Зураг
Зураг
АМЛАСАНДАА ХҮРЧ...    
1
2
3
4
5
6
7

Ж.ГАЛБАДРАХ: АМЛАСАНДАА ХҮРЧ ЧАДДАГ ХҮН АМЖИЛТЫН ЭЗЭН БОЛДОГ

Ч.Болортуяа
2015 оны 10 сарын 20
IKON.MN
Ж.ГАЛБАДРАХ: АМЛАСАНДАА ХҮРЧ ЧАДДАГ ХҮН АМЖИЛТЫН ЭЗЭН БОЛДОГ
Зураг

iKon.mn сайтын “Өглөөний хүн” буланд “Энэ хүнтэй л ярилцлага хийж өгөөч. Энэ бол жинхэнэ өглөөний хүн” гэх санал хүсэлт уншигчдаас маань гарсаар байв.

Үнэхээр ч Ж.Галбадрах хэмээх энэ эрхмийн амьдралын түүхээр нэг биш нэлээд олон ангитай сонирхолтой кино хийж болохоор аж.

Уйгагүй хөдөлмөрч зан, аз од гийсэн үйл явдлууд гээд Ж.Галбадрах багшийн нэгээс нөгөө рүү шилжих мөрөөдлүүдийн өрнөл дунд мөн л зуун зуун мөрөөдөл цэцэглэсээр буй.

Нэг МӨРӨӨДӨЛ, нэг АМЛАЛТ өнөөдөр мянга гаруй залуусын МӨРӨӨДӨЛ болон үржиж болдгийн жишээг харуулж, ДЭХИЙН ШИЛДЭГ 100-д БАГТДАГ ДЭЭД СУРГУУЛИЙГ МОНГОЛООСОО гаргах зорилго тавин ажиллаж буй  “ШИНЭ МОНГОЛ” Хүрээлэнгийн захирал Ж.Галбадрах багшийн ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна.

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр…

 

Ярилцсан: Ч.Болортуяа @Bolort
Гэрэл зургийг:  Б.Бямба-Очир MPA.mn 
2015-10-20

ЗАЛУУГААРАА ААВ БОЛСОН НЬ ...

- Таны намтар, хөрөг, ярилцлагуудыг уншихаар ийм цуцалтгүй хөдөлмөрч чанар хаанаас чинь гарч, юу таныг ингэж их хурцалдаг юм болоо гэж өөрийн эрхгүй сонирхмоор санагдсан. Энэ тухайгаас ярилцлагаа эхэлье.
- Япончууд “Гал шиг дүрэлзсэн эрмэлзэл чамд байна. Чи яг л монгол адуу шиг цуцалтгүй” юм гэж зүйрлэдэг. Би өөрийгөө мундаг хүн гэж огт бодож байсангүй.

Гэхдээ намайг яагаад ингэж хэлэх болов гээд ухаад бодохоор залуудаа амьдралд нухлагдаж өөрөөр хэлбэл зовлон үзсэн маань өдий зэрэгтээ явахад нөлөөлсөн болов уу.

Би аав, ээжээсээ есүүлээ. Хоёр эгчтэй. Хүү талаасаа том нь би. Тэгэхээр гэр бүлийн түлээ мод хагалах, ус авах ажил бүгд надад ирдэг байлаа. Мөн багаасаа л спортод дуртай, спортоор хичээллэдэг байсан. Спорт хүнийг маш их хүчтэй болгодог. Ингэж явж байгаад дөнгөж 19 настайдаа гэр бүлтэй болж анхны хүүхэд маань төрсөн. Хорь хүрээд хоёр дахь, 22 настайд гурав дахь, 25 настайд дөрөв дэх охин маан төрсөн. Ингэж үүрэг хариуцлага улам нэмэгдэж би гэдэг хүн өөрөө л хатуу чанга байх хэрэгтэй болсон доо.

- Эрт гэр бүл зохиосон нь таныг их хатуужуулжээ.
-  Тийм ээ. Оюутан байхдаа онц сурахын хажуугаар их сургуулийнхаа сагсны шигшээ багт тоглоно. Сайн сурч байж л тэтгэлэг авна. Энэ нь миний гэр бүлд хэрэгтэй гэдгийг мэдэж байсан учраас л өмнөх саад бэрхшээлүүдийг давсаар ирсэн. Энэ бүгдийг даван туулахад надаас маш их тэвчээр, сэтгэлийн хүч шаарддаг байжээ.

Дөнгөж 19 настайдаа гэр бүлтэй болж анхны хүүхэд маань төрсөн. Хорь хүрээд хоёр дахь, 22 настайд гурав дахь, 25 настайд дөрөв дэх охин маан төрсөн.

Жишээ нь, их сургуулийн шигшээгийн бэлтгэл хийхийн тулд сургуулийн биеийн тамирын хичээл дууссаны дараа орой 18.00 цагаас зааланд орно. Бэлтгэл хийж гарч ирээд ихэнхдээ автобусны мөнгө байхгүй тул цан хүүрэг татуулаад Улаанхуаран руу гүйчихдэг байж билээ. Харьж очоод л хүүхдүүдийнхээ давууг угаагаад, маргааш нь хэрэглэх бүх зүйлийг бэлдээд л явдаг байсан.

- Энэ хүнд хэцүү амьдралаас та сургуулиа орхилгүй төгсөж сайн багш болж мөн цалин багатай ч багшийн мэргэжлээ орхиогүй чинь их таалагдсан. Уг нь наймаанд их одтой явсан гэсэн байх аа.
- Би Төв аймагт нэг жил багшлаад мөн Хөдөө Аж Ахуйн Дээд Сургууль, Боловсролын Хүрээлэн, 84 дүгээр сургууль гээд салбарынхаа нэлээн олон шатны байгууллагад ажилласан. Үүний хажуугаар ганзагын наймаа хийнэ. Москва орох гэж гал тэргэнд тав хононо. Ядарч ядарч гэртээ ирээд нэг хоноод л Эрээн, Бээжин рүү наймаанд явдаг байсан. Зуны турш ийм амьдралтай байна. Есдүгээр сарын 1-н гэхэд нүд нь гархилчихсан хүн л хичээлдээ ордог байлаа. Зун наймаа хийгээд бүтэн жил идэх мөнгөө уг нь олчихдог байсан юм.

Ингэж явах зуураа багшийнхаа ажлыг л орхиж болохгүй юм шүү гэж бодсон. Үүнийхээ хүчинд л Япон улсыг зорьж чадсан юм шүү дээ.

- Боловсролын салбарт үлдэхэд аавын тань зөвлөгөө их чухал нөлөөлсөн гэдэг юм билээ. Аавынхаа тухай хуучлахгүй юу?
- Тийм ээ. Аав минь гайхамшигтай хүн. Би наймаанд  их “одтой” явдаг байхгүй юу. Тэгээд л наймаа хийвэл юун багшийн цалин юм байна гэж бодсон. Нэг явалтаар жилийн цалингаа олчихно. Ийм зүйлд залуу хүн дурлана шүү дээ. Харин яг энэ үед “Миний хүү ийм сайхан мэргэжлээ хаяж болохгүй шүү” гээд намайг бариад байдаг байсан хүн нь аав минь юм. Аав маань их бурханлаг, оюунлаг хүн. Есөн хүүхдээ бүгдийг нь л мэргэжилтэй, боловсролтой болоход их анхаарсан даа.

