Индэр    
2024 оны 1 сарын 9
Зураг
Судлаач проф.

Ертөнцөөр нэг мөнгө тэнэж явна

зураг
 

Даяаршил, харилцан хамаарал, интеграцчилал... өөр юу ч гэнэв, ийм нэр томьёо XXI зуунд биднээс салахгүй.

Экологи, хөдөлмөр, мөнгө, мэдээлэл, технологид гарч буй энэ их хувьсал, шилжилт хөдөлгөөнийг хүн төрөлхтөн хүчрэхээсээ өнгөрсөн. Өндөр түвшний технологийн шийдлийг хэн ч хаанаас ч аль ч улс үндэстэнд тулгачихдаг болжээ. Харин технологи хүлээн авахад бэлтгэгдсэн хүн цаад улсад нь байх хэрэгтэй. Байхгүй бол балрах нь тэр. Орчин үеийн дээд боловсрол гээч юмны цаад утга агуулга нь ердөө энэ юм шиг. МУИС-ийн ОУХДС, ОУХС-д арав гаруй жил багшилсан туршлага дээрээ тулгуурлан гарчигт өгүүлсэн сэдвийг хөндье.

Нийслэл Улаанбаатар хотдоо нэгэн үе 200 шахсан тооны их дээд сургуулийг ярайтал нээгээд ажиллуулж байсан нь саяхан даа. Монголчууддаа хандан энэ бол амжилт огтоос биш, харин зовнил болно гэж бичдэг байв. “Улаанбаатараар дүүрэн, хувь хувьсгалын их дээд сургуулиуд ярайж байна. Дэлхийд толгой цохидог мянга, 2,000 их сургууль дотор ганц нь ч (МУИС-ийг 2,815-д нэг удаа бичсэн санагдана) байхгүй шүү. Гэхдээ нэг хүн амд ногдох их, дээд сургуулийн тоон үзүүлэлтээр бид Гиннесийн номд баараггүй орж яваа шүү” гэж бичээд “Зууны мэдээ” сонины шагналтан ч болж явлаа.

Ерөөсөө олон улсын хамтын ажиллагааг ажаад байхад ийм л зарчим үйлчилж байна: Бидний хэрэгцээ, бидний нөөц, тэдний хэрэгцээ, тэдний боломж, өөр юу ч биш. Хэрэв ийм шалгуур тавивал нийслэл дэх одоогийн 60-70 их дээд сургуулиас хэд нь түүнийг давж гарах бол гэж айх юм.

Хосолсон боловсрол, хосолсон боловсролын тогтолцоо гэдэг юм руу орохгүй бол ажилгүйдлийн үзүүлэлтээрээ Монгол толгой цохиж мэдэхээр юм. Ажил хийх хүсэлгүй, ажлын байранд тэнцэхгүй гэх үзүүлэлт нь ажилгүйдэл дотроо маш том хувь эзэлж буйг, хөдөөд ажилгүй залуусын хувь 45-д хүрсэн, нийт 8,000 ялтантай, тэдний 70 хувь нь 35-аас доош насных, тэд суллагдаад ажлын байранд очих хувьгүй (уучлаарай 10 орчим жилийн өмнөх судалгаа, одоо эрхбиш дээрдсэн байгаасай!) гэдгийг тооцоолж дээд боловсролоо хөгжүүлмээр санагдах юм. Адаглаад өдөр тутмын гол гол сонинууд, сайтууд, зарим нэг ТВ-ийг аваад үз. Нуль ажлын байрны зар. Эцэс төгсгөлгүй зар. Ажлын байр, ажлын байр... Тэнцэх тохирох хүн байхгүй юм уу, хаашаа юм, тасралтгүй тийм зар салахгүй тавина гээч.

Арван жилийн өмнө надад тохиолдсон явдлыг жишээлье. Улаанбаатар дахь нэгэн хувийн дээд сургуулийн багш, оюутнуудад лекц уншив аа. Тэдний урилгаар очсон ба олон улсын харилцааны өнөөгийн төлөв гэсгээд ярьж эхлэв. Лекцийг тус сургуулийн гол хүн болох нийгэмд тодорсон нэгэн эрдэмтэн ах маань удирдан явуулав. Лекцлээд дууслаа. Эхний ганц хоёр асуулт хариулт уншсан сэдвийн дагуу явагдаж байтал нэг оюутан босоод ирлээ. Нэг хоёр байтугай хэд хэдэн оюутан тэр асуултыг хамтран бэлтгэж надад тавьжээ. Ерөөсөө их хичээсэн, бас зовсон, шаналсан байдалтай байгаа нь нүүр царайнаас нь илт. Дэлхий даяаршсан, хурдтай хөгжсөн нөхцөлд бид төгсөж гараад юу хийх вэ, бидний энэ сургуульд олж авсан олон улсын харилцааны дээд боловсрол хэр гүйлгээтэй вэ гэж асууцгааж байна.

