Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хонг Конгийн Ерөнхий захирагч Лян Жөн-Ин-тэй уулзлаа

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конгт зохион байгуулагдсан Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хонг Конгийн Ерөнхий захирагч Лян Жөн-Ин-г хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конг хоорондын хамтын ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид ямар чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцсан юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр талын хамтын ажиллагаа өргөжиж байгааг тодотгоод Хонг Конгийн худалдаа хөгжлийн зөвлөл Монгол, Хонг Конгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо. Сүүлийн жилүүдэд талуудын Хөрөнгийн биржийн хамтын ажиллагаа сайжирч байгааг дурдаад энэ чиглэлээр хамтын ажиллагааг улам сайжруулах нь чухал болохыг хэллээ.

 

Энэ үеэр Монголын талаас Хонг Когт үзэсгэлэн худалдаа гаргах талаар хүсэлт тавьж, тохиролцоонд хүрсэн байна. Мөн аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцжээ.

Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конгийн иргэд хоорондын харилцааг чухалчлан ярилцсан байна. Тодруулбал, “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хэлэлцээр” байгуулах чиглэлээр хамтарч ажиллахаар тогтлоо. Өнөөдрийн байдлаар Монголын 100 гаруй иргэн Хонг Конгт байнга оршин сууж байна.

Мөн 37 иргэн ял эдэлж байна. “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг  захиргааны онцгой бүс Хонг Конгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь хууль, эрх зүйн салбарын хамтын ажиллагаа нэг шат ахисныг харуулж байна. Энэ хэлэлцээр Хонг Конгийн талаас хүчин төгөлдөр болсон, манай улсын хувьд Улсын Их Хурал баталснаар хүчин төгөлдөр болж, хэрэгжиж эхлэх юм.

 

Монгол Улс, Хонг Конгийн боловсролын салбарын хамтын ажиллагааны бодит үр дүнд анхаарах нь зүйтэй. Цаашид оюутан солилцох, Монголын оюутан залуус Хонг Конгийн их, дээд сургуулиудад суралцах боломжийн талаар хамтарч ажиллах саналыг Хонг Конгийн Ерөнхий захирагчид Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тавилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.