Зураг
Зураг
Индэр    
2018 оны 1 сарын 2
Зураг
Freelance journalist

Ц.Амгалан: Дурлалын хийрхлийг “хайр” гэж андуурсан балгийг хэдэн сая өнчин хүүхэд эдэлж байна

Зураг
"Үнэний тухай ярилцъя" цуврал ярилцлагын булангийн ээлжит зочин бол “Гэрээ гийгүүлье!”, “Уй гашууг даван туулахуй” цуврал лекцүүдийн удирдагч, урлаг судлалын доктор, "Гоодаль" сэтгүүлийн үүсгэн байгуулагч Цогтын Амгалан байв.
 
Түүнтэй бид гэр бүл, эмэгтэйчүүд, нийгмийн амьдралын талаарх Үнэний тухай ярилцахаар хичээлээ.  

БИ ТАЧААЛЫГ ХАЙР ГЭЖ АНДУУРААД АМЬДРАЛЫНХАА ТАЛЫГ БАРСАН БАЙНА

- Би таны цуврал лекцүүдэд суусны дараа “Аз жаргалтай эмэгтэй гэж ямар эмэгтэйг хэлээд байна вэ?” гэдгээр ярилцлагаа эхэлье гэж бодлоо. 
 
- Аз жаргал байдаг уу гэвэл мэдээж байгаа. Гэхдээ бидний төсөөлдөг шиг тийм хэлбэрээр байдаггүй. Мөнхийн эрч хүчтэй эрүүл, саруул, элэг бүтэн, бүх юм сэтгэлчлэн бүтээд байхыг бид аз жаргал гэж ойлгоод, үргэлж тийм байлгах гээд зүтгэх нь бий.
 
Гэтэл амьдрал ямагт тодорхойгүй, тогтворгүй, найдваргүй. Нөхөр анхных шигээ дурласан хэвээрээ, хүүхдүүд өөгүй өв тэгш, “амьдрал үргэлж сайхнаараа”-гийн араас хөөцөлдсөөр эцэстээ бид хамаг тамираа барж туйлдсан золгүй амьтад болдог. Ямар ч хөрөнгөтэй, чадал чансаатай хүн байсан, үр хүүхдэдээ “Ай даа, хорвоо хатуу шүү, амьдрал хэцүү шүү” л гэж хэлдэг. Мөнгөнөөс өөр чухал зүйл гэж байдаг, эрх мэдэл ид хаваар бүх юмыг болгож болдоггүйг бид мэддэг.
 
Тэр амьдралын хясал гасланг хөндүүр багатайхан туулах хат ухааныг, зовлонгоос дээгүүр давж гарах оюуны өндөр чадварыг л аз жаргал гэж би ойлгож байна.
 
- Аз жаргалтай амьдралын нууц жор бол энэ чадвар юм байж. Тэгээд энэ чадварыг хаанаас олж хэрхэн өөртөө суулгах вэ?  
 
- Би олон удаа мухардаж, цөхөрч байсан. Надад амар заяа үзүүлэхгүй байсан асуултуудыг аргалах гээд би өнгөлөг, хөнгөлөг юманд төөрөөгүйдээ баярладаг. 

Би хариулт хайж, асар олон зохиол бүтээл уншсан, их хэмжээний материалтай бүх боломжийн аргаар танилцсан. Эцэст нь миний олж мэдсэн ганц зүйл бол “Хүмүүст зовлон үргэлж байна. Тэр асуудал дээр нь тоглолт хийж, “Таныг жаргалтай болгоод өгье” гэх санаатай ба санаагүй, өөрөө будилчихсан мэхлэгчид 99% нь байдаг юм байна” гэдгийг олж харсан явдал юм. 
 
Би сэтгэл зүйч, бүр сэтгэцийн эмч нар, дасгалжуулагч, зөвлөх, нийгэм судлаач, янз бүрийн бясалгалын багш нар гээд л нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн олон хүнд хандаж байлаа.  Одоо миний ярьж байгаа зүйлс бол яг өөрийн амьдралаараа миний үзэж туулсан, туршлагаараа баталсан ухаарал. Тэгэхээр би өөр дээрээ л жишээ авч чиний асуултад хариулъя.
 
