Ж.С.Жак: ОТ-г богино хугацаанд ашигтай ажиллуулах нь бүх хувь нийлүүлэгчийн сонирхол
2018 оны 1 сарын 23
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Ж.С.Жак: ОТ-г богино хугацаанд ашигтай ажиллуулах нь бүх хувь нийлүүлэгчийн сонирхол

Рио Тинто (РТ) группийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак Монгол Улсад гурав дахь өдрөө ажиллаж байна. 

Жан-Себастьян Жак болон "Оюу Толгой"-н Гүйцэтгэх захирал Армандо Торрес, РТ группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирлаар томилогдсон Д.Мөнхтүшиг нар Монголын зарим хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Асуулт, хариултын өмнө тэрбээр ОТ төслийн талаар дараах хэдэн мэдээллийг өгсөн юм.

 
Гэрэл зургийг MPA.mn

Түүний хэлсэн мэдээллийг тоон дараалалд оруулбал:

1. Би Монголд 18 сарын дараа ирэхэд ОТ төсөл маш амжилттай үргэлжилж байна. 18 сарын өмнө ирж байснаас маш их амжилт гаргасанд сэтгэл хангалуун байна.

2. ОТ төслийн аюулгүй ажиллагааны үзүүлэлт РТ группийн хэмжээнд хамгийн сайн  нь байгаа юм.  Тавхан жил болж байж ийм хэмжээний амжилттай байгаа нь сайн зүйл юм. Тиймээс ч би өчигдөр уурхай дээр ажиллаж РТ группийн Гүйцэтгэх захирлын нэрэмжит Аюулгүй ажиллагааны Дээд шагналыг ОТ төслийн багт гардуулан өглөө.

3. ОТ-н гүний уурхайн төсөл блокчлон олборлох технологитой. Өчигдөр би тэнд ажиллаж байгаа Монгол инженерүүдтэй уулзаж ярилцлаа. 5-7 жилийн дараа энэ төрлийн технологийн хамгийн сайн инженерүүд Монголд бэлтгэгдэж байна гэх итгэл төрсөн.

4. Мөн РТ группийн дээд удирдлагуудад ч Монгол хүмүүс ажиллаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Б.Болд захирал гэхэд миний шууд удирдлагад багтдаг. Мөн С.Мөнхсүх захирал гэхэд Австралийн оффист ажиллаж байна. Энэ мэт группийн хэмжээнд ажиллах Монголчууд нэмэгдэх нь маш сайн үзүүлэлт юм.

5. Өнөөдөр ОТ төслийг тойрсон нийт 14 мянган ажлын байр бий болж байна. Үүнээс 94-95 хувь нь Монголчууд байгаа юм.
Энэ тоон дээр ханган нийлүүлэгчдийг нэмбэл ОТ төсөл Монголын хамгийн том ажил олгогч болж байгаа гэж бодож байна.

6. Зөвхөн 2017 онд гэхэд Монгол компаниудаас 1.7 тэрбум долларын худалдан авалт хийсэн байна. Үүний дотор 1.4 тэрбум долларын гэрээг гүний уурхайн бүтээн байгуулалтад оролцож буй Монголын ханган нийлүүлэгчидтэй байгуулсан.

Шохойн чулуу, ган бөмбөлөг, малын гаралтай хамгаалалтын арьсан бээлий, төмөр хоншоортой ажлын гутал зэргийг дотоодын үйлдвэрлэгчдээс авч байна.
Эдгээр худалдан авалт нэмэгдэх тусам ОТ-н бүтээгдэхүүн Монголын бүтээгдэхүүн гэдэг утга илүү тодорч байгаа юм.

7. Зөвхөн татвар, хураамжинд бид өнөөдрийн байдлаар 1.5 тэрбум ам.долларыг Монгол Улсын Засгийн газарт төлөөд байна.
Өнгөрсөн хугацаанд энэ төсөл нийт долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Одоо далд уурхайн төсөлд нийт 5 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. 

8. Зэсийн зах зээлийн ирээдүй маш таатай, өсөлт гарна гэж найдаж байна.

