2018 оны 2 сарын 7
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Б.ГАНЧИМЭГ: Үеийн үед улстөр, урлаг хоёр сэтгүүл зүйг цахилгаан шат мэтээр ашиглаж ирсэн

"МОНЦАМЭ мэдээлж байна" гэх танил дотно үгсийг уншигч та бүхэн санаж буй байх. Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Үндэсний мэдээллийн төв агентлаг маань гурван жилийн дараа 100 нас хүрэх нь ээ. 

Дэлхий дахинд өөрийн улс үндэстний үнэн зөв мэдээллийг түгээх зорилготой энэхүү агентлагийн үүрэг, оролцоо, хэрэгцээ, шаардлага улам бүр ихэсч буйг мэдээ мэдээлэлтэй ойр байдаг, улс орныхоо сайн сайхны төлөө санаа тавьдаг хүн бүр ойлгож буй биз ээ. 

Учир юу гэвээс дэлхий даяар олон нийтийн сүлжээний нөлөөгөөр хуурамч мэдээ мэдээлэл элдэв улстөр, бизнесийн бүлэглэлийн хуурамч, зохиомол, зорилтот мэдээллийн их урсгал дунд Монгол Улсын төр засгийн гадаад, дотоод бодлогыг хамгийн төв байр сууринаас, үнэн зөв мэдээлэх БАТАЛГААТ ЭХ СУРВАЛЖУУД улам бүр үнэ цэнэтэй болж байна. 

Харин харамсалтай нь төрийн ганц агентлаг маань өнөөдөр олон улсын хэмжээнд өрсөлдөнө гэхээсээ орчин үеийн ганц компьютер ч үгүй царай алдсаар...

"Ганчимэг захирал ирж байж энэ агентлагийг олон хүний анхааралд оруулж ядаж өөрийнхөө нэр нүүрээрээ ч болтугай хэдэн компьютертэй хүртэл болгоод байна" гэж МОНЦАМЭ агентлагийн Мэдээлэл технологи, үйлдвэрийн газрын дарга Б.Бат-Өлзий бидний ажил хэрэгч уулзалтын үеэр хэлж байв. 

Долоо хоног тутмын сонингууд (Зураг дээр дарж томруулж үзнэ үү)

МОНЦАМЭ агентлагт шинээр бий болсон бүтэц буюу Мэдээлэл технологи, үйлдвэрийн газар гэхэд сүүлийн нэг жилийн хугацаанд энэ агентлагийг өөрийн гэсэн таван хэл бүхий мэдээллийн вебсайтыг нь цогцоор нь сайжруулж хөгжүүлэх ажлыг гүйцэтгээд байна. 

Тус агентлаг Монгол бичиг, Англи, Орос, Хятад, Япон хэлээр сайт нь ажиллаж мөн эдгээр хэлээр өдөр тутам мэдээллийн товхимол, долоо хоног тутмын сонин, улирал тутам хэвлэгдэн гардаг “Mongolia Today” сэтгүүл зэргийг эрхлэн гаргаж байна.


 

100 гаруй хүнтэй энэ их айлыг өнөө үеийн мэдээллийн их шуурга, төрийн хайнга байдал дунд хэрхэн залж, ямар өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байгаа талаар МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг сэтгүүлчтэй уулзаж ярилцсанаа хүргэе.

- МОНЦАМЭ агентлаг ер нь яагаад байх ёстой вэ. Заавал төрийн дэргэд ингэж байх шаардлагатай юу. Хувьчлаад илүү сайжруулах боломж бий юм шиг харагддаг.
- Байх, байхгүй тухай асуудлыг мэргэжлийн хүрээнийхэн үе үе гаргаж тавьдаг л юм. Гэхдээ тийм сүртэй хэмжээнд биш. 

МОНЦАМЭ агентлагийг 100 жилийн өмнө ямар учраас байгуулсан бэ гэдгийг би бүрэн хэмжээгээр нь ярьж чадахгүй биз. 

Монгол Улс өөрийн гэсэн мэдээллийн байгууллагатай, өөрсдийн мэдээллээ дэлхийд цацдаг болгоё гэдэг сонгодог зорилго тавиад л тэр үеийн хүмүүс анхны мэдээгээ Алтанбулагаас цацсан байдаг.

