Монголчууд бид “амны бэлгээс ашдын бэлгэ” хэмээх тул сайн сайхан бүхнийг хүсэмжлэн үгийн уран цэцнээр ерөөн хэлэлцсээр ирсэн гайхамшигтай уламжлалтай ард түмэн билээ. Тиймээс бидний амьдрал ахуйтай аман зохиолын нэгэн төрөл болох “ерөөл” нь салшгүй холбоотой юм.
Ерөөл хэлэхдээ эхлээд аливаа зүйлийг ерөөх гэж байгаа учир шалтгаанаа хэлээд дараа нь ерөөж байгаа зүйлээ бодит байдлаар нь магтана. Төгсгөлд нь ирээдүйд сайн сайхныг хүсэн ерөөдөг.
Ерөөлийг аялгуулан хэлэхийг ерөөл хэлэх, ерөөл барих, ерөөл тавих гэж хэлдэг. Ерөөлийг хурим найр хийх, сар шинэд шинэлэх, шинэ гэр барих, шинэ байранд орох, хүүхдийн даахь авах зэрэг баяр ёслолын үед болон бэр гуйх, эсгий хийх, гэр барих, унага тамгалах гэх мэт зан үйлд хэлдэг.
Ерөөлч “Зээ” хэмээн ерөөл хэлж эхлэх гэж буйгаа мэдэгддэг ба ерөөл хэлж дуусмагц найрын зочид ерөөлчийн үгийг бэлгэшээн “Тэр ерөөл бат сайхан орших болтугай”, “Мөр зохь”, “Ерөөлөөр болтугай” гэх мэтээр таашааснаа илэрхийлэн түрлэг хэлдэг заншилтай. Энэ нь хариу ерөөл хэлж буйтай адил юм.
Зээ,
Цагаа айраг цалгиж ирсэн
Цагаан сарын шинийн нэгэн
Цагийн уриныг аваад ирсэн
Цадиг түүхийн нэгэн үе
Хатуу өвлийг халаад ирсэн
Хаврын эхэн сарын шинийн нэгэн
Хамаг бодис төлжин дэлгэрэх
Хамгийн сайхан цагийн эхэн
Монголын цагаан сар гэж
Түүхийн хуудсанд бичигдсэн
Монгол овогтон бидний
Түмэн үедээ уламжилсан
Энэ сайхан өдрийн
Нар нь ургаад мандахад
Байгаль дэлхийн гоёмсог
Наранд цонх нь гялалзсан
Байр сууцууд гоёмсог
Хүрдэт тоонотой өргөөнүүдийн
Эдлэл хогшил гоёмсог
Хүн зон олны минь
Эдэлсэн өмссөн нь гоёмсог
Хүүхэд багачууд бүгдээрээ
Эрээн мяраан гоёмсог
Хүлэг сайхан морьдын
Эмээл хазаар гоёмсог
Хүрэн улаан тэмээдийн
Тохом ногт нь гоёмсог
Хүж дэлхийн орнуудаас
Монгол орон минь гоёмсог
Буянтай буурал аавдаа
Бурхантай хадгийг дэлгэн золгоно
Бурхантай хадгийн өнгөн дээр
Буман үйлсийн ариун сэтгэл дэлгэрнэ
Ачтай буурал ээждээ
Аюуш хадгийн өнгөн дээр
Хамгийн сайхан бэлгэтэй
Ерөөл учрал дэлгэгдэнэ
Найз анд нөхөдтэйгөө
Намгар хадаг барин золгоно
Найман тахил дэлгэгдэнэ
Хамаг монгол даяар
Хадаг бүхэн дэлгэгдэж
Хадаг бүхний өнгөн дээр
Амар мэндийн ерөөлтэй
Ариун үйлс дэлгэгдэнэ
Алтан төлийн эзэд
Аймаг сумандаа тодорч
Аваргын цагаан гэрүүд
Малчны суурьт бөмбийлцөнө
Агт сайхан морьд
Уяа шондоо бөмбөлзөж
Атан олон тэмээ
Зэл дүүрэн дүүхэлзэж
Айл айлын гадуур
Төлөг борлон тоглож
Арай жаахан цаана нь
Тором бяруу тонгочиж
Арын уудам бэлчээрт
Эрдэнэт сүрэг ярайж
Танан цагаан гэрүүдэд
Таван тансаг бүрдэж
Талын малчин монголчуудын
Есөн хүсэл бүрдэж
Зочин гийчин морилон ирцгээж
Гэр гэрээр дүүрэн байна
Зочилж дайлан хүндэлцгээж
Хөөр баяр дүүрэн байна
Хуран цугларан золгоцгоож
Баяр цэнгэл дүүрэн байна
Хувьтай сайхан монголчуудад
Аз жаргал дүүрэн байна
Хул хундага болгонд
Айраг архи мэлтэлзэж
Хуучин цагаас уламжилсан
Амтат шүүс нь өрөгдөж
Цагаан сүү мэлтэлзэн
Цагаалга тэргүүнд тойрно
Цай идээ дараа нь
Дэг жаягаа дагана
Хаш цагаан хөөргүүд
Гэр дамжин зөрнө
Хамгийн бэлгэтэй үгс
Ам дамжин яригдана
Хамаатан саданууд шинэлээд
Айл дамжин явна
Хадаг хоргой дэлгэгдээд
Хүмүүсийг дамжин зөрнө
Айл хотын хооронд
Агт мориор уралдаж
Ариун сүргийн бэлчээрт
Амар мэндээ айлтгацгааж
Цаг эриний тоолол ёсоор
... жил морилон ирлээ
... морилон ирэхдээ
Өөдрөг сайхан бүхнийг
Өргөн дэгжин ирлээ
Морилон хүрч ирсэн
Энэ жилийн хур бороо
Алаг эрээнгүй жигдхэн байхын
Энэ жилийн үр тариа
Амтлаг болоод арвин байхын
Энэ жилийн төл мал
Үй түмээр өсөж үржихийн
Энэ жилдээ монгол улсын
Үйлс бүхэн дэлгэрч байхын
Өлзий бэлгийн ерөөлийг
Өргөн барьж дэвшүүлье.
“МОНСУДАР” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй ардын аман зохиолын “УТГА СОЁЛ” цувралын VIII дахь боть “ЕРӨӨЛ, МАГТААЛ” номоос бэлтгэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!