу итгэлтэй байна.

Багаас нь философи суурьтай хүүхдүүдийг бий болгоё гэхээр хүмүүс “Жаахан байхад нь философи заах гэлээ. Ойлгохгүй шүү дээ” гэдэг.

Би Кант, Аристотель юу номлосон бэ гэдэг зүйлийг заа гэж яриагүй.

Гурван настай хүүхэд “Ээжээ би хаанаас гарсан юм бэ” гээд асуугаад байна шүү дээ. Түүнд нь л зөв хариултыг нь өгчих. Нэгдүгээр ангиас нь эхлээд хүүхдэд зөв, буруу, амьдралын утга учрыг бага багаар ойлгуулаачээ л гэж.

Арван хоёр жил гэдэг логарифм хэрхэн хувиргах, дэлхийн газар зүй цээжлүүлэхээсээ илүү монгол хүнийг өөрийн итгэл үнэмшилтэй, алсын хараатай, зөв хүн болгож төлөвшүүлдэг л газар байх ёстой.

Бид ер нь боловсролын систем дээр маш их төөрөлдөж байгаа.

Боловсрол гэдэг өөрөө философийн том сэдэв. Боловсролын салбарт яаж реформ хийх вэ. Монгол хүүхдийг дэлхийн түвшинд өрсөлдөхүйц нэгэн хэрхэн болгох вэ гэдгийг бид философийн үүднээс л авч үзэх ёстой.

Шууд үгний утгаар нь ярихад бид хүнийг боловсруулах ёстой. Гэтэл бид өнөөдөр хүнд зүгээр л мэдээлэл цээжлүүлээд байна

Бид хүнийг боловсруулах гэж байна. Шууд үгний утгаар нь ярихад бид хүнийг боловсруулах ёстой. Гэтэл бид өнөөдөр хүнд зүгээр л мэдээлэл цээжлүүлээд байна. Боловсорсон хүн, мэдээлэлтэй хүн гэдэг чинь асар их ялгаатай. Энэ талаар блог дээрээ бичихээр хүмүүс буруу, зөрүүгээр маш их ойлгодог.

Жишээ нь, математикийн олимпиадад түрүүлнэ гэдэг хүн боловсорч байгаа хэрэг биш ээ.

Хүн арга барилтай болж байна, хүн мэдээлэлтэй болж байна, тоо яаж хувиргах аргуудыг цээжилж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоогийн хүүхдүүд мэдээллээр л толгойгоо дүүргээд байна. Ингээд ярихаар математикч нар чинь ухаантай, ухаангүй гээд бөөн маргаан үүсдэг.

Боловсрол гэдэг Монгол Улсын ирээдүй хойч үеийг бэлддэг систем. Энд хүнийг боловсруулдаг болохоос биш мэдээллээр дүүргэж гаргадаг газар биш.

Математикийн олимпиадад түрүүлнэ гэдэг хүн боловсорч байгаа хэрэг биш ээ

Тэгвэл яагаад дунд сургуульд тоо, математик, түүх заах ёстой юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Эдгээрийг заах ёстой. Үүнийг би бүрэн дэмжиж байна. Бүр их заах ёстой.

Гэхдээ бид нэг зүйлийг ойлгох ёстой. Өнөөдөр дэлхий өөрчлөгдөж байна. Монголчууд уг нь орчны өөрчлөлтөнд дасан зохицох чадвар хамгийн өндөртэй хүмүүс. Гэтэл бид 100 жил хотод амьдраад үүнийгээ жаахан мартжээ. 

Өнөөдөр логарифм яаж хувиргах вэ гэдгийг "Youtube"-с нэг минутанд сурна. Өнөөдөр дэлхийн газар зүйг бидний үздэг байсан зураг хөрөг муутай, өнгө будаг ч байхгүй номон дээрх мэдээллийг "National Geographic"-ын баримтат киногоор нэг цагийн дотор л ойлгочихно. Ийм эрин үед бид амьдарч байна.

Бид яагаад боловсролын системээ эрс реформ хийж болохгүй гэж.