Дэлхийн жишигт ч төрийн мэдээллийн агентлаг нэг байтугай хэд хэд байх нь бий. Энэ жишгийг дагаад л энэ байгууллагыг аваад яваад байдаг юм болов уу. 

Үндсэн үйл ажиллагааны чиглэл нь Монгол улсын гадаад, дотоод бодлого, улс орны түүх, соёл, уламжлал, хөгжил дэвшилд гарч байгаа ололт амжилтыг дэлхий дахинд хамгийн түгээмэл хэлээр мэдээллээ сурталчилан таниулах үүрэгтэй. 

Олон улсад ч МОНЦАМЭГИЙН мэдээлэл бол Монголын төр засгийн нэг цонхны бодлогыг хамгийн төв байр сууринаас хүргэж буй баталгаат эх сурвалж гэж хүлээж аваад сурчихсан. 

Энэ үүргээсээ ч хазайхгүй яваад ирчихсэн байгууллага юм даа. 

Мөн 21 аймагт өөрийн төлөөлөлтэй нь дотоод мэдээллийг бэлтгэх өргөн баазтай гэдгийг харуулдаг. Гадаадад ч өөрсдийн төлөөлөгчдийг ажиллуудаг. Одоогоор Хятад, Орост тун бага цалинтайгаар манай төлөөлөгчид ажиллаж байна. Цаашлаад Монголчуудын хамгийн их ажиллаж амьдардаг Солонгос, Европын улсуудад МОНЦАМЭГИЙН сурвалжлагч байх л ёстой мэт. 

Ер нь энэ байгууллага ямар учиртай юм гэдгийг манай төр засгийнхан өөрсдөө нэг их сайн ойлгоогүй юм шиг. 

Ерөнхий сайд нь нэг дарга томилчихоод мартчихдаг шахуу. 

Энэ байгууллагыг эхлээд ойлгуулах гэдэг сорилт надад тулгараад байна. 

МОНЦАМЭ-ийн эрх зүйн байдал өнөөдрийн байдлаар тодорхойгүй байсаар байгааг хэлэх хэрэгтэй.  

- Эрх зүйн байдлын тодорхойгүй байдал гэдгийг та тайлбарлахгүй юу? 
- МОНЦАМЭ Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Үндэсний мэдээллийн төв агентлаг гэж явдаг. 

Ерөнхий сайд нь энэ байгууллагын даргыг томилдог ч эргээд үйл ажиллагааны ямар ч уялдаа байхгүй байна. Манай Улаанбаатарын ажилчдын 70 хувь нь доод тал нь хоёр хэлтэй орчуулагч нар байна. Үлдсэн нь дотоод мэдээллийн хэсэг. 

Дотоодын өрсөлдөөнд нэг их орж байгаагүй энэ байгууллагын ажилчдыг би буруутгахгүй.  Ачаалал маш өндөр.

Гэтэл өдөр тутмын шинэ мэдээлэл дамжуулдаг сайт нь гэхэд танай сайтын түвшинд бараадаж очих хаа ч байсан болоогүй байна. 

Дэлхийн аль ч агентлагууд цахим орчинд идэвхтэй тоглолт хийж мэдээллээ шуурхай түгээж байна. Энэ өөрчлөлтийг хийх гэхээр миний хувьд нэгдүгээрт боловсон хүчний асуудал тулгарч байх жишээтэй. 

Мэдээж цахим мэдээллийн хажуугаар уламжлалт хэвлэмэл сониноо аваад явна. Аль, алийг нь бэхжүүлээд явахад анхаарна. Ерөнхийдөө энэ байгууллагад сэтгэл, зохион байгуулалт дутагдаж байж. 

Өмнө энэ байгууллагыг олон “томчууд” удирдаж байсан учраас жаахан эсэргүүцэлтэй тулах байх. Гэхдээ шуудхан хэлэхэд  МОНЦАМЭ агентлаг олон жил унтаж байсан байна. 

