Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхтайван: 1.5 саяас доош цалинтай иргэдэд татварын дарамт очихгүй

Б.Тогтох, Монголын мэдээ
2017 оны 4 сарын 14
Монголын мэдээ

Энэ долоо хоногийн онцлох сэдвүүдийн талаар хэн, юу хэлснийг хүргэж байна.

Л.Энхболд: Офшор бүсэд холбогдсон хүнд гурван сарын боломж олгоно

 
Гэрэл зургийг mpa.mn

- УИХ-ын нэр бүхий гишүүд офшор бүсэд данс эзэмшиж буй улстөрчдийг мөнгөө эх орондоо оруулж ирэх, улмаар төрийн өндөр албан тушаал эрхлэхгүй байх лобби бүлэг байгуулснаа өнгөрөгч мягмар гарагт зарласан юм. Мөн УИХ-аар офшор бүсэд данс эзэмшдэг хүнийг төрийн албанд ажиллуулахгүй байх, хэрвээ данс эзэмшдэг бол түүнийгээ нэн даруй цуцалж, мөнгөө Монголын эдийн засагт оруулж ирэх хуулийн зүйл заалтыг хэлэлцэж буй. Энэ хуулийн ажлын хэсэгт ажиллаж буй УИХ-ын гишүүн Л.Энхболд “Албан ёсоор хэн нэгэн офшор бүсэд хамааралтай болох нь тогтоогдоогүй.

Ганцхан олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн гаргасан мэдээллийн дагуу тоо нь тодорхой биш ганц, хоёр төрийн албан тушаалтны нэрс ил гарсан. Үүнтэй холбоотойгоор улс төржилт их байна. Яг энэ асуудалтай тэмцье гэхээр эрх зүйн орчин байхгүй. Тийм учраас нийтийн албаны тухай хуульд өөрчлөлт орууллаа. Уг хуулийн гуравдугаар бүлгийн 10 дугаар зүйлд офшорын асуудалтай холбоотой өөрчлөлт орсон.

Тухайлбал 19.2-д нэр дэвшигч болон сонгогдсон албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээд нь офшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэсэн тохиолдолд гурван сарын дотор өмчийн байдалд өөрчлөлт оруулах, орлогын талаар 30 хоногийн дотор АТГ-т мэдэгдэнэ гэсэн заалтыг нэмсэн.  Албан тушаалтнууд энэ мөнгө минийх биш, манай эхнэрийнх, хамаатных гэж булзах аргагүй болж байна. Өөрөөр хэлбэл офшор бүсэд холбогдсон хүнд гурван сарын л боломж олгоно.

Бас нэг өөрчлөлт бол өөрийн хөрөнгийн талаар мэдүүлээгүй, офшор бүстэй холбоотой тохиолдолд улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтныг эргүүлэн татах гэсэн заалт байгаа. Офшор данс нээлгэсэн хууль зөрчсөн бол гурван сарын дотор дансаа хаалгаж, тухайн хөрөнгийг эх орондоо татах асуудлыг ярьж байна.

А.Цогцэцэг: 40-65 насныханд В, С вирусийн шинжилгээ үнэ төлбөргүй хийнэ

 
Гэрэл зургийг mpa.mn

- Засгийн газрын өнгөрөгч лхагва гарагийн хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр баталсан нь олон нийтийн анхаарлыг татаж буй. Тэгвэл энэхүү хөтөлбөрийн хүрээнд ямар ямар томоохон ажлууд хийх талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тайлбар өглөө. Тэрбээр, “Элэг бүтэн Монгол хөтөлбөр маань нийт 226 тэрбум орчим төгрөгийн төсвөөр батлагдсан. Энэ мөнгөний санхүүжилтийн 24.1 хувь нь Улсын төсвөөс, 67.5 хувь нь эрүүл мэндийн даатгалын сангаас, 3.3 хувь нь орон нутгийн төсвөөс, 3.8 хувь нь Олон улсын байгууллага, гадаадын улс орны зээл тусламжаар, 1.3 хувь нь бусад эх үүсвэрээс санхүүжих тооцоо гарсан байгаа.

Монгол Улс Элэгний өвчлөл, нас баралтаараа дэлхийд дээгүүрт ордог. Ялангуяа, өнөөдөр элэгний хорт хавдраар жилдээ 2,600 орчим хүн нас бардаг. Өөрөөр хэлбэл, хоногт 6-7 орчим хүн элэгний хорт хавдраар нас барж байна гэж судалгаагаар гарсан байдаг. Элэгний хорт хавдрыг үүсгэдэг өвчин эмгэг нь элэгний вирусийн халдварууд байдаг.

Тиймээс энэхүү өвчнөөс сэргийлэх ажлуудаа бид тавдугаар сарын 1-ээс эхлэн улс орон даяар хэрэгжүүлж эхэлнэ. Мөн 40-65 насны иргэдэд хепатитийн В, С вирусийн илрүүлэг, оношилгоог хийж, эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах юм. Хөтөлбөрийн хүрээнд хепатитийн вирусийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажил хийнэ” гэв. 

