1
2
3

Х.Ананд: МОНОС-ийн хамгийн зөв сонголт НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ

Ч.Болортуяа
2018 оны 4 сарын 5
iKon.MN
Х.Ананд: МОНОС-ийн хамгийн зөв сонголт НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ
Зураг

"Өглөөний Хүн" булангийн шинэхэн зочны ярилцлагыг хүргэж байна.

Энэ удаад 2018 оныг тэр чигт нь Экспортын жил болгон зарласан МОНОС группийн Гүйцэтгэх захирал Хүрэлбаатарын Анандыг урьж ярилцлаа.

Монголчууд бид эдийн засгаа хэрхэн солонгоруулах вэ гэх асуултын хариуд инноваци шингэсэн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх/экспортод гаргах нь хамгийн зөв зам гэж олон ч эдийн засагч, бизнесмэнүүд хэлж ярьдаг. Тэгвэл яг энэ чиглэлд жим гаргаж буй МОНОС группийн ажлуудаас танилцуулах болсондоо баяртай байна. Хамгийн сүүлд МОНОС-ийн БИОМОН шампунь Хятадад хоёрхон өдрийн дотор борлогдож дууссан сайн мэдээг сонсоод Х.Анандыг ярилцлагад урьсан нь энэ юм.

Гэр бүлийнхээ үүсгэн байгуулсан олон жилийн хөдөлмөр зүтгэл шингэсэн эм үйлдвэрлэл, хамгийн нарийн шинэ инноваци мэдлэг шингэсэн бизнесийг экспортод гаргахаар Х.Ананд шургуу хөдөлмөрлөж байгааг та энэ яриаг уншаад ойлгох биз ээ.

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн”үргэлжилсээр…

Ярилцлагын зочин: Х.АНАНД @anand_kh2002
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА   @Bolort
Гэрэл зургийг: Б.БЯМБА-ОЧИР  MPA.mn

НЭГ. ОРОСЫН ЗАХ ЗЭЭЛ РҮҮ ОРОХ ГЭЖ НАЙМАН ЖИЛИЙГ ЗАРЦУУЛАВ

 

- Танай компанитай холбоотой хамгийн сүүлийн сонихрол татам мэдээллээс ярилцлагаа эхэлье. Биомон шампунийг Хятадын онлайн дэлгүүрт тавиад нөөц нь нэг өдрийн дотор дууссан тухай өөрийн тань твиттерээс уншлаа. Экспортын үйл ажиллагаанаас тань ярьж эхэлье.

- Бид 2015 оноос экспортод чиглэсэн үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн.

Эхний ээлжинд хоёр хөрш. Түүнээс цаашлаад Солонгос, Япон зэрэг газар зүйн байршлын хувьд ойролцоо хэдэн орон руу экспорт хийхээр төлөвлөсөн.

Ингэж ажилласаны хүчинд Нефромон гэж бөөр хамгаалах эмээ ОХУ-д нийлүүлээд хоёр жил боллоо.

Араас нь Салимон, Дентамон гээд хоёр эмийг ОХУ-д бүртгүүлэхээр ажиллаж байна.

Нефромон гэхэд зөвхөн Санкт-Петербург хотод борлогдож байгаа бол Салимон, Дентамон хоёр нь ОХУ даяар борлогдох болов уу гэж төлөвлөж байна.

- Нефромон нь зөвхөн Санк-Петербургт зарагддаг нь ямар учиртай вэ?

- Энэ эмийг бид ОХУ-ын эмийн бүртгэлд бүртгүүлэх гэж найман жилийг зарцуулсан. Үйлдвэрлэл, сав, баглаа, боодол, маркетинг зэрэг бүх зүйлийг нь эхнээс нь хийгээд л явагдаж буй үйл явц гэсэн үг.

ОХУ-ын Мед Фармтай хамтран ажиллаж тэд логистикийн талаас нь бид эндээс үйлдвэрлэл, технологийн талаас нь ажиллаж байна. Ингэснээр Нефромон маань жилдээ 200 мянган шил тунг ОХУ руу нийлүүлж байна. Гэхдээ 200 мянган шил тун нь одоогоор зөвхөн маркетингд  л явчихаж байх жишээтэй. Эмийн санч, эмч нарт танилцуулах зорилготой явуулж байгаа гэсэн үг.

- 200 мянган шил тун Монголчуудын ямар хугацааны хэрэглээ вэ?

