Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

М.Ганбаатар: Агаарын бохирдлыг бууруулах шинэ аргыг удахгүй туршина

Т.Батсайхан, Зууны мэдээ
2017 оны 1 сарын 4
Зууны мэдээ
 

Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатартай  цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та нийслэлийн гэр хороолол дэд бүтцийн газрыг удирдаад нэлээд хугацаа өнгөрлөө. Хэл ам, элдэв асуудал салдаггүй салбар гэхэд болно.  Та ажлаа юунаас эхлэв?

-Энэ ажлыг аваад гурван сар боллоо. Ажлаа авсан өдөр маань гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлж өгсөн мөртлөө байрандаа орж чадаагүй иргэд өрөөгөөр дүүрэн сууж байсан.

Мөн эдийн засгийн хямралтай холбоотой барилгын компаниудын үйл ажиллагаа зогссон байлаа. Хоорондоо үл ойлголцсон, ер нь энэ салбарт байдал хүнд байсан. 400 гаруй өрх хаачихаа мэдэхээ больсон байсан. Тэд өмнө барилгын компаниасаа түрээсийн төлбөр гэж авдаг байсан юм билээ. Гэтэл тэрийг нь компаниуд нь өгч чадахаа больсон байсан. Ер нь хэл ам, асуудал ихтэй салбар хүлээж авсан даа.

-Одоо байдал ямар байгаа вэ.  Ямар ажил хийж хэрэгжүүлэв?

-Бид хэд хэдэн яаралтай арга хэмжээ авч ажилласан. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дэд төвүүд баригдаж байгаатай холбогдуулан түр суурьшуулах сууцнуудыг шийдвэрлэлээ. Мөн Ахмадын орон сууцанд зарим айлыг оруулсан. Эхний ээлжид нэн яаралтай байгаа 200 гаруй айлыг хамруулсан. Портер машиндаа хүртэл амьдарч байгаа иргэд тэдний дунд байсан.

-Нийслэлийн 10 гаруй байршилд дахин төлөвлөлтийн ажил үргэлжилж байна. Аль байршилд дээрх асуудлууд илүү давамгайлж байгаа вэ. Бүгд асуудалтай байна уу?

-Дамбадаржаад дахин төлөвлөлт хэрэгжүүлж байгаа “Их Өргөө”, Сонгинохайрхан дүүрэгт “Назу” компани гээд ер нь газар бүрд санхүүгийн асуудал хүнд байна. Одоогоор 1,000 гаруй өрх  газраа чөлөөлж байраа хүлээж байгаа судалгаа бий. Бид гэрээнийхээ үүргийг биелүүлж ажиллахыг компаниудаас шаардаж байгаа.

Мөн дахин өөр байршлуудад компаниудыг татан оруулахаар ажиллаж байгаа.  Зөвхөн нэг компани нэг байршилд давуу эрх эдлээд тэгсэн мөртлөө гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байгаа асуудал байна.  Ирэх хавраас энэ асуудлыг бүрэн шийдэж ажиллахаар төлөвлөсөн.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг нийслэлийн өмнөх удирдлагууд хийж хэрэгжүүлж эхэлсэн ажил.  Танай багийн зүгээс энэ салбарт ямар ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна вэ?

-Бид эхний ээлжид гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зөв голдрилд нь оруулна. Иргэдийн асуудлыг төр өөрийн нуруун дээр авах ёстой гэдэгт хатуу байр суурьтай ажиллана.  Цаашид хэрэгжүүлэх төлөвлөлтийн ажилд барилгын компаниудын монополь эрхийг үгүй болгож, иргэдийг хохироодог асуудал дахин гаргахгүй байх талд анхаарч ажиллана.  Мөн компаниуд өөрийн хүчин чадалдаа нийцсэн зай талбайдаа дахин төлөвлөлт хийх хэрэгтэй байна.  

Түүнээс биш том зай талбай авчихаад түүндээ бүтээн байгуулалт хийж чаддаггүй тэгсэн мөртлөө өөр компани оруулдаггүй тоо ярьсан жижиг газрууд олон байна. Энэ тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн бид дараагийн дахин төлөвлөлтийн ажлыг Гандан орчим хийхээр төлөвлөж байна. Иргэдтэйгээ уулзалт хийгээд эхэлсэн.

Улаанбаатар хот үүссэнээс хойш тогтсон гэр хорооллын хамгийн энгийн жишээ бол Гандан байгаа. Энэ хэсгийг хөгжүүлэх талаар дахин төлөвлөлт хийж байна.  Мөн аялал жуулчлалын чиглэлээр иргэдээ орлоготой болгох талаар төлөвлөлт хийсэн.  Ирэх хавраас ажил нь эхэлнэ.

