Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ: Тост, Тосон Бумбыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэхээр боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:57 2016/04/07

Тост, Тосон Бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр боллоо. 

Гишүүдийн 91.9 хувийн саналаар тогтоолын төсөл дэмжигдлээ.

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр БОХХААБХ-нд шилжүүлэв.

Үүний дараа Органик хүнсний тухай хуулийг баталснаар үдээс өмнөх хурал завсарлалаа.

12:42 2016/04/07

"Энэ тогтоолыг биологич Т.Лхагвасүмбэрэлийн дурсгалд зориулсан гэж ойлгож байна" 
 

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Яг одоо "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Оюун, М.Батчимэг, Д.Сарангэрэл, С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл, Г.Уянга, Д.Бат-Эрдэнэ, С.Дэмбэрэл нар санаачлан боловсруулжээ.

БОХХААБХорооноос Тост, Тосон Бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах нь зүйтэй гэсэн санал дүгнэлтийг гаргасан байна.


Асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын зарим гишүүн тогтоол санаачлагчдаас асуулт асууж, санал бодлоо хэллээ.

Ж.Батзандан: Байнгын хорооны шийдвэрээр Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах үүрэг Засгийн Газарт өгсөн ч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй. Нэгэнт Засгийн газар хэрэгжүүлэхгүй байсан тул УИХ-ын гишүүд Тост,Тосон бумбын нурууг хамгаалалтад авах хуулийн төсөл өргөн барилаа.

Энэ тогтоолыг биологич Т.Лхагвасүмбэрэлийн дурсгалд зориулсан тогтоол болно гэж ойлгож байна. Тэр залуу Тост, Тосон бумбын нурууг хамгаалж, ард түмний анхааралд оруулж, энэ тогтоолыг гаргуулсан.  

Ц.Оюунгэрэл: Амьтан ургамал устах, булаг шанд алга болох гэдэг бол асар их хохирол. 
Д.Ганхуяг: Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахыг дэмжиж байна. 2012 онд бид олгосон тусгай зөвшөөрлийнхөө 40 орчим хувийг цуцлаад бөөн асуудал үүссэн. Иймд уг асуудалд болгоомжтой хандах ёстой.
Д.Батцогт: Ховордсон ан амьтан, байгалаа хамгаалъя гэж байгаа гишүүдийн санаачилга зөв. Дэмжиж байгаа.
Ц.Баярсайхан: Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг дэмжиж байна. 
Л.Эрдэнэчимэг: Тост, Тосон бумбын нуруу Гурвантэс сумын нутагт үлдсэн цорын ганц бэлчээрийн нутаг. Тост, Тосон бумбад ашиглалтын лицензтэй компани байгаа ч олборлолт хийгээгүй байгаа. Дархан цаазат газраар авчихвал тэнд амьдарч байгаа 250 айл нүүх болно. Тэдний малын бэлчээр, өвөлжөө, хаваржаа тэнд бий. Тиймээс байгалийн нөөцөөр авах гээд байгаа юм. Тогтоолын төслийг УИХ-аар баталчих юм бол координатыг ЗГ тогтооно. Бид тэр үед хамтран ажиллана гэж бодож байгаа.

Тост, Тосон бумбын нурууны товч танилцуулга

 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон Бумбын нуруу нь Гурвантэс сумаас баруун тийш 40 км зайд, Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хилээс 25 км зайд оршдог. Өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн  хөндий, хоолойгоор тусгаарлагдсан.

Тусгай хамгаалалтад авах талбайн хэмжээ /га/: 896, 527,44 га.

Хамгаалалтад авах үндэслэл: Дэлхийд нэн ховор, тэр дундаа Монгол орны говийн бүсэд тархац нутаг нь нэн хумигдаж буй цоохор ирвэсийн сүүлийн өлгий нутаг төдийгүй, ховор амьтан болох аргаль хонь, янгир ямаа, ёл зэрэг амьтдыг хамгаалах, Говь гурван сайхны БЦГ болон Говийн Их ДЦГ-ын хоорондох амьтдын нүүдэл, коридор нутгийг хамгаалахад онцгой ач холбогдолтой.

Гурвантэс сумын иргэд, мал бэлчих, ундаалах сүүлчийн газар нутаг болсон ба уул уурхайн үйл ажиллагаа явуулаагүй, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдтэй давхцалгүй үлдсэн нутаг тул нутгийн ард иргэдийн амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай байна.

Ан амьтанАргаль хонь, янгир ямаа болон Монгол Улсын Улаан Дансанд бүртгэгдсэн 15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, 7 зүйлийн шувуутай бөгөөд Говь гурван сайханы БЦГ, Говийн Их ДЦГ-уудын хооронд амьтдын нүүдэллэх экологийн корридор нутаг болох бөгөөд амьтад чөлөөтэй нүүдэллэн амьдардаг чухал байршил бүхий нутаг.  

Ой мод, ургамал: Нийт заган ой бүхий 20 хэсэг газартай. 125 зүйл ургамал бүртгэгдсэнээс 19 нь эндемик буюу зөвхөн энэ бүс нутагт ургадаг бөгөөд Улаан номонд орсон нэн ховор, ховор ургамал болох Элдэвнавчит улиас /тоорой/ /Populus diversifolia/, Монгол бүйлээс /Amygdalus mongolica/, Шовгор хотир /Zygophyllum mucronatum/, Зүүнгарын гоёо /Cynomorium songaricum/ зэрэг ургамалтай, говийн экосистемийн тэнцвэрт байдлыг хангахад онцгой ач холбогдолтой.

Гол горхи, булаг шанд: Тус бүс нутагт Хуршуут, Хөвдын голын Баянбүрдүүд, Хайлаастын хөндий зэрэг усан сан бүхий есхөн баянбүрд үлдсэн нь энэ нутгийг зайлшгүй хамгаалалтад авах, үнэ цэнэ бүхий газар нутгийг харуулж байна.

Тухайн газарт амьдарч буй хүн ам: 169 өрх айл

Малын тоо: 38,381

Тост, Тосон бумбын нуруунд  ашигт малтмалын 21 лиценз байгааг хянан үзэж хугацаа дууссаныг нь цуцлах, цаашид үргэлжлүүлэн сунгахгүй байх талаар шаардлагатай арга хэмжээг цаг алдахгүй авах зөвлөмжийн дагуу “Ирвэс хамгаалах сан”, Өмнөговь аймгийн Иргэдийн хурал, Гурвантэс сумын Засаг даргын тамгын газраас анхаарал хандуулсны үр дүнд 5 лиценз албан ёсоор цуцлагдсан байна.

"Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" тогтоолын төсөл

12:57 2016/04/07

Тост, Тосон Бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр боллоо. 

Гишүүдийн 91.9 хувийн саналаар тогтоолын төсөл дэмжигдлээ.

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр БОХХААБХ-нд шилжүүлэв.

Үүний дараа Органик хүнсний тухай хуулийг баталснаар үдээс өмнөх хурал завсарлалаа.