- Монголчуудын хагас жилийн хэрэглээ. Гэтэл энэ нь ОХУ -ын зөвхөн нэг хотын танилцуулга сурталчилгаанд л зарцуулагдаж байх жишээтэй.

- Илүү ихийг гарах гэхээр яагаад болохгүй байна вэ?

- Нефромоны гол түүхий эд болох нарийн навчит цахилдгийг Монголд ургуулж мөн байгалиас түүж цуглуулдаг. Ингэхэд 5-6 тонныг  жил бүр хурааж авдаг. Үүний талыг нь Монголчууд, тал нь Орост зөвхөн маркетингаар явчихаж байна гэсэн үг.

Тэгэхээр бид дор хаяж 30-50 тонн түүхий эд энд хурааж авч байж ОХУ-ын масс зах зээлд хүрч чадна. 

Түүхий эдийн хувьд асуудалгүй болчихвол Нефромон ОХУ-ын аль ч эмийн санд нь борлогдох боломжтой.

- Та хэд өөрсдөө тариалдаг уу?

- Өөрсдөө тариалаад 1-2 тонныг хурааж авдаг. Байгалиас 2-3 тонныг хураадаг.  Монгол орны хувьд жилийн дөрвөн улирлын нэгт нь  л ургамал тариалах боломжтой учраас хязгаарлагдмал байна гэсэн үг. Бусад халуун оронд дөрвөн улирал тариалчихдаг.

Бидний төлөвлөгөөгөөр Монголд ийм нөхцөлтэй байгаа учраас Өвөрмонгол руу захиалж тариалдаг юм билүү гэсэн бодолтой байна. Монголдоо хүлэмжийн аргаар тариалахаар зардал маш өндөр болж байна. Дээрээс нь Монголчуудын хувьд одоо л төмс ногоогоо тариалж, тун саяхнаас л нарийн ногоо тарьж сурч байна. Тэгэхээр эмийн ургамал гэхээр нарийн технологитой учраас хийж чаддаг хүмүүсээр нь захиалаад тариулах нь илүү сонголт юм шиг байгаа юм.

Түүхий эдээ нэмэгдүүлж чадвал бид ОХУ-ын масс зах зээл рүү гарахад бэлэн болоод байна

 

- 200 мянган шил тунг ямар хэмжээнд хүргэж байж та бүхэн ашигтай ажиллаж эхэлнэ гэсэн үг вэ?

- Бидний зорилго 10 дахин их болгох буюу хоёр сая тун болгох зорилт тавиад байна.

Гэхдээ энэ төслийн тухайд бүх зүйлийг нь эхнээс дарааллаар нь хийе гэж бодсон. Өнгөрсөн хугацаанд юуны түрүүнд эмээ бүртгүүлэх нь чухал байв. Бүртгэгдсэн тохиолдолд нөөц хомсдолд орохоо мэдэж байсан. Гэхдээ үүнд шийдэл байсан учраас өдий хүртэл явсан гэсэн үг.

Нефромон нь одоо Монголд спиртэн хандмалтай зарагддаг. ОХУ-д зарж байгаа нь Мед Фармтай хамтарсан сироп хэлбэрт оруулаад зарж байна.

Тэгэхээр бид түүхий эдээ л 30-40 тоннд хүргэж чадвал Орост гэхэд хоёр сая шил тун зарах боломжтой болоод байна. Энэ нь ОХУ-ын жилийн хэрэглээний дөнгөж 10 хувийг нь л хангах хэмжээ гэдгийг хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бидэнд маш том зах зээл байна.

Үүний араас Дентамон, Салимон хоёроо ОХУ-д бүртгүүлэх гээд явж байна. Энэ хоёрыг бүртгүүлэхээр ажиллаж эхлээд зургаа дахь жил дээрээ явж байгаа. Хоёр жилийн дараа гэхэд борлогдоод эхлэх болов уу гэж хүлээж байна.

- Эмийг гадны оронд бүртгүүлэх гэж 7 – 8 жил зарцуулдаг шалтгаан нь юу вэ?

- Монголд гэхэд MN стандартын шаардлагыг хангах гэж мөн л 5-10 жил шаарддаг.

Эмийн амьтан дээрх туршилт, хүн дээрх туршилт, клиникийн туршилт, Эрүүл Мэндийн Яам, Эмийн зөвлөлөөр орсоор явсаар ийм хугацаа шаарддаг. Ингээд туршилт хийгдсэн эмүүдээ бид гадны зах зээлд гаргах гэтэл Монгол Улсад уг нь урдаа барьдаг эмнэлгүүдэд туршилт хийгдсэн ч олон улсын магадлан итгэмжлэлийг аль эмнэлэг нь аваагүй учраас клиник туршилтаа ОХУ-д гэхэд дахиад л тэгээс эхэлдэг гэсэн үг. Ийм шалтгааны улмаас хугацаа их алдаж байна.

