Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Утаанд бүдгэрэх Улаанбаатарын нэгэн өвөл

Г.Гомбо, Засгийн газрын мэдээ
2016 оны 3 сарын 25
Засгийн газрын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Япон сэтгүүлчийн нүдээр өвлийн Улаанбаатар-

Японы “Асахи” сонины 2016.02.18-ны дугаарт Монголын маань тухай тун цочирдом, бүр айдас төрмөөр нийтлэл хэвлэгджээ.

Уншаад нүдэндээ итгэсэнгүй. Гэвч итгэхгүй байх ч арга алга. Япончууд гөрдөөгүй, тэгж гүтгэх хэрэг тэдэнд байхгүй. Бодвол Монгол руу өвөл зорчих иргэддээ анхааруулга болгох гээ биз. Химийн хорны нэрээр гарчгаа сонгосон нь бүр ч эвгүйцмээр. “РМ2.5 утаанд бүдгэрэх Монгол Улс” хэмээн гарчгаа авчээ.

“Их газрын улс” хэмээн нэрлэгдэх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот РМ2.5 (агаарын найрлагад байдаг нүднээ үл үзэгдэх тортог тоосонцор) утаанаас үүдэлтэй агаарын бохирдолдоо шаналан буй.

Агаарын бохирдолд харьцангуй дассан манай Бээжин дэх сэтгүүлч Монгол Улсад хөл тавиад бодит нөхцөл байдал Бээжингийнхээс хамаагүй хүнд байгааг Монголын төр засгийнхан нь сул бодлогоор тайлбарлав.

Улаанбаатар хотын захаар байрлах гэр хороололд жижиг модон байшин, үндэсний уламжлалт гэрүүд ярайн үй түмээрээ үргэлжилнэ. 

Улаанбаатар хотын захаар байрлах гэр хороололд жижиг модон байшин, үндэсний уламжлалт гэрүүд ярайн үй түмээрээ үргэлжилнэ.

Баянхошуу хороололд хоёрдугаар сарын 2-ны өглөө хасах 30 хэмийн хүйтэнд ажил, сургуульдаа яарсан хүмүүс зөрөлдөн алхална. Хаана ч харагддаг энгийн нэгэн өглөө.

Гэвч хамгийн хачирхалтай нь цэлмэг өдөр атлаа тэнгэрт цагаан манан нэлэнхийд нь бүрхэж, 50 метрийн цаадах дүрс харагдахгүй, түлэнхий мэт эхүүн үнэр хамар руу цоргино.

Сэтгүүлч нөхөр маань Бээжингээс авчирсан РМ2.5-ыг хэмжих зөөврийн хэмжүүрээ гаргаад хэмжтэл шууд дээд хэмжээ болох 999-ийг заав.
Хэмжүүрийн тоог нэг шоо метр газарт РМ2.5-ыг микро граммаар гаргажээ. Агаарын бохирдлын дээд хэмжээг 1,000 гэж үзвэл Японы байгаль орчны тогтоосон хэмжээнээс даруй 26.6 дахин их гэсэн дүгнэлт гарахаар байна.

Бээжин хотод энэ тоо 500-аас дээш гарахад л нийгмийн том асуудал, нэгэн сэдэв болж хувирдаг. Гэтэл Улаанбаатарын энэ гэр хороололд өвлийн цагт өглөө бүр ийм байдалтай байдаг аж.

Монголын Ус, цаг уур, орчны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний хэлтсийн дарга ноён Батбаяр тайлбарлахдаа “Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллын айлуудын зуухнаас гарч байгаа утаанаас гаралтай” гэв.

1990 онд Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж, 2001 оны өвөл асар их хохирол авчирсан зуд нүүрлэснээс хөдөө орон нутгаас малчид олноороо Улаанбаатар хотод суурьшихаар ирснээр хотын хүн ам эрс нэмэгдсэн гэж байна. 1999 онд 760 мянга байсан хотын хүн ам 2014 онд 1.4 саяд хүрч, энэ улсын нийт хүн амын 45 хувь нь одоо Улаанбаатарт амьдарч байна. Хотын иргэдийн дийлэнх хувь нь ядуу, амьдралын түвшин доогуур иргэд байгаа тул хямд өртөгтэй нүүрс шатааж, өвлийг давдаг аж. Тиймээс өвлийн цагт өглөө, орой нүүрс шатаах цагаар хотын агаарт цагаан манан татаж, хамар хорсгох хэмжээнд хүрдэг байна.

Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг Энхмөнх гэх 49 настай эр хувийн компанид цагийн ажил хийж гэр бүлээ тэжээдэг нэгэн. Сарын орлого 750 мянган төгрөг, үүнээс 450 мянгаар өөрийн болон эгчийнхээ түлэх нүүрсийг авдаг. Тэрбээр цахилгааны үнэ өндөр тул нүүрс түлэхгүйгээр амьдралаа төсөөлөхөд бэрх гэдгээ бидэнд ярив.

