Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

APPLE: Танилц! iPhone 7, iPhone 7 Plus, Apple Watch 2, AirPods, iOS 10

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 8
IKON.MN
Зураг зураг

Хэдхэн цагийн өмнө Apple компанийн энэ намарын бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ болж өнгөрлөө. Жил бүрийн есдүгээр сард тохиодог энэхүү үйл явдлын үеэр тэд өөрийн хамгийн гол бүтээгдэхүүн болох iPhone ухаалаг гар утасныхаа шинэ загварыг танилцуулдаг билээ.

Apple CEO Тим Кук “Carpool Karaoke” шоуны хөтлөгч Жэймс Корден болон поп од Фарреллийн хамт автомашинд “Sweet Home Alabama” дууг дуулсаар ирж байгаа видео дүрсээр арга хэмжээ эхэлсэн юм. Тим Кук нь өөрөө Алабама мужийн уугуул бол “Carpool Karaoke” шоу нь Apple Music-ын нэг шинэ контент болж байгаа аж.

 

Ингээд өнөөдөр Apple компанийн зарласан шинэ бүтээгдэхүүнүүдтэй танилцъя:

  • iPhone 7, iPhone 7 Plus – iPhone цувралын хамгийн оргил бүтээл
  • Apple Watch 2 – Ухаалаг бугуйн цагны 2 дахь үе
  • AirPods – Утаснаас бүрэн хамааралгүй болсон чихэвч
  • iOS 10 – iPhone-уудад шинэ амьдрал бэлэглэх хүчирхэг мобайл OS

 

iPhone 7 ба iPhone 7 Plus

 

Гадна үзэгдэх байдал, хийц дизайн

  • Ерөнхий хийцийн хувьд өмнөх iPhone 6, 6s загваруудаас ялгаагүй, хөнгөн цагаан эх бие, дугуйрсан ирмэгтэй.
  • Гаднаас харагдах өөрчлөлт гэвэл ар талд байсан антенны судлууд хасагдсан. Зөвхөн ирмэг хэсэгт үлдсэн байна.
  • Чихэвчний 3.5 мм-ийн оролт хасагдсан
  • Home товч нь механик биш, нөүтбүүкний тракпад шиг даралт мэдрэмтгий болсон
  • Өнгөний хувьд өмнөх Space Grey сонголтыг шинэ 2 янзын хар өнгөөр сольсон. Өөрөөр хэлбэл Мөнгөлөг (Silver), Алтлаг (Gold), Сарнай ягаанаас (Rose Gold) гадна Энгийн бүрзгэр хар (Matte Black), Гялгар хар (Glossy Black) өнгөтэй болжээ.
 
  • Усны хамгаалалттай, бас тоосны хамгаалалттай болсон байна.

 

Камерын чанар

  • 7 болон 7 Plus загваруудын гол ялгаа нь арын камер
  • 7 Plus нь ардаа 12MP-ийн хос камертай. Тэдгээр нь өөр өөр үзүүлэлттэй бөгөөд нэг камер шиг ажиллаж илүү алсын зайд, илүү өргөн өнцгөөр зураг буулгадаг.
 
  • Хос камер нь “2x” хүртэл физик зүүм (татаж ойртуулах), “10x” дижитал зүүм хийх чадвартай болсон нь гар утасны хувьд том амжилт. Мөн “Depth-of-field” буюу объектыг арын дэвсгэрээс нь тодруулж авах чадвартай.
  • Нүүрний 7MP камер нь өмнөх 6s загварынхаас сайжирч илүү сайн сэлфи буулгах чадвартай болсон.
  • 7, 7 Plus-ийн камернууд оптик зураг тогтворжуулагчтай болсноор хөдөлгөөнтэй зургийг сарнилтгүй буулгах боломжтой болсон.
  • f/1.8 aperture үзүүлэлттэй болсон тул 6s загварын камернаас 50 хувь илүү гэрэл мэдрэмтгий болжээ. Өөрөөр хэлбэл гэрэл муутай орчинд зураг авах чадвар ийм хэмжээгээр нэмэгдэнэ.
  • Үүн дээр нэмээд зургаан давхар элемент бүхий линз суулгаж өгсөн тул зураг илүү нарийвчлалтай, тод гарах юм.
 
  • Дөрвөн LED флаш гэрэлтэй болсноор 6s-ийн гэрэл цацалтаас 50 хувь илүү чадалтай болсон байна.
  • 4K нарийвчлалтай видео дүрс бичих боломжтой.

 

 Дэлгэцийн сайжралт

  • Шинэ өргөн өнгөний зурвасыг (wide color gamut) нэвтрүүлснээр Retina HD дэлгэц нь киноны стандартын хурц тод дүрслэл хүргэх чадвартай болсон байна.
 
  • 3D Touch мэдрэгч нь iOS-ын бүхий л түвшинд ашиглагддаг болсон.
  • Өмнөх загвараас 25 хувь тодролтой.