Гүний уурхайн бүтээн байгуулалт дуусах үед зэсийн үнийн таатай нөхцөл байдал биднийг угтана гэж төсөөлж байгаа. Учир нь үнэ гэдэг зүйл эрэлт, нийлүүлэлт дээр тогтдог. Тэгэхээр дэлхий дээр эрэлт бол тасралтгүй бий болно. Уур амьсгалын өөрчлөлт зэрэгтэй холбоотойгоор цахилгаан машинаас эхлээд манай бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага улам бүр өснө. Тэгэхээр нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүй болов уу гэсэн таамаг байгаа болохоор цаг үе сайн нөхцөлдөж өгч байгаа болов уу.  

9. РТ групп Улаанбаатарт Төлөөлөгчийн газраа буюу шинэ оффисоо нээж байна. Энэ бол хоёр талын урт хугацааны хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй ажил юм. 

10. УБ-т шинээр нээгдсэн оффис хайгуулын бусад төсөл дээр ажиллах, мэдээллийн технологийн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлнэ. 
Тодруулбал, “Оюу толгой” ХХК-иас ангид байрлах тус шинэ оффист РТ-ийн Монгол дахь геологи хайгуулын баг болох “Рио Тинто Экпслорейшн” (Ар-Ти-Икс) болон РТ-ийн  Мэдээллийн систем, технологийн багийн Монгол дахь салбар болох “Монголиа Дэливэри Цэнтр” (Эм-Ди-Си) байрлах болно. 

“Монголиа Дэливэри Цэнтр” нь РТ-ийн олон улс дахь үйл ажиллагаанд дэмжлэг буюу мэдээллийн технологийн чиглэлээр аутсорсинг үйлчилгээ үзүүлэх зорилготой байгуулагджээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Дээрх мэдээллийн дараа Жан-Себастьян Жак сэтгүүлчдийн зарим асуултад хариу өглөө.

МОНЦАМЭ: ОТ далд уурхайн төсөл сүүлийн таван жилийн хугацаанд гэхэд үйл ажиллагаа нь маш сайн ажиллаж Аюулгүй ажиллагааны дээд шагнал авсан байна. Энэ уурхайн хувьд 95 жил ажиллана гэж байгаа. Цаашдаа энэ үйлдвэр хэр их автомат үйл ажиллагаанд шилжих бол?
ЖС: ОТ төслийн зардлын хувьд бусад уурхайтай өрсөлдөхүйц байх ёстой. Цаг хугацааны явцад автоматжуулалт, шинэ технологи нэвтрэх нь гарцаагүй. Гэхдээ РТ-ийн бусад уурхайн төслийг харж байхад автоматжуулалт нэвтрэх бүрт өөр шинэ ажлын байр бусад газар нь бий болж байдаг. Миний харж байгаагаар ойрын таван жилдээ ОТ төсөл дээр том хэмжээний автоматжуулалтын технологи нэвтрэх цаг нь биш байна. 

Одоо Австралид ажиллаж байгаа уурхай шиг автомат удирдлагатай машин, төмөр замын систем одоогоор байхгүй ч гэсэн эхний ээлжинд ОТ дээр мэдээллийн системийн удирдлагыг илүү сайжруулах төлөвлөгөө байгаа. 

Армандо Торрес: ОТ мэдээллийн технологийн хүрээнд Менежментийн үйл ажиллагааны систем гэж нэрлэгддэг төсөл бий. Энэ системийн тусламжтайгаар хүмүүсдээ хамгийн шуурхай мэдээлэл түгээж ажилласнаар аюулгүй байдал болон бүтээмжийг сайжруулж ажиллахад туслана гэж тооцож байна.

Энэ төслийн хувьд одоогоор туршилтын шатандаа явж байгаа ч бидний өмнө нь тооцоолж байснаас илүү үр дүнг харуулж чадаж байна. Ингэснээр ОТ төсөл илүү ухаалаг, аюулгүй ажиллах боломжтой гэсэн үг.  

ITOIM.MN, “ӨНӨӨДӨР” сонин: Монгол Улсын Засгийн газар өөрийн эзэмшлийн 34 хувьд ногдох ногдол ашгаа хүртэж эхлэх хугацаа өдий хүртэл тодорхойгүй байна. Уул уурхайн сайд мөн энэ талаар Монголын талын зээлийн хүү өндөр байна. Энэ нь бидний өгөөж хүртэх хугацааг хойшлуулж байгаа тухай мэдээлэл хийсэн шүү дээ.
ЖС: Ямар ч бизнес хувь нийлүүлэгчиддээ ногдол ашиг хуваарилахын тулд бизнес өөрөө ашигтай ажиллаж эхэлсэн байх ёстой байдаг. Харин өнөөдрийн байдлаар бид 7 тэрбум долларын хөрөнгө оруулчихсан. Дахиад гүний уурхай дээр 5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгээд явж байна. 