Реформ хийгээд тэр мэдээлэл өгдөг зүйлээ интернэт дээр байгаа контентоор өгчихье. Анги болгонд нь дэлгэц байршуулаад интернэттэй холбоод кино үзүүлж болно. Логарифм яаж хувиргахыг нэг багш бүтэн дөрвөн өдөр зааж ядарч байхын оронд хэдхэн минутын бичлэг тэнд байж байна.

Ингээд үлдсэн хугацаанд нь хүүхдүүдийг боловсруулдаг зүйлээ хийе ээ. Нөгөө пионер болгодог байсан элемент хаачсан бэ.

Социализмын боловсролын систем миний хэлээд байгаа философийн элементтэй байсан.

Пионер болдог, улаан бүч зүүдэг, тангараг өргөдөг, ариун цэврийн бүлгэм ажилладаг, муу сурч байгаа хүүхдийг сайн сурч байгаад нь даалгаж өгдөг байсан. Энэ чинь нөгөө багийн ажиллагаа, өөрөөсөө дутуу яваа хүнд туслах, лидертэй байх, улс орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй болох, аливаа зүйлд хариуцлага хүлээх чадвартай байх гээд хүн болж боловсроход нь тусалдаг байна.

Гэтэл одоогийн боловсролын системээс үүнийг социализмын үеийн хэрэггүй зүйл гээд хусаад хаячихсан. Тэгээд жинхэнэ утгаараа зөвхөн мэдээлэл өгдөг газар болчихсон байна.

Намайг ингээд ярихаар чи Монголын дунд сургуулийн багш нарыг үгүйсгэлээ гэдэг.

Үгүй. 

Миний ээжийн талын эмээ, өвөө болон аав, ээж хоёр маань гээд бүгдээрээ багш. Би багшийн гэр бүлд хүмүүжсэн хүн. Өнөөдрийн хоцрогдсон боловсролын систем дунд манай багш нар л зөвхөн хувь хүний итгэл үнэмшил, ухамсар хариуцлагаар энэ хүүхдүүдийг сургаж бэлдэж гаргаж байгаа. Энд ямар нэгэн систем гэж байхгүй байна.

Энэ системийг хийж өгөөгүй устгачихсан. Багш нар л жинхэнэ өөрсдийнхөө үзэл баримтлалаар явж байгаа. Тэр хичээлийн хөтөлбөр, тэр дэлгэц, интернэт, аргачлалыг орчин үед ямар хувьсгал болж байгааг тэр дунд сургуулийн багш мэдэхгүй байна. Мэдэх алба ч үгүй. Мэдэх ёстой газар нь тэр Боловсролын яам. Тэр хүмүүс нь энэ өөрчлөлтийг хийж өгөх ёстой.

- Янз бүрийн гоё нэртэй хөтөлбөрүүд хэрэгжүүлээд л үзээд л байгаа шүү дээ.
- Үнэн гэж өнөөдөр юу юм бэ. 

Монголд өнөөдөр хүн болгон үүнийг өөрөөр ойлгож байна. Гэтэл үнэн гэж зүйл байгаа шүү дээ. Үнэн гэдэг чинь философийн сэдэв. Бидэнд өнөөдөр философийн боловсрол олгохгүй байгаа учраас үнэн гэдэг зүйлийг дуртайгаараа ойлгоод явж байна.

Бидэнд өнөөдөр философийн боловсрол олгохгүй байгаа учраас үнэн гэдэг зүйлийг дуртайгаараа ойлгоод явж байна.

Шударга. Шударга гэж юу вэ.

Гудамжинд гараад таван хүнээс асуухад таван өөр хариулт хэлнэ. Энэ чинь өнөөдрийн нийгэмд байгаа асар их үл ойлголцол юм. Боловсрол гэдэг философийн сэдэв. Тэгэхээр философи талаас нь боловсролыг ойлгож, мэдэлгүйгээр боловсролын реформ хийж чадахгүй.

Ер нь бид хоорондоо монгол хэлээр яриад байгаа мөртлөө тухайн үгнүүдийг толгой дотроо өөр өөрөөр төсөөлдөг учраас бид нар хоорондоо ойлголцохоо больчихоод байна.

