Индэр    
2018 оны 1 сарын 10
Зураг
iKon.mn сэтгүүлч, Эдийн засаг, Санхүү

Тэд утаатай тэмцээд байна уу, ХООРОНДОО ТЭМЦЭЭД БАЙНА УУ?

Зураг

~Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс Агаар, ус, хөрсний бохирдол ГАМШГИЙН ТҮВШИНД хүрснийг хүлээн зөвшөөрсний 1 жилийн ой өнөөдөр тохиож байна~

Жилийн өмнө дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотоор нэрлэгдээд байсан Бээжин энэ өвөл цэлмэг тэнгэртэй байна гэв үү.

БНХАУ-ын удирдлагууд нийслэлээ агаарын бохирдлоос салгахын тулд хатуухан арга хэмжээ авчээ. Тухайлбал, агаар бохирдуулагч гол эх үүсвэр болох 2,100 үйлдвэрийг хааж, 2020 он гэхэд түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоохоор ажиллаж байна. Харин үүний оронд цахилгаан, байгалийн хийн хэрэглээг дэмжиж байгаа аж.

1956 онд гарсан “Цэвэр агаар тогтоол” /Clean Air Act/ олон мянган Лондончуудын амийг авч одсон хорт утаанаас салгаж чадсан түүхтэй. 1952 оны их утааны улмаас 12,000 хүн амь насаа алдсан. Үүнээс 4 жилийн дараа гарсан энэхүү тогтоол нь ямар ч байшингийн яндангаас хорт утаа гаргахыг хориглосон бөгөөд зөрчвөл хатуу хариуцлага хүлээлгэх заалттай. Одоо Лондон дэлхийн хамгийн цэвэр агаартай хотуудын нэг.

Хүн төрөлхтний түүх агаарын бохирдолтой эрс шийдэмгий тэмцсэн нь ялагч болсныг харуулсаар байна. Гэвч манай төр засаг агаарын бохирдолтой хэрхэн тэмцэхээ мэдэхгүй төөрөлдсөөр 10 гаруй жилийн нүүрийг үзлээ. Өнгөрсөн хугацаанд утаатай тэмцэх нэрээр төсвөөс үрэгдсэн мөнгө 150 орчим тэрбум төгрөг болжээ. 

Харин өнөөдрийн байдлаар УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэх гурван институци гурван өөр шийдэл ярьж байна. 

Дагуул хот байгуулах Ерөнхийлөгчийн санаачилга

Ерөнхийлөгч Х.Баттулга 12 дугаар сарын 28-ны өдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж утааны эсрэг “Онц байдал” зарлаж тэмцэх саналыг УИХ-д хүргүүлснээ мэдэгдсэн билээ.

Тэрбээр мөн өөрийнхөө саналыг дэвшүүлсэн юм. Ингэхдээ “Миний дэвшүүлж байгаа санал маш тодорхой. Дагуул хот байгуулах тухай. Олон улсад дагуул хот байгуулсан олон жишээ байдаг. Яг ийм жишгээр дагуул хот байгуулах асуудлыг хавраас эхлүүлье” хэмээв.

Мөн 2018 оны нэгдүгээр сарын 5-нд болсон УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч оролцож дагуул хот байгуулах асуудлаар “Намайг 2008 онд Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд болоход ҮАБЗ хуралдаад, утаанаас яаж салгах вэ гэдэг асуудлаар санал гаргаад ир гэдэг үүрэг өгсөн. Яамныхаа ажилтнуудтай нийлж байгаад дагуул хотуудыг бий болгох юм байна, хөдөөг хөгжүүлэх юм байна гэдэг санал гаргасан. Улаанбаатар хотоос 40 км зам буюу Богд уулаа тойрсон дагуул хотуудыг бий болгоё гэж дагуул хотуудын зургийг гаргасан. Ерөнхийдөө ТЭЗҮ-ийг нь хийсэн. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт танилцуулсан. Дагуул хотууд руу нүүдлээ зоригтойгоор эхлээч ээ.

Утааны асуудлыг шийдэж чадахгүй бол Цагаан сарын дараа УИХ-ыг тараах талаар санаачилгатай ажиллана” хэмээн УИХ-ын гишүүдэд хатуухан үг хэлэв. Мөн тэрбээр гэр хороололд байгаа төсвийн ажилтнуудын цалинг барьцаалж борлогдоогүй орон сууцанд оруулах санаачилгыг ч гаргасан юм. 