 

Зураг

"ХИЧЭЭЛ ЗААГААД ДУУСАХАД ХҮҮХДҮҮД БАЯР ХҮРГЭЭД АЛГА ТАШДАГ БАЙЛАА"

Ж.Галбадрах багш `Шинэ Монгол` бүрэн дунд сургуулийн сурагчдын хамт,

- Төв аймагт багшаар очихдоо та тавдугаар курсийн оюутан байсан гэдэг. Тухайн үед багшилж байсан ангийн сурагчид чинь тэртээ холоос Улаанбаатарт алхаж ирээд тантай уулзаж байсан гэсэн. Тэр хүүхдүүдийг яаж ингэж өөртөө татав?
- Миний шавь нар одоо ч гэсэн надтай уулздаг. Би амьдралдаа ганцхан удаа анги даасан нь Төв аймагт юм. Тухайн үед Төв аймгийнхан намайг Их сургуулийн шигшээд сагс тоглодог мундаг залуу ирж байна гээд их л сайхан тосч авч билээ. Намайг сагс тоглохыг харах гээд л хүмүүс их цугласан байсан сан.

- Улаанбаатараас нэг “од” очсон байх нь ээ.
- Тийм ээ. Яг л нэг од очсон юм шиг байсан.

Хичээл заагаад дуусахад л хүүхдүүд бүгдээрээ алга ташдаг байлаа. Онц сурдаг байсны хэрэг нэг гарсан даа.

- Та чинь оюутан байхдаа очсон гэлүү?
- Тийм ээ. Оюутны тавдугаар курстээ очсон. Багш дутагдалтай гээд бид ангиараа хөдөө ажиллаж байсан. Намайг очингуут нэлээд олон багш сольчихсон, тэндээ хамгийн сахилгагүй 9д ангийг даалгасан. Тэр хүүхдүүд маань хичээлээс нэлээн хоцорчихсон, нэг л замбараагүй байдалтай байсан ч гоё багш ирсэн гэсэн цаанаа л нэг хүлээлт байгаа нь мэдрэгдсэн. Тэгээд энэ ангиа хэрхэн сайн анги болгох вэ гэж бодож эхэлсэн. Би физикийн багш. Гэтэл ангийнхан маань математиктаа муу гэхээр нь давхар тооны хичээлийг нь давтуулж эхэлсэн. Бас орос хэл заасан.

Хичээлийн хажуугаар сурагчид маань заал авч тоглоё гэнэ. Тэгэхээр нь захирлаасаа гуйгаад л боломжтой цаг гарах л юм бол зааланд тоглуулна. Түүнийхээ хариуд хүүхдүүдээсээ хичээлээ л сайн хийе гэж уриална. Өглөөд хүүхдүүдтэйгээ бас хамт гүйж чийрэгжүүлнэ. Хичээл ном, бие бялдрыг нь бүгдийг нь хөгжүүлэх гэж хичээсэн дээ.

Би физикийн багш. Гэтэл ангийнхан маань математиктаа муу гэхээр нь давхар тооны хичээлийг нь давтуулж эхэлсэн. Бас орос хэл заасан.

- Та оюутан байсан байж ийм заах арга, хүүхдүүдийг байлдан дагуулах чадваруудыг хэзээдээ сурчихав?
- Миний хувьд их сургуулийн дөрвөн жил ангийн дарга хийчихсэн. Ангийнхныгаа хэрхэн зохион байгуулалтад оруулах вэ гэдгээ их сайн сурчихсан байсан маань дараа нь анги удирдахад их нөлөөлсөн болов уу гэж боддог. Ингэж хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрөөсөөр байгаад улсын олимпиадын эчнээ олимпиадад хүртэл хоёр аварга хүүхэд төрүүлээд, өөрөө Төв аймгийн шигшээд тоглоод багийнхаа хамт бүсийн тэмцээнд тоглож байсан.

- Нэгхэн жилийн дотор ийм их ажил амжуулчихсан гэж үү?
- Нэгхэн жил. Миний удирдсан анги маань их гоё хамт олон болчихсон байсан. Ингээд би нэг жил болоод сургуулиа төгсөх гээд буцаад хотод ирэхдээ “Багшийнх нь төгсөлтийн баяр зургаадугаар сарын 10-нд болно” гээд хэлчихсэн байсан. Гэтэл нөгөө хүүхдүүд маань шуудангийн автобусанд суугаад хайсаар байгаад намайг олж ирээд уулзаж байж билээ. Тэгээд ангийнхан маань буцах болоод Тээврийн товчоон дээр очоод автобусанд суух гэтэл “Зам явах бичиг” байхгүй гээд суулгаагүй байсан. Тухайн үед насанд хүрээгүй хүүхдүүд хот хооронд явахдаа  томилолтын бичиг шиг “Зам явах бичиг”-г авдаг байж. Сурагчдад маань тийм бичиг байхгүй байсан болохоор Нисэх хүртэл автобусанд суугаад Нисэхээс цаашаа Төв аймаг хүртэл алхчихсан байгаа юм даа. Хөл нь холгоод, оймс нь цоороод аймаг нэлээн дөхөж явахад нь цемент ачсан машин таараад тэнд дайгдсан хөгжилтэй ч юм шиг түүх бий.

 

Зураг

ҮҮРИЙН 05.00 ЦАГААС ШӨНИЙН 01.00 ЦАГ ХҮРТЭЛХ АМЬДРАЛ

 

 

- 84 дүгээр сургуульд ажиллаж байгаад та Япон явсан. Япон явсан түүх тань бас их сонирхолтой юм билээ.
- Тийм ээ. Япон орон амьдралыг маань өөрчилж, нүдийг минь нээсэн.

С.Ламбаа багш 84 дүгээр сургуулийг “Эрдэм” цогцолбор болгон шинэчлэл хийхдээ намайг дэд захирлаар 1992 онд урьж ажиллуулж байсан юм. Бараг 2,000 хүүхэдтэй, 100 гаруй багштай том сургуульд нэг жаахан хүүхэд дэд захирлаар нь очиж байсан. С.Ламбаа багш их санаачлагатай мундаг хүн. Тухайн үед Ричард гэж гадаад багшийг сургуульдаа уриад хүүхдүүдэд англи хэл заалгадаг байсан юм. Удалгүй хүүхдүүд ч гэлтгүй багш нартаа англи хэл заалгаад авъя гэж С.Ламбаа багш санаачилсан. Англи хэлний сургалтанд нь эхлээд олон ч багш бүртгүүлээд суухаар болж явсаар явсаар би ганцаархнаа хичээлдээ суудаг нь болчихсон байсан. Ричард багшийг ч бас нэлээн зовоосон байх даа. Нэг салж өгдөггүй нөхөр гарч ирээд жил гаруй англи хэл үзсэн дээ. Түүний дараа жил нь Японд мэргэжил дээшлүүлэх сургалтын тэтгэлэг зарлагдсан. Шалгалт нь ганцхан англи хэл. Тасралтгүй сууж үзсэн хичээл зүтгэлийг маань бурхан харж үзсэн ч юм уу шалгалт өгөөд Япон явах таван багшийн нэг болж байлаа.

Тасралтгүй сууж үзсэн хичээл зүтгэлийг маань бурхан харж үзсэн ч юм уу шалгалт өгөөд Япон явах таван багшийн нэг болж байлаа.

- Жил гаруй үзчихсэн гэхэд англи хэл дажгүй болчихсон байж дээ.
- Дажгүй биш ээ. Гэхдээ A, B, C ч үгүй байсан хүн арай л дээр болсон юм шиг байгаа юм.