Орон нутгийн сонинд бичсэнээр агаарын ийм бохирдлоос болж уушги, зүрхний өвчтэй хүмүүсийн тоо 1999 онтой харьцуулахад 2015 онд 26.8 хувиар өссөн судалгаа гарчээ.

Байгаль орчны чухал асуудал орхигдоод байгаа өнөөгийн улс төрд сонгогчид ямар дүн тавих нь анхаарлын төвд байна.

Хятад дахь агаарын бохирдлын хувьд газар тариа-ланд ашигладаг нүүрсний хий, автомашин болон үйлдвэрээс гардаг хорт утаа зэрэг олон янзын шалтгаан бий. Гэхдээ Засгийн газар нь олон мянган үйлдвэрийг хүчээр зогсоож, нарийн чанга дүрэм журам мөрдүүлэхийг зорьсон ч асуудлыг бүрэн шийдвэрлэх гарц олж чадахгүй л байна.

“Харин бидний хувьд асуудлын гол шалтгаан тодорхой тул Хятадынхаас ялгаатай” хэмээн Монголын Ус, цаг уур, орчны шинжилгээний хэлтсийн дарга Батбаяр хэлж байна. Юу гэвэл Улаанбаатар дахь тэр их утааны гол шалтгаан болох 280-300 мянган айлын яндангаас гарч байгаа утааг арилгахын тулд бага орлоготой иргэдэд зориулсан нийгмийн халамжийн тусгай байр сууцыг нэмэгдүүлж, тэнд цахилгаан болон хий ашигласнаар нөхцөл байдлыг сайжруулах боломжтой гэнэ.

Улаанбаатарт өөр боломж ч байна. Тэр бол хагас боловсруулсан кокс буюу утаа маш бага ялгаруулдаг нүүрс боловсруулж, орлого багатай иргэдэд хямд үнээр худалдах санаачилга ажээ. Өнөөгийн засгийн эрхэнд байгаа Ардчилсан нам нь дөрвөн жилийн өмнөх сонгуулийн мөрийн хөтөлбөртөө агаарын бохирдлыг багасгана гэх амлалт өгч байжээ. Харин засгийн эрхийг авсны дараа санхүүгийн гачигдал тоочиж, дээрх санаачилга, төлөвлөгөө хэрэгжихгүй байсаар өнөөг хүрсэн аж. Харин Монголд суугаа гадаадын холбогдох албаны хүмүүс “Мөнгө байхгүй” гэдгийг үгүйсгэж байна.

Газрын баялаг ихтэй Монгол Улсын ДНБ хөрш Хятадынх нь эдийн засгийн өсөлтийг дагаж 2011 онд 17 хувь хүрч, гурван жилийн турш эрчимтэй өсжээ. Засгийн газар тэр үеийн тэр орлогын ихэнх хувийг хөдөө орон нутгийн зам тээвэр, дэд бүтцийн хөгжилд зарцуулсан гэж тайлагнадаг. Гэвч ашиглалт нь тодорхой бус мөнгөн дүн их байгаад улстөрчид, төрийн албаныхнаа монголын хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагууд хардах нь их байна.

Гадаадын хөрөнгө оруулалт татах санаачилгын хүрээнд 2012 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль баталсан ч дараа онд нь үндэсний эрх ашиг алдагдаж байна гэж хийрхсэн хөдөлгөөнүүд ар араасаа төрснөөр тэр хууль цуцлагджээ. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчид цөөрч, Хятадын эдийн засаг зогсолтод орсон нь Монголын эдийн засагт хүчтэй нөлөөлснөөр 2015 оны ДНБ-ий өсөлт ердөө 2.3 хувьтай гарахаар харагдаж байна. Засгийн газрын төсөв нь ч хүндхэн байдалтай байна.

Хагас боловсруулсан коксын үйлдвэр Монголд барихаар Японы шинэ эрчим хүч хөгжлийн төв нэгэн компанитай хамтран урьдчилсан судалгааны ажлыг 2014 онд эхлүүлсэн. Гэтэл Монголын талын зардлыг тойрсон асуудлаас болж судалгааны ажил удааширсан байдалтай байна.

Монголын Засгийн газрын байгаль орчны холбогдох хүмүүс “Бидэнд дутагдаж байгаа зүйл бол шийдвэрлэх шаардлагатай асуудал руу улсын мөнгийг чиглүүлж чадах тийм улс төрийн хүч” гэж ярьцгааж байна. Монголд энэ оны зургаадугаар сард парламентын сонгууль болно. Байгаль орчны чухал асуудал орхигдоод байгаа өнөөгийн улс төрд сонгогчид ямар дүн тавих нь анхаарлын төвд байна...

Зураг