Үүнийг засах цорын ганц зүйл бол философи. Философийн боловсрол. Гэхдээ хорвоогийн утга учрыг олох гэж асуусан тэр гурван наснаас нь эхэлж олгох хэрэгтэй. Өнөөдөр бид эцэг, эхчүүдэд хүртэл боловсрол олгох хэрэгтэй болж байна.

 Бид хоорондоо монгол хэлээр яриад байгаа мөртлөө ойлголцохоо больчихоод байна

“Ааваа та яагаад өглөө болгон ажилдаа явдаг юм бэ”, “Ээжээ та яагаад намайг дутуу хайрлаад, дүүг маань илүү хайрлаад байна вэ” гэсэн залуу философичийн энэ асуултанд хариулж чадах эцэг, эхчүүдийг бид бэлдэх ёстой. Тэгээд тэр гэр бүл, цэцэрлэг, дунд сургуулиар бэлдээд гаргаад ирэхэд хүн 18 настайдаа өөрийгөө шинжлэх ухаанч болох уу, бизнесмэн болох уу, багш уу, эмч болох уу гэдгээ бүрэн шийдэх чадвартай болдог. 

Би монголын багш нарыг үгүйсгэж байгаа юм биш шүү. Орчин үед баруунд боловсролын систем яаж өөрчлөгдөж байгаа вэ гэхээр багш гэдэг ойлголт байхгүй болоод coach буюу дасгалжуулагч гэдэг ойлголт бий болж байгаа.

 Багш гэдэг ойлголт байхгүй болоод coach буюу дасгалжуулагч гэдэг ойлголт бий болж байгаа

Баахан хүн суулгачихаад лекцдэж багшлах биш хүнийг хүн болж төлөвшиж өөрөө өөрийнхөө амьдралын утга учир, мэргэжил, сайхан амьдралыг олох явцад нь дасгалжуулж араас нь түлхэж өгдөг хүнийг дасгалжуулагч гэдэг.

Хүн бол аливааг өөрөө л сурдаг. Хүн хүнд юм заана гэж байдаггүй.

Энэ бол философийн ойлголт. Гэтэл манай өнөөдрийн боловсролын систем хүнд хүн юм заах гээд байна.

Дасгалжуулагч бол хойно нь явдаг. Урам өгдөг, дэмждэг, чиглүүлдэг.

Дасгалжуулагч бол хойно нь явдаг. Урам өгдөг, дэмждэг, чиглүүлдэг. Багш бол өнөөдөр орж ирээд дуугүй сууж бай, би чамд өнөөдөр логарифм яаж хувиргахыг заана гэдэг. Багш бол ингэж ажилладаг. Харин дасгалжуулагч бол “Чи яамаар байна. Чи юу мэдмээр байна. За чи тэгвэл ингээд үз. Чи нэг ийм эсээ бичээд ир дээ. Би харъя” гэдэг. Энэ чинь философийн асуудал.

- Таны ярьж байгаа энэ реформыг хэрэгжүүлнэ гэдэг маш том ажил болох юм биш үү?
- Аймшигтай том. Магадгүй би насаараа санхүүгийн зах зээлд ажиллахгүй байх. Би бол залуу хүн. Санхүүгийн зах зээл дээр хийх юмаа хийнэ. Өөрийнхөө чадах зүйлийг хийгээд би дараагийнхаа салбар руу орно. Магадгүй боловсрол байхыг үгүйсгэхгүй. Магадгүй шүү дээ. 

- Одоогийн боловсролын сайд реформ хийгдсэн гэж мэдэгдээд байгаа шүү дээ.
- Реформ хийгдээгүй. Сайжруулалт бол хийгдэж байгаа. Л.Гантөмөр чадалтай залуу. Хийж байгаа ажлыг нь дэмждэг. Тэрний өмнө Ё.Отгонбаяр сайд байсан. Бас л чадалтай хүн. Сайжруулалт бол хийж байгаа. Гэхдээ би реформ гэж хэлэхгүй. Харьцангуй гайгүй хүмүүс нь боловсролын сайд болдог гэж би хардаг. Гэхдээ бид Оксфордын ч юм уу системийг хуулж тавьж байгаагаа реформ гэж нэрлэвэл алдаа.