Би их уран сэтгэмжтэй, урлагийн хүн. Үүнд олон давуу тал бий. Аюултай тал нь уран сэтгэмжтэй хүн бодит байдлыг гажуудуулж хардаг, нүцгэн амьдралыг горьдлого хүлээлтээр гоёж, өөрийн харилцаануудыг хийсвэрээр үнэлдэг. Хариуд нь дандаа урам хугаралт гомдол гутрал л ирдэг. Өнөөх уянгын халилаараа улам бүр хөндүүрлэн шаналдаг. Юуны түрүүнд би яг юу хүсээд байна вэ, тэр хүсэл биелэх боломжтой юу, биеллээ гээд би тэгш жаргалтай болох уу, олдсон тэр жаргал ахиж хэзээ ч алдагдахгүй юу гэдгийг өөрөө өөртөө тодорхойлж чадвал зарим зүйлээс татгалзах, заримыг хүлээн зөвшөөрөх, заримыг тэвчихээс аргагүй юм байна гэдгийг олж харах байх. Энэ бол аз жаргалыг олох замын эхэн болно. Тэр нүдийг өөрөө л нээнэ. Өөр ямар ч хувилбар байхгүй.

Миний “шүгэл”-ээр далдаганах салбадайг би хүсч байгаа гэж үү?

- Эмэгтэй хүн бүр өөрөө ч гоё байх гээд, эсвэл хэн нэгэн хүнд таалагдахын тулд их хичээл зүтгэл гаргадаг…
 
- Харин яг л энэ чинь бидний зовлонгийн уг шалтгаан байхгүй юу. Бид дандаа гаднаас, бусдын үнэлгээнээс жаргалыг амсдаг. Юм бүхэнд ялж, хожиж, олж л байвал ханаж жаргаж байдаг.  Гэтэл энэ чинь мөнхөд үргэлжлэхгүй түр зуурын.
 
Нөхөр намайг байнга хүсээд байвал эхэндээ сайхан ч эцэстээ зовлон болж магадгүй. “Ер нь бол тэр зөвхөн миний “шүгэл”-ээр, миний хүссэн үед, миний хүссэн хэлбэр хэмжээгээр, даллавал гарч ирээд далайвал далдраад байдаг бол бүр сайн” гэж олонх маань хэлэх байх л даа. Гэтэл тийм юм гэж байлаа юу? Тийм салбадай надад хэрэгтэй юү? Тэр намайг тийм байлгахыг хүсвэл надад таалагдах уу? Үнэндээ бид яг юу хүсээд байгаагаа өөрсдөө сайн мэддэггүй. Нөхрийгөө бид хүчтэй, соёлтой, супер байлгахыг, түүнээс үнэтэй бэлэг, үлгэр, мөрөөдлөө авахыг хүсдэг. Хариуд нь бид нөхөртөө ариун гал голомт, бүх талын тав тух, чанартай хүүхэд, супер “эмэгтэй”-г өгөх ёстой. Ийм сэдлээр, нөхрийгөө жаргаая гэдэг чин зоригоор эмэгтэй хүн өөрийгөө тордох үүрэгтэй. Тэрнээс биш ингэснээрээ нөгөө хүнийг уургалж, өөрийн хүслийг биелүүлэх шидэт дохиур болгоно гэж зовлогоо зороод байвал өвчин. 
 
- Эр, эм гэлтгүй бүгд ажиллаж амьдарч байна. Хүүхдийн хүмүүжил, гэр орны ажилд адилхан оролцох ёстой биш үү? 
 
