Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

СNN: Нүд алдам үзэсгэлэнтэй Монгол орноор

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 9 сарын 18
iKon.MN

CNN агенлагийн сэтгүүлч Монгол орноор аялахдаа авсан гайхалтай зургуудаа өөрийн сайтдаа нийтэлжээ. Тэрбээр Монголчуудын соёл, ахуйн тухай сайн ойлголттой болсон бөгөөд зургийн тайлбарт нэмэлт мэдээллүүд хүргэсэн байна.

Ингээд зургуудыг үзнэ үү


 

Говь- Монгол орноор бүрэн дүүрэн аялах маршрутад Говь орохгүй байна гэж үгүй. Зуны халуун цагт 40 хэмд хүрч, өвлийн хүйтэнд -40 хэмд хүрдэг. Цаг уур нь ийм хүнд хэцүү байж болох ч Говьд олон төрлийн амьтад бий. Жишээ нь: хоёр бөхтэй тэмээ, янгир, чоно, бүргэд.

 

Сэтгэл хөдөлгөм үзэсгэлэнт газрууд- Монголд үзэсгэлэнт байгальтай газар олон бий. Яг л Альпийн нуруу шиг харагдах уулс Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт бий. Монголын хамгийн том тусгай хамгаалалттай газар бөгөөд энд Мэлхий хаднаас авхуулаад олон хадтай уул бий.

 

Монголын онгон дагшин нуур Хөвсгөл- Хөвсгөл нуур нь ОХУ-ын хилтэй ойролцоо байдаг бөгөөд Сибирийн тайгаар хүрээлэгдсэн, Монгол Улсын нийт цэнгэг усны 70 хувь нь юм. Өвлийн цагт нуурын ус хөлдөж 1.5 метрийн зузаантай мөсөн давхаргатай болдог. Түүнчлэн загас элбэгтэй бөгөөд Хөвсгөлийн ай саваар чоно, аргаль, янгир, хандгай зэрэг ан амьтнаар баялаг билээ. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотоос зорих жуулчдын тоо их нэмэгдсэн.

 

Жижиг ч гэсэн гайхалтай Цагаан нуур- Хэдэн сая жилийн өмнө галт уулын лавын урсгалаас бий болсон Тэрхийн цагаан нуур нь Монголын төв хэсэгт орших Архангай аймгийн нутагт бий. Хэдийгээр Хөвсгөл нуураас жижиг хэдий ч үнэхээр гайхалтай. Модтой уулаар хүрээлэгдсэн нуур бүхий үзэсгэлэнт энэ газар нар мандах, жаргахыг харахад сайхан. Энд ирсэн жуулчил загасчилж, морь унахын зэрэгцээ Хоргын тогоог үзэх боломжтой.

 

Шатаж буй хаднууд /Хэрмэнцав/ - Өмнөговь бол эртний үлэг гүрвэлийн хамгийн чухал олдворууд олдсон гэдгээрээ алдартай. Үлэг гүрвэлийн ясыг зэрлэг онгон байгалиас олж харах, нар мандах жаргах мөчид хадны өнгө гайхалтай үзэмжтэй болохыг үзэх нь Хэрмэн цавыг танд хэзээ ч мартагдахааргүй дурсамж болгоно.

 

Буддын шашны олон лам- Одоогоос 70 жилийн өмнө Монголд маш олон тооны лам нар байсан бөгөөд коммунизмын үед маш олноороо устгагдсан. Гандан хийд бол коммунист дэглэм нуран унах хүртэл олон тооны лам нарын орогнож байсан газар юм.

 

Өндөр технологи бүхий гэр-Монголын газар нутаг зуун зууны турш багахан өөрчлөгдсөн хэдий ч нүүдэлчдийн амьдрал эрчимтэй өөрчлөгдөж байна. Тухайлбал морь унаж малаа хариулдаг байсан бол одоо зарим нь мотоцикл унадаг болжээ. Мөн уналга ачилганд үхэр тэрэг, тэмээ ашигладаг байсан бол одоо ачааны машинаар юмаа зөөдөг болсон байна. Мөн ихэнх гэрийн дээр нарны эрчим хүчээр цахилгаан гаргадаг хавтан бий.