Н.Энхтайван: 1.5 саяас доош цалинтай иргэдэд татварын дарамт очихгүй 

 

УИХ-ын хаврын ээлжит чуулганаар энэ оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байгаа. Төсөлд ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдахтай холбогдуулан долоон төрлийн татвар нэмэхээр тусгасныг олон нийт шүүмжилж байгаа юм. Тэгвэл МАН-ын бүлгээс иргэдэд чиглэсэн татвар нэмэгдэхгүй гэсэн тайлбар өгсөн байх аж. Энэ талаар МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван ярихдаа “ОУВС-гийн зөвлөмж шаардлагын дагуу Засгийн газар төсвийн урсгал зарлагаа бууруулахаас гадна зарим татварын хувь хэмжээг нэмж, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэхээр болсон. Төсвийн тодотголд урсгал зардлыг 78.3 тэрбум төгрөгөөр бууруулахаар тусгасан нь хэмнэж болох бүх зарлага юм.

Татварын бааз суурийг өргөтгөх бодлогыг баялгийн дахин хуваарилалт хийх, хөнгөлөлт, чөлөөлөлтийг бууруулах, архи, тамхины зүй бус хэрэглээг багасгах, байгаль орчныг хамгаалах, бага орлоготой иргэдийн орлогыг хамгаалах бодлоготой уялдуулан хэрэгжүүлэхийг зорьж байна. Эдийн засаг хүнд байгаа үед татварыг аль болох хувийн хэвшил болон  нийгмийн орлого багатай хэсэгт дарамт болохооргүй байдлаар нэмэхээр тусгасан. Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын татвар огт нэмээгүй. Татварын нэмэгдлийн дийлэнх хэсэг нийгмийн өндөр орлоготой хувь хүн рүү чиглэсэн байгаа.

Нийгмийн хариуцлагын үүднээс орлого ихтэй хэсэг нь илүү татвар төлдөг жишиг дэлхийн бараг бүх оронд бий. Манай улсад татвар төлөгч нийт 900 мянган иргэн бий. Үүний 95 орчим хувь сард 1.5 сая төгрөг буюу жилд 18 сая төгрөгөөс бага орлоготой. Энэ хүмүүсийн төлөх татварын хэмжээ өөрчлөгдөхгүй. Монгол Улсын бараг бүх төрийн албан хаагчид, эмч, багш нарын сарын дундаж цалин 1.5 сая төгрөгөөс бага учир татварын хэмжээ өөрчлөгдөхгүй. Тэгэхээр харьцангуй өндөр орлоготой 30-40 орчим мянган иргэн 10-25 хувийн татвар төлнө гэсэн үг” хэмээн ярьжээ. 

Жеймс Андерсон: Энэ онд эдийн засаг сайжрахгүй 

 

Дэлхийн банкнаас Зүүн Ази болон Номхон далайн бүс нутгийн орнуудын эдийн засгийн төлөв байдлын судалгааны дүнг олон нийтэд танилцуулав. Монгол Улсын талаарх дүн мэдээ тун таагүй гарсныг Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон хэлж байлаа. Монгол Улсын  эдийн засаг 2017 онд -02, 2018 онд 1.9, 2019 онд найман хувиар өснө гэж тооцжээ.  Энэ онд эдийн засагт өсөлт ажиглагдахгүй гэж төсөөлөхөд төсвийн алдагдал өндөр байгаа нь голлон нөлөөлсөн байна.  

Хэдий Оюутолгойн хөрөнгө оруулалт болон бусад хөтөлбөрүүд хэрэгжих ч өнөөгийн эдийн засгийн байдалд төдийлөн өөрчлөлт орохгүй гэж үзжээ. Нүүрсний үнэ өсөж байгаа ч цаашид үргэлжлэн өсөх, эсэх нь тодорхой биш байгаа учраас эдийн засагт нөлөөлөл бага байна гэсэн судалгааг тэд гаргасан аж. Жеймс Андерсон хэлэхдээ “Дэлхийн банкнаас Засгийн газарт төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг сайжруулах зөвлөмжийг өгч байгаа. Төсвийн тогтвортой байдал орлого, зарлагыг бодитой тооцохоос хамаарна.

Тодотголд тусгаснаар нэрлэсэн дүнгээрээ төсвийн зарлага өсөж байгаа юм шиг харагдаж байгаа ч эдийн засагт нөлөөлөх бодит нөлөөлөл нь буурсан. Өөрөөр хэлбэл, төсвийн зардлын ДНБ-д эзлэх хувь өнгөрсөн жилийнхээс буурсан дүнтэй байна. Зардлаа танах үүднээс хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 40 хувьд олгоно гэж тусгасан.

Зардлыг хамгийн хүнд хэцүү амьдарч байгаа нийгмийн бүлэг рүү чиглүүлэх зорилготойгоор хүүхдийн мөнгөнд өөрчлөлт хийж байна гэж ойлгосон. Амьжиргааны төвшин доогуур өрхийн хүүхдүүдэд хүнсний талон олгоход зардал төсөвлөсөн нь зүйтэй. Нэг талаасаа орлогоо нэмэгдүүлж байгаа ч, нөгөө талд нийгмийн тодорхой бүлэгт зориулсан халамжийн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээн ярилаа.

Зураг