Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Далай ламын айлчлал, давхар иргэншил, дөрвөн дипломат төлөөлөгчийн газрыг татан буулгах талаар өнөөдөр албан ёсны тайлбар өглөө.
Энэ сарын 19, 20-нд "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа Далай ламын айлчлалын талаарх Монгол Улсын Засгийн Газрын байр суурийг илэрхийлсэн байна. Уг ярилцлагад Монгол Улс нэг Хятад бодлогыг байнга хүндэтгэдэг. Энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай ламыг Монгол Улсад айлчлуулахгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Зөвхөн "Өдрийн сонин"-нд энэхүү ярилцлагыг өгсөн ч өөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон ямар нэгэн байдлаар БНХАУ-аас уучлалт хүссэн мэтээр мэдээлэх болсон нь энэхүү тайлбарыг хийхэд хүргэжээ.
ГХ-ний сайд Ц.Мөнх-Оргил "Дотоодын болон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөөгүй, мэдэгдэл хийгээгүй. Өдрийн сонинд ярилцлага өгөхдөө Ц.Мөнх-Оргил гэж хувь хүний байр суурийг илэрхийлээгүй. Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлсэн.
Нэгдүгээрт, Далай ламын айлчлалаар манай Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ гэхээр Монгол Улс Нэг хятад бодлогыг тууштай баримталж ирсэн. Цаашдаа ч баримтална. Түвд бол БНХАУ-ын бүрэлдэхүүн хэсэг. Бид цаашид ч ийм байр суурьтай байна.
Хоёрдугаарт, Далай ламын Монгол Улсад шашны байгууллагын шугамаар хийсэн айлчлал нь улс төрийн ямар үйл ажиллагаа явуулаагүй ч энэ айлчлалаас болж хоёр орны харилцаанд үл ойлголцох байдал бий болсон. Үүнд манай Засгийн газар харамсаж байгаагаа илэрхийлсэн.
Гуравдугаарт, энэ айлчлалыг зохион байгуулахад манай Засгийн газар, УИХ-аас оролцоогүй.
Дөрөвдүгээрт, Хэдийгээр шашны байгууллагын хийсэн айлчлал байсан ч үр дагавар нь хоёр орны харилцаа, эдийн засаг, санхүүгийн үр дагавартай асуудал болсон. Энэ бүхнийг харгалзаж үзээд Засгийн газар энэ бүрэн эрхийнхээ хугацаанд Далай ламын Монгол Улсад айлчлуулахгүй гэсэн байр суурьтай байгаа гэсэн.
Мөн X Богдыг тодруулах асуудалд Засгийн газар оролцохгүй. Энэ бол шашны асуудал.
Давхар иргэншлийн асуудлаарх мэдээлэл мөн л "Өдрийн сонин"-д нийтлэгдсэн байна. Тус сонинд давхар иргэншлийн бодлого хэрэгтэй, зөв юм биш үү гэсэн сэтгүүлчийн байр суурийг Ц.Мөнх-Оргил сайдын зурагтай нийтэлсэн байжээ. Өөрөөр хэлбэл, агуулгыг нь дэмжсэн ч зарим зүйлийг нь гуйвуулсан байсан аж.
Энэ талаар Ц.Мөнх-Оргил сайд "Энэ асуудал Засгийн газар дээр албан ёсоор хэлэлцэгдээгүй. Одоогоор ГХЯ-ны Төрийн Нарийн Бичгийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг судалж байгаа.
Бид асуудлыг яагаад судлах шаардлагатай болсон бэ гэхээр өнгөрөгч наймдугаар сард гадаадын 68 оронд ажиллаж, амьдардаг Монголын 130 гаруй мянган иргэний төлөөлөл болох 400 гаруй ТББ Монголд чуулсан. Энэ уулзалтаар хоёр үндсэн асуудлыг тавьсан байна.
