Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Цэрэнчимэг: "Сант" сургуулиас MIT-д тэнцсэн ТАВ дахь бөгөөд АНХНЫ эмэгтэй төгсөгч болж чадсан

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
"Сант" сургуулийн төгсөх ангийн сурагч Х.Цэрэнчимэг

Сурагч Хасгэрэлийн Цэрэнчимэг дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын нэг Массачусеттсийн Технологийн Институтэд /Massachusetts Institute of Technology/ энэ намраас суралцахаар болжээ.

Элсэхийг хүссэн нийт өргөдлийн цөөн хэдэн хувийг нь л тэнцүүлдэг босго өндөртэй сургуульд тэнцсэн түүнтэй бид ярилцлаа.

Х.Цэрэнчимэг нь 2015 онд математик, физикээр улсын олимпиадад мөнгө, хүрэл медаль авч байжээ. Мөн 2015 онд Энэтхэг улсад зохион байгуулагдсан олон улсын физикийн олимпиадад тусгай байр эзэлсэн аж.

Нэгдүгээр ангиасаа “Сант” сургуульд сурсан тэрбээр тус сургуулиас MIT-д элсэн суралцах гэж буй тав дахь бөгөөд анхны  ЭМЭГТЭЙ төгсөгч болж байна.

Мөн тун удахгүй Швейцарь, Хонг Конгд болох олон улсын олимпиадад оролцох сурагчдын багийг ахлах гэж буй анхны эмэгтэй сурагч юм. 


- Юуны өмнө дэлхийн шилдэг MIT-д тэнцсэнд баяр хүргэе. Сургуульд тэнцсэн гэсэн мэдээгээ хэзээ сонсов, тэр үеийнхээ сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

- Миний хувьд MIT-д орохыг аравдугаар ангиасаа мөрөөдөж эхэлсэн. Манай сургуульд MIT-г төгсөөд, Стэнфордод магистр хамгаалсан гадаад хүн ирж байсан. Тэр хүнийг хараад, хичээлд нь сууж байхдаа мэдээлэл авч, сурсан сургуульд нь сурахыг мөрөөдөж эхэлсэн юм.

Тухайн үедээ яавал энэ хүн шиг мундаг болох вэ гэж бодож байлаа.

Тэгээд MIT-д орохын тулд бүх анхаарлаа хандуулж бэлдээд 2015 оны арванхоёрдугаар сард элсэх хүсэлтээ өгсөн. Хариу нь өнгөрсөн сарын 14-нд гарсан.

Хариугаа үүрийн 06.00 цагт интернэтээр харахад тэнцсэн байсан. Догдлон хүлээж байсан ч яг тэнцсэн гэснээ мэдээд тайвширчихсан. 

- MIT-д орохын тулд хэр удаан бэлдсэн бэ?

- Миний англи хэлний түвшин муу байсан. Сургуульдаа л сайн нь байснаас гадаад орчинд суралцахаар түвшний биш гэсэн үг л дээ. Тэгээд аравдугаар ангиасаа эхлээд жил хагасын турш өөрийгөө дайчилж бэлдсэн.

- Нууц биш бол англи хэлний шалгалт TOEFL- д хэдэн оноо авсан бэ. Бас SAT өгдөг байх аа?

-TOEFL дээр 100 оноо давах нь сургуульд тэнцэнэ гэсэн баталгаа биш. Энэ нь зөвхөн сургуульдаа элсэх хүсэлтээ гаргахад шаардагдах оноо байдаг.

Тухайн сургуульд дор хаяж 100 оноо авч байж элсэх хүсэлтээ гаргах эрхтэй болдог учраас маш их хичээж бэлдсэн. TOEFL-д 106 оноо авч, SAT-д 1900 оноо давуулж авсан.