Бүх хувь нийлүүлэгчдийн сонирхол адилхан байгаа. Энэ компани аль болох богино хугацаанд ашигтай ажиллаж ногдол ашгаа хуваарилж эхлэх ёстой. 

Нөгөө талаас Монгол Улсын Засгийн газар энэхүү төслийн 34 хувийг эзэмшихдээ өөрийнхөө хувь эзэмшилд таарах хөрөнгө оруулалтыг хийгээгүй. Ирээдүйд олох ногдол ашгаасаа төлөх сонголтыг хийсэн. 

Гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийхийн тулд бид олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж төслийн санхүүжилт босгосон. Энэхүү төслийн санхүүжилтийг гаргасан байгууллагууд маань зээлээ эргүүлж авах ёстой. 

Тэгэхээр би яг өнөөдөр та бүхний өмнөөс харж сууж байгаад тэдэн оны тэдэн сараас ногдол ашиг хуваарилж эхэлнэ гэх хугацааг хэлж чадахгүй. Яагаад гэхээр үүнд зах зээлийн олон хүчин зүйл хамаарна. 

Энэ компани хэзээ ашигтай эхэлж эхлэхээс л хамаарна.

Гэхдээ ОТ төсөл Монгол Улсад өгөөжөө оруулж байгааг бид заавал дурдаж явах ёстой.

14 мянган хүн энэ төсөл дээр ажиллаж байна. 2010 оноос хойш 1.5 тэрбум долларын татвар хураамж төлсөн байгаа. Зөвхөн 2017 онд гэхэд 1.7 тэрбум долларын худалдан авалтыг Монголын компаниудтай хийсэн байна. Тэгэхээр энэ бүхний эдийн засгийн дам нөлөөг та бүхэн надаар тайлбарлуулалтгүй сайн мэдэж байгаа.

Асуудалд том зургаар, алсын хараатай хандах хэрэгтэй гэж бодож байна. Бидний анхаарах гол зүйл юу гэхээр ОТ –г бид дэлхийн хэмжээний сайн уурхай болгоод үүнээсээ Монголчууд, хувь нийлүүлэгчид бүгдээрээ ашиг хүртэх боломжийг бий болгох ёстой. 

IKON.MN: Хэрвээ та Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл магадгүй Монгол Улсын Ерөнхий сайд байсан бол Монголын эзэмшлийн 34 хувийг урт хугацаандаа эзэмших нь зөв гэж үзэх байсан уу. Тодорхой хувиа зарах сонголт хийх байсан уу. Хэрэв зарлаа гэхэд хэзээ хамгийн тохиромжтой цаг вэ?
ЖС: Энэ асуултыг асуусанд баярлалаа. Гэхдээ би энэ асуултад хариулахад тохиромжтой хүн нь биш ээ. 

IKON.MN: Тэгвэл нэмээд нэг асуулт асууя. Таван толгойн цахилгаан станцын төслийг эхлүүлэхэд Рио Тинтод үнийн саналаа явуулаад тохиролцох хэлэлцээ хүлээгдэж байгаа юм билээ. Энэ асуудалд яагаад хариу өгөхгүй байгаа вэ?
ЖС: Цахилгаан станцын төслийн хувьд талуудын хооронд шууд хийгдэж байгаа хэлэлцээ юм. Бид зах зээлд мэдээлэл хүргэх хэмжээнд тодорхой үр дүнд хүрээгүй байна. 

“ӨНӨӨДӨР” СОНИН: ОТ компанид татварын акт тавиад байна. Энэ нь хоёр талын хөрөнгө оруулалтын гэрээний үл ойлголцол одоог хүртэл үргэлжилсээр байна уу даа гэх таамгийг бий болгоод байна.
ЖС: Манай группийн үйл ажиллагаа эрхэлдэг Америк, Австрали зэрэгт татварын асуудлууд үүсч хэлэлцэж шийдвэрлэж явдаг. Тэгэхээр энэ бол бизнесийн орчинд гардаг л үйл явдал. Бид энэ татварын актын мэдэгдлийг 7, 10 хоногийн өмнө хүлээж авсан. Энэ асуудлыг цэгцлэх, ойлголтоо нэгтгэхээр Монголын татварын албаныхантай уулзаж хэлэлцэж байгаа. 

 

x