Эсвэл хатуу ширүүн өрсөлдөөн дунд явж зах зээлийн хуулиар буюу шударга өрсөлдөөн дунд өөрийгөө авч явж ирсэн хүний хувьд ойлгоход их хэцүү байх шиг байна. 

Миний хувьд энэ үед ганцаараа диктофоноо бариад явахаас илүү арай өөр түвшинд ажиллах бололцоог экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат олгож энэ ажлыг хүлээн авсан. Гэтэл маш олон асуудалтай нүүр туллаа. 

- Та ажлаа аваад жил гаруй болж байна. Энэ агентлагт ирснээр ямар ч байсан сайтыг ажиллагаанд орууллаа гэж харж байгаа зөв үү?
- Өмнө нь бараг л хувь хүний блог хэлбэртэй сайттай байсан юм. Фэйсбүүк, твиттерийг нээсэн төдий болгоод л амьгүй хаячихсан. Тэрийгээ идэвхжүүлэх ажилд одооноос л анхаарч байх жишээтэй. Энд байгаа хүмүүсийн буруу биш. Хөрөнгө мөнгөний бололцоо байдаггүй. Тасралтгүй ажиллагаатай мэдээллийн вебсайт ажиллуулахад мэдээллийн технологийн мэргэжилтнүүд ямар их үүрэгтэйг өөрөө сайн мэдэж байгаа. Тэгтэл энэ байгууллагад тийм хүн байсангүй. Баахан холбооны инженерүүд сууж байх жишээтэй. 

Эдгээр хүнийг солих шаардлага гарсан. 

Гэхдээ энэ агентлагийн хувьд их тохь, томоотой байгууллага. Өөрийнхөө том мөрөөдлөөрөө түрий бариад тонгочуулж болохгүй гэдгийг би мэргэжлийн хүний хувьд мэдэж байсан. Гэхдээ арга буюу өөрчлөлт хийхээс өөр аргагүй.  

Мөн энэ агентлагт зөвхөн л мэдээ бичдэг хүмүүс байна. Гэтэл яг энэ улс орны аж амьдралыг илүү тодорхой таниулан, сурталчлах эдийн засаг, улс төр, түүх, соёл урлагийн тоймч гэсэн орон тоо байхгүй байгаа юм. 

- “МОНЦАМЭ-гийн модон хэл” гэх зүйрлэл хүртэл байдаг шүү дээ.
- Тийм ээ. Мэдээ мэдээллийг яг л тэр мэдээний хэлээр бичихээс өөр арга байхгүй. Харин тоймчдын хувьд харьцангуй чөлөөтэй бичдэг баймаар байгаа юм. 

Гэхдээ зөвхөн мэдээ л бэлтгэдэг гээд тэр мэдээ нь бас тийм сайн түвшинд байна уу гэхээр бас үгүй. Тухайн хүний хийж байгаа бүхэн тийм сайнгүй байгааг нь нүүрэн дээр нь хэлэхэд хэн ч алгаа ташиж хүлээж авдаггүй юм байна л даа. Энэ мэт зүйлс тулгарах ч энд маш чадамжтай, улстөрөөс хол хамт олон байна гэдгийг итгэлтэй хэлнэ.  

- Танд ирж байгаа сорилт чинь гадаад, дотоод хүчин зүйлийн аль нь их нөлөөлж байх юм?
- Аль аль нь тэнцүүхэн дээ. Дотооддоо би сайн боловсон хүчин бий болгох, сайн автор бий болгох гэх мэт бодлогыг боловсруулж байна. 

Аливаа хэвлэл мэдээллийн байгууллагын сайн автор гэдэг бол редакцийн нэр хүндийн бараг 50 хувийг чирж явж байдаг жишээтэй. Яаж энэ мэдээллийн өрсөлдөөн дунд МОНЦАМЭ гэдэг шошгийг хараад хүндэтгэдэг болгох вэ. 

Хэдийгээр тэр хүндэтгэл байдаг ч өнгөрсөн цаг дээр байгаад байгаа юм. 