Дэд төв байгуулах Ерөнхий сайдын төлөвлөгөө

“БНХАУ-аас олгох 2 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хэрэгжүүлэх инженерийн болон нийгмийн дэд бүтэц бүхий бичил дэд төвүүд байгуулах төсөл болон Улаанбаатар хотын гэр хорооллын орчмын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажил хийхээр төлөвлөсөн” хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр чуулганд мэдээлэл хийхдээ хэлэв. Мөн ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийг илүү боловсронгуй болгож ажиллана гэв.

Жилийн өмнө Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн шийдвэрийн дагуу утааны асуудал өндрөө авч Засгийн газраас 2017 оны III сард “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг яаравчлан баталсан бөгөөд уг хөтөлбөрт багтсан олон ажлуудын нэг нь дэд төв байгуулах асуудал юм. Энэ нь харьцангуй шинэ санал тул энд онцоллоо. Төлөвлөсөн бусад ажлуудынх нь талаар уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Засгийн газрын энэ хөтөлбөрийг жирийн иргэн уншаад ч ойлгохооргүй, хэтэрхий өргөн хүрээний, зорилт гэхээсээ илүү үйл ажиллагааны төлөвлөгөө болжээ. Мөн агаар, орчны бохирдлыг хамтад нь авч үзсэн нь зөвхөн утаатай тэмцэх асуудал биш гэж ойлгож болно. 

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газар 10 орчим их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байгаа. Энэ нь манай улсын нэг жилийн төсвийн зарлагаас ч их хэмжээний мөнгө. Энэ төлөвлөгөөнд мэдээж дагуул хот байгуулах ажил тусгагдаагүй.

Тэр ч бүү хэл саяхан шинээр томилогдсон У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Жилийн өмнө баталсан хөтөлбөрөө яахаа шийдээгүй улсад хэдэн арван жил бугшсан утааны эсрэг тэмцэх чадвар бий юу гэвэл эргэлзээтэй.

Утааг арилгахаар дуншиж буй УИХ-ын тогтоол

УИХ энэ өдрүүдэд утааг арилгах тогтоолоо батлуулахаар дуншиж байна. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ерөнхийлөгч “Онц байдал” зарлах санал оруулсны дагуу УИХ Утааны эсрэг ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Ё.Баатарбилэг гишүүнийг томилжээ. Тэд өнгөрсөн хугацаанд хоёр удаа хуралдаж тогтоолын төсөл боловсруулснаа 2018 оны нэгдүгээр сарын 5-нд УИХ-д танилцуулж анхны хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй тухай Ё.Баатарбилэг гишүүн “Ажлын хэсэг нэлээн нухацтай ярилцсан. Утаа гамшиг болсон уу гэвэл гамшиг мөн. Гэхдээ утаа бол онц байдал тогтоож тэмцдэг асуудал биш. Урт хугацаанд ажиллаж байж үр дүнд хүрнэ гэсэн шийдлийг ярьсан байгаа. Хуулинд нийцэхгүй учраас онц байдал тогтоох боломжгүй гэдгийг уламжилж байна” гэв.

Ямар ч байсан тэд утаатай Ерөнхийлөгчийн “заавраар” тэмцэхгүй гэдгээ ийнхүү илэрхийлсэн юм.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан байгалийн хий ашиглаж утаанаас салах аргыг судлах, Ж.Ганбаатар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, Ж.Батзандан онц байдал зарлах зэрэг шийдлүүдийг хэлэв. Мөн хэд хэдэн гишүүн айлуудын байшин, гэрийг дулаалж утаанаас салгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа.

Яг одоогоор Монгол Улс утаатай хэрхэн тэмцэх нь тодорхойгүй хэвээр байна. Төрийн эрхийг барьж буй гурван институци гурван өөр санаачилга гаргаж, энд тэнд очиж сонирхогчийн түвшний "юм" ярьсаар...Тэд утаатай тэмцээд байна уу, хоорондоо тэмцээд байна уу. 

Өнөөдөр Монголын бүх асуудал ийм л "хурдаар" урагшилж байгаа нь харамсалтай.