- Япон хэлийг зургаахан сарын дотор сурсан түүхийг тань уншиж байлаа. Зарим нэг хүн насаараа ч сураад дийлдэггүй шүү дээ. Та яаж ийм богино хугацаанд сурав?
- Монголдоо дутуу сурсан англи хэлээрээ япон хэл заалгаж байсан учраас надад эхлээд маш хэцүү байсан. Японд ганцаараа байж байгаад л буцна гэсэн бодолтой байсан болохоор хичээлдээ суучихаад л бусад үед нь амарч, зугаалсан шиг, эхнэр, хүүхдээ санасан шиг цаг хугацааг өнгөрөөж байлаа.

Ингэж явж байгаад яг гурван сарын дараа эхнэр, хүүхдүүдээ энэ сайхан газар авчиръя, ямар ч байсан Япон орныг үзүүлье гэсэн бодол толгойд орж ирээд одоо би яах ёстой билээ гэж бодож эхэлсэн. Миний сургалтын тухайд зургаан сар хэлний бэлтгэл, нэг жил мэргэжил дээшлүүлэх сургалтанд суух байсан юм. Тэгэхээр нь дахиад жаахан байхын тулд магистрт сурах хэрэгтэй гэж бодсон. Гэтэл магистрт суръя гэхэд япон хэл маань таг. Ингээд нэг шинэ зорилго гарч ирсэн дээ. Хэлээ эхнээс нь дахин сурч эхэлсэн. Эхний гурван сар хий эргэчихсэн л хүн байсан.

Хүнээс асуутал 2,000 ханзтай болчихвол япон хэл чөлөөтэй, 3,000-г цээжилчихвэл бүр янзтай гэсэн. Ингээд өдөрт 30 ханз цээжлээд гурван сарын дараа 2,000 гаруй ханзтай болов. Эхнэр, хүүхдүүдээ авчирна гээд шийдчихсэн байсан болохоор боссон ч, суусан ч хүүхдүүд маань бодогдоод үнэхээр хичээсэн.

Үүнээс өмнөх гурван сард зөндөө л онигоонд орж, нэг үг хэлэнгүүт л намайг шоолдог байж билээ. Харин хэлний бэлтгэлээ дуусах мөчид намайг шоолоод байсан хүмүүсийг би бараг шоолох хэмжээнд болсон шүү. Дэмбэрэл цоорно гэдэг шиг.

Ингээд японд очсоноосоо хойш зургаан сарын дараа гэрийнхэн маань ирсэн.

- Таны тэтгэлгээр Японд зургуулаа амьдарч хүрэхгүй болсон гэж байсан. Энэ цаг хугацаа таны амьдралын хамгийн хүнд үе байсан уу?
- Гэрийнхнийгээ аваачсан хойноо би буруу зүйл хийчихлээ дээ гэж бодох үе  байсан. Дөрвөн хүүхдээ сургуульд оруулж, тэжээхийн тулд маш их мөнгө шаардлагатай болсон. Нэг жилийн дараагаар нь өөрөө магистрт суралцвал тэтгэлэг маань зогсох гээд байсан. Тэгээд л өдөр шөнөгүй ажиллаж эхэлсэн дээ. Тухайн үед япон нөхөд маань “Чи биеэ хэмхлэв ээ” л гээд байсан. Монголдоо хүнд хүчир ажил хийгээд үзчихсэн надад тэр үе тийм ч их хүнд байгаагүй. Өглөөний 05.00 цагт сонин тараах ажил хийчихээд хичээлдээ явж, орой нь ачаа ачиж, шөнө нь бааранд зөөгч хийж гэртээ 01.00 цагт харьдаг байсныг хараад Япончуудын санаа их зовдог байсан байх аа.

Тухайн үед япон нөхөд маань “Чи биеэ хэмхлэв ээ” л гээд байсан. 

- Хичээлдээ явахын хажуугаар өглөөний 05.00 цагаас шөнийн 01.00 цаг хүртэл ажиллах танд хэцүү биш аж. Тэгвэл таны хамгийн хүнд үе хэзээ байв?
- Монголдоо ирээд сургуулиа байгуулсны дараах үе юм уу даа. Олон хүнээс хандив авчихсан. Түүнээсээ хэд дахин их зээлтэй байсан үе. Зээлээ төлөх мөнгийг мэдээж цагийн ажил хийгээд ч олчихгүй шүү дээ.

- Гэр бүлийнхнийгээ авчирна гэхэд чинь япон багш тань их дургүйлхсэн гэж байсан. Багшийгаа яаж зөвшөөрүүлсэн бэ?
- Хэлний бэлтгэлд сурч байхдаа долоо хоногт нэг удаа Ямагатагийн их сургуульд очиж багштайгаа уулздаг байсан юм. Багштайгаа нэлээд сайхан танилцаж, найзалж авсан байсан. Багшаараа батлан даалт хийлгэж байж гэр бүлийнхнийгээ урих боломжтой байдаг юм. Тэгээд энэ тухайгаа багшдаа хэлтэл “Энэ чинь ганцхан чамд зориулсан тэтгэлэг. Яаж чи тийм олон хүүхдээ энд авчраад амьдрах юм бэ” гээд загнасан. Би гуйсаар байгаад багшийгаа зөвшөөрүүлж чадсан.

“Япон хэл нь л муу болохоос гайгүй толгойтой золиг юм байна” гэж багшдаа тоогдох гэж их хичээсэн дээ. Үүнд орос хэл, физикийн мэдлэг маань их тус болсон. Япон хэл муу байсан болохоор багштайгаа нэг их ойлголцож чадахгүй байснаа тоо, физикээрээ нэвтрэлцэж билээ.

Ингэж нэг юм гэр бүлээ авчирсан. Гэр бүлээ авчирсны дараа ч ёстой хэцүү амьдрал эхэлсэн. Би их буруу бодож байсан юм билээ (инээв).

Япон хэл муу байсан болохоор багштайгаа нэг их ойлголцож чадахгүй байснаа тоо, физикээрээ нэвтрэлцэж билээ.

- Гэхдээ одоо харамсдаггүй биз дээ?
- Юу гэж харамсах вэ дээ. Гэр бүлээ авчирсан маань өнөөдрийн намайг бий болгосон. Хэрвээ би тухайн үедээ эхнэр, хүүхдээ авчиръя гэж бодоогүй бол Япон хэлээ ч сурахгүй өнгөрөх байсан биз. Нэг л их мэргэжил дээшлүүлсэн хүн болоод л хүрээд ирэх байсан байх даа. Тийм оюутнууд зөндөө их. Гэтэл миний хувьд эхнэр, хүүхдүүдийнхээ төлөө гадаад оюутнуудад зориулсан бүх л арга хэмжээ, наргиан, цэнгээнээс нь татгалзаж өдөр шөнөгүй ажиллаж эхэлсэн. Ажил хийсэн маань ч япон хэлийг маань сайжрахад их нөлөөлсөн гэж боддог.

