Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 16 дугаар байрныхан 23-нд гэртээ харих нь

Г.Номин, iKon.mn
2015 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд орших 16 дугаар байрны зүүн талд хийж буй хүчитгэлийн ажил дуусч байгаа талаар тус дүүргийн ЗДТГ, Онцгой байдлын хэлтсээс мэдээлэл хийлээ.

Хөрсний нуралт эрчимтэй явагдаж байсантай холбогдуулан дөрөвдүгээр сарын 22-ны өдөр нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр тус  байранд амьдардаг 49 өрхийн 244 иргэнийг нүүлгэн шилжүүлж, хүчитгэлийн ажлыг эхлүүлсэн юм.

 

БГД-ийн засаг дарга Д.Оросоо “Хүчитгэлийн ажил үндсэндээ дуусч байна. Энэ долоо хоногт нийслэлийн онцгой комисс хуралдаж иргэдийг буцаан байранд нь оруулах шийдвэрийг гаргах байх. Хүчитгэл хийгдсэнээр иргэдийн аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа. 

Одоогийн байдлаар нийслэлийн онцгой комиссоос иргэдийн байрлаж буй буудал, хоолны төлбөр, бусад зардалд нийтдээ 170 орчим сая төгрөг зарцуулаад байна. Энэ зардал болон хүчитгэлийн ажлын зардлыг нөхөн төлүүлэхээр  “Би Жи Би Жи” компанийг шүүхэд өгөөд байгаа. Мөн газрын, барилгын ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг Авлигатай Тэмцэх Газраас шалгаж байгаа бөгөөд бидний зүгээс холбогдох бичиг баримт материалуудыг АТГ-т хүргүүлсэн” гэлээ.

Хүчитгэлийн ажлын хажуугаар  “Би Жи Би Жи” компанийн нүх ухах явцдаа гэмтээсэн ус зайлуулах хоолойг мөн засварлажээ. Хүчитгэлийн ажил дуусмагц ухсан нүхийг бөглөх юм байна.

 

БГД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга А.Батмөнх “Би Жи Би Жи” компани нүх ухсанаас үүдэн барилга хазайлт өгөөгүй гэдгийг шинжээч тогтоосон. Гэхдээ хөрсний нуралт байнга явагдаж байсан учир иргэдийг нүүлгэн шилжүүлж хүчитгэлийн ажлыг гүйцэтгэлээ

Хүчитгэлийн ажил 24 цагаар тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд манай хэлтэс болон 16 дугаар байрны оршин суугчдын зүгээс байнга хяналт тавьж ажилласан. Хүчитгэлийн ажил одоогийн байдлаар 80 гаруй хувьтай явж байна. Гүйцэтгэгчийн зүгээс энэ сарын 23-нд ажлаа бүрэн дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаагаа бидэнд танилцуулсан” хэмээн ярилаа.

Оршин суугчдын хувьд хүчитгэлийн ажил гүйцэтгэгч компани 24 цагаар шуурхай ажиллаж байгаад талархалтай байгаагаа хэлж байсан бөгөөд хүчитгэлийн ажилд сэтгэл хангалуун байгаа ажээ.

 

16-р байрны оршин суугч Ч.Онгоодой “Бидний зүгээс анх энд барилгын ажил эхлэхэд нь л эсэргүүцэж байгаагаа илэрхийлж хашааг нь нурааж байсан. Тухайн үед “Би Жи Би Жи” компанийн зүгээс гурван сая төгрөгийн хашаа нураалаа, та нарыг шүүхэд өгнө гэж сүрдүүлж байсан. Эцэст нь ийм байдалд хүрлээ.

Хөгшин настай хүмүүс бид 29 хоног буудалд байлаа. Хоол унд таарахгүй, тохь тухгүй хэцүү л байна. Одоо 23-нд байрандаа орно гэхээр баяртай байна.

Биднийг буудалд байлгаад улс орны эдийн засаг хүнд үед өчнөөн төгрөгийн зардал мөнгө гарсан байна лээ. Тэр зардлыг “Би Жи Би Жи” компаниар төлүүлэх ёстой” гэлээ.

 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9