-Хамгийн ойрхон гэр хорооллын дахин төлөвлөлт Ганданд явагдах нь байна. Тэгвэл хамгийн хол нь хаана хийгдэх вэ.  Ер нь хот маань аль чиглэлд хөгжих вэ?

-Хот бараадаад ирж байгаа иргэдийгээ цаашаа яв гэх эрх байхгүй. Найрсгаар хүлээн авна. Зөвхөн төвийн шугамаа түшиглэхгүйгээр хэсэгчилсэн бие даасан эх үүсвэрүүдийг бий болгохоор ажиллаж байна. Олон улсад цахилгаан дулаан, цэвэр бохирын асуудлаа дор бүрнээ шийддэг арга олон гарч байна. Тэр бүхнийг шуурхай, хамгийн зөвөөр тавьж өгөх боломж бий.

-Гэр хорооллын дахин төлөвлөлт хэл ам дагуулан хэрэгжээд л байдаг. Ямар үр дүн харагдаж байна вэ?

-Энэ талаар өнгөрсөн жил Азийн хөгжлийн банкнаас судалгаа хийсэн байдаг.  Монголд дахин төлөвлөлтийн үр дүн  80 жилийн дараа гарч ирнэ гэсэн байна лээ. Тэгэхээр гэр хороололд дахин төлөвлөлтөөс өөр ажил хийж хэрэгжүүлэх хэрэгтэй.

Бид удахгүй уулын оройгоор нарны энерги цуглуулагч панель суулгана. Ингэж иргэдийн цахилгаан дулааныг шийдэх боломж бий. Мод тарьдаг шиг панель тарих хөдөлгөөн өрнүүлэхээр болсон. Энэ нь иргэдийн цахилгааны асуудлыг шийдэхийн зэрэгцээ агаарын бохирдлын асуудлыг давхар шийдэх юм.

-Панель гэдэг нь ямар бүтээгдэхүүн байх вэ?

-Нарны илчийг цахилгаан болгон хувиргадаг бүтээгдэхүүн байгаа. Олон улсад энэ аргыг хэрэглэж байна. 

-Манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд хэр тохиромжтой вэ. Энэ талаар судалгаа хэр хийсэн бэ?

-Бид энэ чиглэлээр нэлээд хэдэн ажил хийхээр төлөвлөж байна. Дэлхийн ногоон сангаас утааг бууруулсан ямар ч тохиолдолд дэмжлэг үзүүлэх боломж бүрдсэн. Манай улс өөрөө тэрхүү конвенцэд нэгдээд байна. Тэгэхээр гал түлэх биш нарны энергиэр цахилгаанаа шийдэж чадвал утааны асуудлыг бүрэн шийдэх боломжтой болж байгаа юм. Бид өнөөдрөөс эхлээд панель тарих аяныг хүчтэй өрнүүлж чадвал хоёр жилийн дараа агаарын бохирдолгүй болох боломж бүрдэж байна. 

-Хүмүүс утаагаар далимдуулсан бас нэгэн шахаа гэж хүлээж авч магадгүй.  Та юу гэж хэлэх вэ?

-Үүнийг хэрэгжүүлж чадвал өрх өөрөө үйлдвэрлэгч болох боломжтой. Хашаандаа, дээвэртээ нарны хураа­гуураа байрлуулаад өөрөө хэрэглээд илүү хуримтлуулсан цахилгаанаа дараагийн өрхөд нийлүүлж орлого олох боломж бий.  Энэ талаар бид хууль журамд тусгаж өгөхөөр ярилцаж байна. Мөн бид энэ төхөөрөмжид зориулан төсөвт нэг ч төгрөг суулгаагүй.  Олон улсын байгууллага болон цэвэр уриалгаар хэрэгжүүлнэ.

-Панель байршуулах ажил хэзээнээс эхлэх вэ. Одоогоор ямар шатандаа явна вэ?

-Бид энэ ажлыг өөдрөгөөр харж байна. 100 айлд туршилтын жижиг төв байгуулах ажил хийгдэж байгаа. Төр засгийн удирдлагуудыг түүгээр орж танилцаасай гэж хүсч байна.  Мөн утааны голомт дээр туршилт хийнэ. Улаанбаатар маань гэр хороололтойгоо ноцолдоод нэлээд хэдэн жил боллоо. Энэ салбарт шинэ үзэл санаа шийдэл хэрэгтэй гэж боддог.

Зураг