Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Анхмаа: Алга ташилт миний хамгийн том баяр баясгалан

ikon.mn
2017 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Олны танил бүсгүйчүүдээс нууцлаг байдал, даруу зангаараа ялгарах нэгэн бүсгүй бий. Түүний өгсөн ярилцлагыг хайхад тун ховор. Гэхдээ энэхүү уулзалтын дараа түүнийг илүү нээлттэй, том зорилготой нэгэн гэдгийг мэдрэх боломж олдсон юм. Энэ бол дуучин, жүжигчин, продюсер Анхмаа. Продюсер хэмээн онцолсны учир нь түүний кино урлагт өөрийнхөө хүчтэй орон зайг үүсгэх, үндэс мөчрийг нахиалуулсан "ҮҮР ЦАЙГААСАЙ’" УСК тун удахгүй нээлтээ хийх мөч ойртож байна.


- Ярилцлагаа таныг яагаад кино урлагийн салбарт хүч үзэх болсон тухай асуултаар эхлэе. 

- Өдрийн мэнд. Миний анхны бие даан продюсерлэсэн "ҮҮР ЦАЙГААСАЙ" киноны ажил маань дуусч байгаа энэ мөчид энэхүү ярилцлагад орж байгаадаа баяртай байна.  

Ихэнх хүмүүс намайг дуучин гэдгээр нь мэддэг. Гэхдээ би СУИС-ыг төгссөн мэргэжлийн жүжигчин хүн. Энэ салбарт чанагдсаны хувьд өөрийн гэсэн кино бүтээх юмсан гэсэн олон жилийн турш хүссэн мөрөөдөлтэй байсан.

Энэхүү мөрөөдлөө маш сайхан баг хамт олны тусламжтайгаар биелүүлэх боломж олдлоо. Өөрийн мөрөөдлөө бодит болгох зорилгоор "АNA entertainment" -ыг байгуулан маш том баг бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. "ANA entertainment" –ын зүгээс гарч буй анхны уран бүтээл гэдэг утгаараа киноныхоо бүх зүйлд сэтгэл зүрх, хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээ гарган ажиллаж, кино маань дэлгэцнээ гарахад бэлэн болоод байна.

- Кино багаа хэрхэн бүрдүүлсэн бэ?

- Кино багийн хувьд яах аргагүй маш чадварлаг бүтээлч хамт олон бүрдсэн.

Кино найруулагчийн хувьд киног уран болгодог ур чадвар нь их таалагддаг учраас Найруулагч Сэнгэдоржтой хамтарч ажиллах санал тавьсан. Киноны маань ерөнхий найруулагч та бидний сайн мэдэх ‘’Бодлын хулгайч’’, ‘’Үргээлэг ‘’1,‘’Ларьдма’’,‘’Lovers’’,‘’Босуул’’ зэрэг кинонуудыг найруулсан мундаг найруулагч байгаа.

Сэнгэдорж найруулагчийн хувьд киног жинхэнэ урлагийн бүтээл талаас нь анхаарч ажилладаг. Бүх зүйлийг стандартын дагуу хийж, хүн бүрт ажилдаа эзэн байх шаардлага тавьж анхаардаг нь таалагддаг.  

Киноны зохиолчоор жүжигчин, зохиолч, найруулагч Баттүшиг маань ажилласан. Гол дүрийн хувьд жүжигчин Навчаа бид 2 хамтран тоглосон. Ер нь бол кино баг маань 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажилласан ч гэсэн яг нэг хүн шиг эв нэгдэлтэй байж киногоо амжилттай дуусгалаа. Бид бүгдээрээ л киногоо тэсэн ядан хүлээж байна.

 

- Гол дүрүүдийн хувьд маш сонирхолтой хослол болсон санагдсан. Навчаа Анхмаа гээд гол дүрийн 2 эмэгтэйн нэрийг сонсоод үйл явдал их сонирхол татаж байна.

- Киноны үйл явдлыг 1 өгүүлбэрээр хэлье. 1 нөхрийн 2 эхнэр. Танд ямар санагдаж байна. 

- Яг энэ зүйл л миний сонирхлыг маш их татаад байгаа юм. Та 2-ын тоглосон кинонуудыг бодохоор тэс өөр зантай хүмүүс мэт санагддаг. Навчаа эгчийн хувьд  шулуун шударга, эрэмгий зантай бол таны хувьд зөөлөн, ялдам бүсгүйн дүр хүмүүст төсөөлөгддөг шүүдээ. 

- Киноны гол үйл явдал бол нөхрийнхөө эхнэрийг хайсан эхнэрийн тухай гээд хэлчихвэл бүүр ойртох байх.

Үүнээс цааш илүү дэлгэрэнгүйг киноноос маань үзээрэй. Харин дүрийн сонголтын хувьд цэвэр найруулагчийн шийдэл байсан.  