Та нар сэдвээс гадуур, намайг хүсээгүй байхад, миний яриагүй сэдвээр асуулаа шүү гэж анхааруулж байгаад би хариуллаа. Дээр бичсэнээ л хариуллаа. Монгол орны хэмжээнд гадаад хэл, хууль, эдийн засаг, олон улсын харилцаа, сэтгүүлч мэргэжлээр доозноосоо хэтэртэл бэлтгэж байгаа, төвийн сонинууд дээр байнга тавиастай байгаа ажлын байрны зар үзэцгээ, ажил хийх хүсэлгүй, эсвэл ажлын байранд тэнцэхгүй дээд мэргэжилтэн нь 3 сая гаруй хүн амдаа арай хэтэрлээ, тиймээс хосолсон боловсролын тогтолцоо руу орохгүй бол болохгүй гэж би хариуллаа. Хосолсон гэдгээ ч япон, германы жишээгээр тайлбарлаж үзлээ, хуучны ТМС гэж байсныг сэргээгээд нарийн мэргэжлийн ажилчин бэлтгэвэл арай өгөөжтэй, ядаж ажлын байранд тэнцэнэ гэж хэллээ. Оюутнуудын царай баргар, сэтгэл гэгэлзээд лекц маань сүүл рүүгээ биш боллоо. Ертөнцөөр нэг мөнгө тэнэж явна, түүнийг шүүрээд авах тийм мэргэжилтэн бэлтгэхгүй бол Монголын дээд боловсрол статистик үзүүлэлтээрээ хачин сонин, этгээд үзэгдлийн жишээ болоод Гиннесийн номд орох вий гэдгээ ч би хэллээ. Импортыг орлуулах хүнс, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сайн мэргэжилтэн олныг бэлтгэх хэрэгтэй, тэр чинь л бөөн мөнгө гэж хэлж үзлээ.

Лектор би, оюутны хооронд ирээдүйн мэргэжлийн талаар эцэс төгсгөлгүй яриа өрнөв. Лекц лекц биш боллоо. Хувийн тэр дээд сургууль ба багш нарынх нь нэр төрд сэв сууна гэж бодсон уу, яасан, захирал ах маань лекцийг хүчээр хаалгаж тараалаа...

Өөр нэг болсон явдал. Бас л 10 гаруй жилийн өмнө юм. “Өглөөний сонин” гэж эрэлт ихтэй өдөр тутмын нэг сонин байв. Одоо ч байж магад. Эрхлэгч нь гэх миний сайн танил, хуурай дүү Нинжжамц гэж дайчин бүсгүйг уншигчид андахгүй дээ. Тэрбээр надтай 2013 оны зун ам гэрээ байгуулаад нэг бүрийг нь 60 мянгаар үнэлээд бүтээгдэхүүн (нийтлэл) худалдан авах гэрээ байгуулав аа. Би ч 7 хоногийн 5 дугаарын 4-т нь нийтлэлээ хэвлүүлж эхэллээ. Хоёр 7 хоног үргэлжилсэн байх. Хэрэг бишидлээ. Тэр сонины редакцаар дүүрэн сэтгүүлч залуус сууж байх ба тэд бослого гаргах дөхжээ. Тэдний нийтлэлээ тавих зай талбайг нь би эзлээд, тэдний сан хөмрөгийг нь би хоосолсон учраас намайг болиоч хэмээн орлогч эрхлэгч Туул нь надад нөхөрсгөөр зөвлөж, би тэр сониноос өөрийгөө татаж авав аа.

Өдөр тутмын өөр нэг сонинд ийм явдал бас над дээр дахин тохиолдлоо. Сонин болгон нэг том тасалгаагаар дүүрэн ярайтал ажилтнаа суулгасан байх ба тэднийг цалинжуулах гэж зар сурталчилгаа руу хошуурна, нөгөөдүүл нь эрхбиш сэтгүүлч мэргэжлээр аль нэг их дээд сургууль дүүргэсэн байж таарах тул бүтээлээ тавих зай талбай хэрэгтэй болно. Чанар нь падгүй. Учир нь сэтгүүлчээр хэдэн мянгаар нь бэлтгээд авсан ба араас нь тэдэн рүү нийлэх хэдэн зуун оюутан сэтгүүлч бэлтгэдэг хувь хувьсгалын хэдэн арван дээд сургуульд бэлтгэгдэж байгаа.

Ертөнцөөр нэг мөнгө тэнэж явна, ингэж нэг сонинд тавь жаруулаа чихэлдэн сууж хоол горьдож байхаар англи хэлээр бүтээлээ туурвиад гадаадын хэвлэлүүдэд онлайнаар ажиллаад карт руугаа ногоон төгрөг хийлгээд сууж байж болохгүй юу, сэтгүүлчид ээ?

Ертөнцөөр нэг мөнгө тэнэж явна, хэдэн түмэн эдийн засагчтай болоод авсан, араас нь тэдэн рүү нийлэхээр хэдэн зуугаараа эдийн засгаар хувь хувьсгалын хэдэн арван дээд сургуульд суралцаж байна. Олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс ногоон төгрөг шүүрээд авах брокер диллер, биржийн ажилтан, банкир, ядаж ня-бо ганц ч алга уу? “Хэлэлцээ хийх үндэсний чадавх” маань хааччихсан бэ?

Дээд боловсролоо байг гэе. Бизнесээ гялалзуулсан, орлого гэж алж өгсөн, ам.доллароор саятан болсон монгол механикийн талаар би бичиж байсан даа. АНУ-д шүү дээ. Тэрбээр хувийн хөрөнгөтэй, байнга оршин суух эрхтэй, эхнэр хүүхэд нь очсон, хаус худалдан авсан, Америкийн баячуудыг зэрэгт хүрсэн.

Дэлхий ертөнц хязгааргүй өрсөлдөөний тогтолцоонд аль хэдийнээ шилжжээ. Дэлхий дээр өрсөлдөөний тогтолцоо тасралтгүй ажиллаж байгаа ба тэр их өрсөлдөөн дунд мөнгө тэнэж явна, тэр мөнгийг шүүрээд авах монгол овсгоо мэдрэмжийг их сургуулиуддаа үйлдвэрлэж эхэлбэл яасан юм бэ хэмээн өгүүллээ төгсгөе.