"Гэр бүлээ Японд авчирсан маань өнөөдрийн намайг бий болгосон"

- Зургаан сар үзсэн япон хэлээ хоёр сарын хугацаанд хүүхдүүддээ заасан гэж байсан.
- Тийм ээ. Анх англиар япон хэл зааж байхад нь би бүр юу ч ойлгохоо больчихсон байсан. Дараа нь япон хэлний орос сурах бичиг олж аваад  сайн ойлгож сурсан. Аргаа олчихсон хүн чинь хүүхдүүдээ ирэхэд нь заахад хялбар байсан. Би 1996 оны гуравдугаар сарын 28-нд гэр бүлийнхнийгээ  Японд аваачсан. Түүнээс хойш нэгээс хоёр сарын зайтайгаар хүүхдүүдээ сургуульд нь оруулсан. Тэд маань гайхамшигтай хурдан япон хэлийг сурсан. Очоод жилийн дараа том охиныг маань Ямагатагийн сайн ахлах сургуульд ороход нь гадаад хүүхэд ийм сайн сургуульд ингэж орлоо гээд л сонин дээр мэдээ хүртэл гарч байсныг тодхон санаж байна. Ахлах сургуулиа төгсөж байхад нь хүртэл сонин дээр гарч байсан сан. Ингээд хүүхдүүд маань их сайн сураад ирэхээр “Энэ аав бол сайн аав, сайн багш юм байна” гэх итгэл үнэмшлийг хүмүүст өгч байсан. Хожим сургууль байгуулахад маань  энэ олж авсан итгэл их нөлөөлсөн шүү.

"МИНИЙ МӨРӨӨДӨЛ БОЛ МОНГОЛДОО ОЧООД СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ. ТА БҮХЭН ХАРААРАЙ. ТА БҮХНИЙ АЧИЙГ ИНГЭЖ Л ХАРИУЛЪЯ”

 

- Таны магистрын шалгалтандаа тэнцсэн түүх чинь бас их сонирхолтой юм билээ. Азтай ч гэмээр. Гэхдээ таны уйгагүй хөдөлмөр зүтгэл мэдээж нөлөөлсөн байх. Тийм үү?
- Бурхан ивээж намайг Япон Улсад үлдээх гэж л магистрын шалгалтанд тэнцүүлсэн гэж боддог. Зарим шалгалтыг нь монголчилж билет шиг бэлдээд,  англи хэл дээр физикийн агуулгатай асуулт таарч ирсэн гээд азтай явдлууд их байсан. Хамгийн сүүлийн ярилцлага дээр нь хүртэл их азтай. Деканы тавьсан онолын бодлогыг нь би бодчихсон байсан юм. Ярилцлагын үеэр гурван шалгалтаас гурвуулангаас нь асуулт асуух ёстой байдаг. Гэтэл ам ярилцлагын эхний асуултыг декан маань өөрөө “Тэр бодлогыг чи яаж бодчихов оо” гэж асуусан. Би ч бодлого учраас самбар дээр бодож үзүүлье гээд бичиж байх хойгуур ярилцлагын цаг дууссан. Ам ярилцлагад орсон уу орсон. Багш юм асуусан уу асуусан. Хариултыг нь өгсөн үү өгсөн. Ингээд л хариу гарч сургуульдаа тэнцсэн. Үгүй мөн их баярлаж билээ. Баярласан хүн чинь сэтгэл уужраад тэтгэлгээ ч хөөцөлдөөгүй өнгөрөөсөн байснаа сүүлд мэдсэн.

- Тэгээд удалгүй тэтгэлэггүй амьдралтай залгажээ дээ.
- Тэгсэн. Тэтгэлгээ хөөцөлдөх ёстойгоо ч мэдэхгүй. Монголоос ирсэн ганц оюутан байсан болохоор мэдээлэл ч байхгүй байсан.

- Та хэзээнээс "Шинэ Монгол" сургууль байгуулах мөрөөдөлтэй болсон юм бэ?
- Тэтгэлэг ч үгүй гурав, дөрвөн ажил хийгээд зовж явж байхдаа тухайн үедээ Олон Улсын Ротари Японы Ёнэямагийн нэрэмжит тэтгэлэг авсан юм. Уг нь надтай адилхан 1,000 гадаад оюутан тэр тэтгэлгийг авч байж. Гэтэл мэдээлэл муутай байсан би энэ тэтгэлгийг зөвхөн надад өгч байгаа юм байна гэж эндүүрсэн байсан. Учир нь Ямагата хойд клубээс би ганцаараа авч байсан.

Хичээлээс бусад цагаараа ажил хийсээр байгаад нуруугаа авхуулсан морь гэдэг шиг л болчихсон, Япон Улсад бараг яах гэж ч ирэв дээ гэж бодох үе олон байсан.

Хичээлээс бусад цагаараа ажил хийсээр байгаад нуруугаа авхуулсан морь гэдэг шиг л болчихсон, Япон Улсад бараг яах гэж ч ирэв дээ гэж бодох үе олон байсан. Гэхдээ тэр болгонд гэр бүлээ, хүүхдүүдээ бодохоор л сэргэж, ажил, хичээлдээ зүтгэдэг байлаа.

Гэр бүлийнхэн маань боорцог хийгээд л түүнийгээ тоолж иддэг шахуу болчихсон байсан. Шинэ зүйл бараг авч хэрэглэнэ гэсэн ойлголт байхгүй үеийг өнгөрөөсөн. Тэгтэл Ротари тэтгэлэг миний гурван ажил хийсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг өгч эхэлсэн. Тэр тэтгэлгээ өгөхдөө их сүрлэг  80 гаруй клубийн гишүүдийн өмнө индэр дээр гаргаж ирээд л тэтгэлгээ өгдөг байв. Тэтгэлэг авах бүрдээ би ингэж сурна, би ийм зорилготой гээд л ярих ёстой. Тэгсэн анхны тэтгэлгээ авах үед би юу ч ярьж чадахгүй уйлсаар байгаад таарсан. Уг нь хоёр хуудас зүйл биччихсэн очсон ч яг мөнгөө гардаж авсан чинь салганаад чичрээд уйлаад юу ч ярьж чадаагүй.

Гэр бүлийнхэн маань боорцог хийгээд л түүнийгээ тоолж иддэг шахуу болчихсон байсан.

Тэгээд дараагийн удаа нь энэ хүмүүст нэг л сайхан талархал илэрхийлэх юмсан гэж бодсоор байгаад гурван сарын дараах уулзалт дээр би ганц л зүйл хэлсэн. “Би та нарт нэг л зүйл амламаар байна. Би гурван ажил хийгээд авч чадаагүй мөнгөө өнөөдөр та бүхнээс авч байна. Би та нарын ачийг хариулмаар байна. Би өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж та бүхний ачийг хариулна. Миний мөрөөдөл бол Монголдоо очоод сургууль байгуулах. Та бүхэн хараарай. Та бүхний ачийг ингэж л хариулъя” гэж хэлсэн. Ингээд л олны өмнө өөрийнхөө жинхэнэ дотоод сэтгэлээсээ амлалт өгчихсөн хүн чинь унтсан ч, боссон ч сургууль байгуулах тухай л байнга боддог болсон. Ингэж яваад ерөөсөө ахлах сургууль байх ёстой юм байна гэсэн шийдлээ олсон. Хүмүүст амлачихсан учраас л би түүнийгээ биелүүлэх гэж зүтгэсэн. Том охиныхоо орсон шиг яг тийм сайн ахлах сургууль байгуулах ёстой юм байна гэж бодоод охиныхоо сургууль, хичээлийг судалж эхэлсэн дээ.

Олны өмнө өөрийнхөө жинхэнэ дотоод сэтгэлээсээ амлалт өгчихсөн хүн чинь унтсан ч, боссон ч сургууль байгуулах тухай л байнга боддог болсон.