- Эр, эм хүний тархины сэтгэн бодох тогтолцоо ондоо, оюуны үйлдлүүд буюу тэдгээрийн урвалын үр дүнд боловсорч байгаа дааврууд өөр, тэдгээрийн эргээд бие махбод, сэтгэл санааны байдалд үзүүлэх нөлөөллөөр бидний үйлдэл ондоо. 
 
Эрэгтэй хүний логик буюу аливааг учир зүйгээр таних ухамсарт сэтгэлгээ илүү хөгжсөн, алсын хараатай, өргөн далайцтай том асуудлуудыг хүчний давуугаар шийдвэрлэх эрмэлзлэлтэй, довтлогч хөдөлгөгч хүч болж, хамгаалах, бүтээх, эзэмдэх, байлдан дагуулах чиглэлтэй. 
 
Эмэгтэй хүн зөн билигт суурилсан далд ухамсарт сэтгэлгээтэй,  гүнзгий нарийн асуудлуудыг уян хатан аргаар зөвшиж шийдэх барилтай, хадгалагч тэнцвэржүүлэгч хүч болж, хуваарилах, зохицуулах, боловсруулах хэрэгжүүлэх чиглэлтэй. 
 
Гэр бүлийн харилцаа гэдэг чинь математик бодолтон дээр биш мэдрэмж, уран чимхлүүр ухаан дээр тогтсон шүтэн барилдлага. Тэгэхээр тэр тал дээр эмэгтэй хүн яалт ч үгүй эрэгтэй хүнээс илүү гэдэг утгаар “гэр” төсөл оногдож байгаа болохоос, дээрэлхүүлээд “гал тогоо”-нд хуваарилагдчихсан юм биш. Харин эмэгтэй хүн эрчүүдээс юугаараа ч дутахгүй, төр ч барина, дайн ч хийнэ гээд зүтгээд байх нь ядаж л их мулгуу харагддаг. Хүн бүр эрхтэн бүтэн эрүүл ухаантай бол асар ялгаа байхгүй боловч өгөгдлийнхөө хувьд аль нэг юманд илүү чадвартай, тэрийгээ хийхэд үр дүн ч өндөр, өөрт нь ч сэтгэл ханамж илүү байх магадлалтай гэдэг талаасаа л  эрэгтэй, эмэгтэй хүний ажил үүргийн ерөнхий уламжлалт хуваарилалт ийм байгаа хэрэг. 

Боловсрол гэдэг чинь оюуны хувьд гүйцэд болохыг хэлдэг болохоос зэрэг цол, дипломын тоо биш

- Зөв сайн эхнэрийн шинжүүд, эсвэл эмэгтэй хүн ийм тийм байх ёстой гээд баахан зүйл яваад байх юм… Зөв нөхрийн шинжүүд энэ тэр гэж байна уу?
 
- Яг адилхан байгаа. Гэтэл эмэгтэйчүүд өөрсдөө тэрийг яагаад нэхэхгүй байгаа юм бэ? Яагаад гэвэл бид маш хямдхан байна. Амархан олддог, тэгээд алдахад нэг их харамсаад байхааргүй л үнэтэй байна шүү дээ. Ямар ч адгийн эр хүн өөрийг нь доромжлохыг хүлээн зөвшөөрөхгүй дээ. Тэгэхэд эмэгтэй хүн өөрийг нь үл тоож, үл хүндэтгэж, янз бүрийн хэлбэрээр орон зайд нь халдаж байхад яагаад тэсвэрлэж байдаг юм бэ. Бидний нөхөр, найз залуу арчаагүй, ахуйн соёлгүй, бүдүүлэг, зэрлэг байхад яагаад бид тэдэнтэй “унтаад” байгаа юм бэ? Хэрэв охин маань ингэж байгаа бол “Ээж аавынхаа энхрийлэн өсгөсөн биеийг хэний дор дэвсч байна вэ?” гэж халаглахгүй гэж үү?
 
- Эмэгтэйчүүд өөртөө итгэлгүй, санхүүгийн хараат, салбал хүүхэдтэйгээ үлддэг учраас дахин гэрлэх боломж бага, өрх толгойлсон эмэгтэйг нийгэм дорд үздэг зэргээс болж муу муухайг хүлээн зөвшөөрдөг юм болов уу ...
 