- ОХУ өөрөө эмийн том үйлдвэрлэгчдийн нэг. Моносын бүтээгдэхүүний өрсөлдөх давуу тал яг хаана байх вэ?

- ОХУ -д өнөөдрийн байдлаар яг бөөрний эмийн тухайд ургамлын гаралтай гэх юм бол Цистоноос өөр эм байхгүй байгаа. Бусад нь дандаа женерик бүтээгдэхүүн гэсэн үг. Моносын үйлдвэрлэж байгаа Нефромон гэхэд бусад эмээс үйлдэл нь 10 хувь илүү нь нотлогдсон. Бөөрний үрэвсэл намдаах, бөөрний үйл ажиллагааг дэмжих тал дээрээ гэсэн үг.

Дээрээс нь энэ эм өөрөө ургамлын гаралтай гэдгээрээ давуу талтай болж байгаа юм.

Мөн бидний бүтээгдэхүүн ОХУ-д бүртгэгдчихсэн байхад цаашаагаа Беларусь, Казахстан гэх мэт улс руу нэвтрэх давхар боломжтой болж байгаа юм.

- Нефромоныг Оросын зах зээлд гаргахын тулд та бүхэн ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бэ?

- Одоогоор 2.5 орчим тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Зөвхөн ОХУ-д гарахын тулд гэсэн үг.

- Энэ мөнгийг хэзээ нөхөх боломжтой вэ?

- Масс зах зээлд нь нэвтрэхэд жилийн дотор л нөхөх юм.

Зураг

ХОЁР. ХЯТАД, ЯПОН, СИНГАПУР ...

 

- Хятадын зах зээлийн тухай ярья. Урагшаа ямар төлөвлөгөө байна вэ?

- ОХУ-ын хувьд бид өөрсдийн эмийн брэнд бүтээгдэхүүнээ гаргах төлөвлөгөөтэй ийнхүү ажиллаж байна. Харин урд хөрш болон Зүүн Өмнөд Ази, Солонгос, Япон руу хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, хүнс, косметик гэдэг гурван чиглэлээр нэвтрэхээр оролдож байна.  

Хятад руу гэхэд косметикийн судалгаа, туршилтын ажил одоогоор хийгдэж байна. Юу гэхээр Биомон брэндийн тосыг Хятад хүн аваад түрхвэл тэр нь тослогтох сөрөг талтай.  Хятад халуун, чийглэг уур амьсгалтай болохоор голцуу усан суурьтай тослог багатай бүтээгдэхүүн хэрэглээд байдаг. Тэгэхээр бид хятад хүнд таарсан бүтээгдэхүүнийг хятадын лабораторит нь дахин өөрчлөлт хийх замаар хятад хүний арьсанд таарсан бүтээгдэхүүн болгох захиалгыг өгчихөж байгаа юм. Гэхдээ орц найрлага, технологийг бид эзэмшинэ гэдэг бодлогоор ажиллана.

Гоо сайхны бүтээгдэхүүн нь эмийг бодвол туршилтын хугацаа бага байдаг. Өнөөдрийн байдлаар Хятадаас бидэнд 30 төрлийн туршилтын бүтээгдэхүүн ирчихсэн байна. Энэ бүгдээс бид үнэ өртгөөс нь хамаараад хятадын аль түвшний зах зээлд гарах вэ гэдгээ шийднэ. Тансаг зэрэглэлийнх үү, масс зах зээл үү гэх мэт сонголтыг хийх ёстой.

Биомон шампуниа чингэлэг дүүрэн ачаад Хятад руу явуулахаар бэлдэж байна

 
www.mpa.mn

- Урьдчилсан байдлаар зах зээлийн сигментээ сонгосон уу?

- Хамгийн өндөр зэрэглэлийн тансаг зах зээл гэж байснаас дундаас арай дээш түвшний хэрэглэгчдэд зориулсан зах зээл рүү гарах нь тохиромжтой гэж эхний ээлжинд харж байна. Яагаад гэхээр бид масс бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэхээр түүхий эдийн нөөцийн хувьд учир дутагдалтай. Чацаргана, гүүний саам, барагшуун зэрэг органик гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл учраас тэрбум хүнийг хангаж яагаад ч дийлэхгүй юм. Масс зах зээлд нь өрсөлдөж ч чадахгүй цохигдоно.

