Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Бэгзсүрэн: Би дэлхийн хүмүүстэй танилцаж байгаа нь гайхалтай хэрэг

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 2 сарын 14
www.ikon.mn
Зураг зураг

Та Couchsurfing гэх вэбсайтын талаар сонсож байсан уу. Энэхүү вэбсайтаар дамжуулан өөрийн хүсэл сонирхолоо нээж, гадаадын хүмүүстэй танилцаж, найзалж нөхөрлөх хүслээ биелүүлсэн Ж.Бэгзсүрэнг та бүхэнд танилцуулъя. Гадны жуулчид, аялагчдыг гэртээ найрсгаар хүлээн авч үнэ төлбөргүй хонуулдаг тэрбээр “CouchSurfing” буюу аялагчдыг гэртээ хүлээн авах олон улсын сүлжээний Монгол дахь гишүүн юм. 

Ярилцлагыг "Caffe Bene" Maxmall салбарт хийв.

- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та couchsurfing системийн талаар танилцуулаач. Хэзээнээс энэ системд хамрагдаж эхэлсэн бэ?

- Couchsurfing гэдэг нь Facebook, Yahoo гэдэгтэй адил вэбсайт юм.  Санаа нь юу гэхээр  хэн нэгэн хүн өөр улс орон руу аялж очихдоо тухайн газарт таньдаг хүнгүй бол энэхүү вэбийг ашиглан очих гэж буй газар нь амьдардаг хүнтэй холбоо бариад  тэр айлд үнэгүй байрлах зөвшөөрөл аван очих гэсэн утгатай систем юм.  Энэ системийг би 2008 оны долоодугаар сараас хойш ес дэх жилдээ ашиглаж байна. 

- Та яагаад гэртээ танихгүй, бүр тэр дундаа гадаад хүнийг хонуулахыг зөвшөөрдөг юм бэ. Хамгийн анх энэ талаар яаж мэдэж, ямар хүнийг гэртээ хонуулж байв?

- Ер нь гадны хүнтэй жирийн хүн танилцана гэдэг бол тийм ч амархан биш шүү дээ. Магадгүй ажлын шугамаар хүнтэй танилцана гэдэг бол байж болох асуудал. Харин тухайн хүнийг гэртээ авчирч хонуулна гэдэг бүр ч хэцүү биз дээ. Би яг 2008 оны үед Нацагдоржийн номын санд ажиллаж байсан юм. Номын сангийн маань нэг уншигч эмэгтэй “Америкаас ирсэн залуу, монгол айлд гурав, дөрөв хонох гэсэн юм, танайд байлгаж болох уу?” гэж асуусан юм. Тэгээд би нөгөө хүнтэй нь уулзаад  зөвшөөрсөн.

Тэр залууг Эндрью Жудкинс гэдэг байсан. Би тэр залуугаас “Чи яаж манай уншигчтай танилцсан юм бэ" гэж яриан дундуураа асуусан. Тэр надад couchsurfing вэбээр холбогдон танилцаж, одоохондоо уншигч эмэгтэйн гэрт нь байрлаж байгаа, одоо харин дараагийн айлдаа очихыг хүсэж байна, ялангуяа гэр хорооллын айлыг сонирхож байна гэж хэлсэн юм. Энэ нь надад маш сонирхолтой санагдаж  Couchsurfing вэбсайтыг сонирхон орж үзсэн. Тэгээд надад тэр вэбийн уриа үг их таалагдсан. “Аялагчдыг орон нутгийн иргэдтэй холбож өгнө” гэсэн байдаг. Бас надад хүнтэй уулзаж, танилцах сонирхол их байдаг байсан. Тэгээд л тэр Америк залууг гэртээ хонуулсны дараа эхнэртэйгээ зөвшилцөж байгаад энэхүү вэбийг хэрэглэж эхэлсэн юм.

 

- Өнөөдрийг хүртэл танайд аль аль улс орноос, хэдэн аялагч ирээд байна вэ?

- Бидэнд зочдын дэвтэр гэж байдаг юм. Тэр дэвтэр дээр аялагчид манайд байсан үеийнхаа сэтгэгдэлийг, мөн Монгол орны талаар ямар сэтгэгдэлтэй үлдсэнээ бичиж үлдээдэг юм. Дэвтэр дээр бичсэнээр одоогийн байдлаар 800 орчим хүн ирсэн байна.

2016 оны байдлаар гэхэд 26 орны 136 иргэдийг гэртээ хүлээн авч, 256 өдрийг хамт амьдран өнгөрүүлсэн. Улс орны хувьд гэвэл дэлхийн 70-аад улс орноос манайд хүмүүс ирсэн байна. Одоо би манайд аль улс орноос хүн ирээгүй байгаа билээ гэж бодох л дуртай болсон. Европ тивийн бараг ихэнх орноос ирсэн байгаа. Яг ирээгүй тив гэх юм бол Антарктид л байна даа. 

- Хамгийн дээд тал нь танайд хэдэн хүн ирж байсан бэ?