- Янз бүрийн шалтгаанаар нөхөр нь хамт байх боломжгүй болсон, нас барсан тохиолдолд яаж ийгээд л эхнэр хүн болгож л таарна. Үхсэний араас үхдэггүй. 
 
Болохгүй гээд байгаа чинь зөвхөн  сэтгэл зүйн хамаарал. Тийм гэр бүлийн уур амьсгалтай, аймшгийн харилцаатай, аав нь тийм үлгэр дууриалалтай байснаас байгаагүй нь дээр. Хүмүүс бизнесийн төлөвлөгөө, мөнгөтэй холбоотой асуудал дээр маш няхуур нухацтай хандаж, эрсдэл бүрийг нарийвчлан тооцдог шигээ насныхаа ханийг тэгж чамбай сонгодоггүйн учир юунд байна вэ.
 
Хань гэдэг амьдрал хэмээх далайг хамт туулахаар замд гарч байгаа хамгийн чухал хүн шүү дээ. 
 
Аль нэг нь үхэхэд л хамтын аялал дуусч хуурай газарт гарна. Үүл хурах болгонд “бууяа, буцъяа” гэх эрхгүй. 
 
Тачаалаар хагас зууны амьдрал, хэдэн үеийн үр удмын тавиланг шийдэх нь даанч сохор хэрэг
 
Анхнаасаа энэ хүн миний бүх амьдралын нөхөр мөн үү, ирээдүйн хүүхдүүдийнхээ эцгийг ийм байгаасай гэж би үнэхээр бодож байна уу, 10 жил, 20 жил, 50 жилийн дараа, намайг алдвал, өвдвөл, өтөлбөл, үхвэл энэ хүн яах бол гэж шинжиж, өөрийн болон төрөх хүүхдийнхээ хувь заяанд яагаад хариуцлагатай ханддаггүй юм бэ. Мэдээж бүх эрсдлийг тооцно гэж байхгүй ч зөвхөн хөнгөн амьдрал, эсвэл хуял тачаалаар хагас зууны амьдрал, хэдэн үеийн үр удмын тавиланг шийдэх нь даанч сохор хэрэг. 
 
“Энэ санаа хөөрхөн юм, миний сэрлийг өдөөж байна” гэх нь алив төслийг зөвшөөрөх шалтгаан болох юм уу. Гэтэл хамгийн амархан нөхөгддөг гарз болох мөнгөтэй холбоотой асуудлыг ингэтлээ давхар шүүлтүүрээр тунгааж нягталдаг байтлаа гэр бүлийн итгэлцэл, хүүхдийн хүмүүжил, амьдрал гээд  эргэн нөхөгдөшгүй хохирдог зүйлсийг бид яагаад үнэлдэггүй юм бэ.
 
Мөнгө алдахдаа голоо тасартал горойдог мөртлөө мөнгөөр үнэлшгүй зүйлсийг бол хэмжиж хүчирдэггүй дэндүү харанхуй байна бид. Монголчууд ерөөсөө алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй. Хэн буруутан болох нь гол биш, гарах үр дүн хор уршгийг нь өөрөө л идэх учраас туйлын сэрэмжтэй байх ёстой. 
 
Бид асар түүхий байна. Боловсрол гэдэг чинь оюуны хувьд гүйцэд болохыг хэлдэг болохоос зэрэг цол, дипломын тоо биш шүү дээ.

Өдөр болгон хагарч байдаг тэр зүйлийн хэлтэрхийнүүдийг үхэн үхтлээ эвлүүлэхийг гэр бүл гэдэг

- Нөгөө талаас манайд салалт маш их байна. Хөгжилтэй улс оронд хууль эрх зүйн тогтолцооноосоо болоод хүмүүс суухдаа ч, салахдаа ч тун болгоомжтой хандаад байх шиг…
 
- Манайд хувь хүний үнэт зүйлс гэж алга. Гэр бүл, бизнес, эрүүл мэнд, мөрөөдөл, дотоод хөгжил гээд гарын 5 хуруунд багтах хэдхэн зүйлийн хооронд хүний амьдрал эргэлддэг. 
 