 

Чип, дотоод эд ангийн дэвшил

  • Шинэ A10 Fusion чипийг ашигласан тул iPhone 6-аас 2 дахин хурдан болсон
 
  • Мөн энэ чип нь бага эрчим хүч ашигладаг тул баттерейн насыг уртасгаж өгч байна.
  • iPhone 7 нь 6-аас 2 цаг, 7Plus нь 6Plus-аас 1 цаг илүү удаан ажиллана.
  • A10 Fusion чип нь дотроо шинэ дүрсний сигналын процессортой тул хос камераар зэрэг буулгасан зургийг өндөр хурдтайгаар боловсруулдаг.

 

Дуугаралтын хувьд

  • iPhone анх удаа стерео яригчтай боллоо.
 
  • Ингэснээр 6s-ээс хоёр дахин их орон зайд дуу нь хүрэх чадвартай болсон.
  • EarPods буюу Lightning портоор холбогдох чихэвч дагалдаж байна.
  • Мөн 3.5 мм залгууртай чихэвчнүүдийг ашиглахад туслах Lightning-To-3.5mm хувиргагч хамт ирэх юм.
 

 

Сүлжээний чадвар

  • 450 Mbps хүртэл хурдлах чадвартай шинэ LTE Advanced модемтой болсон
  • Энэ нь iPhone 6-аас 3 дахин хурдан, iPhone 6s-ээс 50 хувь хурдан сүлжээтэй гэсэн үг.
  • 25 хүртэл сигналын зурваст LTE сүлжээ нь нийцтэй ажиллах тул хаа ч явсан дата үйлчилгээ авах боломжтой.
 

 

Үнэ болон зах зээлд гарах хугацаа

  • Үнийн хувьд iPhone 6s-тэй ижил доод тал нь $649-өөс эхэлнэ.
  • Гэхдээ санах байгууламжийн багтаамж бүгд дээшилж 32GB, 128GB, 256GB сонголтуудтай болсон байна. Өмнө нь 16GB, 64GB, 128GB байсан.
  • Өмнөх iPhone 6s загварууд бас 32GB-аас эхэлсэн сонголттой болж байна.
  • Зөвхөн Гялгар хар (Glossy Black) загвар нь 128GB ба 256GB сонголттой байна.
  • Урьдчилсан захиалга 9-ний Баасан гарагт эхлэнэ.
  • Есдүгээр сарын 16-ны Баасан гарагт худалдаалагдаж эхлэх гэнэ.

 

Apple Watch 2 ухаалаг бугуйн цаг

 

Хоёр дахь үеийн ухаалаг бугуйн цагны тухайд

  • Ерөнхий хийц, дизайны хувьд өмнөх загвараас ялгаагүй.
 
  • WatchOS3 үйлдлийн системтэй гарах ба энэ нь голчлон фитнес, эрүүл мэндийн хэрэглээнд чиглэгдсэн.
  • GPS системтэй болсон тул энэ оны сүүлээр Pokemon Go тоглоом Apple Watch 2-т зориулагдан гарахаар болжээ.
  • Усны хамгаалалттай болсон. 50 метр хүртэл усны гүнд ажиллах чадвартай тул усанд сэлэхдээ зүүх боломжтой.
  • Хөнгөн цагаанаас гадна Керамик эх биетэй хувилбар гаргасан. Сүүн өнгөтэй харагдах энэ материал гангаас 4 дахин бат бэх гэнэ.
  • Apple Watch 2 нь $369 үнэтэй зах зээлд гарна.
  • Өмнөх загварын Apple Watch-ыг нэгдүгээр үеийн бүтээгдэхүүн гэж нэрлэж байгаа ба үнэ нь $269 болох аж.

 

AirPods утасгүй чихэвч

 

Apple анх удаа гаргаж байгаа бүрэн утасгүй чихэвч нь гар утастай утасгүй холбогдохоос гадна зүүн, баруун хоёр чихэвч хоорондоо мөн утасгүй холбогддог. Нэг үгээр хэлбэл ямар ч утас байхгүй.

 
  • Нэг цэнэглэлтээр тасралтгүй 5 цаг хөгжим сонсоно.
  • Цэнэглэгч хайрцагны тусламжтай 15 минут цэнэглэхэд 3 цаг сонсох хугацаа нэмэгдэнэ.
  • Чихэвчний баттерейг шалгахдаа AirPods-оо iPhone утсандаа ойртуулж бариад Сиригээс “How’s the battery on my AirPods?” гэж асуухад хэлж өгдөг.
 
  • Цэнэглэгч хайрцагтайгаа явахад 24 цагийн турш ашиглах боломжтой.
  • iPhone-той Bluetooth технологиор ямар нэг илүү ажиллагаа, хүндрэлгүйгээр хялбар холбогддог.
  • Тусдаа зарагдах энэхүү AirPods чихэвч нь $159 үнэтэйгээр аравдугаар сарын сүүлээр худалдаанд гарна.
 

 

iOS 10 мобайл үйлдлийн систем

  • Apple-ын мобайл төхөөрөмжүүдэд зориулсан үйлдлийн систем iOS-ын 10 дахь хувилбар есдүгээр сарын 13-нд зах зээлд хүрнэ.
  • Тэр өдрөөс эхлэн iPhone 5-аас хойш, iPad mini 2-оос хойш загварын төхөөрөмжтэй хүмүүс татаж авч суулгах боломжтой болох юм.