Навчаа эгчийн хувьд үзэгчид манай киноноос хэзээ ч харж байгаагүй цоо шинэ дүрийг харна гэдэгт их итгэлтэй байна.

Миний хувьд ч ялгаагүй өөрөөсөө нэлээд бага залуу эмэгтэйн дүрийг гаргасан. Товчхондоо бид хоёрын хувьд нас, насны эмэгтэйчүүдийн төлөөлөл болж, 2 өөр орчинд өссөн 2 өөр эмэгтэйн амьдралын холбоосыг харуулахад хувь хүнийхээ зүгээс маш их чармайлт гаргасан.

- Киноны хувьд зорилгоосоо хамаараад өгүүлэмж нь ямар нэг зүйлийг илэрхийлдэг.Зохиолоороо үзэгчдэд болон нийгэмд яг ямар мессэж хүргэхийг зорьсон бэ?

- Гэр бүл салалт, түүнтэй холбоотой сэтгэлзүйн хохирол, эмэгтэйчүүд, ашиг сонирхлыг зөрчилдөөн зэргийг харуулсан.

Мэдээж  эмэгтэй хүмүүс хамтдаа хэрхэн хүчирхэг баг болж асуудлыг даван туулдаг тухай  зохиолд сонирхолтой хэлбэрээр орсон байгаа.

- Киноны ажил хэдий хугацаанд үргэлжилсэн вэ?

- Багаа бүрдүүлэх, санаагаа зохиол болгох, бэлтгэл хангах гээд нэлээдгүй хугацаа шаардсан.

Улаанбаатар хотын зураг авалтаас гадна бид хөдөө өвлийн жавар тачигнасан өдрүүдэд бүтэн 28 хоногийн турш дан гадаа зураг авалтаа хийсэн.

 

- Зураг авалтын үеэр тохиолдсон сэтгэлд тодхон үйл явдал?

- Хөдөө орон нутгийн зураг авалт маань их цастай нөхцөлд хийгдсэн. Иймд бид зураг авалтын талбайгаа байгаагаар нь хадгалахын тулд бүтэн сар өдөр бүр яг явсан замаараа явж, буцахдаа ч нэг замаараа мөр гарган алхдаг байсан.

Энэ мэт олон дурсамжтай үйл явдал зөндөө  байсан.

- Өөрийн тань бие дааж хийсэн бүтээл гэдэг утгаараа өмнөх кинонуудаас илүү хүч чадал ухаан бас хөдөлмөр шаардсан бүтээл болсон гэж бодож байна. Таны хувьд хэр зэрэг шалгуурыг давж энэхүү бүтээлээ босгосон бэ?

- Хэдийгээр би өмнө нь 5-6 орчим бүрэн хэмжээний киноны туслах болон гол дүр бүтээж байсан ч энэ удаад өөрөө киногоо продюсерлээд ажилласан нь миний хувьд нэлээд өндөр сорилт болсон болов уу гэж боддог.

Багаа бүрдүүлэх, санхүүжилт босгох, жүжигчид сонгох, арын алба зохицуулах, хүмүүсээ удирдан зохион байгуулахаас гадна киноны 150 орчим үзэгдэлд бүгдэд нь өөрөө гол дүрд тоглосон нь нэлээд хүч хөдөлмөр, тэвчээр, зүтгэл шаардсан. Гэхдээ найруулагч баг хамт олны нөлөө маш сайн байсан.

Юу намайг хурцалсан бэ гэхээр хүсэл мөрөөдөл тэмүүлэл, надаар овоглосон бүтээл төрнө гэдгийг ухамсарласан сэтгэл байсан даа. Одоо энэ бүхний ард гараад суух шиг жаргал хаана байхав.

- Таны ажлын арга барил юу вэ?

- Миний хувьд багийнхантайгаа хамтран ажиллахдаа ХАРИЛЦААГ маш анхаарч ажилладаг.

Хамтлагт байсан хугацаа минь надад  үүнийг зааж сургаж өгсөн. Их  ч туршлага хуримтлуулсан. Тэр ч утгаараа кино багийнхантайгаа хүн нэг бүртэй тусгайлан эерэг харилцаа үүсгэж ажиллах нь ажлыг амжилттай дуусгах гол арга гэж боддог. Мөн би байнга өөрийгөө шинэ зүйлст хүч үзэж, сорих дуртай.

Шинэ салбарт орох бүртээ заавал ямар нэгэн зүйлд суралцаж, дараа дараагийн ажил дээр туршлага сууж байдаг. Шинэ зүйл суралцах нь өөрийгөө улам хөгжүүлэх гарц гэж ойлгодог.