Энэ зүгээр л сайжруулалт. Миний ярьж байгаа реформыг нэг боловсролын сайд нэг бүрэн эрхийнхээ хугацаанд хийж амжихгүй байх. Энэ реформ долоо, найман жил үргэлжлэх байх. Тэгэхээр бид ийм өөрчлөлт хийе гэвэл эхлээд улстөрчид маань заавал санал нэгдэх хэрэгтэй болж байна. Ё.Отгонбаяр сайд зөндөө мундаг юм хийсэн гэсэн. Тэгсэн Л.Гантөмөр сайд ирэнгүүт бүгд өөр болсон л гэсэн. Л.Гантөмөр нь бас зөндөө сайн зүйлүүд хийж байна гэсэн. Одоо 2016 онд сайд дахиад л солигдоно.

Монгол Улсын ирээдүй маш эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа шүү гэдгийг л би хэлмээр байна.

Монгол Улсын ирээдүй маш эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа шүү гэдгийг л би хэлмээр байна.

- Таны ярьж байгаа философилог боловсролыг дэлхийн аль улсад хамгийн сайн олгож байна вэ?
- Нэгдүгээрт Финланд улсыг нэрлэнэ. 

Социализмын үед эмч, багш гэдэг хамгийн өндөр цалинтай, үнэ хүндтэй хүмүүс байсан. Социализм гэдэг хуваарилалт нь шог ч философи нь зөв байсан байхгүй юу. Юу гэхээр хүнийг эмчилдэг, хүнийг хүн болгодог хүмүүс л хамгийн өндөр цалинтай байх ёстой. Манай гэр бүл багш нарын гэр бүл байсан. Ах, эгч нар маань харин эмч нар. Гэтэл хамгийн цалин хөлс багатай, хамгийн нэр хүнд муутайгаар эдгээр ажлын үнэ цэнэ нийгэмд “унаж” байхыг би харж өссөн.

Би багшийн хүүхэд учраас энэ бүгдийг яриад байгаа юм биш. Ер нь амьдралын утга учрыг хайх явцад боловсрол гэдэг ямар чухал болохыг, улс орны хөгжил дэвшилд боловсрол ямар чухал үүрэгтэй нь гарч ирдэг.

Амьдралын утга учрыг хайх явцад боловсрол гэдэг ямар чухал болохыг, улс орны хөгжил дэвшилд  ямар чухал үүрэгтэй нь гарч ирдэг

Та нар бод л доо. Хамгийн бага цалинтай хүнээр ирээдүйгээ бэлдүүлдэг улс гэж байх уу. Үүнийг ойлгохын тулд заавал боловсролын сайд байх, заавал Харвардын доктор байх хэрэггүй шүү дээ.

Финланд улсад өнөөдөр багш нар хамгийн өндөр нэр хүндтэй. Багш болно гэдэг хамгийн хэцүү шалгуурыг давдаг. Бас хамгийн өндөр цалинтай ажил байдаг. Финландад боловсролын реформыг 20 гаруй жилийн хугацаанд хийсэн. Реформ хийнэ гэдэг маш хэцүү. Гэхдээ бид хийх ёстой.

 Хамгийн бага цалинтай хүнээр ирээдүйгээ бэлдүүлдэг улс гэж байх уу.

Финландаас гадна еврейчүүдийг бид харж байна. Өнөөдөр нобелийн шагнал авсан хүмүүсийн дөрөвний нэг нь еврей. Гэтэл дэлхий дээр хэдэн еврей байдаг вэ. Дэлхийн тэрбумтнуудын хэдэн хувь нь еврей вэ. Том улстөрчид, зохиолч, эрдэмтдийн хэдэн хувь нь еврей вэ. Яагаад тэд ингэж цойлоод байна вэ. Еврей боловсролын систем гэж байна. Бид өнөөдөр еврей, оксфорд, финландын боловсролын системээс давж гарах философи дээр суурилсан боловсролын системийг гаргах ёстой.

Энэ нь “Оюу Толгой”-гоос том экспортын бүтээгдэхүүн болно. Лондонд яагаад монголын ахлах сургууль гэж байгуулагдаж болохгүй гэж. Яагаад өнөөдөр монголд британийн ахлах сургууль, америкийн ахлах сургууль байгуулагдаж байна вэ.