Аль нь хэддүгээр байранд орох вэ гэдгээрээ л хүмүүс хоорондоо ялгардаг болохоос цоо шинийг нээдэггүй юм. 

 “Гэр бүл бол чин сэтгэлийн дотно харилцаа, харилцан итгэлцэл, нөгөө хүнийхээ аз жаргалыг өөрөөсөө өндөрт тавих нөхцөлгүй хайр” гэдэг жинхэнэ утгаараа бидэнд байна уу. Хөгжингүй нийгэмд гэр бүлтэй, тэр тусмаа үнэнч бол хувь хүний давуу тал болдог.  Харин өнөөдөр Монголд мөнгөнөөс өөр үнэт зүйл алга. Мөнгөтэй л бол “дээдэс”. 
Монголын нийгмийн үнэт зүйлст гэр бүл байдаггүй. Гэр бүл гэдэг ойлголт өөрөө институцийнхээ хувьд халагдаж байгаа ч энд л “ХҮН” бойждог. 
 
Өдөр болгон хагарч байдаг тэр зүйлийн хэлтэрхийнүүдийг үхэн үхтлээ эвлүүлэхийг гэр бүл гэдэг. Хөнгөмсөг, сээтэн зангаа, “шинэ”-д шүлэнгэтэх донгоо, заль мэх, худал хуурмаг гэх мэт муу сэтгэлүүдээ ухамсар, ёс суртахуунаар даван байж босгож байгаа аварга бүтээн байгуулалт бол гэр бүл шүү дээ. 
 
- Гэртээ сууж хүүхдүүдээ өсгөхөөр гэрийн авгай болчихлоо, хоцрогдчихлоо гээд ажлаа хийе гэхээр хүүхдээ орхиод явчихлаа гэнэ. Гэртээ байхаар муугаа дуудуулна, гадуур явахаар бас адил. Ийм байхад өөрийгөө боловсруулах талаар бодох сөхөөгүй байх шиг байна.
 
- Тэр бусдын үнэлгээ яагаад тийм чухал юм бэ. Хүн магтангуут баярлаж асч байдаг, хүн муулахаар унаж унтарч байдаг бидний жаргалын унтраагуур яагаад дандаа бусдын гарт байдаг юм бэ.  
 
Бидний өөрийнхөө хэн бэ гэдгийг мэдрэх баримжаа нь бусдын гарт байж яавч болохгүй
Эр, эм боловсролтой үгүйгээс үл хамаараад хүн болгонд өөрийн гэсэн зорилго, ядаж амьдралын бүдүүн тоймын зураг заавал байх ёстой шүү дээ.  Бидний өөрийнхөө хэн бэ гэдгийг мэдрэх баримжаа нь бусдын гарт байж яавч болохгүй. Тийм юм байхгүй хүнд юу гэж хэлэхээ би мэдэхгүй байна.
 
Мэдээж бид нөхөртөө ч, хүүхэддээ ч агшин тутамд таалагдсан хэвээрээ байхгүй, хааяа зөрчилдөнө, зарим үед бүр үзэн ядахдаа ч тулна. Тэр болгонд асч унтраад байвал амархан эвдэрнэ шүү. Эхнэр хүн, эх хүн гэдгээс гадна “Би хүн болсны хэргийг гаргаж байна уу? Би ямар “ХҮН” бэ?” гэдэг асуултыг өөртөө тавьж байвал үхэхийн цагт хэрэгтэй л гэх юм. 
 