Х.Цэрэнчимэгт MIT-аас ирсэн урилга

 

“AP” хөтөлбөрт хамрагдаж, гүнзгийрсэн гэдэг миний давуу тал

- Өөрийн чинь хувьд ЕБС-д сурч байхдаа дэлхийн шилдэг их сургуульд бэлдээд тэнцжээ. Энэ амжилтад чинь “Сант” сургууль хэрхэн нөлөөлж, ямар туслалцаа үзүүлсэн бэ?

- Миний тэнцсэн ганц шалтгаан нь “Сант” байсан гэж хэлж болно. Нэгдүгээр ангиас маань л юмыг өөрөөр харж, өөрөөр сэтгэх боломж олгосон. Бага ангиас л аливаа тоог шууд бодуулах биш яаж бодож болох вэ гэх зэргээр хөгжүүлэхэд анхаарч байсан юм. Мөн намайг нээж дуртай чиглэлээрээ гүнзгийрүүлэн судлах боломж олгосон. Би математикт дуртай байсан болохоор намайг гүнзгий ангид оруулж байлаа.

Товчоор бол энэ сургуульд хүссэн хичээлээ хангалттай өндөр түвшинд судлах боломжтой.

Хамгийн их баярлаж байгаа юм нь манай сургуулиас сурагчдаа “AP”-ийн шалгалтад бэлдэхэд тусалсан. Энэ нь “Advanced Placement” гээд их сургуулийн хичээлийг дунд сургуульдаа судлах боломжтой АНУ-ын хөтөлбөр юм.

"САНТ" сургуульд хүссэн хичээлээ хангалттай өндөр түвшинд судлах боломжтой. Х.Цэрэнчимэг

Би математик, физикийн хичээлээр энэ хөтөлбөрт хамрагдсанаар их сургуулийн хичээлийг одоо сурч чадахаар түвшинд очсон. “Сант” сургуулийн сурагчид энэ хөтөлбөрийг сонгоод нэг жил суралцах боломжтой байдаг.

Их сургуульд ороход би математик, физикээрээ “AP” хөтөлбөрт хамрагдаж, гүнзгийрсэн гэдэг утгаараа мөн давуу тал болсон.

- MIT-д ямар чиглэлээр сурахаар төлөвлөж байна вэ?

- Физикээр сурна. Физикт хоббитой болохоор онолын физикч болохыг хүсэж байгаа.

- Англи хэлээ хэрхэн сайжруулсан бэ. Арга барилаасаа хүмүүст хуваалцаач?

- Хүмүүс “Дуртай зүйлээ хийж хэл сур” гэдэг үгийг олон сонсож байсан ч тэгдэггүй. Бүгд үг цээжилж, ном унших гэж хичээдэг.

Миний хувьд эхлээд манга уншиж сурсан. Манган дээр байгаа үгнүүдийг эхлээд сурч, тодорхой түвшинд хүртлээ ойлгодог болчихсон. Үүнийхээ дараа академик номнууд барьж авч эхэлсэн.

- Дэлхийн шилдэг их сургуульд тэнцэхийн тулд англи хэлний мэдлэгээс гадна юуг давуу талаа болгох вэ?

- Элсэх хүсэлтээ гаргаж буй хүнийг тухайн сургуулиуд цогцоор нь авч үздэг. Шалгалт бол байх ёстой шаардлагуудын зөвхөн нэг хэсэг нь. Үүнээс гадна тухайн хүн нийгмийн идэвхтэй байх шаардлагатай.

Манай ангийнхан буяны үйлс их хийдэг байсан болохоор түүнийгээ бичиж явуулсан.

Дараа нь тухайн элсэгчийн эссэ, амжилт чухал.

Миний хувьд математик, физикээрээ олон улсын олимпиадад орж тодорхой амжилт гаргасан байсан учраас өөрийгөө физикт үнэхээр хайртай, гүнзгийрүүлэн сурахыг хүсэж байгаагаа хамтад нь илэрхийлж, нотолж харуулсан.

Мөн эссэгээрээ үүнийгээ сайн илэрхийлсэн гэж боддог.