Тэгэхээр яаж орчин үеийн агентлаг шиг болгох вэ гэхээр хүнээсээ эхлэх ёстой. Гэтэл одоо сэтгүүлч, орчуулагчид маань 400-500 мянган төгрөгийн цалинтай. Машинууд хэзээ ч зогсоход бэлэн байдалд байгаа. 

Энэ байгууллагын ажилтан бүр л насаараа Монгол Улсыг гадаадад сурталчилж байгаа энэ ажлаа чимээгүйхэн нэр төртэйгөөр хийсээр ирсэн. Нэг ч төгрөгийн урамшуулал байхгүй  тэтгэвэртээ сууж байх жишээтэй. 

Хэрвээ би нэг намчин байсан бол Ерөнхий сайдын хаалгыг тогшоод л орох байсан байх. Тиймгүйгээсээ болоод асуудал маань жаахан хойшлоод байх шиг байна. 

- Гадаад хүчин зүйл гэдгийг та Засгийн газартай холбож хэлэх гэж байна уу?
- Тийм ээ. Ерөнхий сайд гэдэг хүн хамгийн түрүүнд хэвлэл мэдээллийн албаа дараа нь хувийн олон нийттэй харилцах зөвлөх гэх мэтээ томилох байх. Харин үүний дараа уулзах ёстой хүн бол Монгол Улсын төрийн бодлогыг нэг бодлогоор гадаадад сурталчлах МОНЦАМЭ агентлаг байх ёстой болов уу.

Гэтэл шинэ Засгийн газар бүрдээд 100 гаруй хонож байхад Ерөнхий сайд хүлээж авч уулзаагүй байна. Харин Ерөнхийлөгч бол хүлээн авч уулзаж яаж сайжруулах боломжтой талаар ярилцсан.  

Энэ байгууллагыг Ганчимэг гэж хүн удирдаж байгаа нь сөргөөр тусчих вий гэж сүүлдээ хүртэл санаа зовох боллоо. 

Монголд ганц болсон АСЕМ-ийн уулзалтад гэхэд гол цөм болж ажилласан МОНЦАМЭ агентлагт ганц урамшуулал, талархал ирээгүй юм билээ. Харин тухайн үеийн Гадаад хэргийн сайд нь “баярлалаа” гэж хэлж байсан гэдэг. 

Аливаа байгууллагыг ялангуяа төрийн байгууллагыг удирдахад бас өөрийнхөө дургүй ажлыг ч хөөцөлдөх хэрэгтэй болдог юм байна. Шагнал урамшууллаас эхлээд бусдаас гуйх ажил хийж эхэлдэг юм байна. 

Гаалийн дарга, хотын дарга дээр очоод МОНЦАМЭ агентлагт ганц компьютер өгөөч гэх мэтээр явж байх жишээтэй. 

Ганц компьютер гуйгаад явахаар бусад төрийнхөн “За арай ч дээ, ямар зүдэрсэн юм бэ дээ” гээд л халаглана. Ингэж царай алдаж явсных өнөөдөр жилийн дотор гэхэд 10 гаруй компьютер шинэчилчихлээ. 

- Хэвлэх үйлдвэр чинь асуудалтай болж дэмжлэг хүссэн тухай бичсэн байсан. Энэ юу болсон бэ?
- Тийм ээ. Хэвлэх үйлдвэртэй болоход доод тал нь тэрбум төгрөг хэрэгтэйг хэвлэлийнхэн маань мэднэ. Тиймээс ч улсын төсөв хэцүү байгаа энэ үед бид нэг жил гүрийе. Харин энэ хугацаанд цахим орчин дахь үйл ажиллагаагаа өргөжүүлж, сайжруулахад анхаарна гэж бодож байна. 

Ж.Эрдэнэбат сайд МОНЦАМЭ агентлагийг дээр үед өмсч өмсч байгаад өлгүүрт өлгөөд мартчихсан каракул захтай пальто шиг зүйрлэж байсан. Хаях гэхээр хамаг дурсамж шингэчихсэн байдаг хуучин хувцас шиг. 