- Мөрөөдөл бодит ажил болох хүртэл та ямар замыг туулав?
- Анх сургууль байгуулна гэдэг байшин л барьчихвал болоо гэж эндүүрч явсан. Ротари сангийнхан намайг амлалт өгснөөс хойш яг жилийн дараа уриад “Бидэнд амласан амлалт чинь юу болсон бэ” гэж асуудаг юм байна. Би тухайн үед Тохокү их сургуулийн докторын курст орчихсон байсан.

Ямар ч байсан би байгуулах хэвээрээ гэдгээ хэлсэн. Тэгсэн “Чи энд докторт сурч байгаа юм чинь мөдгүй юм байна аа” гэсэн утгатай зүйл ярихаар нь би энд сурангаа сургууль байгуулж болно оо гэж хэлсэн. Ингээд л тэр жилийн зун Монголдоо ирж сургууль байгуулж болох боломж байгааг, газрын дуудлага худалдаа болох гэж байгааг мэдээд эгчдээ захисан. Эгч маань эндэх бүх ажлыг амжуулсан. Миний хувьд амлалтаа бодож явсаар байгаад толгой дотроо сургуулиа аль хэдийнээ бий болгочихсон байсан. Түүнийгээ цаасан дээр хүртэл буулгаад хэний ч өмнө ярьчих хэмжээнд хүрсэн. Ингэж явж байтал маш олон найз нартай ч болсон. Тэд “Сургуулиа байгуул. Чамайг бид дэмжинэ ээ” гэдэг байсан. Миний ард маш олон хүн байна гэж бодоод сургуулиа байгуулахаар зориглосон. Тэгтэл бодит байдал дээр хандив тусламж сургууль босгох хэмжээний зардлын гуравны нэгд ч хүрэхгүй шахуу болсон. Ингээд л зээл хайх зэрэг олон бэрхшээлийг давж байж сургуулиа арайхийж барьсан. 15 жилийн өмнө буюу 2000 оны аравдугаар сарын 5-ны өдөр сургуулийнхаа нээлтийг хийж байлаа.

Амлалтаа бодож явсаар байгаад толгой дотроо сургуулиа аль хэдийнээ бий болгочихсон байсан
 
 

- Ингээд таны амьдралын хамгийн том шалгуур иржээ дээ?
- Нээлтээ хийгээд л маргаашнаас нь би ямар хэцүү зүйл рүү орчихов оо гэж бодохоор болсон. Багш нарынхаа цалин мөнгийг яах билээ гэдэг асуудал гарч ирсэн. Ах дүү нарынхаа бүх мөнгийг, надад тусалж байсан Япончуудын хандив, зээл бүх зүйлийг шавхаад сургуулиа босгоод авчихсан.

Гэтэл түүний дараа яах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Цалингаа тавьж чадахгүй, цахилгааны мөнгөө төлөхгүй бол сургууль маань зогсох гээд байсан. Японд өдөр шөнөгүй цагийн ажил хийж байсан хүнд үетэй ч харьцуулахгүй хэмжээний асуудлуудтай тулгарсан. Дахиад зээл хайгаад явсан. Тухайн үед ч нэлээд азтай учралаар хүмүүстэй таарч зээл маань бүтсэн. Шүд зууж зүтгэсээр байж байгаад 10 жилийн дараа “Шинэ Монгол” сургууль маань арай гэж өрнөөсөө салж байсан. Энэ 10 жилийн дотор мэдээж ганцхан ахлах сургууль ч биш бага, дунд сургууль бас байх хэрэгтэй юм байна гэж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Зээлэн дээрээ нэмээд л зээл аваад байсан гэсэн үг.  Ёстой нойргүй болчихсон үе дээ.

Зураг

"АМЛАСАНДАА ХҮРЧ ЧАДДАГ ХҮН АМЖИЛТЫН ЭЗЭН БОЛДОГ"

`Шинэ Монгол` бүрэн дунд сургуулийн төгсөгчдийн гадаадын их, дээд сургуулиудад элсэн суралцаж буй оюутнуудын нэрс,

- Сургууль гэдэг ашгийн төлөөх байгууллага биш гэдэг. Танай төлбөр бас тийм ч бага биш. Гэхдээ сургалтын чанараа бодох юм бол одоогийнхоосоо нэмэх боломжтой гэж үздэг хүмүүс бий байх?
- Сургууль маань 200 долларын төлбөртэйгээр эхэлж байсан. Тухайн үед багш нарын цалин 50-60 доллар байсан. Миний хувьд сургалтын төлбөр дундаж орлоготой хүний гурван сарын цалинтай дүйж байвал болох юм байна гэсэн зарчим барьсаар ирсэн. Японд ч мөн иймэрхүү жишиг байдаг. Ийм зарчмаар төлбөрөө тогтоож ирсэн ба өнгөрсөн жил хүртэл хоёр сая төгрөгийн төлбөртэй байсан. Нэгдүгээрт, дээрх зарчмыг барьдаг. Хоёрдугаарт, дундаж болон дундаас доогуур амьдралтай ч манай сургуульд сурахыг хүссэн сурагчийн эцэг, эх нь “Энэ хэтэрхий өндөр төлбөртэй сургууль юм” гэж хэтэвчээрээ хасагдах биш үнэхээр сайн  хүүхэд бол манай сургуульд сурах боломжтой байлгахын тулд төлбөрөө шууд хэт ихээр нэмэхгүй байя гэж боддог. “Шинэ Монгол” сургууль эхнээсээ л маш их эрэлттэй байсан. Одоо шалгалт өгсөн 10 хүүхдийн нэг нь ордог эрэлт үүсчихээд байна. Бага ангид гэхэд жилийн жилд 700-800 хүүхэд шалгалт өгөөд 100 орчмыг нь авдаг байх жишээтэй.  Ингээд зах зээлийнхээ жамаар энэ сургууль төлбөрөө нэмэх нөхцөл нь бүрдчихээд л байгаа юм.

Хэтэвчээрээ хасагдах биш үнэхээр сайн  хүүхэд бол манай сургуульд сурах боломжтой.

Бидний зарж байгаа барааг булаацалдаад аваад дороо дуусгачихаад байна гэсэн үг. Би жаахан үнээ нэмээд зарвал ашиг олох гээд байна гэсэн үг.

Манай төлбөрийг 350 доллар байхад нийтлэлч Баабар сурагчидтай маань уулзалт  хийсэн юм. Тэгээд “Ёстой сэргэлэн хүүхдүүд байна шүү дээ. Танай төлбөр хэд юм бэ” гэхэд нь 350 доллар гэсэн “Яасан бага юм бэ” гэж билээ. Тэгэхээр нь би “Хямдхан биш ээ. Манай ард түмний амьдрал ийм байна шүү дээ” гэтэл “Чи яасан социалист сэтгэлгээтэй хүн бэ” гэснээ “Би чамайг ойлголоо. Чи брэнд хийх гээд байгаа юм байна шүү дээ” гэж байсан.

Би үүнтэй санал нийлдэг. Тэр үед би боломжийн үнэтэй чанартай бүтээгдэхүүн л брэнд болдгийг мэддэггүй байж. Одоо бол ойлгодог болсон.