Дурлалын хийрхлийг “хайр” гэж андуурсны балгийг хэдэн сая өнчин хүүхэд эдэлж байна

- Одоо залуус нийгмээ дагаад өөрчлөгдөөд, сонголт ихтэй болсон ч юм уу, хэлтэрхийнүүдээ эвлүүлээд явах сэтгэлийн хатгүй эсвэл залхуу болчихсон юм уу?
 
- XIX зууныг хүртэл дурлал гэдгийг цаг зуурын юм гэж үздэг байж. Хоёр хүн бие биедээ дурлана гэдэг нь гэр бүл болох шалтгаан ерөөсөө биш байсан. 
 
50 жил бөөр нийлэн амьдрах хүн чинь тийм угсаа гаралтай, тийм хөрөнгөтэй, хүүхдийн эх эцэг болох учраас тийм эрүүл хүчтэй хүн байх ёстой гэдгийг л авч үздэг байсан. Романтизмын урлаг, утга уянгын нөлөөгөөр цагтаа “сэтгэцийн өөрчлөлт” гэсэн оноштойгоор эмчилдэг байсан дурлалын хөөрлийг “хайр” хэмээн андуурч, хүний амьдралын утга учир болтол нь хөөрөгдөж орхисны балгийг одоо хэдэн сая өнчин хүүхэд эдэлж байна шүү дээ. 
 
Эр, эм яахав, өнөөх бэлгийн дур хүсэл унтарлаа, урам хугарлаа, саллаа, өөр нэг юмтай болж л орхино, харин хорвоод нар сар шиг цорын ганц байдаг ээж, аавыгаа хүүхэд үүрд алдаж, амьдын хагацалд унадаг. 
 
Нэгдүгээрт, юу юуны түрүүнд байх ёстой зүйл бол гэр бүлдээ үнэнч байх тухай монголчуудын үзэл санаа юм. 
 
Монголчуудын гэр бүл болохоос өмнөх ба дараах бэлгийн амьдрал, эхнэр нөхрийн харилцаандаа үнэнч байх ёс зүйн уламжлал ямар байсан юм бол.
 
“Монгол хүүхнийг бол 
Мориор хөөгөөд ч гүйцэхгүй 
Ондоо зарим нь бол 
Оройхон өөрөө ирнэм билээ” гэж хүний шүлгээр монгол хүүхнийг энгэр чанга гэж ойлгодог байж. 
 
Гэтэл 1970-аад онд тийм түүхтэй байснаа ердөө 50 жилийн дотор завхайрлын уур уурхай болчихно гэж байх уу. Манай үндэсний түүхчид дайны товчооллоос гадна монгол гэр бүлийн түүх, монголчуудын ёс суртахууны үнэт зүйлсийн тухай ганц нэг жинтэй судалгааны үр дүнгээр дуугарвал яадаг юм бол доо.
 
Омогшиж, огших яахав тэрүүгээрээ л биз, үнэхээр бидэнд муу муухай, ичмээр юм байдаг бол нуугаад байхын оронд хүн бүр дор дороо, тус тусдаа тэр “өв”-тэйгээ ажиллах нь ирээдүйд бидний аврал болж магадгүй л юм. 
 
Гадныхны, ялангуяа хувьсгалаас өмнөх Монголоор хийсэн аян замын тэмдэглэлүүдэд монголчууд маш завхай, охид хөвгүүд нь “эзгүй хээр”-тээ яагаа ч үгүй эрт бэлгийн замбараагүй амьдралд ордог, нөхрүүд нь отор туувар, хадлан, аян жинд явахдаа, эхнэрүүд нь ч тэднийхээ ар хударгаар  орсон гарсантай самуурч байдаг, бузар хормойтой, гэр бүлийн ёс зүйн хувьд жигшмээр гэсэн байхыг нэг бус удаа харж байсан. 
 
Бусад улс нь ямар юм тэгээд гэж барьцах яах вэ, бидний үр хүүхэд ямар орчинд яаж төлөвшиж байна вэ, бидний ач зээг төрүүлэх хүргэн бэрүүд маань ямар соёл хүмүүжлийн тээгчид байгаа зэрэгт  мунхаг сохроор хандаж боломгүй л байлтай.
 