Тиймээс ч бид арай онцгой зах зээл рүү нь орох гэж байна.

Энэ шинэ бүтээгдэхүүнээс гадна Монос өөрсдийн хийгээд гаргачихсан Биомон шампунийг Хятадын онлайн сайтуудаар туршилтаар борлуулж үзлээ. Тэгсэн эхний ээлжинд явуулсан 650 ширхэг шампунь маань хоёр өдрийн дотор л борлогдоод дуусчихлаа.

- Энэ тоо Монголтой харьцуулахад ямар вэ?

- Биомон шампуний борлуулалт Монголд ч сайн. Эхний жилдээ л 1.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Монголын шампуний зах зээлийн 10 хувийг хангаж байгаа.

2018 онд энэ тоо хоёр дахин өсөх төлөвтэй байна. Монгол дахь энэ борлуулалтын хажуугаар экспортод гаргах гээд бид ийнхүү ажиллаж эхэллээ.

Хятадад борлуулж эхэлбэл нөөцийн асуудал мөн л яригдана. Тэгэхээр бид одоо Биомон шампуниа чингэлэг дүүрэн ачаад Хятад руу явуулахаар бэлдэж байна.

- Хятадад төдийгүй дэлхий дахинд онлайн дэлгүүрүүд хүчээ аваад хамгийн их ашиг орлого өндөртэй бизнес болоод байна. Emonos.mn -ийн бизнесийн үзүүлэлтээс та танилцуулахгүй юу?

- Emonos сайтаар жилд дунджаар 20 мянга орчим захиалгыг хэрэглэгчдэд хүргэж өгч байна.

Гэхдээ энэ нь манай группийн хэмжээний борлуулалтын нэг хувьд ч хүрэхгүй л үзүүлэлт. Мэдээж бид цаашид улам илүү сайжруулахаар ажиллана.

- Taobаo сайтаар шампуниа борлуулахын тулд та бүхэн ямар нэгэн сурталчилгаа Хятадад хийв үү?

- Ямар ч сурталчилгаа хийсэнгүй. Зүгээр л сайтад нь байршуулсан. Энэ бүх ажлуудыг маань манай Бээжин дэх төлөөлөгчийн газар хариуцан ажиллаж байна.

Мөн үргэлжлүүлэн бид Berry it аруулыг Өвөрмонгол руу борлуулахаар бэлдэж байна. Ааруул учраас үүнийг Монголд болон Өвөрмонголчууд л ойлгох бүтээгдэхүүн болчихоод байгаа юм. Монгол цагаан идээн бүтээгдэхүүнийг борлуулах Монгол шиг дахиад нэг зах зээл Өвөрмонголд байна. Үргэлжлүүлээд ургамлын гаралтай ундааны бүтээгдэхүүнээ араас нь Өвөрмонгол руу гаргана.

- Япон, Солонгосын хувьд ямар бодлого барьж байгаа вэ?

- Япон, Солонгост эрэгтэйчүүдэд зориулсан шампунь гаргахаар ажиллаж байна. Учир нь эдгээр оронд эрчүүдийн үс халцралт гэдэг асуудал болоод байгаа юм билээ. Тиймээс ч бид энэ зах зээл рүү чиглэсэн бүтээгдэхүүн борлуулах гэж байна. Хажуугаар нь ургамлын гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээ гаргана. Харин Сингапурт бид мөн Хятадтай адилхан зарчмаар гоо сайхны бүтээгдэхүүнээ re modify хийж борлуулахаар судалж байна. Өөрөөр хэлбэл, Сингапур нэрийн брэндийн дор ч түүхий эд болон технологи, орлого нь Монголд орж ирэхээр зохион байгуулж Сингапур дахь компани маань байгуулагдчихлаа.

Ер нь экспорт гэхээр заавал Монголд үйлдвэрлэнэ гэсэн үг биш.

Монос өөрөө технологи, инновацийн компани учраас энэ мэдлэгээ экспорт хийх зарчим барьж байна. Тиймээс ч хийж чаддаг хүмүүстэй нь хамтраад чаддаг, чаддаг юмаа хийе л гэсэн зарчим барьж байна. Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй Apple -ийн бүтээгдэхүүн ч гэсэн ямар зарчмаар бүтдэгийг бид бүгд мэднэ шүү дээ.

