Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Тэнэмлүүдийн арми

Б.Гандолгор, Засгийн газрын мэдээ
2016 оны 3 сарын 24
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Хүнсний IV дэлгүүр, “Цэцэг” төвийн ойролцоо хааяа эргэлдэж, гудамжаар алхах хүмүүсээс тав, арван төгрөг нэхэх 10 орчим насны хоёр хүүтэй байсхийгээд л тааралддаг байлаа. Харин тэр хоёр сүүлийн үед үзэгдэхээ больсон. Одоо тэдний толгой хоргодох байр нь компьютер тоглоомын газрууд болжээ. 

Хааяа хэдэн төгрөг олчихвол бусад хүүхдийн адил тоглоом тоглож цагийг өнгөрөөдөг аж. Нэг удаа тэр хоёроос би яриа өдсөн юм. “Та хоёр хаана амьдардаг вэ, сургуульд явдаг уу” хэмээн асуухад биеэр арай өндөр нь ам нээв. “Бид хоёр тэнэж яваад л найзууд болсон. Сургуульд сурч чадахгүй байгаа. Гэрт байхаар гэдэс өлсөөд, аавын архины үнэр тэсэхийн аргагүй байдаг. 

Тэгээд л ингэж тэнэж хоногийн хоолны мөнгө гуйж явдаг юм” гэлээ. Хажууд нь зогсох намхан шар жаал нусаа татан, газар шагайж, үл мэдэг гуниг хурсан харцаар өөдөөс ширтэн, өнгө нь танигдахгүй болтлоо хиртсэн цамцныхаа ханцуйг имрэх зуураа “Би сургуульд явмаар байдаг ч уранхай хувцаснаасаа ичдэг. Нэгэнт сургуульд явж чадахгүй болохоор ажил хийж ээждээ тус болохыг хичээдэг. Гэвч хүүхэд гээд ажилд авдаггүй. Хааяа “Барс” зах орж, ачаа буулгаж хэдэн төгрөг олдог” гэж ярилаа.

Тэдний ижил ийн гудамж хэмжиж, хэн нэгний илүүчилсэн хоолоор гэдсээ цатгах хүүхдүүд нэг үе цөөнгүй байв. Хараа хяналтгүй хүүхдүүд хэмээн нэрлэх тэднээс хүн бүр л цэрвэнэ. 

Тэд тэнэмэл амьдралд дасаж, заримдаа гэмт хэрэгт орооцолдох тохиолдол ч гардаг. Хараа хяналтгүй хэмээн цоллуулах хүүхдүүдэд эцэг, эхийн хайр, халуун дулаан орчин үгүйлэгддэг нь мэдээж. Нийгмийн эмзэг давхарга болсон тэдэнд төр, засгаас тавих анхаарал халамж юу байна вэ? Үндсэндээ, ердөө л зарим үед түр хоргодох байранд байрлуулж, хооллох. Ядуугийн зовлон, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөөс болоод тэнэмэл бологсдод хүүхдийн гэх тодотголтой байгууллагуудаас өөр халуун сэтгэлээр хандах газар ховор.

Манай улсад гэр бүл төлөвлөлтийн бодлого алдагдсанаас хүүхдээ голсон, гудамжинд гаргасан эцэг, эхчүүд үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй байна. Ингэж хүүхдээ хаяж гаргаж буй эцэг, эхчүүдэд хатуу хариуцлага тооцдог болчихвол тэнэмлүүдийн тоо ч эрс буурах талаар хүүхдийн байгууллагынхан ярьдаг.

Залуу үеийнхэнд гэр бүлийн харилцаа, хандлагын талаар төдийлэн зааж сургадаггүй нь төрүүлсэн хүүхдээ тэнэмэл амьдралаар амьдрахад нөлөөлдөг байж ч болзошгүй юм.

Иймд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангиас эхлэн гэр бүлийн боловсрол олгох, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг ойлгуулах, хүүхэд өсгөн хүмүүжүүлэх ухааны талаар хичээл заадаг болмоор байна.

ХҮҮХДИЙН ХАЯГ ТОГТООХ ТӨВИЙГ ОРЛОХ ГАЗАР АЛГА

Сүүлийн үед гудамжинд гарсан хүүхдүүдийг түр саатуулах газар байхгүй болчихжээ. Уг нь хараа хяналтгүй хүүхдүүдийг түр байрлуулдаг газар байсан юм. Гэвч татан буулгаад хэдэн cap өнгөрч байна. Хүүхдийн хаяг тогтоох төвийг татан буулгаснаас хойш тэнэмэл хүүхдүүдийг толгой хоргодуулах газаргүй болжээ.

