Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Сорилт, бэрхшээл туулах Евразийн эдийн засгийн холбоо

Г.Гомбо, Засгийн газрын мэдээ
2016 оны 3 сарын 22
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Европын холбоотой мөчөөрхөх гэхдээ түүнээс дутахгүй үүрэг гүйцэтгэх учиртай эдийн засгийн холбоог хуучин СССР-ийн орон зайд гаргаж ирээд хоёр жил тойрч байна. Хэрэв ингээд нэг хүчирхэг эдийн засгийн эвсэл гараад ирвэл Монголд маань ч хэрэгтэй. Түргэхэн шиг ажиллаж эхлээсэй гэж бид ерөөж, хүсэн хүлээсээр.

Европын холбооноос олон талаар давуу байж болох хэтийн төлөв харагдаж байв. Европын холбоо давчуу жижиг нутаг дэвсгэр дээр зөвхөн Европын орнуудыг хамарсан.

Сайндаа л зүүн тийш Дорнод Европ, баруунтайд Атлантын далай, өмнө зүгт Газар дундын тэнгис, умардад Умард тэнгис гэсгээд “дөрвөн хана”-ны дунд хавчуулагджээ. 

 Европын холбоо давчуу жижиг нутаг дэвсгэр дээр зөвхөн Европын орнуудыг хамарсан. 

Тэгвэл Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ буюу орос товчлолоор “ЕАЭС”) нь хязгааргүй том орон зайд, хэрэв хэрэгждэгсэн бол үйл ажиллагаа нь дэлхийн хоёр их далай (Хойд мөсөн ба Номхон далай), өмнө зүгт Төв ба Өвөр Ази, зүүн талд Зүүн хойд Ази, дахиад өмнө тийш Кавказ, Хар тэнгис, Балтийн тэнгисээр хөвөөлөөд, Европын холбооны зүүн хилтэй шууд тулахаар төсөөлөл бууж байна.

Үнэхээр хэрэгжиж, хэрэгжүүлж чаддагсан бол даян дэлхий дээр ийм том, нүсэр эдийн засгийн эвсэл урьж хожид байгаагүй. Уг нь 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс гэрээний заалтууд хэрэгжиж эхэлнэ хэмээн 2014 оны тавдугаар сарын 29-нд Астанад гарын үсгээ зурчихсан.
 Гэтэл хэрэгжээгүй лав жил гурван сарыг ардаа үдлээ.

Мэдээж анхны гишүүд нь Орос, Армен, Беларусь, Казахстан байсан, тэд л түншлэлийн харилцаагаа бэхжүүлэхээр зориг шулуудсан. Дээр нь Кыргызстан гишүүн боллоо. Эдийн засгийн эвсэл байхын тулд улс төрийн бат бэх холбоо байх нь зүй. Тэр нь түрүүлж яваад байгаагаас ЕАЭС ажиллаж эхлэхгүй байна гэх тайлбар бас бий.

Москва-Минскийн маш нягт улс төрийн холбоо буй бол түүн рүү нь Казахстан, Армен, Кыргызстан нэгдэж орох шатандаа байна.

Ерөнхийлөгч нарын хувийн харилцаа тийм нэгдэл нягтралыг үлэмж тодорхойлдог. Учир нь хуучин СССР-т улс төрийн засаглалын сонгодог институцчилал байхгүй, хувь хүмүүс буюу түүхэн бие хүмүүсийн хүчин зүйл илүү хүчтэй үйлчилдэг тул Путин, Назарбаев, Лукашенко, Серж Саргсян, Атамбаев нарын хувийн харилцаа нэн чухал.

Армянчуудыг түрэгүүд аймаглан устгасны 100 жилийн ойгоор Кремль Ереваныг тууштай дэмжиж байна, тэгснээрээ хилийн мөргөлдөөн дэгдээгээд буй Азербайжанд сануулга өгөх зорилготой хэмээн нэг хэсэг шуугиж байв.

ЕАЭС-ыг эдийн засгийн чиглэлээр бус, улс төрийн эвсэл болгоод ажиллуулбал яасан юм бэ гэх үзэл бодол Орост түгээмэл болж байна. Хуучин СССР-ийн талаар мэргэшсэн судлаач Аркадий Дубнов гэх нөхөр voanews.com сайтад ярилцлага өгөхдөө, хуучин СССР-ийг одоогийн ЕАЭС улс төрийн хувьд орлон гарч ирнэ гэдэгтэй тэрээр санал нийлэхгүй. Бүтцийн хувьд хэзээ ч тийм болохгүй гэв. 
ЕАЭС-ын гүйцэтгэх байгууллага болох Евразийн эдийн засгийн комисс нь хэзээ ч хуучин СССР-ийн Дээд Зөвлөл, Зөвлөлт Засгийн газар шиг ажиллахгүй.

Тэгэх ч нөхцөлгүй. Гэхдээ ямар нэгэн нэгдэл, эвсэл, нэг цул субъектийн шинж агуулагдана. Цэрэг улс төрийн эвслийн зарим шинж ч бас байна. Жишээ нь, Армен, Кыргыз нь Оростой эдийн засгийн шижмээрээ гэхээсээ илүүтэй цэргийн хамтын ажиллагаагаар холбоотой мэт.
Учир нь тэр хоёр улсад Оросын цэргийн томхон хэсэг байрлаж байна.

