Зураг
Зураг
Индэр    
2020 оны 12 сарын 7
Зураг
Эдийн засагч

Корона Эдийн Засаг: 280 сая доллар олох боломж

Саявтархан Сангийн Яам гадаадаас 50 сая долларын зээл хөөцөлдөж байгаа тухай мэдээ хараад төрсөн бодлоо сийрүүлье.

2020 оны байдлаар Монгол Улсын нийт гадаадад төлөх өр 31 тэрбум доллар хүрснийг бид мэднэ. Манай улсын нэг жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 13 орчим тэрбум доллар гэж үзвэл бид ямар их өрийн тухай ярьж байгаа нь ойлгомжтой болох байх.

Гадаадад төлөх ёстой энэ их өрийг бид доллар хэвлээд л төлчихөж чадахгүй нь ойлгомжтой.

Бид өрийн төлбөрийн нэг доллар бүрийг экспорт хийж олох хэрэгтэй болж байна. Эсвэл хэрэгцээгүй импортоо танах хэрэгтэй гэж ойлгож болно.

Хийх ёстой олон ажилзаа байгаагаас энэ удаад цахилгаан эрчим хүчтэй холбоотой боломжуудын талаар ярилцая.

2019 оны байдлаар манай улсаас Хятадаас цахилгаан эрчим хүч авахад зориулж 130 орчим сая доллар, Орос улсын компаниудад 30 орчим сая доллар тус тус төлсөн мэдээ байна. Манайх шиг нүүрс, нар, салхи, гол усны арвин нөөцтэй орон өнөөдрийг хүртэл эрчим хүчээ гаднаас өндөр үнээр импортолж байгаа нь маш буруу үзэгдэл юм.

Дээрх тоог задлаад үзвэл бид нүүрсний маш их хэмжээний нөөцөө ашиглаад Орос болон Хятадаас авч байгаа цахилгаан эрчим хүчээ өөрсдөө маш хямд үнээр үйлдвэрлэх, улмаар долларын орлого олох боломж харагдаж байна.

Тухайлбал Хятадад төлж байгаа 130 орчим сая доллар нь бүхэлдээ Оюу Толгойн уурхайг ажиллуулахад ашиглаж байгаа цахилгаан эрчим хүчний зардал байна. Энэ тоо тун удахгүй жилдээ 250 сая доллар болж өсөх тооцоо байна. Тэгэхээр эндээс бидний хойрго, залхуу байдал хэрээс хэтэрснийг харж болно.

Оюу Толгой төслийг хүн бүр мэддэг, бүх улс төрчид ам булаалдан ярьдаг, энэ уурхай аль хэдийнэ ажиллаад эхэлчихсэн, хэдэн мянган залуус тэнд өдөр шөнөгүй зүтгэж байгаа боловч бид одоог болтол цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг нь барьж өгөөгүй гэхээр эмгэнэлтэй дүр зураг харагдана.

Дээхнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн илтгэлийг сонсож байхад монголчууд өөрсдөө томоохон төслүүдийг хийж бүтээх итгэл зоригтой байх тухай ярьж байсан. Миний хувьд санал нэг байна. Бид одоо гадны гар хараад суудаг энэ байдлаа зогсоож, өөрсдөө хувь заяаныхаа эзэн болох цаг болсон санагдана.

Том голуудаа түшиглэж усан цахилгаан станц барьж Оросод жил бүр төлж байгаа цахилгааны төлбөрийг байхгүй болгох бүрэн боломжтой. Мөн Таван Толгойн нүүрсний уурхайг түшиглэж цахилгаан станц барих замаар жил бүр Оюу Толгойн уурхайд 130-250 сая долларын цахилгаан эрчим хүч нийлүүлэх замаар бид улсынхаа өрийг нимгэлэх, долларын орлогоо нэмэгдүүлэх, долларын зарлагаа танах боломжууд байна.

Засгийн газар өртэй, том компаниуд санхүүгийн чадвах муутай байгаа гэж үзвэл бид олны хүчээр эдгээр төслийг хийх боломжтой гэж харж байна. Тухайлбал Монголын Хөрөнгийн Бирж дээр хувьцаат компаниуд байгуулах замаар дээрх төслүүдийг хөдөлгөж, олон нийтээс мөнгө хөрөнгө татах бүрэн боломжтой санагдана.

Өнөөдөр монголын банкны системд нийтдээ 22 их наяд төгрөгийн хадгаламж байршиж байна. Энэ мөнгийг бид яагаад улс орны эдийн засагт хэрэгтэй, ийм мэдээжийн төслүүдэд оруулж болохгүй гэж.

Бизнест байдаг хамгийн том эрсдэл бол борлуулалтын эрсдэл байдаг. Гэтэл миний дээр дурдсан Орос болон Хятадаас авч байгаа цахилгаан эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээр орлуулах төслүүд бол худалдан авагч нь тодорхой, ашиг нь баталгаажсан, өөрөөр хэлбэл бизнесийн эрсдэлгүй төслүүд юм.

Бид дээр хэлсэнчилэн Монголын Хөрөнгийн Бирж дээр нээлттэй хувьцаат компани байгуулах, эсвэл хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар эдгээр төслүүдээ яаралтай хөдөлгөх хэрэгтэй. Мэдээж засгийн газрын зүгээс ард түмнээс хөрөнгө босгосон энэхүү төслийн компанид баталгаа гаргаж өгөх замаар жирийн иргэдийн хөрөнгө оруулалтыг баталгаажуулж өгөх хэрэгтэй.

Уншигч та энэ мэтчилэн эдийн засгийн энэ хүнд хэцүү нөхцөлд доллар оруулж ирэх, эсвэл доллар хэмнэх төслүүдийн санал, санаа байвал имэйл бичиж хуваалцахыг урьж байна.