Нэгдүгээрт, зарим тохиолдолд Монголчуудаа буцаагаад харьяалалд нь аваач. Монгол хүн буцаад Монголдоо ирэхдээ Монгол хүн биш болж ирээд байна. Үүнийг эргэж харж үзээч. Хоёрдугаарт, Монгол хэл соёлыг үр хүүхэддээ өвлүүлэх зорилгоор Монгол цэцэрлэг, сургуулийг дэмжих эдгээр асуудлыг тавьсан аж.
Үүнийг бид судалж үзэж байгаа. Үзэхээс өөр аргагүй. Дэлхийн 172 орны 50 нь давхар иргэншлийг зөвшөөрдөг, 51 нь огт зөвшөөрдөггүй, 71 нь онцгой тохиолдолд зөвшөөрдөг байна.
Монгол Улс давхар иргэншлийг онцгой тохиолдолд зөвшөөрдөг байх чиглэлээр судалж байгаа. Гэхдээ бид гадаадын хүн Монголын харьяат болох судалгааг огт хийгээгүй.
Харин Монгол Улсын иргэн байж байгаад иргэншлээ алдсан, эс бол аав ээж нь Монгол Улсын иргэн бөгөөд хүүхэд нь гадаадад төрсөн хүүхдэд Монголын иргэншил олгох асуудал юм.
Энэ асуудлыг судлаад Засгийн газарт танилцуулаад, шаардлагатай гэж үзвэл хаврын чуулганд хуулийн төсөл өргөн барихаар ажиллаж байна. Өнөөдөр 24 мянган иргэн хуулийн хатуу шаардлагаас болоод Монголын харьяатын гадна байна.
Нэг зүйлийг онцолоход, БНХАУ давхар харьяаллыг зөвшөөрдөггүй. Тиймээс тус улсын иргэн манай улсад давхар харьяалалтай болно гэсэн асуудал байхгүй. Тиймээс энэ асуудлыг Хятадаар айлгаж улстөржүүлэх шаардлагагүй" гэв.
Энэ асуудлыг маргаашаас эхлээд УИХ-аар хэлэлцэх гэж байна. Яагаад УИХ-аар хэлэлцэх шаардлага гарсан бэ гэхээр нэгдүгээрт, энэ бол УИХ-аас өгсөн үүрэг даалгавар. Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооноос Засгийн газарт Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын чиг үүрэг, ажлын ачаалалд үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр зарим дипломат төлөөлөгчийн газрын татан буулгах, өөрчлөн зохион байгуулах үүрэг өгсөн.
Засгийн газраас бүх яам, агентлагууддаа хэмнэлтийн горимд ажиллах даалгавар өгсөн. Үүний дагуу бид зардал хэмнэж байна гэж ойлгож болно. Ингээд дөрвөн газрыг сонгосон. Ямар шалгуур баримталсан бэ гэвэл, харилцан ажиллах зарчмыг баримталсан. Өөрөөр хэлбэл, гадаад улс манай улсад элчин сайдын яамтай бол бид тэнд элчин сайдын яамтай байна гэсэн зарчим.
Монгол элчин сайдын яамгүй улс орнууд, худалдааны түвшин, тэнд ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн тоо зэргийг харгалзсан.
Тиймээс Индонез, Бразил дахь Элчин сайдын яам, БНХАУ-ын Хайлаар, Японы Осака дахь консулын газраа татан буулгая гэж байгаа юм.
Ингэснээр бид хагас жилдээ 0.8-1, жилдээ 1.6-1.8 сая ам.долларын хэмнэлт гаргана. Ийм шийдвэр гаргаснаа бид нөгөө талуудад тайлбарлаж байгаа.
Түншүүд маань ч ойлгож хүлээж авч байгаа.
Хайлаар дахь консулын газраа татан буулгаад Шанхайд консулын газар байгуулах саналтай байгаа. Учир нь өнөөдөр Хайлаарт Монгол Улсын 7-10 иргэн байнга оршин сууж, амьдардаг. Харин Шанхайд 700 монгол оюутан байгаа юм. Тиймээс иргэд хаана байна тэнд л үйлчилгээгээ үзүүлж, консулын газраа байгуулах нь зүйтэй гэж үзсэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!