Монголдоо бүгдийг нь үйлдвэрлэнэ гэхээр бид логистикийн хувьд зардал өндөр болох, дизайн, сав баглаа боодол нь өрсөлдөхүйц болж чаддаггүй. Мөн улс болгоны өөр өөр стандарт шаардлагыг хангахын тулд Монголд өөр өөр үйлдвэр барих уу гэх мэт томоохон асуудал үүсэх жишээтэй.

 

- Хөгжингүй орнуудын жишээ туршлагыг харахад, үйлдвэрлэгчдээс гадна олон улсын худалдааны бодлого дээрээ давхар анхаарч явсан байдаг. Өөрөөр хэлбэл, олон улсын худалдаа хариуцсан тусгай нэгж, зуучлагч бизнесийг хөгжүүлэх чиглэлд. Гэтэл Монголд энэ чиглэлийг хаягдуулчихсан учраас үйлдвэрлэгчид та бүхэн бүх зүйлээ өөрсдөө хийхээр маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулж байгаа нь харагдаж байна.

-Тийм ээ. Монос өөрөө 200-300 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ч экспортод гаргахаар төлөвлөж байгаа нь гарын таван хуруунд багтахаар. Тиймээс ганц Монос биш бусад үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг олон улсад гаргах ажлыг төлөвлөж байна.

Олон бизнес эрхлэгч бүтээгдэхүүнээ экспортод гаргах гэж эрмэлздэг ч юунаас эхлэхээ мэддэггүй. Энэ зүйлийг бид үйлчилгээний шимтгэлээ аваад л хийгээд өгье гэдэг ийм бизнесийн сүлжээ бий болгох гэж байна.

2018 оныг бид экспортын жил гээд зарлачихсан байгаа. Энэ хүрээнд нэлээд чадварлаг баг, бүтцүүдийг бий болгож амжлаа.

Ингэхдээ экспорт хийхээр төлөвлөж байгаа улсуудаас нь мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байна.

Нэг сонин жишээ хэлэхэд, би өөрөө Японы бизнесийн сүлжээг ойлгох гэж сүүлийн дөрвөн жил судалгаа хийгээд бүтэхгүй байв. Япон руу явж, тэндхийн ном, соёлтой танилцлаа. Нэг л бүтэхгүй байгаад байв.

Гэтэл нэг сайн япон хүн ажиллуулахад л миний дөрвөн жил хийж чадаагүйг хагас жилийн дотор хийчихэж байх жишээтэй. Тэр хүн маань Токиод 200 сүлжээ дэлгүүртэй компанитай хагас жилийн дотор гэхэд л гэрээ хийгээд ирэх жишээтэй.

Зураг

ГУРАВ. АЛДАХ ЭРХГҮЙ БИЗНЕС

 

 

- Та ОХУ-д гаргаж буй Нефромоны түүхий эдийг Өвөрмонголд захиалж тариалуулах тухай хэлж байсан. Гэтэл энэ эмийн түүхий эдийн гарал үүсэл нь Монголд ургасан ургамал гэдэг гол ялгаанд бий гэж ойлгосон. Эмийн гарал үүслийн ялгаа, чухлыг тодруулахгүй юу?

- Дэлхий даяар буюу Ази, Европ, Америкийн томоохон брэнд эм үйлдвэрлэгчдийн хувьд түүхий эдээ авдаг ерөөсөө хоёрхон л газар байдаг нь Энэтхэг, Хятад хоёр.

LV-ийн цүнхний арьс хаанахын үхрийн арьс байх нь хэрэглэгчид нэг их сонин биш. Брэнд, стандарт л чухал. Эмийн бизнес яг үүнтэй адил. Дэлхийн эм үйлдвэрлэгч бараг бүх л компани синтетик түүхий эдээ дээрх хоёр орноос л авч байна.

Гэхдээ Хятад, Энэтхэгийн аль газраас нь, ямар стандарт хангасан үйлдвэрээс нь авч байна вэ гэдэг нь л ялгаатай.

Моносын хувьд ч ялгаагүй Энэтхэг, Хятадаас түүхий эдээ авдаг. Харин ургамлын гаралтай эмийн түүхий эдээ одоогоор дотоодоосоо хангаж байна. Бид 28 дахь жилдээ эм үйлдвэрлэж өнөөдөр гэхэд хамгийн сайн бодисыг ашиглаж байна.  Зөвхөн эрдэм шинжилгээний ажилдаа л бид тэрбум гаруй төгрөийг зарцуулж байгааг хэлэх нь зөв байх.