МОНЦАМЭ-г өөрчилж шинэчлэх гээд явж байхад зарим төрийн байгууллагын завхрал хэрээс хэтэрчихсэн байгаа нь харагддаг. Жишээ нь МИАТ-д би Япон сонинуудаа, Төмөр замаар Хятад сонинуудаа өгөх гээд үйлээ үзсэн.  Онгоцонд үйлээ үзэж байж сонинуудаасаа арай гэж цөөн хэдийг оруулж бх жишээтэй. Сайдынх нь бичиг барьж очоод байхад авч хэлэлцдэггүй юм билээ. 

Харин миний оронд өөр нэг телевиз ирчихвэл тэд айх жишээтэй. Ийм төрийнхний хэвлэл мэдээлэлтэй харилцах байдлыг би олон жил шүүмжилж ирсэн л дээ. 

Манай улстөрчид сэтгүүлзүйн буруу хөгжилд л хөрөнгө оруулж ирсэн. Тухайлбал, Сү.Батболд байна. Хортой вирус идэвхжүүлж сэтгүүлзүйд "тусалсан" улстөрчийн нэг гэж би түүнийг боддог. Өөрт нь ч, ийм алдаа гаргасан бусад ултөрчдөд нь ч би шууд хэлж л байсан.

Өөрийг нь тойроод байдаг бусдыг намнаад байдаг медиатай улстөрчид олон. Иймэрхүү буруу хөгжлүүд гай л болсон доо.

Ер нь үеийн үед улстөр, урлаг хоёр сэтгүүл зүйг цахилгаан шат мэтээр ашиглаж ирсэн. 

Их амбицтай, зарим талаар буруу бодолтой сэтгүүлчид, бүлэг хүмүүст улстөрчид хөрөнгө оруулалт хийж өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болгож байна. 

Нэг хэсэг сонинууд хоёр тал болоод л "байлддаг" байлаа шүү дээ.

Жишээ нь, Ш.Отгонбилэг агсны хэрэг дээр гэхэд “Өдрийн сонин”, “Өнөөдөр” хоёр эсрэгцэж хараад л “байлдаж” байсан.

Энэ үеэс аль болох алсарч байгаа сайн хэрэг. Залуу үе маань тунгалаг гоё гарч ирж байна. 

Тэгэхээр төрийнхөн хэвлэл мэдээлэлтэй иймэрхүү байдлаар харилцаж ирсэн буруу зуршлаа МОНЦАМЭ дээр гаргаад байх шиг.

- Үндэсний телевиз гэхэд төсөв, үзэгчдийн татаасаас гадна зар сурталчилгаагаараа тодорхой хэмжээний орлого олж байна. МОНЦАМЭ-гийн хувьд цалингаас өөр төсвийн дэмжлэггүй гэж ойлголоо. Зөв үү?
- Тийм ээ. Төсвийн хувьд хүмүүсийн цалинд тулгаад л өгдөг. Харин албаны машин тэрэг, бензин тосны тухайд өөрсдийн жаахан хэвлэж байгаа сонин, сэтгүүлээс олж байгаа орлогоороо болгодог байх жишээтэй. 

Одооноос л маркетингийн албатай болж байх жишээтэй.

МОНЦАМЭ агентлагийн бэлтгэж буй сэтгүүлүүдээс (Зураг дээр дарж томруулж үзнэ үү)

- Үе үеийн Засгийн газар гадаадын хөрөнгө орууулалтыг нэмэгдүүлэх зорилго тавьдаг. Энэ үйл ажиллагаандаа уг нь МОНЦАМЭ-тай нягт хамтран ажиллах ёстой юм шиг.

- Нэгэн үе уг нь Гадаад яамны дэргэд шахуу ажиллуулах гэж үзсэн юм билээ. Даан ч болоогүй, арга зам нь их буруу байсан юм билээ.

Гэхдээ одоогийн Засгийн газраас Сангийн сайд, Гадаад харилцааны сайд нар хамтран ажиллахыг хүссэн. Ирээдүйд хамтран ажиллана гэж бодож байна. 

