Сибирийн алс бөглүү нутаг Якутын ядуу тосгонд амьдардаг хүмүүс сүүлийн үед нэгэн аргаар ам.долларын саятан болцгоох болжээ.
Энэ бол арслан зааны соёо олборлон Хятадуудад зарах. Арав гаруй мянган жилийн өмнө Сибирьт сүрэглэн амьдарч байгаад устаж үгүй болсон аварга үсэрхэг заануудын яс, соёо мөнх цэвдэгтэй хөрсөнд маш сайн хадгалагдаж үлдсэн байдаг. Тэгвэл нутгийн нинжа нар ердийн усны насос ашиглан хөрсийг задалж хэвлийнээс нь олзоо гаргаж авдаг болжээ.
Хөрс тэс хөлдүү байдаг байснаа сүүлийн үед цаг уурын дулаарлын улмаас гэсэж, усаар задлах, урсгахад амархан болсон нь бас үүнд нөлөөлж байна.
Үнэ ханшийн хувьд 65 кг жинтэй нэг соёо $34,000-аар зарагдаж байгаа аж. Сайн ажиллавал тэр дороо саятан болох боломжтой гэнэ.
Найман өдөр ажиллаад $100,000 орчмыг олсноо зарим нинжа нар ярьсан байна.
Сибирийн хотуудад дундаж цалин $500 ч хүрдэггүйтэй харьцуулбал энэ нь маш том боломж.
Харин ингэж олж авсан арслан зааны соёо Хятадад хүрээд сийлбэрийн мастеруудын гараар орсныхоо дараа Хонг Конгод нэг бүр нь нэг сая ам.доллараар зарагддаг гэнэ.
Орон нутгийн байгаль хамгаалагчид хөрс эвдэн сүйтгэж байгаа нинжа нарын ажлыг зогсоохыг оролддог ч их мөнгөтэй болсон нинжа нар тэднийг хөнгөхөн аргалдаг болжээ.
Германы газар нутгаас найм дахин том нутагтай Якутыг зорьсон олз хайгчдын цуваа улам бүр нэмэгдсээр байгаа гэнэ.
Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!