Энэ нь Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газрынханд бэрхшээлтэй болсон байна. Эдгээр байгууллагынхан цагдаа нартай хамтран хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлж, хаяг тогтоох төвд байлгаж байгаад ар гэрт нь хүлээлгэж өгдөг байв.

Гэтэл одоо хаана байрлуулах вэ гэдэг асуудалтай тулгарчээ.

Сүүлийн үед гудамжинд гарсан хүүхдүүдийг түр саатуулах газар байхгүй болчихжээ. 

Нийслэлийн цагдаагийн газар болон Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт 2013 онд 538 хүүхэд бүртгэлтэй байв.

Тэнэмэл хүүхдүүдийн тоо 2014 онд 506, 2015 онд 300 болж буурсан байна. Энэ нь хүүхдийн эрхийг хамгаалахад анхаарал хандуулсантай холбоотой гэж албаны хүмүүс тайлбарласан.

Хүүхэд аль болох гэр бүлтэйгээ өсөх хэрэгтэй гэсэн зарчмаар ажилладаг ч бүтэн болон хагас өнчин хүүхдүүдийг асрамж, халамжийн төвүүдэд өгөхөөс өөр арга байдаггүй аж. Зарим нь асрамжийн газар очоод тухайн орчинд дасаж чадахгүй оргочихдог талаар ч хүүхдийн байгууллагын мэргэжилтнүүд хэлж байлаа.


АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Г.ОЙНБАЯР: ХҮҮХДЭДЭЭ АНХААРАЛ ХАНДУУЛЖ ЧАДАХГҮЙ ХҮМҮҮСИЙН ЭЦЭГ, ЭХ БАЙХ ЭРХИЙГ НЬ ХАСНА

Бид Хүүхдийн төлөө газрын ахлах мэргэжилтэн Г.Ойнбаяртай уулзаж, хараа хяналтгүй хүүхдүүдийн хамгааллын асуудлаар ярилцлаа.

-Хараа хяналггүй хүүхдүүдийг харж хандах талаар ганай байгууллага юу хийдэг вэ?

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтраад жил бүр өвөл эхлэхээс өмнө хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлж, хаяг тогтоох байранд аваачдаг байсан. Ингээд эцэг, эхтэйгээ амьдрах боломжтойг нь судлаад гэр бүлд нь хүлээлгэж өгдөг. Бүтэн болон хагас өнчин хүүхдийг халамж асрамжийн төвүүдэд хуваарилдаг. 

Одоогоор 30 гаруй халамж асрамжийн төвд мянгаад хүүхэд амьдарч байна. Нийт халамж асрамжийн төвийн 95 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Хараа хяналтгүй хүүхдийг халамж асрамжийн төвд аваачсанаар хүүхдийн мөнгөнд хамрагдах боломжтой болдог.

Гэхдээ тухайн төвд хэдэн жил амьдарснаас хамаараад насанд хүрээд явахад нь бүх мөнгийг хүлээлгэж өгдөг. Халамж асрамжийн төвд амьдарч буй хүүхдүүдийн хүүхдийн мөнгийг жигд олгох тал дээр ихээхэн анхаарч ажилласан. Хүүхэд бүрийн дансанд мөнгө нь хуримтлагдаж байгаа. 

-Хараа хяналтгүй хүүхдүүдийн тоо буурсан гэж яриад байгаа. Үнэхээр буурсан уу?

-Хүүхэд хараа хяналтгүй болох олон шалтгаан бий. Эцэг, эх нь архи уудаг, хойд аав ээжтэй хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд гэртээ байх хүсэлгүй болдог. Ялангуяа архи ууж согтоод олон хоногоор зодож дарамталсан үед хүүхэд гэрээсээ зугтдаг. Зарим эцэг, эх хүүхдээ хичээлд суудаг, эсэхэд хяналт тавьдаггүй тал ч нөлөөлж байна.

Гэрт нь очоод үнэлгээ хийхэд хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүдийг халамж асрамжийн төвд авахаас өөр арга байдаггүй. 

Эцэг, эх нь архи уудаг, хойд аав ээжтэй хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд гэртээ байх хүсэлгүй болдог. 