- Сургалтын төлбөрийн тухайд ийм байж. Харин хичээлийн хөтөлбөр, сургалтын агуулгаас гадна яг тухайн хүүхдийн хүмүүжлийн тал дээр “Шинэ Монгол”- ыг өөрийн гэсэн тогтсон соёлыг бий болгож чадсан гэдэг. Энэ тухайгаасаа сонирхуулахгүй юу?
- “Шинэ Монгол” мэдээж Япон хэв шинжийн сургууль. Анх би охиныхоо ахлах сургуулийг судалж эхлэхдээ сургалтын агуулга, чанар их сайтай, түвшин маш өндөр болохыг мэдэрсэн. Тэгээд багш нараас нь сурах бичиг, хичээлийн хөтөлбөрүүдийг сонирхож судалж явахдаа тэр сургуульд сурч байгаа хүүхдүүдийн бие бялдрыг эрүүл саруул байлгах зорилго тавьдгийг олж мэдсэн. Эрүүл байхын тулд хүн заавал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Тиймээс хүүхэд болгоныг дугуйлан секцэнд хамруулдаг байсан. Мөн хүүхэд эрүүл хоол идэж байх ёстой. Гэртээ хийсэн хоолоо сургууль дээрээ авч ирж иддэг байсан. Хоолоо идэж дуусчихаад хүүхдүүд өөрсдөө цэвэрлэгээгээ хийдэг. Нэг ч цэвэрлэгч, үйлчлэгч байхгүй. Ямар ч арга хэмжээ болсон сургуулийнхаа сүлд дууг дуулдаг, бусдад хүндэтгэл үзүүлдэг, мэхийдэг, ёсолдог зэрэг маш олон нарийн дэгтэй.

Сургууль гэдэг үнэхээр ийм л газар байх ёстой юм байна гэж би сайн ойлгосон. Тийм ч учраас “Шинэ Монгол” соёл гэдэг зүйлийг бий болгохыг зорьсон. Тэр маань тодорхой үр дүнд хүрсэн. Энэ соёлын нэгхэн элемент гэхэд л хүнтэй зөв мэндлэх, сургууль дотроо орж ирээд гутлаа солих тэр байтугай ариун цэврийн өрөөнд хэрхэн зөв бие засахыг нь хүртэл зааж өгдөг юм шүү дээ.

Боломжийн үнэтэй чанартай бүтээгдэхүүн л брэнд болдгийг мэддэггүй байж.

- Жижиг юм шиг мөртлөө хүүхдүүд байтугай томчуудад хүртэл үгүйлэгдэж байгаа соёлын тухай ярьж байна шүү дээ.
- Тэгэлгүй яахав. Хүүхдүүдийг чи гадуур нь шээвээ гээд л загнаад  өнгөрөх биш. Та нар надтай ингэж мэндэлнэ шүү гээд хэлээд орхих биш. Яг бүх элементийг нь заагаад өгчихөөр хүүхэд дороо сурдаг. Дээрээс нь харилцагч  хүнээ хүндлэх тал дээр маш их зүйлийг зааж, хэлж ярьдаг.

Ийм жижигхэн зүйлүүд чинь хүүхдэд их төлөвшил өгдөг. “Шинэ Монгол” сургуулийн хамт олон энэ соёлыг ерөөсөө лоозонгийн шинж чанартай байлгахыг хүсдэггүй. Үргэлж хүүхдүүддээ давтуулаад үйлдэл болгож байж соёлыг бий болгодог.

- Монгол хүнийг хатуу чанга гараар өсгөж хүмүүжүүлэх ёстой гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
- Би хүүхдийг загнаж шийтгэхээс илүү их сайхан ухамсарлуулахыг илүүд үздэг. Гэхдээ надаас хүүхдүүд их айдаг юм шиг байгаа юм. Миний хувьд хүүхдийг барьж аваад зодоод байна гэж байхгүй. Зөөлөн ч гэсэн хүнд хэлэх ёстой зүйлийг нь хэлээд ойлгуулах хэрэгтэй гэдэг маань тийм имиджийг бүрдүүлдэг юм шиг байгаа юм.

Үргэлж хүүхдүүддээ давтуулаад үйлдэл болгож байж соёлыг бий болгодог.

- Монгол хүүхдийн онцлог буурай хөгжлөөс үүдсэн “өлсгөлөн” байдалтай байгаа нь бидний давуу тал юм гэж та ярьдаг юм билээ. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?
- Тийм ээ. Бидэнд байгаа хамгийн том давуу тал бол одоогийн хөгжлийн энэ цаг үе. Хэт их хөгжингүй орнуудад нэг зовлон байгаа нь иргэд нь их улбагар, сул болчихсон байна. Мөрөөдөл, тэсвэр, тэвчээр гэдэг зүйл нь их сул. Материаллаг байдал нь хэт их хөгжөөд ирэхээр тийм болж байна. Энэ утгаараа багш, эцэг эхийн ярьдаг зүйл нь ч энгийн болоод ирдэг. Гэтэл Монгол хүүхдүүд маань хийж бүтээх, сурч, мэдэхийн өлсгөлөн байдалд байна гэж бодож байгаа. Яг ийм "өлсгөлөн" шинж чанарыг нь ашиглаад хүүхдүүд ямар мөрөөдөлтэйг нь олж мэдээд түүнийг нь дэмжиж тодорхой болоход туслах хэрэгтэй. Ийм зүйлийг “Шинэ Монгол”-д хийдэг.

Шинэ монгол сургуулийн төгсөгчдийн статистик мэдээ:

Тухайн хүүхэд Ерөнхийлөгч болмоор байна гэвэл Ерөнхийлөгч болохын тулд юу юу мэддэг байх хэрэгтэй, ямар ямар чадвартай байх ёстойг нь ойлгуулаад чи ингэх хэрэгтэй гэдгийг хэлж өгч нэг ёсондоо дэмжлэг үзүүлдэг гэсэн үг.

Би хүнд амлалт өгчихөөд л түүнийгээ биелүүлэхийн тулд өнөөдрийг хүртэл зүтгэсэн. Тийм болохоор яг одоо бүх сурагчдаасаа тийм амлалтыг нь авдаг. Шошин буюу анхны сэтгэгдэл гэж хүүхдүүдээр бичүүлдэг. Мөрөөдөл, амлалтыг нь авдаг.

Сурагчид маань индэр дээр гараад “Би улсын олимпиадад түрүүлээд алтан медаль авна” гэж амлаад тэр медалиа авч чаддаг тийм хүүхдүүд манай сургуульд сурч байна. Ерөөсөө л амласандаа хүрч чаддаг хүн амжилтын эзэн болдог гэдгийг хүүхдүүддээ хэлдэг юм.

Зураг

"СТАРТ АП - УУДЫГ ДЭМЖИНЭ"

Ж.Галбадрах багш удахгүй шинээр нээгдэх лабораториудыгаа танилцууллаа,

- “Шинэ Монгол” коллеж, дээд сургууль байгуулах нь таны 50 насны мөрөөдөл байгаад түүнийгээ биелүүлж чадсан гэж байсан. Энэ мөрөөдлөө танилцуулахгүй юу?
- Тийм ээ. Би нэг муу зантай болчихоод байна. Хүмүүст амлалт өгчихвөл түүндээ баригдаж зүтгэсээр байгаад амлалтаа биелүүлчихдэг. Миний хувьд дунд сургуулиас хойш дараагийн шинэ зүйл хийх цаг нь болчихсон байсан.

Манай сургуулийн төгсөгчдөөс нэлээд нь өндөр технологийн чиглэлээр гадаадад сургуульд сурч байна. Зарим нь төгсчихсөн. Гэтэл Монголд өнөөдөр өндөр технологи гэх юм алга. Тэгтэл олон Монгол залуу өндөр нарийн мэргэжлээр магистр, докторын түвшинд сурч байна. Өндөр технологи, нарийн мэргэжил эзэмшээд Монголдоо ирэхээр ажиллах газар байхгүй байна.