Боловсрол өөрөө маш үнэтэй технологи бас экспортын бүтээгдэхүүн болчихсон байна.

5. ХӨГЖЛИЙН ОНОЛ: БҮТЭЭГЧ БА ХЭРЭГЛЭГЧ

 

 

Бидэнд 6.3 тэрбум хэрэглэгчтэй зах зээл байна

- Боловсролын салбарт хийхээр төлөвлөсөн зүйл байна гэж та өөрийнхөө блог дээр бичсэн байсан. Үүнээсээ хуваалцахгүй юу?
- Би ажлаас бусад цаг дээрээ хөгжлийн онол гээд бүтээл гэх юм уу нэг ийм зүйл дээр ажиллаж байна. Яагаад ийм зүйл дээр ажиллаж байна вэ гэхээр миний хувьд Олон Улсын Валютын Сангаас эхлээд дэлхийн том том эрдэмтэдтэй уулзаж, тэднийг сонсож санал бодлоо хуваалцах боломж их олон гарлаа. Нөгөө талаас би өөрөө санхүүч, дилер, эдийн засагч гэж явдаг. Энэ утгаараа эдийн засгийн онолууд, улс орнуудын эдийн засгийн хөгжил дэвшил энэ бүгдийг харж судалж ирлээ. 

 Хөгжлөөрөө Монголтой төстэй Африк, Ойрх Дорнод, Зүүн Өмнөд Азийн улс орнуудад зориулсан эдийн засгийн хөгжлийн онол гэж дэлхийд алга

Ингээд харсан, хөгжлөөрөө Монголтой төстэй Африк, Ойрх Дорнод, Зүүн Өмнөд Азийн улс орнуудад зориулсан эдийн засгийн хөгжлийн онол гэж дэлхийд алга. Өнөөдөр манай улсын олон мундаг залуу гадаадад эдийн засгийн онолоор зэрэг хамгаалаад ирж байна. Энэ хүмүүс надаас илүү мэдлэгтэй, чадвартай. Гэсэн ч ямар орон зай үгүйлэгдээд байна вэ гэхээр Америкт америкийн эдийн засагт зориулсан эдийн засгийн онолыг сураад монголд авчирч хэрэгжүүлэх гэж оролдоно гэвэл болохгүй юм байна гэдгийг бид ойлголоо. Энэ чинь огт өөр онол юм байна. Үүнд нөлөөлж байгаа хэд хэдэн огторгуйн том биет, цуллаг ойлголт байна. Энэ цуллагийг бид 3D хэмжээсээр хараад эргүүлээд үзвэл хэд хэдэн зүйл байна.

Нэг, дижитал ертөнц гэж байгаагүй. Үүнийг өнөөгийн эдийн засгийн онолууд тооцоогүй.

Хоёр. Эдийн засгийн онолууд дандаа олон сая хүнтэй том зах зээлд зориулж гарсан байдаг. Гарах гарахдаа дэлхийн дандаа лидер эрдэмтэд гаргасан байдаг. Гэтэл буурай орны өнцгөөс харж яаж дэлхийн өрсөлдөөнд өөрсдийнхөө байр суурийг олж авах вэ гэдэг дээр гарсан бүтээл ховор. Байлаа ч гэсэн тэр нь цогц байдаггүй. Онолын түвшинд биш. Ихэвчлэн ажиглалт, судалгааны түвшинд гардаг.

Гуравдугаарт, дэлхийн түүхэнд хэзээ ч хөгжлийн түвшин нь ийм хол хоцорсон жишээ гарч байгаагүй. Өнөөдөр дэлхийн лидер гүрэн Америк. Америк, Монгол хоёрын эдийн засгийн хүчин чадлын хувьд 50-100 жилийн ялгаа байгаа.

Бид өндөр хөгжил рүү зугуухан алхаад гүйцэхгүй. Үсрэх л ёстой.

Бид өндөр хөгжил рүү зугуухан алхаад гүйцэхгүй. Үсрэх л ёстой. Үсэрсэн жишээнүүд бол бий. Сингапур, Өмнөд Солонгос, Хятад байна.

Энэ маань л өөрөө эдийн засгийн цоо шинэ хөгжлийн онолын суурь томьёоллууд гараад ирж байгаа юм.