- Найман хүүхэдтэй, эцэг эх хоёр, өвөөтэйгээ нийтдээ 11 хүн ирж байсан. Шинэ Зеландын аялагч нар байсан. 

 

- Монголд танаас өөр Couchsurfing системд бүртгэлтэй хэр их хүн байдаг вэ?

- Зөндөө бий. Одоо бараг 1,000 давчихсан байгаа. 2008 оны үед бол 50, 60-аад хүн л байсан.

- Та гэр хороололд байдаг гэсэн. Яг хаана байдаг юм бэ. Аялагч нар танайхыг хэрхэн олж очиж байна вэ?

- Манайх Дарь-Эхэд байдаг. Нэг давуу тал нь гэх юм бол манайх автобусныхаа буудалтай их ойрхон байдаг юм. Бид нар тухайн хүндээ та энэ зургийн дагуу яваад ирээрэй гээд ирэх замыг нь заасан зураг явуулчихдаг. Бид аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг байгууллага биш юм л даа. Тэгэхээр хүмүүс өөрсдөө төвөггүй л олоод ирчихдэг.

- Таны гэрт ирсэн хүмүүс бүгд сэтгэл хангалуун буцдаг уу?

- Миний бодлоор бол ихэнх нь шүү. 90 хувь нь бол байгаа. Харин 10 хувь нь сэтгэл хангалуун бус байх тохиолдол байдаг. Жишээ нь, бид мэдээж Монгол хүмүүс учраас ирэхэд нь байгаа цай хоолоороо дайлна. Гэвч бид тухайн хүнийг хооллох гэж гэртээ ирүүлдэггүй. Бид юу гэж хүсдэг вэ гэхээр, та бидэнтэй цуг нэг гэр бүл болон амьдарч болно, хэд хонох нь таны л сонголт, мөн бидний хүсэл. Харин энэ хугацаандаа та бидэнтэй хамтарч хоол унд хийнэ шүү, магадгүй би таниар хоолны орц, ногоо гэх мэтийг авхуулна шүү гэж л хэлдэг. Тэгээд тухайн хүнтэйгээ хамтран, хүсэл сонирхолд нь нийцүүлэн хоолоо хийж иддэг. Зарим хүн идэхийн төлөө, зочид буудалд ирсэн юм шиг тохиолдол байдаг л даа. Тэгэхээр би тэр хүмүүст "Та миний профайлыг, захиаг маань санаж байна уу. Та үнэхээр манайд байхыг хүсч байвал бид нэг гэр бүл шиг байх нь чухал шүү дээ" гэж хэлдэг. Ийм тохиолдолд магадгүй тухайн хүн сэтгэл хангалуун бус байж болох юм. Гэхдээ энэ тохиолдол маш цөөхөн. 

 

- Сайн дурын, үнэ хөлсгүй ажил учраас танай гэр бүлд эдийн засгийн алдагдалтай тал байдаг уу?

- Алдагдал байдаггүй. Манай гэрийнхний хувьд бид аливаа зүйлийг мөнгөөр хэмжихийг хүсдэггүй юм. Бид нарын хувьд бол тухайн хүн манайд ирсэнээрээ маш их ач холбогдолтой байдаг. Хамгийн наад зах нь гэхэд ямар ч орноос ямар ч хүн ирлээ гэсэн бид англиар л ярина, энэ нь бидний англи хэлний мэдлэг дээшлэхэд ач тустай. Мөн тухайн улсын зан заншил, соёлыг асууж ярилцаж шинэ зүйлсийг сурна. “Танилтай бол талын чинээ, танилгүй бол алгын чинээ” гэдэг үг байдаг шүү дээ. Би зөвхөн Монголчуудтайгаа биш, дэлхийн хүмүүстэй танилцаж байгаа учраас их гайхалтай хэрэг. 

- Та өөрөө энэ шугамаараа гадаад руу явж байсан уу?

- Тиймээ, анх ажлаар Америк явахдаа Вашингтон хотод нэг залуугийнд хэд хонож байсан. Сүүлд өнгөрсөн онд эхнэртэйгээ цуг Новосибирск рүү аялсан. Новосибирск рүү аялахдаа Улаан-Үд, Иркутск, Красноярск хотуудаар дайрч зөвхөн замын машинд гар өргөн сууж аялсан. Ер нь цааш цаашдаа эхнэртэйгээ жил болгон ингэж аялах төлөвлөгөөтэй байгаа. 

- Таны үндсэн мэргэжил юу вэ. Одоогоор ямар ажил хийж байна?

- Би компьютерийн программ зохиогч мэргэжилтэй. Нацагдоржийн номын санд би компьютер хариуцаж 14 жил ажилласан. Одоо бид гэр бүлээрээ хувиараа ажил хийдэг. 

- Та гэр бүлийнхээ талаар яриач.

- Манайх ам бүл тавуулаа. Эхнэрийг маань Мөнгөнсоёмбо гэдэг. Гурван хүүхэдтэй. Ууган хүү маань одоо 16 настай, хоёр охин маань ЕБС-ийн 5, 6-дугаар ангид сурдаг.