 
 
Монос Фарм ХХК нь 2016 онд Олон улсын чанарын удирдлагын ISO 9000:2001, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын GMP (Good Manufacturing Practice) –ийн жишиг стандартыг хангасан шинэ эмийн үйлдвэрийн цогцолборыг ашиглалтанд оруулсан байна.
 

- Монос өнөөдөр Монголын эмийн бөөний зах зээлийн 40 хувь, жижиглэн эмийн сангийн 10 хувийг эзэлж байгаа талаар та ярьж байсан.  Энэ тоогоо нэмэгдүүлэх үү?

- Бөөний зах зээлийн 40 хувийг хангадаг энэ хувиа үүн дээрээ л барих бодлого бий. Учир нь 40 хувиас дээш гарвал бид монополь болох учир. 

Өнөөдрийн байдлаар бид орон даяар 24 бөөний төвтэй. Жижиглэн эмийн сангийн хувьд 90 салбар байгаа нь Монгол Улсын хувьд эмийн сангийн хувьд 10 хүрэхгүй хувь юм. 

Энэ тоог нэмэгдүүлэх тал дээр мэдээж ажилладаг. Гэхдээ бид их томорно гэхээсээ илүү одоогийн үзүүлж байгаа үйлчилгээгээ илүү чанаржуулах, сайжруулах тал дээр анхаарч байна.

- Эмийн сангийн тоогоо нэмэхийн тулд франчайз хийх байдлаар ажиллах бодол байдаг уу?

- Эмийн бизнесийн хувьд стандарт гэдэг маш чухал. Франчайзаар туршилтын нэг, хоёр салбар ажиллуулж байгаа.

Зарим хүн хэлдэг дээ. Хүн бизнес хийхийн тулд алдаж, онож, унаж, босдог байх хэрэгтэй гэж. Гэтэл эмийн бизнесийн хувьд алдах эрхгүй. Тиймээс ч элдэв шинэ ажлыг хийхдээ тун хариуцлагатай, болгоомжтой хийх ёстой өвөрмөц салбар юм.

- Монос IPO хийх тал дээр төлөвлөгөө тодорхой болсон уу. Танайхыг IPO хийх тухай зарлахад тодорхой хэмжээний хүлээлт бий болж байсан. Гэтэл IPO хийхээ яагаад хойшлуулаад байгаа талаараа ярихгүй юу?

- ЖАЙКА-ийн зүгээс бидэнд зөвлөгөө өгч байсан нь Монголд IPO хийх хамгийн тохиромжтой компаниудын нэг нь Монос байна гэж байв.

Миний хувьд ч ийм бодол байсан учраас тодорхой хэмжээний судалгааны ажлуудыг хийсэн. Одоо ч үргэлжилж байна.

Бидний IPO хийхээ мэдэгдэж байх үе буюу 2-3 жилийн өмнө эдийн засгийн хувьд харьцангуй хямралтай байсан. Монголбанкны бодлогын хүү ч өндөр байв. ЖАЙКА-ийн зөвлөгөөгөөр биднийг IPO хийх гэж яарах зүйлгүй, эдийн засгийн таатай үеийг харзнах нь дээр гэж байсан. Өмнө нь бид группээрээ хөрөнгийн зах дээр гарахаар төлөвлөж байсан ч өнөөдөр энэ нь тохиромжгүй юм гэдгийг ойлгож хараад байна.

2018 оны сүүл эсвэл 2019 оны хавар МОНОС IPO хийнэ

 

- IPO хийнэ гэвэл аль бизнесийн төрлөө гаргах нь зөв сонголт вэ?

- Монос Хүнс миний хувьд эхний сонголт. 2011 онд байгуулагдсан. Цэнэг бэлдмэл,  ус, эрүүл мэндийн цай, Berry Vit зэргийг үйлдвэрлэж байна. Мөн үүний дараагаар эмийн сан, косметикийн бизнесүүдээ ирэх жилүүдэд нь гаргах сонирхол байгаа.

Гэхдээ алийг нь түрүүлж гаргах вэ гэдэг дээрээ бүрэн шийдэлд хүрээгүй байна. Жишээ нь, эмийн сангаа олон нийтийн компани болгочихвол олон давуу талтай. Монос эмийн сангаар жилд дунджаар 5 сая иргэн давхардсан тоогоор үйлчлүүлдэг.

