Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

АЕПТ-ийн 9 дүгээр уулзалт эхэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Их Хурал, Ази Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт /АСЕМ/-ийн хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт Төрийн ордонд өнөөдөр эхэллээ.  Уулзалтад 32 орон болон Европын парламентаас 170 төлөөлөгч оролцож байна.  Нэгдсэн хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд нээж үг хэллээ. Тэрбээр энэ удаагийн хуралдааныг даргалж байгаа юм. 

З.Энхболд "Өнгөрсөн түүхэнд болон даяарчлалын өнөө үед Ази, Европын хооронд нэгэн гүүр болж ирсэн Монгол Улсад зохиогдож буй Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад уригдан ирсэн Та бүхэнд  Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргээд, манай улсад тавтай зочлохыг хүсье. Энэхүү уулзалт нь 7 дугаар сард Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болон түүнийг угтан зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн салхийг хагалж,  түүчээ болж байгаагаараа онцлог  юм.

Ази, Европ хоёр тивийн улс орнууд олон зуун жилийн тэртээгээс хамтран ажиллаж ирсэн түүхтэй гэдгийг бид мэднэ.     

Тухайлбал, одоогоос 800-аад жилийн өмнө Монгол, Итали улсууд одоогийн АСЕМ шиг Ази, Европыг холбосон үйл ажиллагаа явуулж байсан, Италийн иргэн Пиан Де Карпини 1246 онд  Монголын Их Хаан Гүегт  Ромын Папын захидлыг гардуулсан. Мөн Италийн иргэн Марко Поло 800-аад жилийн өмнө  Монголын Их Хаан Хубилайн ордонд 20 гаруй жил шадарлан сууж байсан, энэ үедээ Монголын Их Эзэнт Гүрэн Ази, Европыг  холбосон “Торгоны их зам”-ыг ивээлдээ авч Ази, Европын худалдаа, иргэд хоорондын харилцааг хөгжүүлж байсан гээд олон түүхийг хэлж болно.

Энэ нь 800 гаруй жилийн өмнө Ази, Европ тивийн улсууд ийм идэвхтэй харилцаатай байсныг гэрчилж байгаа төдийгүй бие биеээсээ хамааралтай нэг дэлхийд, түүний дотор Ази, Европ хоёр тивийн улсууд үеийн үед харилцан ашигтай, хамтдаа хөгжих ёстой гэсэн хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг өвөг дээдэс  минь бидэнд гэрээсэлж үлдээсэн гэж би хувьдаа үзэж байна.  

Бид өнөөдөр тэрхүү харилцааг нэр хүндтэй үргэлжлүүлж байгаагийн хамгийн энгийн  жишээ Ази, Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож байгаа БНИУ-ын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Пьетро Грассо 2 жилийн өмнө Итали Улсад зохиогдсон Ази, Европын Парламентын Түншлэлийн 8 дугаар  уулзалтын  буухиагаа Монгол Улсад шилжүүлэхээр хүрэлцэн ирээд байна. 

Ази-Европын Парламентчдын энэ удаагийн уулзалт нь Ази, Европын Парламентын түншлэлийн өнгөрсөн 20 жилийн үйл ажиллагааг дүгнэн цэгнэж, дараагийн 10 жилийн ирээдүйгээ тодорхойлон, хамтын ашиг сонирхол, нийтлэг зорилтуудад тулгуурлан өргөн хүрээнд, цогц, гүнзгий агуулга, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

Ази, Европын хоорондын уялдаа холбоо буюу connectivity гэдэг нь АСЕМ-ын түнш орнуудын хүрээнд дан ганц дэд бүтэц, төмөр зам, засмал зам, агаарын холбоо зэрэг “хатуу холбоос” төдийгүй хоёр тивийн ард түмний оюун санаа, соёл урлаг, боловсрол зэрэг “зөөлөн холбоос”-ыг оролцуулсан цогц ойлголт болохыг бид хүлээн зөвшөөрч энэхүү уялдаа холбоог бэхжүүлэхэд Монгол Улс өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг зорьж байна. 

Хоёр тивийн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг өргөтгөн гүнзгийрүүлэх нь АСЕМ-ын нэг чухал зорилт бөгөөд сүүлийн жилүүдэд орхигдоод байсан энэхүү салбарын яриа хэлцэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь зүйтэй гэдэгтэй бид санал нэгтэй байгаа болно. 

Монгол Улсын Их Хурал дэлхийн 57 орны парламентыг  эгнээндээ нэгтгэсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн отгон гишүүн бөгөөд энэхүү ассамблейн намрын хурлыг 2015 оны намар Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. 

Энэ удаа Ази, Европын Парламентын Түншлэлийн энэхүү нэр хүндтэй уулзалтыг эх орондоо  зохион байгуулж байгаадаа бид баяртай байна.  

Ази, Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад түнш 32 орон болон Европын парламентаас 170 төлөөлөгч оролцож байна.  

Ази, Европын Парламентын Түншлэлийн уулзалтын дэгийн дагуу  уулзалтаас бидний батлан гаргах  Тунхаглалыг 7 дугаар сард болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад танилцуулах бөгөөд тунхаглалд орох бид бүхний  санаа бодол, зөвлөмж нь АСЕМ-ын цаашдын зорилтод тусгалаа олно гэдэгт итгэлтэй байна. Уг Тунхаглал нь АСЕМ-ын албан бус харилцан яриа хэлцээний талбарыг бататгахын зэрэгцээ АСЕМ-ын үйл ажилагааг олон түмэнд ойртуулж, улам илүү  үр дүнтэй, ач холбогдолтой болгоход тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна. 

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин талархал илэрхийлж, манай сайхан оронд тавтай зочлохыг хүсье." гэв.

Фото     
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn

 

 
Гэрэл зургийг mpa.mn