Нийслэлийн боловсролын газраас өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хүүхэд харах үйлчилгээний талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа "2016 оны нэгдүгээр сарын 1-нээс "Хүүхэд харах үйлчилгээний тухай" хууль хэрэгжиж эхэлсэн. Тав, зургаадугаар сард анхны хүүхэд харах үйлчилгээ амжилттай хэрэгжсэн.
ХАХНХЯ-аас өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд 765 хүүхэд харагчийг бэлтгэсэн. Үүнээс 389 хүүхэд харагч нь байрны дүгнэлтээ гаргаад үйлчилгээгээ эхлээд явж байна. Одоогийн байдлаар 1,885 хүүхэд "Хүүхэд харах үйлчилгээ"-нд хамрагдаад явж байгаа. Есдүгээр сарын 1-н гэхэд 3,000 орчим хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдах боломжтой гэж харж байна" гэлээ.
Нийслэлийн холбогдох албаныхны зүгээс төрийн өмчит цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байгааг харгалзан хувийн өмчит цэцэрлэг, байгууллагын цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээг дэмжиж ажиллахаа илэрхийлж байгаа юм. Мөн цаашид баригдах томоохон орон сууцны хороолол, оффисын барилгуудад дэргэдээ цэцэрлэг, сургуультай байх шаардлагыг тавьж ажиллана гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!