- МОНЦАМЭ-г яаж сайжруулж болох вэ гэдэг дээр та уг нь санал боловсруулчихсан гэж ойлгосон. Зөв үү?
- Тэгсэн. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд багахан өөрчлөлт оруулаад энэ агентлагийг олон улсын жишгээр авч яваад олон яам тамгын газрын хэвлэлийн албанд ажиллаж байгаа хүчийг энд төвлөрүүлж дэлхийд ямар бодлогоо цацахыг хүсч байна тэр талаараа мэдээлэл солилцож байдаг урсгал үүсгэмээр байгаа юм. 

Гэтэл манай сэтгүүлчид яам тамгын газруудыг царай алдаж сарваатлаа гүйж байж мэдээ олоод түүнийг нь яаж бичих вэ гэдэг бодлогыг бид энд хийж байх жишээтэй.  

- Таны хэлэх гэсэн гол санаа бол юуны түрүүнд Засгийн газартай ойлголцох хэрэгтэй байна. Зөв үү?
- Тийм ээ. Энэ байгууллагыг ойлгохгүй нэг нь тараагаад хаячих гэдэг юм шиг байна лээ. 

Гэтэл МОНЦАМЭ хэн нэгний биш Монгол Улсын байгууллага юм. 

Одоо энэ агентлагийн хамгийн чухал найзууд нь Элчин сайдууд л байдаг. Элчин сайдын яамдууд гэхэд энэ агентлагаас л хамгийн гол баталгаат мэдээллүүдээ авч байна шүү дээ. 

Энэ хүмүүсийн дэмжлэгтэйгээр агентлагийн гадаад харилцаагаа шинэ түвшинд гаргахаар мөн ажиллаж байна. Итар-Тасс агентлагаас гэхэд урьж хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаад байна. 

Мөн Синьхуа агентлагтай хамтын ажиллагаа унтарсан байсныг сэргээж байгаа.

Америк, Япон, Хятадын сэтгүүлч редакц дээр маань ирж ажиллаж туршлага солилцож байна. Энэтхэгчүүд гэхэд жилд 2-3 сэтгүүлчийг маань дөрвөн сарын хугацаатай сургалтанд хамруулж тусалж байна. 

Гэх мэт олон жилийн гэрээ, хамтын ажиллагаануудаа чулуу болгох гэж хичээж л байна.

Сэтгүүлчид маань дөрвөн сарын хугацаанд Энэтхэгт бүтэн дөрвөн сарын гурван сард нь цалинтайгаар суралцаж байна гэдэг ховор боломж. Энэ мэт сэтгүүлчдийгээ чадавхжуулах тал дээр их анхаарч байна.  Сэтгүүлчид маань шинэ зүйл сурч мэдэх, чадавхжих хүсэл байв ч цаг зав боломж нь хомс, авч байгаа цалин нь бага гэдгийг хүн бүр мэднэ байх.  

Манай агентлагийн бэлтгэж буй мэдээллийг сайжруулж, баяжуулах үүднээс агуулгын хувьд тоймчдын баг авсан. Ардын урлаг, сонгодог урлаг, өвлийн аялал жуулчлал, наадмыг гэхэд бид яаж гоё бичих болох вэ зэрэг мөнгөгүйгээр хийж болох ажлуудыг хийж байна. Мөн байгууллагын дотоод соёл зохион байгуулалтыг өглөөдөө ядаж хурууны хээгээ уншуулаад цагаа бүртгүүлчихдэг, өглөөний хурлаа хийчихдэг болгох гэх мэт зүйлсээс өөрчлөлтүүдийг хийж байгаа. Ийм л энгийн зүйлс байсангүй. 

- Нийслэлийн Аялал жуулчлалын Газар, Байгаль орчин, Аялал жуулчлалын яам гэх мэт газартай жишээ нь 2018 онд ямар онцлог арга хэмжээнүүд хийх вэ, гадныханд ямар хөтөлбөр, хуваариар ямар агуулга түгээх вэ гэх мэтэд хамтын ажиллагаа бий юу?
- Бид ийм уулзалтыг хийе гэж санаачлаад нөгөө хүмүүс маань ирдэггүй юм билээ. Уг нь нийслэлийг гэхэд гадныханд яаж сурталчлах вэ гэдэг дээр хамтран ажиллах гэсэн тэр хүмүүс маань ирдэггүй. Зүгээр л хотоос өдөр тутам гарч байгаа мэдээг орчуулаад түгээх хэмжээнд хамтын ажиллагаа маань үргэлжилж байна. Уг нь Санамж бичиг байгуулаад үүнийхээ хүрээнд ажиллая гэхээр тийм боломж өгдөггүй. Бүх зүйлийг билигдлийн чанартай хийдэг нь энэ мэтээс харагдаж байгаа юм.