Хэрэв Монос эмийн сан нээлттэй компани болчихвол үйлчлүүлэгчид маань ч гэсэн энэ үйлчилгээндээ итгэлтэй болно, үйлчилгээг сайжруулахад хамтран оролцоно, тоог нь нэмэгдүүлэх боломжтой болно гэсэн үг.

Косметикийн хувьд гэхэд шинэ хөрөнгө оруулалтыг экспортын чиглэлд хандуулна ч гэдэг юм уу төлөвлөгөөнүүд бий.

- Яг хэзээ эхний IPO хийгдэнэ гэсэн үг вэ?

- 2018 оны сүүлээр эсвэл 2019 оны хавар гэж төлөвлөж байна. Гэхдээ бид энийг өөрсдөө дур мэдэж шийдэхээс илүү Санхүүгийн Зохицуулах Хороо гэх мэт байгууллагаас үйл ажиллагаа маань их хамааралтай шүү дээ.

- IPO хийх талаар та бодож байсан гэсэн. Энэ гэр бүлийн шийдвэр байв уу?

- Аав бид хоёр энэ талаар зөвлөлдөж байсан л даа. Монос өнөөдөр нэг гэр бүлийн компани ч бизнесийн цар хүрээний хувьд аль хэдийнээ олон нийтийнх болчихсон. Цар хүрээ, үйл ажиллагаа, импортын зах зээлийн хувьд ч нийт зах зээлдээ жин дарахаар компани болчихсон байна шүү дээ.

- Монголын томоохон бизнес эрхлэгчдийн хувьд бизнес нь хоёр дахь үе буюу өв залгамжлагчдын нуруун дээр ирж байна гэж харж байгаа. Харин өв залгамжлагчдын хоёр, гурав дахь үе дээрээ бизнесүүд доройтох хандлага их байдаг шүү дээ. Харин нээлттэй болж байсан бизнесүүд цэцэглэдэг жишээ олон. Моносын хувьд сүүлийн чигийг нь барьж байна гэсэн үг үү?

- Яг зөв. Энэ компанийг амжилттай ажиллуулахын тулд ирээдүйд IPO хийхээс өөр арга байхгүй. Компанийн ТУЗ өөрөө эрүүл, олон талын төлөөлөлтэй,  хүчтэй байх ёстой. Олон улсын санхүүгийн байгууллагаас томоохон хөрөнгө оруулалт татахад ч яах аргагүй ийм нөхцөл шаардлага тавьдаг. 

Гэр бүлийн компаниудын хувьд гурав, дөрөв дэх үе дээрээ ч амжилттай яваа нь байдаг л даа. Гэхдээ эрсдлээ бодохоор хамгийн зөв сонголт нь нээлттэй компани болох.

- Таныг америкт бизнесийн чиглэлээр сургууль төгсөж ирээд үргэлжлүүлээд Монголд эм зүйч мэргэжлээр сурч байгаа гэж байсан. Сургуулиа төгсчихсөн үү?

- Тийм ээ. Сургуулийн тухайд 2005-2009 онд америкт сургуульд сурч ирээд Монголдоо эм зүйч мэргэжлээр таван жил сурч төгссөн.

- Америкт сургуулиа төгсөж ирээд л Моност ажиллаж эхэлсэн. Зөв үү?

- Дунд нь бас жаал жаалхан юм хийсэн. Англи хэлний багш, ачигч гээд янз бүрийн ажил хийж үзсэн шүү. Хятадад хятад хэл сурах гэж, хятад соёл, хүнийг таних гэж хоёр жил тэнд бас амьдарч үзлээ.

 

- Монос группийнхээ сургууль болох Эм зүйн ухааны их сургуулийг төгссөн гэсэн. Энэ сургуулиа та олон улсын стандарт бүхий кампус сургууль болгоно гэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

- Миний хувьд Монголын эрдэм шинжилгээ, эм зүйн чиглэлийн эрдэмтэн, судлаачдын чанар чансааг сайн түвшинд гэж үздэг.

Цаашид боловсон хүчин бэлтгэх тал дээрээ илүү их анхаарч сургуулийн бааз суурийг нэмэгдүүлж олон улсын стандарт бүхий кампус болгоно. Өнөөдөр их сургууль маань мянга гаруй оюутантай. Их сургуулийн байр, дотуур байр, спорт цогцолбор, мэргэжлийн судлагдахуун лабораториудтай үйл ажиллагаагаа явуулж байна. Манай эмийн үйлдвэрийг түшиглэн нисэх орчимд ийм тусгай кампус бий болж байна.

