Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

БАРИМТ: НОХОЙ ба ХҮНИЙ АМЬ НАС МОНГОЛД

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 16-нд Сонгинохайрхан дүүрэгт таван настай хүү айлын нохойд уруулж амиа алдсан харамсалтай явдал болсон.

Бид тус хэрэгтэй холбогдуулан Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв, ЦЕГ, "Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэл" ОНӨААТҮГ-аас золбин нохой, муурыг устгах ажил, айлын нохойд уруулвал ямар шийтгэл оногдуулдаг, нохойд хазуулж гэмтсэн хүмүүсийн тоо гэх мэт зүйлийн талаар тодруулж мэдээлэл бэлтгэлээ.

ГССҮТ: 2015 онд 2,943 хүн хазуулж гэмтсэний 92.7 хувь нь гудамж талбайд хазуулсан

 
2016 оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын 10-ныг хүртэл байдлаар Гэмтэлд нийт 12,704 хүн гэмтэж, бэртсэн гэж ирсэн. Үүний 370 орчим хүн нохойд хазуулж гэмтсэн байна.

Нарийн тодруулбал,

  • 2016 оны Нэгдүгээр сарын байдлаар 140 хүн. /0-4 насны 3 хүүхэд, 5-9 насны 17 хүүхэд, 10-19 насны 25 хүүхэд, 20-29 насны 24 хүн/
     
  • 2016 оны Хоёрдугаар сарын байдлаар нийт 182 хүн. /0-4 насны 8 хүүхэд, 5-9 насны 19 хүүхэд, 10-19 насны 33 хүүхэд, 20-29 насны 31 хүн/
     
  • 2016 оны Гуравдугаар сарын 01-нээс 10-ныг хүртэл нийт 48 хүн. /5-9 нас 8 хүүхэд, 10-19 насны 10 хүүхэд, 20-29 насны 6 хүн/
     
  • 2015 оны байдлаар нийт 2,943 хүн муур, нохойноос болж гэмтсэн. /0-4 насны хүүхэд 233, 5-9 насны 545, 10-19 насны 504 хүүхэд/ тус тус бүртгэгдсэн.

ЖИЧ: Эдгээр 2943 хүний 92.7 хувь нь гудамж, талбай буюу хашаанаас гадна явж байхдаа муур, нохойд хазуулан гэмтсэн бөгөөд муур биш нохойноос болж бэртсэн хүмүүс дийлэнх хувийг эзэлдэг" хэмээн мэдээллээ.

ЦЕГ: Гадуур хошуувчгүй, хүзүүвчгүй явж байгаа нохойтой иргэдэд шаардлага тавьж эхэллээ

 

​ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү "Энэ сарын 16-нд Сонгинохайрхан дүүрэгт таван настай хүү айлын нохойд уруулж амиа алдсан. Тус хэрэг нь Эрүүгийн хуулийн 201-р зүйл ангид бүртгэгдсэн.

ЦЕГ-аас тус хэргийг доорх хуулийн дагуу шийдэх болно.

Монгол Улсын Иргэний хуулиас

501 дүгээр зүйл. Амьтны учруулсан гэм хорыг хариуцах

501.1.  Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна.

Монгол Улсын Эрүүгийн хуулиас

201 дүгээр зүйл. Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах

201. 1. Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

201. 2. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ

Шүүх нохойг устгана гэсэн шийдвэр гаргасан тохиолдолд устгалд оруулнаХэрэв нохой чинь хүн урвал хуулийн дагуу хариуцлага хүлээх болно гэдгийг анхааруулж байна.

Бид өнөөдрөөс эхлэн үндэсний цэцэрлэгт хүрээлэн хавьцаа хошуувчгүй нохой салхилуулж буй хүмүүст шаардлага тавих гэх мэт олон арга хэмжээг авч эхэлнэ" гэлээ.

"Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэл" ОНӨААТҮГ: Бид энэ жил 120,000 золбин нохой устгана

 

"Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэл" ОНӨААТҮГ Гүйцэтгэх захирал Д. Энхсайхан "Манай Улаанбаатар нэгтгэл 11 анчинтай хамтарч ажилладаг. 

Золбин нохой нь олон төрлийн өвчин тараах, хүмүүсийг гэмтээх гэсэн муу үр дагавартай учир устгалд оруулах шаардлагатай юм.

Жилд бид ойролцоогоор 70,000-80,000 гаруй золбин нохойг устгалд оруулдаг.

2015 оны хувьд 205 дуудлага иргэдээс хүлээн авч, нийт 1,000 гаруй нохойг газар дээр нь устгасан. Үүнээс гадна хот дотор явж буй золбин нохойг устгасан бөгөөд нийт 40,000 гаруй нохой устгалд оржээ.

Манайх сүүлийн гурван сар сумны төсөв, асуудлаас болж нохой устгах ажлаа хийж чадаагүй. Хууль зүйн яамнаас сум оруулж ирэх эрхийг гурван компанид олгосон байдаг ч лиценз нь олгогдохгүй удсан учир сумаа авч чадаагүй байсан ч одоо бол НОХОЙ УСТГАЛЫН АЖИЛ хэвийн явагдаж байна.

Өчигдөр удирдах зөвлөлийн хурал болж Нийслэлийн Засаг Дарга "Жилд 70,000-80,000 биш 120,000 золбин нохойг устгалд оруулах шийдвэр гаргасан. Түүнчлэн хот дотор буудаж устгах биш, нохойг иргэдээс худалдаж авах, хотын төвд тороор бариад, хотоос гарч нэгдсэн журмаар устгах хэрэгтэй" гэсэн даалгавар бидэнд өгсөн. 

Энэ үеэр бид "Нохой устгалын шинэ төсөл"-ийг өчигдрийн хурлаар танилцуулсан. Үүнд нохой устгалын зардал 7,500 төгрөгийг 11,800 төгрөг болгох, хот дотор буудахгүй байх, иргэдээс нохойг худалдан авах гэх мэт боломжууд бий болно.

Золбин биш нохойны хувьд 2002 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол дугаар 222 -ын дагуу арга хэмжээ авч, үүрэг ногдуулдаг. Үндсэндээ тухайн нохой тэжээж буй иргэн үүргээ биелүүлсэн эсэхийг шалгадаг" гэв.

Зөвлөмж

  • Хашаандаа нохойтой тохиолдолд өдрийн цагаар нохойг сул тавихгүй байх
     
  • Хаалга, хашаандаа анхааруулсан таних тэмдэг заавал байршуулах
     
  • Мал эмнэлэгт бүртгүүлэх, тогтмол вакцинд хамруулах
     
  • Зохих хамгаалалт буюу хошуувч, хүзүүвчтэй байлгах шаардлагатай.