Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Уураг, засаа үнэд орох цагаар...

Ж.Отгон
2017 оны 4 сарын 14
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс 60 гаруй сая малтай. Тиймээс бид нэг үеэ бодвол малаа өсгөж, тоог нь ихэсгэж чаддаг болчихсон байна. Харин эдгээр малынхаа ашиг шим, амьдын жинг нэмэгдүүлэх нь чухал асуудал дээр маш муу байна. Өөрөөр хэлбэл, малын тоо толгой нь хангалттай их боловч ашиг шим нь үнэхээр бага байх боллоо. Товчхондоо манай хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа мал аж ахуйн салбар хүндхэн байдалтай байгаа. Уг нь бэлчээрийн малын мах болоод бусад малын гаралтай бүтээгдэхүүний хамгийн эрүүл хамгийн органик, хамгийн амттай байдаг гэдэг. Гэтэл манай улсын малын мах л гэхэд экспортод  гардаггүй гээд асуудал их байна.

Тэгэхээр бид малын махаа болоод бусад түүхий эдийг массын зах зээлд бус зорилтот зах зээлд зориулж  үйлдвэрлэж яагаад болохгүй гэж. Өөрөөр хэлбэл, энэ органик шим тэжээлтэй түүхий эдийг өндөр үнээр худалдаж авч чадах тэр зорилтот зах зээл рүү чиглүүлж, бэлчээрийнхээ мал аж ахуйг хөгжүүлэх боломж, бүрэн нээлттэй байгаа шүү дээ. Тэгээд ч өнөөдөр өндөр хөгжилтэй улс орнууд бэлчээрийн малын мах нь фермерийн малынхаас хамаагүй өндөр ашиг шимтэй, амттай, эрүүл мэндэд ач холбогдолтой гэдгийг аль хэдийн тогтоочихсон. Тэгэхээр манай малын түүхий эд хамгийн тансаг хэрэглээнд багтах нь ойлгомжтой. Тэгвэл зорилтот зах зээл рүү буюу мөнгөтэй хүмүүст өндөр үнээр борлуулж болох малын гаралтай бүтээгдэхүүний тухайд уураг, засаа байж болохоор байна.

Хаврын цагт хүний бие ядарч сульдаад, дархлаа суларч хямраад ер нь ачаалалтай ажиллаж байгаа хүмүүсийн бие болохоо байчихдаг. Тиймээс ч алдагдсан эрч хүчээ сэлбэж авахаар нэг удаагийн арчилгаа, тордолгоондоо ихээхэн хэмжээний мөнгө зарцуулдаг. Түүнчлэн хэн хүний “сайн” гэж хэлсэн бүрийг хийж, хэрэглэж үзээд л бужигнаж эхэлдэг.

Тухайлбал, анд гарч гөрөөс алж байгаад халуун цус уух, далий ягаан цэцгэн дунд суух, хусны үйсийг хутгаар сийчиж байгаад шүүсийг нь авч уух зэргээр байгалийн органик эмчилгээний аргууд олон бий. Тэр дундаас хэн хүнд хоргүй нэг эмчилгээний арга байна. Хаврын цагт ядаргаа нь ясандаа тулчихаад байгаа хүмүүст хурга мэтийн амьтны засаа, төллөсөн малын уураг бөөн амин дэм болдог. Тиймээс ч үүнийг мэдсэн гаднынхан сүүлийн жилүүдэд хаврын улиралд Монголд уураг, засаа идэх гэж зорин ирэх нь олширчээ.

Мэдээж малынхаа энэхүү ашиг шимийг ашиглах бизнесийн нэгдсэн системд ороогүй байгаа учир уураг, засаа олж идэх хүмүүс өөрийн биеэр эрэл хайгуул хийж байж олж иддэг гэнэ. Ялангуяа хотын ойролцоох малтай айлууд хавар болж малаа хөнгөлөх, мал төллөх үеэр гадаадын жуулчдын хөлд дарагдаж эхэлдэг болсон.

Учир нь засаа идэх хүний биед сайн, эрүүл мэндэд тустай. Ялангуяа бөөн уураг, амин дэм байдаг гэлцэх юм билээ. Тиймээс өдрийн сайныг харан байж малаа хөнгөлдөг малчид маань үүнийгээ төрөлжсөн бизнес болгож хөгжүүлбэл яаж байна. Малаа эрүүлжүүлэх, уураг, засаанаас эхлээд органик бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрийн аргаар олон улсын чанар стандартад нийцүүлж бэлдэж яагаад болохгүй байгаа юм бол. Энэ чиглэлийн мэргэжилтнүүдээ бэлдэж, хамгийн сайн гэсэн техник технологийг нэвтрүүлж, малчдынхаа хариуцлагыг сайжруулсан цагт бидэнд боломж байна. Тэгж чадвал мөнгөтэй гадаадынхан хөдөөгөөр машин хөлөглөөд засаа, уураг хайж давхихгүйгээр өндөр үнээр стандартын шаардлага хангасан уураг, засааг гар татахгүй  худалдан авч идэх нь ойлгомжтой шүү дээ.

Зураг