Кирил бичгийн зөв бичих дүрэм, түүнд суурилсан журамласан толь бичгийг дахин гаргах талаар Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамнаас мэдээлэл хийлээ.
Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөлд тус тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, Монгол хэлний зөв бичих дүрмэнд нийцүүлэн журамлах "толь бичиг"-ийг дахин шинээр гаргах ажлыг даалгасан байна.
Энэ тухай БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Ажлын гол зорилго бол кирил бичгийн зөв бичих дүрмийн талаар нийтийг нэг ойлголт, үзэл бодолтой болгоход чиглэж байгаа юм.
Журамлсан толийг гаргаснаар бид цаашид Ц.Дамдинсүрэн болон Б.Осор нарын дүрмийн тольд заасан Монгол үсгийн дүрмийг нийтээрээ нэг мөр дагаж, мөрдөх боломж бүрдэх юм.
Журамлсан толийг Хэлний Зөвлөл болон бусад эрдэмтэн судлаачид хамтран зургаан сарын турш ажиллаж, нийтийн хүртээл болгоно. Толь бичиг гартал Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 оны журамлсан толийг дагаж, мөрдөнө” хэмээн тайлбарлалаа.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Хэлбичгийн ухааны доктор, профессор М.Баярсайхан "Журамласан 700 үгийн хувьд манай хэвлэл мэдээллийн ажилтан, сонин нийтлэлийн редакциуд, иргэд болон багш нар өмнө нь гарч байсан толь бичгийг сайн харах хэрэгтэй юм.
Олон үг дүрэмд зааснаасаа буруугаар бичигдэж ирснийг зөвөөр нь жигдэлсэн байгаа. Гэтэл бичлэгийг нь солилоо гэж ойлгоод байна.
Өөрөөр хэлбэл, 1983 онд гарсан Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын толь бичиг бүжин бус бөжин гэж бичихээр тодорхой заасан бий. Энэ нь үгийн үндсийг харж байж зөвөөр тогтоосон бичлэг болно.
Гэтэл сургалт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ү”-ээр бичиж байсан учраас “Ө”-өөр бичих нь зөв юм шүү гэж 700 үгийн жагсаалтад зориуд оруулсан хэрэг. Энэ мэтчилэн буруу хэвшсэн хэсэг үгийг эргүүлэн зассаныг ухаарах хэрэгтэй” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!