- Таны ажилдаа ханддаг гол зарчим

- Миний хувьд хийж байгаа бүх ажлынхаа гүйцэтгэлд их анхаарч ажилладаг. Урлаг өөрөө хүнээс 100% гүйцэтгэл шаарддаг.

Энэ соёл, хандлага бүүр багаас минь суусан учраас бүх зүйлийг чанартай, төгс гүйцэтгэхийг хичээдэг. Хийж байгаа дуугаа чин сэтгэлээсээ дуулахыг, бүтээж байгаа дүрээ сайн гаргахыг, клипны зураг авалтаа чанартай гүйцэтгэе гэсэн хандлагатай ажилладаг.

Найз нөхөд гэр бүлдээ ч бас  найз шиг найз, охин шиг охин, ээж шиг ээж байхаар сэтгэлээсээ ханддаг

 

- Таны амьдралаас авдаг хамгийн гол баяр баясгалан

- Мэдээж би ээж хүний хувьд миний хамгийн том баяр баясгалан миний охин. Тийм учраас би ажлаа төлөвлөхдөө ч охиноо өөрөө цэцэрлэгт нь хүргэж өгөөд тарахад нь авах байдлаар зохицуулдаг. Яг энэ хуваарьтайгаа уялдуулаад бусад ажлаа маш нарийн төлөвлөж гэрээсээ нарийн төлөвлөгөөтэй гардаг. Гэхдээ мэдээж гэр бүлийнхэн аав ээж минь миний арын албыг дааж явдаг учраас би их азтай хүн. Харин ажлын хувьд бол алга ташилт миний хамгийн том баяр баясгалан.

Тайз бол шударга бодит үнэлгээг өгдөг цорын ганц газар. Тиймээс алга ташилтаар дүүрэн байхын төлөө хөдөлмөрлөдөг.

- Таныг бүүр хүүхэд байхаасаа кинонд тоглож байсан гэдгийг манай үзэгчид мэдэхгүй байх. Ер нь яаж урлагтай холбогдов?

- Миний хувьд гэр бүлийн нөлөө их байсан л даа. Ээж минь хөгжим бүжгийн коллежийн багш учраас намайг бүүр багаас минь төрөл бүрийн тэмцээн уралдаанд их оролцуулдаг байсан.

Анх 5 настай байхдаа “Ирээдүйн одод” тэмцээнд орж мөнгөн медаль авч, Томчуудын ангилалд нь Номин талстын Хаянаа ах алтан медаль авч байсан хөөрхөн дурсамж бий. Дунд сургуульд ч гэсэн төгөлдөр хуурчийн ангид сурч урлагийн ертөнцөд ойрхон байсан минь 3 охин хамтлагт ороход нөлөөлсөн.

Манай хамтлагийн Соло Ану 2 манай дээд ангийнхан байсан. Гэр бүл маань багаас минь урлагт маш ойрхон өсгөсөн учраас би энэ салбартаа л насан туршдаа үнэнч байж, хөгжүүлэхэд өөрийнхөө чадлыг дайчлан ажиллах болов уу даа.

Ер нь хэзээ ч  өөр салбарт ажиллана гэдэгт өөрийгөө төсөөлж чаддаггүй шүү.   

- Хамгийн сүүлийн асуултаа таны цаашдын төлөвлөгөөгөөр өндөрлөе.

- "АNA entertainment" өөрийн гэсэн орон зайг үүсгэхээр манай багийнхан идэвхтэй ажиллаж байна.

"ҮҮР ЦАЙГААСАЙ"  уран сайхны кино маань ч салхийг нь сайн хагална гэж найдаж байна. Үргэлжлүүлээд ‘’3 охин’’ хамтлагийнхаа шинэ цомгийн ажилд орохоор төлөвлөж байна. Мөн дараагийн киноны ажлаа эхлүүлэхээр  төлөвлөгөөгөө гаргаад ажиллаж байна.

Харин дуучин Анхмаагийн хувьд би өөрийн бие даасан цомгоо гаргахаар цомгийнхоо ажилд ороод байна. "ҮҮР ЦАЙГААСАЙ" киноны ‘’Хайр чи ирсэн ‘’ дуугаар миний сингл цомгийн эхний дуу болж тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. 9 сард гэхэд миний бие даасан цомог бүрэн гарах болно. 

- "ANA entertainment"-аар овоглогдох  цоо шинэ бүтээлүүд Монголын энтертайнмент ертөнцөд цахиур хагалах мөчийг би ч гэсэн тэсэн ядан хүлээж байна. Танд амжилт хүсье. 

- Баярлалаа. Энэ ярилцлагаараа дамжуулаад хамтран ажилласан ‘’Black Zebra’’ pictures, ‘’Навчаа’’ pictures, ‘’Sun’’ pictures болон бусад хамтран ажиллагсад баг хамт олондоо гүнээ талархаж байгаагаа дамжуулж байна. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.