"хүсэл эрмэлзэлтэй ч яахаа мэддэггүй, мэдээлэл багатай хүүхдүүд Монголд их бий"
`Сант` сургуулийн төгсөх ангийн сурагч Х.Цэрэнчимэг

- MIT-ын төлбөр их өндөр. Сургалтын төлбөрийн тэтгэлэг авч байгаа юу?

- MIT маш том их сургууль. Төгсөгчид нь мундаг хүмүүс байдаг учраас сургуульдаа мөнгө их хандивладаг. Тийм болохоор төлбөрийн чадваргүй бүх оюутандаа тэтгэлэг өгөх боломжтой. Тэгэхээр би 100 хувийн тэтгэлэг авах байх.

Манай сургуулийн жилийн төлбөр 120 сая төгрөгтэй тэнцэнэ. Түүнийг нь би жил бүр төлж чадахгүй учраас тэтгэлэг хүсэх анкет бөглөөд явуулсан байгаа. Удахгүй хариу нь гарна.

- Дэлхийн шилдэг их сургуулиудад суралцахыг хүсч буй дүү нартаа, магадгүй оюутнуудад өөрийнхөө туршлага дээр үндэслэж  ямар зөвлөгөө өгөх вэ?

- Монголчууд мэдээлэл их багатай байдаг юм шиг санагддаг. Нэгдүгээрт маш сайн судалгаа хийх хэрэгтэй. Хүн өөртөө тохирсон мэргэжлээр тохирсон сургуулиа олох нь маш чухал.

Харвардад очоод бүх юм сайн болно гэсэн үг биш. Харвардад ч бүх хүн тохирохгүй.

Тийм учраас би өөртөө тохирсон сургуулиа хэдэн хоног хайсан.  

"Тухайн сургууль төгс хүмүүсийг биш тохирох хүмүүсийг хайж байдаг юм" Х.Цэрэнчимэг

Сургуулиа олсныхоо дараа хүмүүс өөрийгөө төгс болгож эссэндээ бичээд байдаг. Өөрийгөө магтах гэж оролдох нь тохиромжгүй. Учир нь тухайн сургууль төгс хүмүүсийг биш тохирох хүмүүсийг хайж байдаг юм.

Тийм учраас сонголтоо зөв хийж, өөрийгөө зөв илэрхийлэх хэрэгтэй.

- MIT-аас өөр ямар сургуулиудад элсэх хүсэлтээ гаргаж үзсэн бэ?

- Физикээрээ толгой цохидог UC Berkeley, Stanford-д бас элсэх хүсэлтээ өгч байсан.

- Ирээдүйд юу хийхээр төлөвлөж байгаа вэ. MIT төгсөөд АНУ-д ажиллах уу эсвэл...?

- Ирээдүйд Монголдоо эргэж ирж ажиллахаар төлөвлөж байгаа. MIT төгсөөд магистраа Харвардад боловсролын чиглэлээр хамгаалах бодолтой байна.

 Монгол хүүхдүүдэд өөрийгөө нээж, гадагшаа гарч сурах талаар мэдээлэл багатай байдаг учраас эх орондоо ирж тэдний гүүр болох, ирээдүйгээ бэлдэх хүсэлтэй байдаг.

Надад давуу тал байсан. Учир нь манай “Сант” сургуулийн захирал өөрөө MIT төгссөн учраас би яах ёстой талаар мэдээлэл их авч байлаа.

Харин над шиг бус, хүсэл эрмэлзэлтэй ч яахаа мэддэггүй, мэдээлэл багатай хүүхдүүд Монголд их бий.

- Хэзээ АНУ руу явах вэ?

- Энэ оны наймдугаар сарын сүүлээр явахаар төлөвлөж байна.

- Очоод хаана амьдрах вэ?

- Сургуулийнхаа дотуур байранд амьдарна даа.

-Ярилцсанд баярлалаа, сурлагын өндөр амжилт хүсье. 

Массачусеттсийн Технологийн Институт