- Та гэртээ гадны хүмүүсийг авчрах нь таны гэр бүлд их ашиг тустай гэж ярилаа. Тэгвэл улс оронд энэ ямар ашигтай юм бэ?

- Монгол хүний амьдрал ахуй, ёс заншлын талаар хүн Монголын тухай бичсэн ном сониноос уншиж болно. Гэхдээ бодитоор өөрөө энэ соёлд оролцоно гэдэг нь хамгийн том ач тус. Жишээ нь, Монгол гэрийг хүмүүс жуулчны газар очоод харах, хөдөө малчин хүний гэрт очоод харах, хотод байгаа малчин биш хүний гэрт ирээд харах нь гурван өөр төрлийн зүйл. Адилхан гэр л дээ. Гэхдээ гэр доторх амьдрал өөр. Тиймээс Монголыг ойлгох, өнөөдрийн Монгол хүн яаж амьдарч байна гэдгийг бодитоор харж, тэр айлын ахуйн амьдралыг мэдэж авна гэдэг нь тухайн хүнд магадгүй судалгаанд нь ч хэрэгтэй байж болзошгүй. Нөгөө талаараа, улс орноо таниулах, Монголын зан заншил, соёлыг таниулж байгаа гэж бодож байна.

- Энэ системийг ашиглаж буй таны гол зорилго юу вэ?

- Зорилго маань ерөөсөө хүнтэй танилцаж, хүнээс суралцах. 

- Та одоо есөн жил энэхүү вэбийг ашиглаж, гадаад хүмүүстэй найзалж нөхөрлөсөн. Та үүнээс юу ойлгож тунгаадаг болсон бэ?

Өнөөгийн 20-40 настай гадаад хүмүүс амар тайван, сэтгэл уужим байхыг хүсдэг, үүнийхээ ч төлөө зарим нь аялах мөнгийг хуримтлуулж, ажлаасаа гарч, өндөр хөгжилтэй гэж тооцдог нийгмээс хэсэг хугацаанд хөндийрөхийг хүсдэг болсон нь надад ажиглагдсан. Тэд Монголчуудын хөдөөгийн амьдралд дурлаж энэ хэвээр нь хадгалж үлдэхийг хүсэж захидаг.  

Их дээд сургуулиа төгсөөд ажлын талбарт гарахын өмнөх хэдэн сарыг ашиглан онгоцоор бус газраар аялж байгаа Европ залуугаас, мөн амралтын 7 хоногтоо онгоцоор нисч ирж Тэрэлжийн байгалийн сайханд ганц хоёрхон хоноод онгоцоороо буцаж байгаа Япон залуусаас би лавлаж асуусан юм. Гэтэл тэдний нийгэм, амьдралын орчин нөхцөл цаг завгүй болгодог талаар ярьж байсан.

Монголчууд ч бас одоо үүргэвчээ үүрээд аялалд гарах хэрэгтэй гэж бодож байна. 

Хэрвээ бид өргөн уудам газар нутгаа онгон зэрлэгээр нь хамгаалж авч үлдэхгүй бол бид энэ дэлхийн аль нэг цэвэр байгалийг үзэхээр, тэнд сэтгэл, биеэ амраахаар очих болно гэж би санаа зовнидог болсон. Манайд ирсэн Солонгос 50 настай хүн Монголын говийн уур амьсгал, сүү цагаан идээ, амьдрал ахуйд дурлаж, Солонгост хаанаас ч олж авч чадахгүй эмчилгээг хийлгэж чадсан. Хоёр жаахан хүүхэдтэй Герман айл гурав дахь жилдээ Монголд ирж зун, намрын улирлыг өнгөрүүлж байна.​

Бид дэлхийн өнөөгийн хөгжлийн түвшинд яригдаж байгаа ногоон хөгжил, экологийн цэвэр хүнс, ногоон үйлдвэрлэл зэргийг бодолцож, бэлчээрийн мал аж ахуйг хэдэн өрх айл эрхэлж байна вэ. Таван хошуу малынхаа өтөг бууцаас эхлээд сүү цагаан идээ, арьс ширийг боловсруулдаг уламжлалт өрхийн үйлдвэрлэлийг авч үлдэхэд анхаарч иргэн бүр оролцсоноор Австралийн уугуул иргэд, Америкийн индиан, Финляндын цаатан шиг цөөхөн хэдэн хүнээр уламжлал соёлоо ярьдаг хэмжээнд очихгүй гэж би бодож байна.

Өндөр хөгжилтэй улсуудын иргэдийн сэтгэлийн баяр хөөрийг бий болгоход ямар үйл ажиллагаа, ямар их зардал мөнгө гардаг бол, гэтэл Монгол хүн хүүхдээ үнэрлэх, малаа хотлуулахад л тэр их баяр хөөрийг мэдэрч, таашаал авч чаддаг шүү дээ. 

- Та ер нь цаашдаа хэр удаан энэ системийг ашиглаж, гэртээ жуулчдыг хүлээн авах вэ?

- Би насан туршдаа энэ ажлыг хийнэ.