Эрээн, Замын –Үүд хоёрыг л хар. Юуг харуулаад байна вэ гэхээр эдийн засгийн шинэ онол гарах ёстой юм байна. Тэгэхээр миний дотор энэ онолын хэмжигдэхүүнүүд бол буучихсан. Үүнийг бүтээл болж гаргахад маш их жишээ, маш их судалгаа хэрэгтэй.

Улс орон хөгжихөд ямар байх ёстой вэ л гэдэг онол шүү дээ.

Монгол буюу Монголтой төстэй асар олон жилээр хоцорчихсон, хөдөлье гэхээр жижигдээд байдаг, зээл авъя гэхээр айгаад байдаг, улстөрчид нь тасралтгүй популизмдаад хувьдаа мөнгө хийгээд байдаг ийм улсуудад зориулсан онол гэсэн үг.

Амжилттай болох үгүйг би мэдэхгүй. Ямар ч байсан үүний төлөө би ажиллана. Энэ тал дээр надтай хамтарч ажиллах, намайг бараг удирдаад ажиллах, баг болж ажиллах хүмүүс нэгдээрэй гээд фэйсбүүк, твиттер, блогоороо би үргэлж урьдаг. Залуучууд надтай чөлөөтэй уулзаад л явдаг. Зарим нь шүүмжилдэг. Зарим нь дэмжээд нэг судалгаан дээр нь хамтарч ажилладаг.

- Энэ онол одоо ямар түвшинд явж байгаа гэсэн үг вэ?
- Дахиад хоёр, гурван жилийн ажил байгаа.

 

 

- Яг хэзээнээс эхэлсэн бэ?
- 2004 оноос эхэлж судалж эхэлсэн. Гэхдээ би ийм цоо шинэ онол гарах ёстой юм байна гэж бодож байгаагүй. Харвардад эсвэл Оксфордод нэг мундаг эрдэмтэн гаргачихсан байгаа байх гэж бодоод л яваад байсан. Би дэлхийн олон шилдэг эдийн засагч нартай уулзлаа. Ном зохиолыг нь харлаа. Биш байсан. Монголын эдийн засаг тэд нарт сонин биш байна шүү дээ. Америкийнхаа эдийн засгийг л хөгжүүлээд явъя л даа гэж байна. 

Үүнийг би сүүлийн дөрөв, таван жилийн хугацаанд ажиглалаа. Түүнээс би өөрийгөө эдийн засгийн онол гаргаж чадна гэж бардаад байгаа юм байхгүй. Энэ бол олон жилийн үйл явц.

 Би өөрийгөө чадахгүй байж магадгүй гэсэн бодол бол байгаа.

Монгол Улсын Хөгжлийн Стратеги гэж өөртөө зориулж бичсэн нэг бичвэр байдаг юм. Энэ бол 2004 онд бичигдсэн байдаг. Тэгэхээр үүнээс хойш гэхээр 12 дахь жилдээ энэ асуудлыг бичээд, уншаад, судлаад л яваад байна. Би ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхээр онол гарах ёстой юм байна. Би өөрийгөө чадахгүй байж магадгүй гэсэн бодол бол байгаа. Гэхдээ энэ онол дээр өөр хэн ажиллаж байна вэ. Эргэн тойрноо харж байна. Тод томруун зүйл харагдахгүй байгаа учраас би чадахгүй ч байж магадгүй. Гэхдээ бариад үзье, явъя гэж шийдсэн. Чадахгүй бол тэр л биз. Надад гомдох юм байхгүй. Магадгүй чадчихвал манай улс оронд л хэрэгтэй.

- Та өөрийнхөө твиттер дээр би юу ч хийж бүтээгээгүй хүн гэж бичсэн байсныг санаж байна. Гаднаас нь харахад та бол Монголын топ банкны Ерөнхийлөгч. Их амжилттай яваа хүн шүү дээ.
- "Ганзориг чи амжилттай явж байгаа хүн юм чинь туршлагаа хуваалцаач, ирж лекц уншаач" гэж их урьдаг. Би өөрийгөө мундаг хүн гэж огт боддоггүй. Бусдад учиргүй үлгэр дуурайл болох хүн гэж боддоггүй. Өглөө бүр би юу ч хийгээгүй, юу ч бүтээгээгүй байна л гэж бодож сэрдэг.

