Тавантолгойн төслийг хөдөлгөх, хэлэлцээрийг үргэлжлүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр Анхны уулзалтаа хийлээ.
Монгол Улсын Засгийн газрыг бүрэн төлөөлөх уг ажлын хэсэг өнөөдөр удирдамжийн хүрээнд "Шинхуа" группийн удирдлагуудтай уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд ажлын хэсгийн ахлагч, УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж Монгол Улсын Засгийн газраас Тавантолгой төслийг ордын олборлолт, борлуулалт, төмөр зам төдийгүй Өмнөговь аймгийн бүс нутгийн бүтээн байгуулалттай хамт цогц байдлаар шийдэх байдлаар хэлэлцээрийг үргэлжлүүлэх бодлого барьж буйгаа илэрхийлэв.
"Шинхуа" группийн талаас группийн дарга Лю Бин, ерөнхий менежер Лю Шян нарын тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд тэд “Тавантолгойн төслийн тендерт бид хоёр ч удаа орж, мөн хоёр удаа ялсан.
Монгол Улсад болсон сонгуулийн дараа байгуулагдсан танай Засгийн газраас Тавантолгойн өмнөх хэлэлцээрийг үргэлжлүүлэх, “Шинхуа” групптэй хамтран ажиллах сонирхолтой байгаад бид баяртай байна.
Бид ч танай ажлын хэсэгтэй хэлэлцээрээ үргэлжлүүлж, Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлж байна” гэлээ.
Ажлын хэсгийнхэн өнөөдөр Тавантолгойн төсөлд оролцох боломжтой үндэсний олборлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл арваад компанийн удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзаж, үндэсний олборлогч компаниуд бүтээн байгуулалтын ажилд хэрхэн оролцох, тэдэнд ямар нөөц боломж байгаа талаар тэдэнтэй санал солилцох юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!