Түүнээс гудамжаар тэнэж буй хүүхдүүдийг бүгдийг нь халамжийн төвд авах бололцоогүй. Тухайн орон нутгийн Засаг дарга тодорхойлолт гаргасны үндсэн дээр л асрамж анхаарал шаардлагатай хүүхдийг халамжийн төв рүү шилжүүлдэг. Тэднийг эрсдэлд орохоос өмнө хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэх нь бидэнд чухал.

Эрүүл мэндийн үзлэгт хамруулаад, гэрт нь очиж үнэлгээ хийж үзэхэд ихэнх хүүхэд гэр бүлтэй байдаг. Бүтэн болон хагас өнчин хүүхэд тун цөөн. Заримыг нь Халамж асрамжийн төвд аваачаад өгөхөд зугтаагаад явчихдаг нэгэн ч бий.

-Хүүхдүүдээ гудамжинд гаргаад байгаа эцэг, эхчүүдтэй хатуу хариуцлага тооцож болдоггүй юм уу?

-Ер нь бол хүүхдэдээ анхаарал, халамж тавьдаггүй, бүр хаячихдаг хүмүүст хариуцлага тооцож байж дараагийн шатны арга хэмжээг авахаас өөр гарц байхгүй. Хуучин хуулиар хариуцлага хүлээлгэх боломжгүй байсан.

Тэгвэл одоо Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн тухай хуультай болсон. Ингэснээр эцэг, эхчүүдийн үүрэг тодорхой болсон. Хэрэв асран хамгаалах чадамжгүй гэж тогтоогдвол хуулийн дагуу эцэг, эх байх эрхийг нь хасдаг заалт үйлчилж байгаа.

-Хүүхдийн хаяг тогтоох төвийг татан буулгасан. Одоо хараа хяналтгүй хүүхдүүдийг хаана байрлуулж байгаа вэ?

-Хүүхдийн хаяг тогтоох төв үйл ажиллагаа явуулдаг байхад нэг хүүхэд 40-50 удаа очиж байсан тохиолдол бий. Тодорхой хэдэн бүлгийн хүүхэд байнгын үйлчилгээ аваад явдаг байсан. Гэтэл өнөөдөр гэр бүлд нь хүлээлгэж өгөх, судлах үйл явц хүртэл түр хоргодуулах байр алга.

Бид тэнэмэл хүүхдүүдийг илрүүлээд 72 цагийн хугацаанд гэр бүлд нь очиж үнэлгээ хийдэг. Ингээд шаардлагатай бол эцэг, эхэд нь хүлээлгэж өгөх ёстой байдаг.

Өөрөөр хэлбэл, хүүхдийг 72 цагаас долоо хоногийн хугацаанд байрлуулж, хамгаалдаг байргүй болчихоод байна. Нийслэлийн цагдаагийн газрын дэргэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалах байр бий. Тэнд зөвхөн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд ээжийнхээ хамт очдог.

Гэтэл хараа хяналтгүй хүүхдүүдийг байрлуулах газар алга. Уг нь ийм хүүхдүүд тодорхой хэмжээгээр хүчирхийлэлд өртсөн байдаг. Гэвч гудамжинд гараад тэнээд байгаа болохоор хамгаалах байранд аваачиж болдоггүй.

-Тэнэж амьдарч байсан хүүхдүүд асрамжийн төвд очихоороо бусдынхаа хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэх байдал гардаг уу?

-Бид хүүхдийг ялгаварлан гадуурхах эрхгүй. Шаардлагатай тохиолдолд Халамж асрамжийн төвүүдэд тав, зургаагаар нь хүргэдэг. Цагийн дэглэмд байж сураагүй, зоргоор тэнэж явсан хүүхдүүдэд дүрэм, журам мөрдүүлж сургах, цагийн хуваарьтай болгоход амаргүй.

Гэхдээ Халамж асрамжийн төв бол эцсийн хувилбар биш. Хүүхэд гэр бүлийн орчинд торних ёстой. Амьдрах ухаанд суралцахад ч гэсэн гэр бүлийн орчин хамгийн чухал. Олон улсын судалгаанаас харахад, гэр бүлийн орчинд өссөн хүүхдийн өсөлт, хөгжилт, сэтгэн бодох чадвар асрамжийн төвд өссөн хүүхдийнхээс илүү байдаг.

Зураг