Даатгалын салбар хөгжөөгүй байна. Хөрөнгийн зах зээл хөгжөөгүй байна. Монголд баян хоосны ялгаа маш их байна. Улаанбаатарчуудын тал нь гэр хороололдоо амьдарсаар л байна. Яг энэ ярилцлагыг хийх явцдаа бид хоёр утаанд хордоод л сууж байна. Энэ бол чи бидний үр хүүхэд, найз нөхөд бүгдэд нь хамаатай сэдэв. Тэгэхэд би өөрийгөө яаж амжилттай, мундаг хүн гэж бодох билээ.

- Тэгвэл таны ойр хавьд амжилттай хэн нэгэн байна уу?
- Мэдэхгүй.

Би бусад хүний тухай нэг их бодоод суугаад байдаггүй. Би яах ёстой вэ, би зөв явж байна уу, буруу явж байна уу гэж би өөрийгөө л  шүүдэг. Мэдээж хамт ажиллаж байгаа хүмүүсийгээ сургах, заах, зөвлөх зүйл байна. Түүнээс би хүмүүсийг шүүж, дүгнэхээс зайлсхийдэг. Харьцангуй залуу байхдаа мэдээж бусдыг шүүх гэж үздэг байсан. Өнөөдөр энэ олон нийтийн сүлжээн дэх хүмүүсийн хандлагыг харж байхад өөрийгөө шүүж, өөрийгөө тунгаахгүй мөртлөө бусдыг сайтар мэдэхгүй байж зүгээр л үзэмжээр шүүдэг. Энэ бол буруу. Боловсролгүй байгаагийн л шинж. 

Би бусад хүний тухай нэг их бодоод суугаад байдаггүй.

- Та бүтээгч үү, хэрэглэгч үү?
- Би бол бүтээгч. Гэхдээ нөгөө талдаа сайн хэрэглэгч. Юм бүтээдэг байхын тулд идэвхтэй хэрэглэгч байх ёстой. Харилцагчийн нүдээр банкыг харсан банкны захирал хамгийн шилдэг нь байдаг.

- “Ухаангүй ухаантан” гэж та гадаадад сургуульд төгссөн хүмүүсийн тухай шүүмжилсэн байсан. Энэ үзлийнхээ тухай тайлбарлаж өгөхгүй юу?
- Би бичлэгүүд дээрээ яагаад Харвардыг их жишээ аваад байдаг вэ гэхээр би өөрөө Харвардад явж мастер хийе гэж маш их боддог байсан. Би чадаагүй. Төлбөрийг нь дийлэх чадал байсангүй. Ингээд би Харвардад очвол яах вэ. Харвардад очвол би юу олох байсан бэ гэсэн бодол их хүчтэй явсан л даа. Эцсийн дүндээ юу ойлгосон бэ гэхээр “Хүмүүс би нэг сайн сургуульд явчих юм бол мундаг болчих юм байна” гэж боддог. Би ч бас ингэж боддог байсан. Маш буруу. Харвард чамайг мундаг болгохгүй юм байна гэдгийг ойлгосон.

Тэгвэл мундаг хүн гэж хэн юм бэ.

 “Хүмүүс би нэг сайн сургуульд явчих юм бол мундаг болчих юм байна” гэж боддог.

Амжилттай хүн гэж хэнийг хэлэх вэ гээд л формулаг нь хайж эхэлсэн. Хайгаад үзсэн чинь дэлхий дээр хэрэглэгч болон бүтээгч хандлагатай хоёр төрлийн хүн байдаг юм байна. Тоог нь бас гаргаад ирчихэж. Колумбын эрдэмтний гаргаж ирснээр хүн төрөлхтөний 90 хувь нь хэрэглэгч. Үлдсэн10 хувь нь бүтээгч юм байна гэж. 

