2017 оны 12 сарын 27
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Шаталсан татвар цагаа олоогүйг гэрчлэх ДӨРВӨН ҮНДЭСЛЭЛ

Гэрэл зургийг MPA.mn

Өөдлөн дэвжихийг хүсэн өнөөдөр буудуулж буй баярын оргилуун дарс чинь яг үнэндээ ирэх онд таны орлого буурахыг зөгнөх аж. 

Нэг хэсэг маань зөвхөн 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүмүүсийн татвар л нэмэгдэх гэж байна гэж тайван байх ч тав хоногийн дараагаас ажил хийж цалин авч байгаа нийт иргэдийн 85 хувийнх нь орлого буурна.  Үндэслэлийг ЭНД дарж унших боломжтой. 

Харин энэ удаад шаталсан татварын систем нь тооцоо судалгаа муутай, иргэдийн амь амьжиргааг бодитойгоор судалж дүгнэсэн зүйлгүйгээр гаргасан шийдвэр болохыг судлаачид эхнээсээ нотолсоор буйг хүргэе.

1. 1.5 сая нь өөрөө ДУНДАЖ ОРЛОГО мөн үү?

Дундаж орлоготой иргэд гэж ажилтай, байртай, өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун жаргалтай хэсгийг хэлнэ гэж МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Хүн ам зүйн тэнхимийн эрхлэгч, профессор, доктор Б.Энхцэцэгийн багийн хийсэн “Дундаж давхарга” судалгаанд дурджээ. 

Тэгвэл Монголд ийм хэмжээний дундаж давхарга нийт өрхийн хэдэн хувийг эзэлдэг вэ? 

Өнөөдөр та бид ажилтай, байртай дээрээс нь аз жаргалтай байхын тулд сард ямар хэмжээний зардал гаргадаг вэ?

Эрүүл ухаанаар нэг бодоод үзье. 

2017 оны гуравдугаар улирлын дүнгээр эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд нийт 38 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 606.3 мянган ажилчин хамрагдсан байна. 

Ингээд харвал, Монгол Улсын гурван сая иргэний 600 мянга нь буюу таван хүн тутмын нэг нь ажил хийж бусдыгаа тэжээж амьдарч байна. 

Үүнээс 1.5 сая төгрөгөөс дээш цалин орлоготой 70.8 мянга байгаа нь нийт албан ёсны хөдөлмөр эрхлэгчдийн 11.7 хувийг эзэлж байгаа аж. 

За одоо тоогоо бодоцгооё. 

Жишээ нь, Улаанбаатар хотод амьдрахад сард хамгийн багадаа 185 мянган төгрөг шаардлагатай. Энэ бол дундаж давхарга зэрэг биш бөгөөд амьжиргааны доод түвшин юм. 

Тэгвэл нэг ажил хийдэг хүн өөртэйгөө нийлээд нийт таван хүн тэжээж байна. 

Таван хүний амьжиргааны доод түвшнөөр хэрэглээг үржүүлэхэд 925 мянган төгрөг болох аж. Таван ам бүлтэй айлын сарын өрхийн орлого хамгийн багадаа 925 мянган төгрөг байхад эднийх дөнгөж амьжиргаагаа залгуулах хэмжээнд очих нь. Зөв үү?!

Тэгвэл дөнгөж амьжиргаагаа залгуулах гэж ядаж байгаа өрх өнөөдөр дундаж давхаргад орохын тулд дахиж нэг нь ажил хийгээд орон сууц худалдан авлаа гэж бодъё. Ингэхийн тулд өөрсдийгөө тэжээх 925 мянган төгрөг дээр нэмэх нь дунджаар 500-600 мянган төгрөгийг ипотекийн зээлдээ төлнө. 

Энэ айлын сарын дундаж орлого 1.5 сая төгрөг байх шаардлагатай боллоо. Энэ бол огтоос илүү зардалгүй, дөнгөн данган амьжиргаагаа залгуулаад ипотекийн зээлээ төлөөд явж буй айл. Харин шинэ оноос бид дөнгөн данган амьжиргаагаа залгуулж буй өрхүүдийг жаргалтай дундаж давхаргад тооцон 1.5 саяыг өндөр орлого гэж үүнээс давсан орлогод нь 15 хувийн татвар ногдуулна.  

Нөгөө судлаачдын тодорхойлоод байгаа жаргалаа барьж ядсан ДУНДАЖ ДАВХАРГА энэ мөн үү. 

Дээрээс нь татварын шатлалын интервалийн хувьд ямар ч тооцоо судалгаагүй хийгджээ. 

СЭЗИС-ийн дэд профессор С.Бямбахорлоо “Шаталсан татвар байж болно. Харин интервал нь хол байх хэрэгтэй. 