Ганчимэгийн амыг хаах үүднээс санамж бичиг зурах төдий нэг ажил хийчих жишээтэй.  

Өмнөх Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд нь гэхэд Ганчимэг гэж хүнд дургүйгээсээ хамтын ажиллагаа хийдэггүй байсан зэрэг зүйлс дуулддаг. 

Уг нь энэ бүх хувийн амбицаа дараад хамтын ажиллагааны их гоё боломж бий.

МОНЦАМЭ Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын мэдээллийн агентлагуудын нэгдсэн байгууллагын гишүүн агентлаг. Энэ байгууллагын олон улсын хурлыг нэг удаа Монголд зохион байгуулж Монголоо дэлхийн хэвлэл мэдээллийнхэнд сурталчлах гэх мэт олон сайхан боломж байна. Дэлхийн хамгийн том агентлагуудыг Монголдоо авчрах юмсан гэж мөрөөдөж байна. 

- МОНЦАМЭ агентлагийг та яагаад сонгож ирж ажиллах болов. Ерөнхийдөө байдал хэцүүг та таамаглаж л байсан болов уу?
- Зарим сэтгүүлч МОНЦАМЭ агентлагаар яадаг юм гэх нь бий. Үүнд би маш их харамсдаг. Миний төлөвшилд энэ агентлаг өөр байр суурьтай байсан учраас би энэ байгууллагад ирж ажилласан.

Миний өөрийн ажил амьдралын замнал ч бас тийм амар байсангүй. Эфирээр орой бүр гарч олон нийтэд танигдах, сонинд өдөр бүр мэдээ, сурвалжлага, ярилцлага бичиж хүмүүст танигдах танигдалт бол маш удаан бөгөөд илүү хүчин чармайлт шаарддаг. Хоорондоо их ялгаатай.

Хэвлэл мэдээллийн байгууллагын төрлөөс шалтгаалаад сэтгүүлчдийн маань үүрэг хариуцлага янз бүр. Зарим нь гэхэд санаанд оромгүйгээр завшиж байх жишээтэй. Ер нь их хэцүү салбар. Тэгсэн мөртөө бусдаар өөрсдийгөө хамгийн их шүүлгэдэг хүмүүс сэтгүүлчдээс өөр бараг байхгүй байх шүү. 

Сэтгүүлчид юу болохгүй байна тэнд л байдаг. Бусдын төлөө л явж байдаг. Тийм болохоор ч бусдад бас хайрлагдаж чаддаг мэргэжил юм шүү гэдгийг хэлэх хэрэгтэй. 

Би одоо 40 нас гарч байна. Дахиад 20 жил та бүхэнтэй өрсөлдөх боломж бололцоо байна. Ганцаараа диктофоноо бариад явсан ч надад уншигчдын нөөц, нэр хүнд бий. Харин дээр хэлсэнчлэн одоо би энэ салбарт арай өөр түвшинд юм хийе л гэж энд суугаа.

- Олон нийтийн сүлжээний нөлөөгөөр сэтгүүлч гэж мэргэжил, тусдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл байх хэрэгтэй юу гэж зарим нэг нь асууж байх юм. Гэтэл олон улсын хандлага нь энэ олон нийтийн сүлжээ, хуурамч мэдээллээс үүдэж харин ч хэвлэл мэдээллийн салбарын үүрэг хариуцлага, хэрэгцээ шаардлага нэмэгдэж буйг онцолж байна. 
- Дэлхийн олон улсын чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж байна бид түүгээр л явна. Түүнээс өмнөх үе шиг тэрний авгайг булааж аваад суучихдаг, дургүй айлынхаа гэрийг нь очоод шатаачихдаг тийм дураараа үе өнгөрсөн шүү дээ. 