Нэг л сонголт байгаа нь багшлах. Гэтэл сургуулиудад нь ямар ч лаборатори, тоног төхөөрөмж байхгүй учраас цаасан дээрх зүйлийг л сургадаг хүмүүс болчих гээд байна. Уг нь сургахаас гадна тэр мэдлэгээ хэрэглээд туршилт явуулаад үйлдвэрлэл рүү орох ёстой цаг. Гэтэл энэ орчин байдаггүй. Би бодсон. Би энэ хүүхдүүдийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Сураад ир, сураад ир, ийм нарийн мэргэжил, мэргэжилтэн Монголд хэрэгтэй гээд залуучуудыг явуулдаг. Тэгтэл тэд төгсөөд нутагтаа иртэл ажлын байр байхгүй. Гадааддаа л ажиллах болчихоод байна. Тэгэхээр миний дараагийн зорилго төгсөгч хүүхдүүдтэйгээ нийлж байгаад сургууль байгуулъя гэж зорьсон. Би одоо  сургуулийн байшингаа бариад, сандал ширээ тавьчихсан байгаа маань мөрөөдлийнхөө 20 хувиа л хийсэн гэж бодож байна.

Мөрөөдлийнхөө 20 хувиа л хийсэн гэж бодож байна.

Миний бодож байгаа сургууль болтол 80 хувь нь дутуу гэсэн үг. “Шинэ Монгол” гэлтгүй энэ тэнд нарийн мэргэжлээр төгсчихсөн сайхан сайхан залуучуудад зориулсан сургууль босголоо. Тэд нар энэ сургуулийг авч яваг. Би зөвхөн савыг нь бэлдэнэ гэсэн зорилгоор ажиллаж байна. Энэ ярилцлагаараа ч гэсэн ийм залуучууд манайд хандаасай гэж  уриалж байна. Түрүүчээсээ хүмүүс ирж байна. Засгийн газар "Зөгийн үүр" гээд хөтөлбөр эхлүүлж байсан даа. Гэтэл нисч явсан зөгийнүүд маань Монголдоо ирээд балаа шахах гэхээр сав нь байхгүй байсан. Харин би өнөөдөр савыг нь бэлдчихээд байна. Би залуучуудыг нээлттэй хүлээж авна.

- Шинэ сургууль тань өнөөдрийн байдлаар хэчнээн оюутантай байна вэ?
- Дээд сургууль маань 90 гаруй оюутантай. Шинэ тутам сургууль учраас оюутны тоо бага байж магадгүй. Гэхдээ Монгол дотроо бол боломжийн тоо. Оюутнууд маань бол сэтгэл хангалуун байгаа. Олон сайхан багш нартай болж байна. Харин техник инженерийн коллеж маань 200 гаруй оюутантай, 20 гаруй багштай. Оюутнаа хангалттай элсүүлж чадсан гэсэн үг.  Гэхдээ зорьж байгаа маань бол шал өөр зүйл. Олон улсын хэмжээнд хүргэх зорилготой.

Нисч явсан зөгийнүүд маань Монголдоо ирээд балаа шахах гэхээр сав нь байхгүй байсан. Харин би өнөөдөр савыг нь бэлдчихээд байна.

Сайн багш нар жилийн жилд нэмэгдэж байна. Одоо сайн сайн лабораториуд байгуулах хэрэгтэй. Эхнээсээ байгуулж байна. Судалгааны төвүүдтэй болно. Компаниудтай хамтарч ажиллана. Старт апуудыг дэмжинэ. Компаниудаас захиалга авна. Судалгаануудыг бид хийдэг болъё гэж байгаа. Энэ бүгдийг хийж байж миний мөрөөдөл 100 хувь болно.

Энэ мөрөөдлөө би анх “Шинэ Монгол” сургуулийн төгсөгчдийн Япон дахь цугларалтаар дуулгасан. Тэр үеэр 50 нас маань ч таарсан. Тэгээд л өөрийнхөө шинэ мөрөөдлийг сурагчдынхаа өмнө зарлах боломж юм байна гэж бодсон. Нэг талаар өөрийгөө хурцлах гэж л хэлсэн. Нөгөө талаар хүүхдүүддээ бас үлгэр болох үүднээс хэлсэн.

Хэн ч 50 нас хүрнэ. 50 настайдаа хүн бүр янз бүрийн өнгөтэй байдаг. Зарим нэг нь амьдралдаа их сэтгэл хангалуун байна. Зарим нэг нь ядруухан байна. Ихэнх нь “За би одоо ч боллоо доо. Ач зээгээ харъя даа” гэдэг бодол руу явдаг байж магадгүй. Гэтэл энэ биш юм. Монголчууд цөөхнийг ч хэлэх үү. 50 хүрсэн ч мөрөөдөлтэй байя.

Мөрөөдлөө биелүүлж хүмүүст үлгэр болъё гэж бодсон. Заавал 50 настангуудад ч биш хорь, гучтай хэрнээ зорилго, тэмүүлэлгүй яваа хүмүүс зөндөө. Тэгтэл тэнд 50 настай хүн ингэж мөрөөдөөд, бүр мөрөөдлөө биелүүлчихсэн байхад би энд хорин тавтай, 30 настай мөртлөө юу болж байна аа гэдэг бодол төрүүлэхийн тулд нэг ёсондоо залуусыг хурцалж өгөхийн тулд энэ амлалтаа өгсөн юм.

"ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ЭХНИЙ ШИЛДЭГ 100-д БАГТДАГ ДЭЭД СУРГУУЛИЙГ МОНГОЛООСОО ГАРГАЯ"

Багш, оюутны хамт,

- 60 насны мөрөөдөл бас байгаа гэсэн. Тийм үү?
- Байгаа. Тэрийг нь тухайн үедээ хэлэх байх. Хүн чинь жаахан амжилтанд хүрэхээрээ өөртөө итгэлтэй болдог юм байна л даа. Ер нь хүн өөртөө итгэлтэй болчихвол л аливаа зүйл урагшлаад байдаг. Би чинь чадах юм байна шүү дээ гэдэг итгэлтэй болчихвол л дараагийн ажлыг ч бас чадна гэж боддог. Тэгэхээр миний хувьд тэгээс эхлээд ахлах сургууль, дунд сургууль, бага сургууль, коллеж, дээд сургууль гээд нэг уулын орой дээр гарахаар нөгөө уулын орой харагдана гэдэгчлэн 60 насны минь мөрөөдөл бас харагдаад л байна.

- 60 насны мөрөөдөл тань яг юу юм бэ?
- Японы хотууд их гоё хөгждөг юм билээ. Эхлээд галт тэрэгний шугам татагдаад  вокзал хийгдчихдэг. Манайхаар “Мандал” өртөө гээд байдаг шиг. Яг ийм газар их сургууль байгуулдаг. Сургууль бариад багш, оюутнууд амьдраад эхлэхээр тэдэнд зориулсан үйлчилгээний төвүүд бий болж эхэлдэг. Ингэж соёлын үр тарих буюу сургуулиудаасаа эхэлж тухайн хот нь хөгждөг уламжлал бий. Миний хувьд бүх зүйл нь ухаалаг буюу нар салхины эрчим хүчээр өөрсдийгөө хангадаг эко маягтай смарт хот байгуулж болох юм шиг төсөөлөгдөөд л байгаа. Энэ бол мөрөөдөл юм шүү дээ. Үүний өмнө коллеж, дээд сургуулийнхаа үйл ажиллагааг өөрийн төсөөлж байсанчлан 100 хувь рүү дөхүүлэх ажлаа 60 хүртлээ хийх болно.

