Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулга болсонтой холбогдуулан УИХ-ын гишүүд болон Зөвлөлдөх зөвлөлөөс өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Амралтын өдрүүдээр болсон Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хэлэлцүүлэгт хот, хөдөөгийн нийгмийн бүхий л давхаргын төлөөлөгч ирж, идэвхтэй оролцжээ.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Зөвлөлдөх санал асуулга амжилттай явагдаж дууслаа. Үр дүнг тодорхойлох тал дээр Статистикийн байгууллагаас 90 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг гарч ажиллаж байна.
Тавдугаар сарын 6-ны дотор Зөвлөлдөх зөвлөлөөс УИХ-д санал зөвлөмж хүргүүлэхээр ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл, зөвлөлөөс гаргасан санал зөвлөмжийг ажил хэрэг болгон, асуудлыг анхааралтай авч үзэж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулах шатад шилжих юм. Үүн дээр Үндэсний зөвшилцлийн комисс ажиллаж, УИХ-д өргөн барих асуудлыг ярилцах болно.
Бид Үндсэн хуулийг аль болох бүхлээр нь өөрчлөхгүйгээр тодорхой хүрээнд нь өөрчлөлт оруулахаар эрмэлзэж, ажиллана” гэв.
Амралтын өдрүүдээр болсон Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хэлэлцүүлэгт 18-88 насны нийт 669 хүн ирж, оролцсон бөгөөд 314 нь эрэгтэй, 355 нь эмэгтэй байжээ.
Хэлэлцүүлэгт 30-39 насныхан хамгийн их буюу 184 иргэн оролцсон байна. Насны ангилалаар дэлгэрэнгүй тоон мэдээллийг дараах графикаар харууллаа.
УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Зөвлөлдөх санал асуулгад ард түмэн яг л өөрсдийн зовлон, жаргалтай хүрэлцэн ирсэн. Хөхүүл хүүхэдтэй хүн хүртэл ирээд оролцож байх жишээтэй.
Боловсролын бүх түвшний, амьдралын бүх түвшний төлөөлөл ямар нэг хувийн сонирхолгүйгээр чин сэтгэлээсээ төрийн хэрэгт идэвхтэй ороцлсон.
Ямар нэг нам эвсэл, анги давхарга, үзэл бодол ялгалгүйгээр улсынхаа ирээдүйн төлөө ард иргэд ярилцаж, нээлттэй санал бодлоо илэрхийлсэн нь хоёр өдрийн гол үр дүн байлаа.
Зарим хүн Үндсэн хуулийг судалдаг, мэдлэг боловсролтой хүмүүсийг цуглуулах байсан гэж яриад байгаа. Боловсролтой хүмүүс энэ асуудлыг 20 жил яриад шийдэж чадаагүй байна.
Зөвлөмж гарган хэлэлцэж, бүх нийтийн санал асуулга явуулах тал дээр эрдэмтэн судлаачид, намууд оролцсон Үндэсний зөвшилцлийн комисс байгуулж, ажиллана. Үүнийг УИХ-аар хэлэлцэх учиртай.
Үүний дараа УИХ-аар хоёр долоо хоногоос доошгүй хугацаанд дангаар нь хэлэлцэх ёстой.
Онолын үүднээс хугацааг нь харвал Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө амжих бүрэн бололцоотой. Амжиж хийвэл улс орны ирээдүйд тустай гэж үзэж байгаа судлаачид олон бий.
Гэхдээ ямар саад бэрхшээл учрахыг мэдэхгүй учраас зургаадугаар сардаа үүнийг хийж чадах эсэхийг одоогоор хэлэх боломжгүй байна” хэмээн тайлбарлалаа.