Нэгдүгээрт, 1.5 сая буюу доод хязгаарыг хэрхэн яаж тогтоосон нь ойлгомжгүй байна. Уг нь логикоор бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж болно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг. Тэгвэл хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг 10 дахин үржүүлсэнтэй тэнцүү буюу 2,400,000 төгрөг гэж үзнэ. Олон улсын жишигт ийм байдлаар дээд, доод хэмжээг тогтдог. Үүнийг дээд хэмжээ гэж хүлээн зөвшөөрч байгаа бол үүнээсээ эхлээд шаталсан татвар нь хэрэгжиж эхлэх ёстой. Тэгээд дараагийн шатлал нь хоёр дахин үржигдэж тогтоогдох ёстой. Өөрөөр хэлбэл, сарын 4.8 -9.6 сая төгрөгийн цалинд нь 20 хувийн татвар авах гэх мэт интервал тогтоож болно. 

Олон улсад ийм шатлал бүхий татварыг авахдаа тухайн нийгмийн амьжиргааны түвшинг тодорхойлоод дээрээс нь гэр бүлийн тоог харгалзан үздэг жишиг олон байдаг. Жишээ нь, өндөр хөгжилтэй Францад гэхэд бүх ангиллын татварууд нь нийлбэрээс татварын хөнгөлөлтүүдийг хассаны дараа шаталсан татварын хувьд нь тооцно. Гэр бүлийн байдлаас хамаарч нийт орлогыг хувааж олон хүүхэдтэй байх тусмаа бага татвар төлөх зохицуулалттай байна" гэж байв.

Мөн тэрбээр амьжиргааны түвшинг бодитоор тогтоосон судалгаа хийгээгүй байж ийнхүү өндөр хувьтай татвар авч байгааг зохимжгүй юм гэлээ. Үнэхээр шаталсан татвар авах гэж байгаа бол сарын найм, ес, 10 сая төгрөгөөс дээш орлоготой өрхүүдэд энэ татварын шатлал байх боломжтой гэж байлаа. 

Яагаав нөгөө төрөөс томилогдсон  "Эрдэнэт Үйлдвэр"-ийн захирал мэт нь сарын 10 мянган долларын цалин авч ажилласаар байна. Энэ мэт хэт цалингийн зөрүүгээ тодорхойлж гаргаж байж татварын шатлалаа эхлүүлэх ёстой аж. Харин дөнгөн данган амьжиргаагаа залгуулж буй иргэдээ торгосоор байвал Монгол Улс хэзээ ядуурлаас гарах вэ?!

2.  Далд эдийн засгийг өдөөх ТАТВАРЫН НЭМЭГДЭЛ ба АВЛИГА 

"Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг 1992 оны 12-р сард УИХ-аас баталгаажуулж мөрдөж эхэлснээс хойш 4 удаа шинэчилсэн байна. 

Шинэчлэлийн нөлөөгөөр хувь хүний орлогын албан татварын биелэлт:

  • 1993 онд өмнөх оноос 5 дахин,
  • 1998 онд 31 хувь,
  • 2005 онд 58 хувь,
  • 2008 онд 55 хувь өссөн үр дүн гарч дараа дараагийн жилүүдэд энэхүү өсөлт хадгалагдаж иржээ" гэж МУИС-ийн  Н.Тунгалаг тэргүүтэй багш нарын “Монгол Улсын татварын тогтолцооны шинэчлэл, татварын оновчлол” судалгаанд дурджээ. 

Өөрөөр хэлбэл, 2007 оноос хэрэгжиж эхэлсэн нэг шатлал бүхий 10 хувийн татварыг хүн бүр төлж эхэлсэнээр татвар төлөгчдийн тоо ч түүнийг дагаад нийт хэмжээ ч нэмэгдэж иржээ. 

Харин иргэдийн цалингийн орлого нэмэгдээгүй үед дээрээс нь төрөөс татварын хариуд үзүүлж байгаа үйлчилгээ сайжруулаагүй нөхцөлд татвар нэмбэл ямар сөрөг үр дагавар дагуулж болох вэ. 

СЭЗИС-ийн дэд профессор С.Бямбахорлоогийн "Хувь хүний орлогын албан татварын судалгаа" -нд дурдсанаар нийт  6,324 хүнээс татварын шинэчлэлийг дэмжиж байна уу гэж асуухад 86 хувь нь дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ. 

Мөн  “Хэрэгжиж эхэлвэл татвараас зайлс хийх болон төлөхгүй” гэсэн нь 45 хувийг эзэлж байна. 

Үүнээс үзвэл шаталсан татварын тогтолцоо эхэлбэл иргэд татвараас зайлсхийх буюу эргээд л далд эдийн засгийн хэлбэрт шилжих эрсдэл буйг харуулж байгаа юм. 

Судалгааны талаар С.Бямбахорлоо багшаас тодруулахад "2018 оноос байгууллагуудын төлөх нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж эхэлж байгаа. Мөн хувь хүний НДШ дээрээс нь шаталсан татвар хэрэгжих учраас байгууллага, хувь хүний сонирхол аль, аль нь бага татвар, шимтгэл төлөхийн тулд нэгдэж 1.5 саяас дээш цалингаа нуун дарагдуулах боломжтой. 

