Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн Газрын санхүүжилтээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16-р цэцэрлэгт хэрэгжүүлж байгаа Орон нутгийн жижиг төсөл болох IV Карлын тоглоомын талбайн нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо.
Энэхүү төсөл нь БНЧУ-ын Засгийн газрын Хөгжлийн хамтын ажиллагааны нэг хэсэг бөгөөд жил бүр хэрэгждэг бусад шатны төслүүдтэй харьцуулахад жижиг цар хүрээ бүхий төсөл юм.
2016 онд 16-р цэцэрлэгт хэрэгжүүлэх төслийн саналаа оруулж, “Хүүхдийн цэцэрлэгийн Карл IV хааны тоглоомын талбай” тус төслийн хэрэгжүүлэгчээр сонгогджээ.
Энэ хүрээнд Европын хамгийн гоёмсог бөгөөд эртний барилга байшингууд нь хадгалагдаж үлдсэн хот болох Прагийг санагдуулам Карлын цайз, Одон орны цаг, Карлын гүүр зэрэг дурсгалт цогцолборуудын бяцхан хувилбарыг тоглоом болгон хийсэн нь цэцэрлэгийн хүүхдүүдэд танин мэдэхүйн болоод гоозүйн ач холбогдолтой болсон юм.
Карлштейны цайз нь Чехийн цайз шилтгээн дундаа өөрийн гэсэн өвөрмөц онцлогоороо ялгардаг. Уг цайзыг Чехийн хаан, Ромын эзэн хаан Карл IV хааны удмынхны үнэт эрдэнэс, үнэт шүтээн сахиуснуудын цуглуулга болон үнэт эрдэнийн чулуунуудаа хадгалах зориулалтаар байгуулж байжээ.
Барилгын архитектурын гайхалтай шийдлийг цайзын хэрэмнээс авахуулаад барилгын гадна хана, дээшээгээ Хааны ордон болон түүний дээгүүр сүр жавхлантайгаар сүндэрлэх цамхагуудаас харж болно. Карл хаан Карлштейнд зуныг өнгөрөөдөг байсан бөгөөд эрхэм хүндэт зочдыг урьж авчран өөрийн баялгаа гайхуулах дуртай байжээ.
Прага хотын одон орны цаг буюу Орлой хэмээн нэрлэгдэх эртний гайхамшигт цагийг 1410 онд анх суурилуулжээ. Энэ цаг нь дэлхийн хамгийн эртний хэрнээ одоо ч ажилласаар байгаа гурван цагны нэг юм.
Орлой цаг нь гурван үндсэн бүрэлдэхүүнтэй. Нар, сарны байрлалыг дүрслэн үзүүлэх одон орны диск, “Бурхны сургааль айлдагчийн алхалт” буюу цаг тутамд хөдлөх бурхны сургааль айлдагчид болон үхлийг араг ясаар дүрсэлсэн дүрсүүд, сар бүрийг дүрсээр харуулах хуанлигаас бүрддэг аж.
Орлойн цаганд 1490 онд хуанлийн диск, уран барилгын чимэглэлийг нэмж суурилуулжээ. Цагчин Ян Таборский 1552 онд энэ цагийг сэргээн засварласан бөгөөд тэр үеэс хойш Орлойн цаг нь олон удаа зогсож, засварчид ч цөөнгүй удаа дахин засварласан гэдэг. 2010 оны аравдугаар сарын 9-нд энэхүү цагны 600 жилийн ойг тэмдэглэж шоу зохион байгуулсан юм.
Прага хотын эртний дурсгалт уран барилгын нэг нь Влтава голын дээгүүр барьсан Карлын гүүр юм. Карл IV хааны үед буюу 1357 онд гүүрний барилгын ажлыг эхэлсэн бөгөөд XV зууны эхэн үед гүүрийг барьж дуусчээ. Прагийн цайз, Хуучин хотын талбай хоёрын дундуур урсах Влтава голыг гатлах нь 1841 оныг хүртэл хамгийн их бэрхшээлтэй асуудлуудын нэг байв.
Нуман тулгуур бүхий 621 метр урт, 10 метр өргөн Карлын гүүр нь хамгаалалтын гурван цамхагтай. Гүүрийг маш гоёмсог хийцтэй 30 баримал чимэглэдэг. Барок маягийн гоёмсог хийцтэй баримлуудыг 1700-аад оны үед гүүрний дагуу байрлуулсан ч одоо бүгдийг нь дуураймал хөшөөгөөр сольсон.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!