- “Нар тэтгэсэн мөрөөдөл” хэмээх таны бичсэн энэ ном их сонирхолтой юм билээ. Та номоо нэрлэхдээ нар гэдэг нь японы ард түмнийг хэлсэн байх. Тийм үү?
- Тэгэлгүй яахав. Би нэг л зарчим барьдаг юм. Ямар ч улсад очсон, ямар ч хүнтэй харьцсан тухайн хүний сайн талыг нь олж харж харьцах юмсан гэж боддог. Анхнаасаа япон хүмүүсийг их сайн талаас нь хараад явчихсан маань өнөөдрийн амжилтанд хүргэчихсэн юм байна гэж боддог. Тиймээс ч гадаад орныг зорьж байгаа төгсөгчдөдөө ч бас ийм байдлаар хандаарай гэж захидаг.

Анхнаасаа япон хүмүүсийг их сайн талаас нь хараад явчихсан маань өнөөдрийн амжилтанд хүргэчихсэн юм байна гэж боддог. 

Яг япон хүн гэж хэн бэ гэхээр их л нухацтай хүмүүс шүү дээ. Нөхөрлөлдөө үнэнч үнэхээр сайхан хүмүүс. Сая болсон сургуулийн маань 15 жилийн ойгоор 82 хүн ирж баяр хүргэлээ. 30 хүн л ирэх болов уу даа гэсэн 82 хүн ирлээ. Шинээр байгуулагдсан коллеж, дээд сургуулийг маань ирж үзэх гэж ингэж олноороо ирсэн. Ирчихээд “Чи яасан их зүйл хийгээ вэ” гэхээсээ илүү дахиад л миний нуруу руу алгадаад “За энэ хүрсэн юм чинь чи дэлхийд гарна шүү” гээд л ар нуруу руу минь алгадаж урагш нь түлхээд л байгаа хүмүүс шүү дээ.

- Дунд сургуулиа байгуулахад зээлсэн өрөө 10 жилийн дараа дарж дуусгасан гэж байсан. Дээд сургууль, коллежоо барихдаа дахиад их хэмжээний зээл авсан гэж ойлгосон. Тийм үү?
- Тэгсэн.

- Энэ зээлийг хаанаас авав?
- Хаанбанкнаас авсан.

- Энэ удаадаа Монголчуудаасаа зээлсэн юм байна. Тийм үү?
- Тийм ээ. Дахиад яаж япончуудаас гуйх билээ дээ. Миний хувьд ийм дээд сургууль байгуулах гэж байна аа гэхэд Монголын томоохон бизнес эрхлэгчид зорьж ирж уулзсан. Дунд сургууль маань их амжилттай болсон учраас техникийн сургууль байгуулах гэж байгааг маань дуулаад хүмүүс их сонирхож миний хийх гэж байгаа зүйлд хөрөнгө оруулалт хийж дэмжиж болно гэдгээ илэрхийлж байсан. Гэтэл би Монголын бизнес эрхлэгчдэд 10 жилийн хугацаанд ямар ч ашиг өгөхгүйгээр нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээч ээ, ямар ч ашгийн хуваарилалт байхгүй, 10 жилийн дараагаас танд ашиг хуваарилж магадгүй шүү гээд л үнэнээ хэлсэн. Тэгсэн нөгөөдүүлийн нүд нь орой дээрээ гардаг байхгүй юу.  Тэд сургуулийг бизнес гэдэг утгаар нь хараад байдаг. Өрсөлдөөн байхад төлбөрөө нэмж болно шүү дээ гэсэн хүмүүс таараад байсан юм.

- Ингэж явсаар та ямар ч байсан хөрөнгө оруулагчид олж мөн зээл авч чаджээ.
- Тэгсэн. Таван хөрөнгө оруулагчтай.  Боловсролд хэр баргийн хүн хөрөнгө оруулалт хийдэггүй. Гэхдээ хийсэндээ харамсдаггүй. Би таван хүнд ямар ч ашиг өгөхгүй шүү гэж хэлээд тус бүрээс нь тэрбум төгрөг авсан. Гэтэл энэ хүмүүс тэрбум төгрөгөө банканд зүв зүгээр хадгалахад л жилд 130 сая, 10 жилийн дараа тэрбум төгрөгийн хүү авчихна. Тэгэхэд би 10 жил та нарт юу ч өгөхгүй шүү л гэж хэлсэн.

Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн кампусаар аялцгаая:

Шинэ Монгол технологийн дээд сургуулийн кампусаар аялцгаая.

Posted by Шинэ Монгол технологийн дээд сургууль on Monday, April 27, 2015

- Танай сургууль чинь нийтдээ хэчнээн тэрбум төгрөгөөр боссон гэсэн үг вэ?
- 10 орчим тэрбум төгрөг болсон.

Коллежоо Японы КООСЭН загвараар, дээд сургуулиа дэлхийн номер нэг MIT буюу Массачусетсийн Технологийн Их сургуулийг загвар болгосон. 

- Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн англи хэл дээрх товчилсон хувилбар нь New MIT гэж уншигддаг гэж их бэлгэшээдэг юм билээ. Үнэхээр дэлхийн хэмжээний New MIT болж чадах болов уу?

- Ахлах сургуулийн тухайд би том охиныхоо сурч байсан Японы Ямагатагийн Баруун ахлах сургуулийг жишиг болгон байгуулж байсан бол коллежоо Японы КООСЭН загвараар, дээд сургуулиа дэлхийн номер нэг MIT буюу Массачусетсийн Технологийн Их сургуулийг загвар болгосон.

Нэрний тухайд ямар ч хүн сонссон “Хөөх New MIT” гээд инээдэг. Ч.Ганзориг захирал бид хоёр их тодорхой зорилго тавьчихсан. Дэлхийн шилдэг 100 сургуулийн нэг болно гэсэн зорилготой. Гэхдээ үүнд нэлээд хугацаа орно. МУИС гэхэд дэлхийн үзүүлэлтээр 2,000 орчимд явдаг.

Эхлэлээ маш зөв тавихыг л зорьж байна. 

Шилдэг 100 сургуульд орох шалгаруулалт өөрөө маш тодорхой байдаг.

Нэг профессорт оногддог хүүхдийн тоо хэд вэ, нэг оюутанд оногддог хичээлийн танхимын талбай хэд вэ, хичээлээс гадуурх биеийн тамир, урлагийн зориулалттай талбайн оногдох хувь, нэг оюутанд оногдох сурах бичиг, компьютерийн тоо, төгсөгчдийн хэдэн хувь нь ажилд ордог вэ, багш, эрдэмтэд нь жилд хэчнээн эрдэм шинжилгээний бүтээл олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд нийтэлж байна вэ гээд шилдгүүдийг хэрхэн яаж шалгаруулдгийг бид сайн мэднэ.

Тэгэхээр New MIT энэ бүгдээс өнөөдөр хийж болох боломжтой зорилтуудыг хэрэгжүүлээд эхэлсэн. Эхлэлээ маш зөв тавихыг л зорьж байна. Багш, оюутны тоо, англи хэл дээр ордог хичээлийн тоогоо нэмэгдүүлэх зэрэг боломжтой зүйлүүдээ хийгээд эхэлж байна.

Бид дэлхийн хэмжээнд эхний шилдэг зууд багтдаг дээд сургуулийг Монголоосоо гаргая гэж зорилго тавьсан. Ингэхийн тулд за дор хаяж  20 жил орох байлгүй дээ…