- Эм зүйч байна гэдэг, эмийн бизнес эрхэлнэ гэдэг маш их хөрөнгө оруулалт шаарддаг хэрнээ удаан хугацааны дараа үр дүнгээ өгдөг их тэвчээр шаардсан ажил санагдлаа. Нэг эм гаргах гэж 5-10 ажиллана гэдэг бас л урт хугацаа юм.

- Багаасаа энэ салбарыг харж, ойлгож өссөн болохоор би бараг дасчихаж гэх юм уу даа.

Ер нь эрдэм шинжилгээний ажил тэр дундаа хүний эрүүл мэндтэй холбоотой ажил тийм хугацаа шаардана шүү дээ.

Дээр нь ашгаараа ч хамгийн бага хувьтай салбар. Яагаад гэхээр эм гэдэг хүний өдөр тутмын хэрэглээ биш. Зөвхөн өвдсөн үедээ л хэрэглэдэг. Хоёрдугаарт, гурван сая хүн амтай улсад эмийн зах зээл тэр хэрээрээ маш бага. Дийлэнх нь эм хэрэглэхгүй. Эм хэрэглэдэг насны хувьд 40-ээс дээш насныхан эсвэл бүр бага насныхан байдаг. Маш жижиг зах зээл. Ийм жижиг зах зээл дээр эм импортолж байгаа 200 гаруй компани бий. Тэгэхээр энэ өрсөлдөөн дунд л бид үйл ажиллагаа явуулж байна.

- Монголчуудын эмийн хэрэглээ ер нь олон улсад ямар түвшинд байдаг вэ. Эмийн замбараагүй хэрэглээтэй гэдэг шүү дээ.

- Нэг жишээ хэлье. Америк хүн жилд дунджаар 1,000 орчим долларыг жороор олгодог эмэнд зарцуулдаг. Тэгтэл Монгол хүний хувьд жортой, жоргүй нийлээд жилийн эмийн хэрэглээндээ 25 доллар зарцуулж байна гэсэн судалгаа бий. Тэгсэн мөртлөө Монголчуудын хэрэглэж байгаа эмийн тоо ширхэг нь олон байгаад байна.

Дэлхийн дундаж ерөнхийдөө 170 орчим доллар. Америкчуудын хувьд өндөр үнэтэй эм хэрэглэдэг учраас ийм өндөр дүн гарч байна гэсэн үг. Үүний дараа Япончууд 800 орчим долларыг зарцуулдгаараа хоёрдугаарт бичигддэг.

Тэгэхээр Монголд эмийн үнэ харьцангуй боломжийн гэж ойлгож болно. Дэлхийн сайн, үнэтэй брэндүүд гэхэд манай зах зээлийг барагтаа сонирхдоггүй. Бид сайн чанартай эм импортлохын тулд томоохон компаниудад бараг энэ чинь танай нийгмийн хариуцлага шүү дээ гэж гуйж байж л оруулж ирдэг гэж хэлж болно. Зүйрлэвэл манай компани дээр алс хязгаарын нэг баг, сумын төлөөлөгч ирчихээд л бизнес хийе гээд байгаатай адилхан шүү дээ.

- 2018 оныг та бүхэн экспортын жил болгон зарласан гэж байсан. Тэгвэл дотооддоо төлөвлөж буй томоохон ажлуудаасаа дурдахгүй юу?

- Юуны түрүүнд группийн шинэ бүтцийг танилцуулах нь ойлгомжтой байх.

Монос группийн бүтэц,

 

 

Энэ жил экспортоос гадна дотооддоо Тэрэлжид нэгэн томоохон төсөл хийж байгаа нь цэвэр нөхөн сэргээх сувилал байгуулах. Гэр бүлийн амрагчдад зориулсан мөн сувилал-амралт хосолсон амралтын газар байгуулахаар төсөл маань бэлэн болоод одоо хөрөнгө оруулалтын яриа хэлэлцээндээ ороод байна.

Дээрх гурван баганын эхнийх нь манай үндсэн бизнес. Миний хувьд энэ хүрээнд нийт захиралуудтайгаа тойрч уулзаж хуралдсаар таарч байна. Гэхдээ яах аргагүй л эмийн бизнестээ л гол анхаарлаа хандуулж таарах юм.

 

 

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн”үргэлжилсээр…

Ярилцлагын зочин: Х.АНАНД @anand_kh2002
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА   @Bolort
Гэрэл зургийг: Б.БЯМБА-ОЧИР  MPA.mn