 

Сонирхолтой ахуй амьдрал- Ихэнх аяллын компаниуд Монголд гэрт орж, монгол айлын ахуй амьдралтай танилцахыг санал болгодог. Жуулчид ихэвчлэн тэдний эртний, сонирхолтой хэв маяг бүхий амьдралын гүнд орохыг хүсдэг бөгөөд удаан хугацаанд байх боломжтой.

 

Хязгааргүй орон зай- Нэг км.т 1.7 хүн ногдох өргөн уудам газар нутаг энд бий. Монгол бол дэлхийд хамгийн сийрэг хүн амтай улс юм. Энд хэдэн миль аялсан ч ямар ч хүнтэй таарахгүй байх боломж бий.

 

Нар жаргах үеийн ид шид- Монгол орны газар нутагт тохиолдох өөр нэг гайхалтай зүйл бол нар жаргах туяа юм. Оройн 7-8 цагийн үед жинхэнэ гайхамшгийг харж болно. Энэ үед хөх тэнгэрт улаан очир эрдэнэ шиг туяа татдаг.

 

Бөхийн “арслангууд”- Бөхийн барилдаан бол Монголын Эрийн гурван наадмын нэг юм. Нөгөө хоёр нь хурдан морины уралдаан ба нум харвах. Монгол бөхийн барилдаанд жингийн хязгаар гэж байдаггүй. Барилдаанд давсныхаа дараа бөхчүүд бүргэд шиг дэвдэг бөгөөд наадамд түрүүлсэн бөх нь “арслан” цол авдаг.

 

Хаалга үргэлж нээлттэй- Монголын хөдөө талд байгаа гэр бүр амрах цэг, эсвэл зочид буудал болох боломжтой. Нүүдэлчдийн амьдрал бага зэрэг ганцаардмал байдаг учраас тэд ямар ч зочныг халуун дулаанаар угтаж авдаг. Хэдий урилгагүй зочин байсан ч тэр. Гэрт хэн  ч байхгүй байсан ч зочид ороод хооллож, ундлах боломжтой.

 

Байгальтай нягт холбогдсон амьдрал-Нүүдэлчин Монголчууд хүрээлэн буй орчин, мал ахуйтайгаа салшгүй холбоотой. Хэдэн зууны туршид бий болсон энэхүү холбоо нь Монголын эрс тэс уур амьсгалыг даван туулахад тус болдог.

 

Хөх тэнгэрийн орон- Монголд бараг жилийн 250 өдөр нарлаг байдаг. Зуны цагт гэр амралтын баазууд гадны жуулчдыг хүлээн авдаг бөгөөд энэ үеэр жуулчдын тоо нэмэгддэг. Жуулчдын улирал тавдугаар сард эхэлж долоодугаар сард Наадам болох үеэр оргил үедээ хүрдэг. Харин есдүгээр сараас хүйтэрч эхэлдэг хэдий ч аравдугаар сар хүртэл аялал хийхэд тохиромжтой хэвээр байдаг.

 

40 метр өндөр Чингис хаан-13 дугаар зууны үед дэлхийн талыг эзэлж байсан Чингис хаан өөрийн байлдан дагууллаараа дурсагддаг. Харин Монголчуудын хувьд Чингис хаан үндэсний баатар, соёлын гол бэлгэ тэмдэг нь юм. Тэд Улаанбаатар хотоос зүүн тийш 54 км-т 40 метрийн өндөртэй Чингис хааны хөшөөг босгожээ. Хөшөөг 250 тонн төмрөөр хийсэн бөгөөд хааны төрсөн нутаг зүүн зүгийг чиглэн байрлана.

 

Зайсангийн дурсгалыг үзэх нь- Дэлхийн хоёрдугаар дайны үед амь үрэгдсэн Зөвлөлтийн дайчдын дурсгалыг Оросууд барьжээ. Зайсан бол Улаанбаатар хотын бүхлээр нь харах хамгийн тохиромжтой газар юм. Ялангуяа цэлмэг өдөр нар жаргахыг харах хамгийн гоё.

 

Хаа сайгүй тааралдах Овоо- Овоо бол жижиг чулуугаар хийсэн тахил юм. Уул болон өндөрлөг газарт элбэг тааралдана. Хүмүүс овоог гурван удаа тойрч аз гуйдаг бөгөөд чихэр, архи, мөнгө, сүү зэргийг өргөдөг. 

 

Эх сурвалж: CNN