Бүтээгч, хэрэглэгч гэхээр нэг нь юм үйлдвэрлэдэг, нөгөөх нь худалдаж авдаг гэж ойлгож болохгүй шүү. Жишээ нь, хайр дурлалаар ч үүнийг тайлбарлаж болно. Хэрэглэгч хандлагатай хоёр хүн гэрлэчихээр тэр гэрлэлт бүтэлгүйтдэг. Ядаж нэг нь бүтээгч байх ёстой. Хоёулаа бүтээгч бол цэнгэлийн манлай болно. Хоёулаа хэрэглэгч бол “Чи яагаад над руу өдөрт таван удаа утсаар ярихгүй байна” ,“Чи өөрөө яагаад над руу таван удаа утсаар ярихгүй байна” гээд яагаад надад юм өгөхгүй байна вэ л гээд асуугаад байдаг. 

Колумбын эрдэмтний гаргаж ирснээр хүн төрөлхтөний 90 хувь нь хэрэглэгч. Үлдсэн 10 хувь нь бүтээгч юм байна гэж. 

Ийм хандлага байгааг би бус тэр колумбын эрдэмтэн олж тогтоосон байна.  Харвардаас мундаг диплом аваад юу ч өөрчлөгдөхгүй. Тэгэхээр мундаг хүн гэдэг бол юм бүтээсэн хүнийг л хэлнэ. Амжилттай хүн гэдэг юм хийсэн, бахархах гайхуулах юмтай, түүнийг нь ард түмэн хардаг, биширдэг ийм л хүнийг хэлнэ.

Харвард чамайг юм бүтээдэг хүн болгохгүй.

Энэ чинь нөгөө философид суурилсан боловсрол. Харвард руу чи яах гэж явах ёстой вэ гэхээр “Би Монгол Улсад маш их зүйл бүтээмээр байна. Бас ганц, хоёр юм хийж үзлээ. Одоо жаахан бүтээмжээ сайжруулъя л гэсэн зорилготой явах хэрэгтэй. Харвардад чамд ганц, хоёр технологи зааж өгнө. Гэхдээ их өндөр үнээр шүү.

Тэр Харвардад зааж байгаа технологийг мөнгө төлөлгүйгээр энд бол сурна даа. Амьдрал, компани, бизнес зааж өгнө шүү дээ.

Бизнес шиг гоё том сургууль хаана байна. Дээрээс нь чамд цалин өгнө.

Тэр Харвардад зааж байгаа технологийг мөнгө төлөлгүйгээр энд бол сурна даа. Амьдрал, компани, бизнес зааж өгнө шүү дээ.

Тэр утгаараа нь “ухаангүй ухаантан” гээд шүүмжлэлтэй хандсан. Гадаадад сураад ирнэ гэдэг чинь юу ч биш. Юм бүтээсэн үү, үгүй юу гэдгээр чинь чиний чадвар хэмжигдэнэ шүү нөхдөө гэж хэлмээр байна. 

Би олон хүн ажилд авдаг, бас халдаг. Би гадаадад төгссөн учраас өндөр цалин авна аа гэж залуучууд орж ирдэг. Энэ бол маш буруу. Гэхдээ гадаадад төгссөн бүх хүн ингэж боддог гэж би хэлээгүй. 10 хүн тутмын нэг нь л ингэж бодож байгаа байх. 

90 хувь нь эрүүл сэтгэлгээтэй гэж бодож байна. Би өөрөө ч гадаадад сургууль төгссөн хүн.

Бидэнд 6.3 тэрбум хэрэглэгчтэй зах зээл байна

 

 

- Монгол улсын хүн амын 10 хувь нь бүтээгч дүртэй, хандлагатай гэвэл 300 мянган хүн. Харин Хятадынх 130 сая. Бидэнд ямар ч боломж байхгүй мэт харагдаж байна шүү дээ. 
- Монгол Улсын гурван сая иргэн гурван саяулаа бүтээгч дүртэй, бүтээгч хандлагатай хүн болгож бэлддэг боловсрол, эдийн засгийн системийг л бид бий болгох хэрэгтэй гэсэн үг. Тийм учраас боловсролын салбарт реформ хэрэгтэй. Бид 130 сая хүнтэй өрсөлдөх тухай биш бидэнд зургаан тэрбум 300 сая хэрэглэгч байна гэдгийг л олж харах хэрэгтэй.

Тэр хүмүүст юм бүтээж өгье, их ашиг орлого олъё.

x