1.5 сая төгрөгөөс дээш цалинтай ажилчдыгаа ажлаас халаад эргэж авах хөдөлмөрийн гэрээ хийхдээ 1.5 саяас доош цалингаар ажиллуулж эхэлнэ. Харин үлдэх цалин нь бэлэн мөнгөөр буюу татвараас нуун дарагдуулах замаар цалинжуулаад явах боломжийг хүмүүс эрэлхийлэхийг үгүйсгэхгүй гэдгийг судалгаа харуулж байна. Энэ бүгдээс далд эдийн засаг буюу бүртгэлгүй мөнгө ихэсдэг. Бүртгэлгүй мөнгө ихсэх бүрт авлига хээл хахууль дагаж өсдөг жамтай. 2007 оноос шатлалгүй татвар хэрэгжиж эхэлсэнээр татварын хэмжээ тасралтгүй нэмэгдэж ирсэн. Харин одоо шинээр хэрэгжих хуулиар татварын орлого эргээд буурах магадлал бий болоод байна"  гэж байв. 

Харин Монголчууд бид хэчнээн жил энэ авлига хээль хахуул гэдэг зүйлийн горыг амсаж байгаа билээ. 

 

3. Төр зөвхөн ТОГТМОЛ АЖИЛ ХИЙДГЭЭ Л НЭМЖ ТОРГОЖ буй нь өөрсдийн ЧАДАМЖГҮЙ байдлаа хүлээн зөвшөөрч буй хэлбэр

"Монгол Улс хувь хүний орлогын албан татварыг нэг хувь хэмжээтэй гэж нэрлэдэг боловч үүнийг 5 төрөлд хувааж 2-40 хувиар татвар ноогдуулдаг. Хэдийгээр ажил эрхлэлтийн, үйл ажиллагааны, хөрөнгийн орлогууд 10 хувийн татвартай байгаа боловч хувь хүмүүс олж байгаа орлогын төрлөөс хамааран харилцан адилгүй татвар төлдөг. Хөгжингүй улс орнуудад энэ төрлийн татварын орлого нийт татварын орлогын 30-аас дээш хувийг бүрдүүлдэг  бол манай улсад 10 хүрэхгүй хувийг бүрдүүлж байна"  гэж 2017 онд МУИС-ийн багш нарын хийсэн "Монгол Улсын татварын тогтолцооны шинэчлэл, татварын оновчлол” судалгаанд дурджээ. 

Өөрөөр хэлбэл тогтмол цалингаасаа татвараа төлөгчид нийт хувь хүний татвар төлөгчдийн 90 гаруй хувийг эзэлж байна. 

Хүснэгт 1,

 

Энэ өөрөө шударга зарчим мөн үү?!

"Монгол Улсын төр хөдөлмөр эрхлэлтийн орлого буюу цалингаас бусад төрлийн хувь хүний олж байгаа орлогоос татвар авч чадахгүй байсаар байна. Хэрэв орлогыг тэгшитгэх бодлого барьж ялгаатай татвар авч байгаа бол ногдол ашгийн татвар, түрээсийн орлого, гавьяа шагналын орлого, спорт, урлагийн оддын орлого гэх мэт орлогоос шатлалаар авах нь зүйн хэрэг юм" гэж С.Бямбахорлоо багшийн судалгаанд дурджээ.

Хамгийн сүүлд гэхэд, Малчдаас Хөрөнгийн нэг хувийн татвар буюу малын тоо толгойгоор нь бүлэглэсэн хамгийн оновчтой байх татварын зохицуулалт хийх судалгааг Эдийн засагч С.Дэмбэрэл санал болгоод байгаа ч улстөрчид үл анхаарна. 

Хувь хүний орлогын татварын асуудлыг цэгцлэх сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх энэ мэт боломж байсаар байхад Монгол Улсын төр засаг нэгэнтээ татвараа тогтмол яс төлж ирсэн иргэдээ л нэмж торгох гэж байгаа нь өөрсдийн ажлын чадамжгүйгээ улам бүр нотолсоор байна.  

4. ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРАХГҮЙ ХАРИН Ч ӨСНӨ

Зээлийн хүүг бууруулъя гэж Монголчууд нийгмээрээ хэлэлцэж буй. 

Үнэндээ зээлийн хүү буурахын хамгийн гол шалтгааны нэг нь иргэдийн байнгын хуримтлал нэмэгдэж мөнгө элбэгших цагаар зээлийн хүү буурах нэг шалтгаан нөхцөл болно гэж эдийн засагч бүр л хэлж буй. Харин тэр л мөнгөө хуримтлуулах боломж бололцоотой болох гэж ядаж буй улсыг нэмж торгосноор юун зээлийн хүү буурах. 

Эрх баригчид яг л өөрсдийн хэлсэн ярьсан зүйлийнхээ эсрэг асуудалд ханддагийн бодит жишээ энэ аж. 

 

x