Өнөө үед Монголын тухай худал, буруу мэдээлэл гарлаа гэхэд тэр тухайг нь үнэн зөвөөр мэдээлэх төрийн ганц л агентлаг байна. Харин тэрийгээ байх, байхгүй тухай яриа гарна гэдэг харамсалтай. Байх ёстой бөгөөд байх байхдаа хэрхэн ажиллах ёстой талаар ярилцахаар ингэж уулзаж байна гэж баяртай хүлээж авсан. 

Салбарын өөрчлөлт шинэчлэлийн тухайд гэвэл уран зохиол суурьтай сэтгүүл зүй бол дуусчихлаа. Орчин үеийн сэтгүүл зүй өөр. Үүнд нь ахмадууд нь нийцэж ажиллахгүй бол зайгаа тавьж өгөх хэрэгтэй.

Миний үед надтай өрсөлдөхүйц сэтгүүлч байгаагүй гэж ярианы эхэнд хэлдэг маань би залуу насандаа гайхалтай хөдөлмөрлөж байсан. Бараг өөрийнхөө хүйсийг мартаж толинд ч хардаггүй үе байсан шүү. 

Гэхдээ ингэж ажилласан маань бусдын өмнө ялархаад байх зүйл биш. Миний өөрийн л сонгосон зам. 

Сэтгүүл зүйд яг нэг төрлийг бариад гайхалтай ажиллаад мэргэжилдээ шунан дурлаж байгаа хүн бол ялгардаг л юм. Тэгэхээр зүгээр л хэлтэй, амтай, хөгшин, залуугүй бүгдийг нь хяргана аа гээд явж байгаа залуусаас айх ч үгүй, хөөрхий минь гэж үздэг ч үгүй. Гэхдээ би тэдэнд өс санадаггүй. Иймэрхүү хатиг бэтэгнүүд байж л байдаг шүү дээ.  Тиймээс ч салбартаа болохгүй, бүтэхгүй зүйлсийг хэлчихдэг маань бас түвэг болдог юм шиг байна. 

- Маргааш Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн Ээлжит хурал болох гэж байна. Та хуралдаа суух уу, оролцох уу?
- Миний хувьд ямар нэгэн холбоо, нэгдлээс маш хол амьдарч ирсэн. Нэгдүгээрт надад үнэхээр зав байгаагүй. Хоёрдугаарт, улстөрчид энэ холбоо гэдэгтэй ажиллаад эхэлчихсэн байхгүй юу. Ямар нэгэн холбоо бий болж л байвал түүнд нь эдийн засгийн чадамж хэрэгтэй болно. Гэтэл эдгээрийг эдийн засгийн чадамжаар нь хангаад л өмнөөсөө дуулуулж байдаг болчихсон.

Үүнтэй би хутгалдаж явж болохгүй байсан. Энэ байдлыг нь эсэргүүцэхээр их л ааштай гэж хардаг юм шиг байгаа юм. 

Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Хуралд гэхэд нэг л удаа сууж үзсэн. Их замбараагүй, зарчимгүй хурал болж байсан. Надад таалагдахгүй байна, дахиж би ийм хуралд оролцохгүй гэж зарласан. 

Ингэж л явж ирсэн. 

Харин энэ удаагийн хурлыг сонсох нь ээ их сайхан залуу үеийнхэн даргад нь өрсөлдөж байгаа юм билээ. Эдгээр залууг бодлогын өрсөлдөөн хийгээсэй гэж хүсч байгаа. Бусад хөндлөнгийн хүчин зүйлгүйгээр цэвэр энэ салбарыг урагш ахиулах салбарт зүтгэж байгаа залуу үед хэрэгтэй өөрчлөлт хийгээсэй. 

Тиймээс ч гол өрсөлдөөн болох магадлалтай хоёр залууг урьж ярилцаж олон нийтэд хүргэж байна. Миний оролцоо энэ л байна. Надад бас ямар ч хамаагүй гэж өнгөрч чадсангүй. 

Цэвэр бодлогын л өрсөлдөөн болоосой. 

x