Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өглөө.
Тэрбээр одонг тус ангийн байлдааны туганд хүндэтгэлтэйгээр зүүж өгсөн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан шагнал гардуулж хэлсэн үгэндээ “Зэвсэгт хүчний 084 дүгээр анги хагас зууны түүхэн хугацаандаа Зэвсэгт хүчний “Онц” ангийн болзлыг гурван удаа, “Тэргүүний анги”-ийн болзлыг 17 удаа хангаж, армиудын хамтарсан олон улсын болон дагнасан хээрийн сургуулиуд, энхийг сахиулах ажиллагаа, бусад сургалт дадлагад Зэвсэгт хүчний ангиудыг манлайлан оролцож, цэргийн албаны туршлага хуримтлуулсан Зэвсэгт хүчний мэргэжлийн анги болон бэхжиж чадсанд Монголын төр засаг ямагт талархан дэмжиж байдаг юм” хэмээн онцолсон.
Батлан хамгаалахын сайд агсан дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит Зэвсэгт хүчний 084 дүгээр анги буюу Тусгай томилолтын батальон нь 1965 онд байгуулагдсан. Өнгөрсөн 51 жилийн хугацаанд тус ангийн шүхэрчин дайчид олон удаагийн команд, штабын хээрийн сургууль, хамтарсан хээрийн сургуулиудад амжилттай үүрэг гүйцэтгэж, улс эх орны бүтээн байгуулалт, улс ардын аж ахуйг хөгжүүлэх үйлс, байгалийн гамшиг, ослын голомтын хор уршгийг арилгах, авран хамгаалах үйл хэрэгт идэвхтэй оролцож дээд удирдлагаас өгсөн тусгай үүргүүдийг мэргэжлийн өндөр түвшинд биелүүлж Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөж иржээ.
Мөн Ирак, Сьерра-Леон, Афганистан, Косова, Чад, Хойд болон Өмнөд Судан зэрэг орнуудад явуулж буй НҮБ-ын Энхийг дэмжих олон улсын ажиллагаанд тус ангиас 1,000 гаруй офицер, ахлагч оролцон үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!