Бид зугаа цэнгэлдээ унтаарчихсан, хууралт урвалтын харанхуйдаа тэмтчин язганаад л байгаа юм шиг санагддаггүй гэж  үү. 
 
- Сэрээх арга байна уу?
 
- Би их сургуулиа төгсч ирээд дээд сургуулиудад багшилдаг байхдаа хүнийг сургаж, өөрчилж болно гэж гэнэхнээр боддог байж. Харин одоо “Хүн өөрөө л хүсэхгүй юм бол түүнийг гаднаас нь өөрчлөх гэж оролдоод хэзээ ч бүтэшгүй юм байна” гэдгийг би баттай хэлж чадна. 
 
Гагцхүү  өөрчлөгдөхийг чин сэтгэлээсээ хүссэн хүн л тусламж авч чаддаг. Шавь нь бэлэн болохын цагт багш нь өөрөө ирдэг гэдэг. 
 
Миний “Гэрээ Гийгүүлье!” цуврал лекцүүд ч гэсэн гэр бүлийн ба эх, хүүхдийн харилцаагаа өөр өнцгөөс харж, нэгэнт байгаа өгөгдөл дунд аз жаргалыг олох, өөрийгөө бүтээх гэж үнэн голоосоо эрмэлзсэн ээжүүд, эмэгтэйчүүдэд зориулагдсан юм. 
 
Тэрнээс биш түр зуурхан зовлонгоо мартагнах гэсэн, “хөгжөөнт тоглоом” маягийн юманд сатаардаг хүмүүст бол дэмий юм. 
 
Ерөөсөө “ХҮН”-ий хүмүүжлийг зөвхөн гэр бүлээс л олдог
 
Ном төгс байгаад хэрэггүй, номонд сурагч нь төгс байх хэрэгтэй л гэдэг. Өнөөдөр мань мэт битгий хэл Бурхан багш өөрийн биеэр морилсон ч номыг нь хэрэгжүүлэх хүн дэндүү цөөхөн байгаа биз дээ. 
 
Манай боловсролын тогтолцоо муу л гэдэг, тэр Кембрижийн, Оксфордын тогтолцооны бүтээгдэхүүн “шинэ монголчууд” ямар байна вэ. Ерөөсөө “ХҮН”-ий хүмүүжлийг зөвхөн гэр бүлээс л олдог. 
 
Хүүхдүүдээ балет, төгөлдөр хуур, математик, оюун ухааны академи энэ тэрээр чирээд л давхиад байдаг, баахан цаас, төмөр, мөнгөний тоо бичсэн том том самбар тэвэрсэн “жижигхээн” хүмүүсийг л хувилаад байдаг. Эдгээр чадвар бол гагцхүү амь зуулгаа олоход л дэм болох зүйлс. 
 
Гэтэл амьдрал бол зөвхөн аж ахуй биш гэдгийг мэдсээр байж бид яагаад хүүхдүүдээ хүмүүжүүлэхгүй, нэг үгээр тэднийг баллаад байгаа юм бэ. Энэ нийгэмд цэвэр ариунаар  үлдэх, гадны янз бүрийн түрэмгийллээс өөрийгөө аврах цорын ганц арга болсон өөрийгөө нандигнах, үнэ цэнээ мэдэх үнэлэх, өөртөө итгэх итгэлийг ээж нар яагаад охиддоо өгч чадахгүй байна вэ. 
 
Бузарлуулж байгаа нь ч, бузарлаж байгаа нь ч аль, аль нь “монгол эх”-ийн гарын бүтээлүүд. Асар олон хүчин зүйл нөлөөлж байгаа ч эх хүний сурган хүмүүжүүлэх ач холбогдол эн тэргүүнд л байна. Монгол эх хүн бүр чадлынхаа хэрээр хүүхдээ зөвхөн үнэнч, ёс суртахуунтай байхад л сургадаг сан бол...