Тажикистанд мөн ялгаагүй, Оросын цэрэг байрлаж буй. Оросын цэргийн шүхэр дор аюулгүй байдлаа батлан даалгаад тэр үүднээс ЕАЭС-т гишүүнчлэлтэй болж авах зорилго буй хэмээн А.Дубнов хэлжээ. Өөрөөр хэлбэл, тэр хоёр улс нь ЕАЭС-ын гишүүн гэхээсээ Оросын цэргийн вассал юм гэжээ.

Хэрэв гүнзгийрүүлээд ажвал цэргийн хувьд хамааралтай байгаа бус эдийн засгийн хувьд Оросоос мөн үлэмж хараат аж. Үнэндээ ч Армен нь Оросоос эрчим хүч авдаг, энэ улсын эрчим хүчийг Оросын компаниуд хянадаг, Оросын гаазгүйгээр Армен яаж ч хүчрэхгүй, Оросын дотоодын үнээр байгалийн хийгээ Арменд худалддаг, өөр улсад Орос тэгж ханддаггүй гээд үзвэл Армен нь ОХУ-аас хаашаа ч холдохгүйгээр хав интеграцчилагдсан. 

 Орост төлөх өрийнхөө оронд ЕАЭС-т элсэхээс аргагүй болсон гэх дүгнэлт ч явж байсан. 

Кыргызийн хувьд Орост асар их өртэй. Орост төлөх өрийнхөө оронд ЕАЭС-т элсэхээс аргагүй болсон гэх дүгнэлт ч явж байсан. Кыргызийн эдийн засаг өөдлөхгүйгээр нурсан ба Оросоос өөр тийшээ очиж эдийн засгийг нь босголцон зээл тусламж өгөх орон дэлхийд гарахгүй гэж тус улсын зарим судлаач ярьдаг.

Атанбаев Путинийг сүүлдээд байгаа нь улс орных нь өр, эдийн засгийн хүндрэл, Афганистанаас ирээдүйд учрах лалын болзошгүй аюулаас болсон хэрэг гэнэ. Манас дахь Америкийн цэргийн баазаас гайгүй мөнгө олж байсан боловч АНУ баазаа татсан учраас орлого зогссон, хариуд нь Оросыг тийшээ уриалан дуудсан.

ЕАЭС-ын гишүүн хоёр улс Төв Азид зэрэгцээд оршино. Казахстаны Нурсултан Назарбаев гэж энэ ЕАЭС-ыг бүр 23 жилийн тэртээ санаачилсан лут лидер байна. Харин сулхан хөрш Кыргызээ ЕАЭС-ын гишүүн түнш гэхээсээ илүүтэй их л сэжиглэнгүйгээр хардаг. Ганц Назарбаев биш, ерөөсөө Казахстаны бүх элит Кыргызийг төрөл бүрийн аюулын эх уурхай-терроризм, улс төрийн тогтворгүй байдал, өнгөт хувьсгал, хар тамхины ба контрабандын үүр уурхай гэж хардаг.

Кыргызстан нь үнэхээр ЕАЭС-т элссэн, харин Казахстан нь Оросоос өрсөөд тэр жижиг хөршдөө эдийн засгийн спонсор болчихвол чухам зөв хэмээн Астанад үзэж байсан. Энэ нь туслах дэмжих гэхээсээ өөртөө элсүүлэх, бүс нутагтаа дагуул улстай болох Астанагийн далд санаа байв.

Хэрэв Кыргызийн тэрбум доллараас давсан өрийг Орос цайруулж байгаа бол Казахстан 200 сая долларын өрөөс нь чөлөөлөхөөс аргагүй. Кыргыз-Хятадын хил дээрх гаалийн бэрхшээлийг нь Казахстан хөнгөлж өгнө.

ЕАЭС-ын өмнө жигүүр цэгцэртлээ үлэмж хугацаа туулахыг дээрх хэдхэн баримт хэлээд өглөө. Тэгвэл баруун жигүүр Беларусь улс нь Оросын холбоотон мөн боловч Украинтай найрсаг харилцаагаа хадгалсаар Оросын зарим бодлогод дөнгө болон оршиж байна.

Тэр утгаар ЕАЭС-ын баруун жигүүр бас сул байгаа мэт. Лукашенко гэх нөхөр заримдаа Путиний найз, заримдаа ил дайсан болж, наашаа цаашаа ацалсан байр суурь баримтлан байгаа ба нэг мэдэхнээ үндэсний эрх ашгаа ЕАЭС-аас дээгүүр тавина гэж палхийтэл мэдэгдэх нь тэр. Өөрт нь ашиггүй л бол ЕАЭС чухал биш гэх шахуу юм ярьдаг боллоо.

Оросоос нефтийн бүтээгдэхүүнийг хямдруулсан тусгай үнээр авахгүй бол бидэнд ямар ашиг байна гэх мөртлөө Оросоос санхүүгийн байнгын зээл тусламж нэхнэ. ЕАЭС дахь интеграц гэдэгт Беларусь сэтгэл нэн дундуур гэдгийг Гадаад хэргийн сайд Владимир Макей нь «Россия 24» ТВ-ээр хээв нэг ярьж байв.

Тэр интеграц нь эрчимтэй хөгжихгүй байна, нээлттэй хэлчихье, Беларусь улс интеграцийн эл үйл явцын эрч далайц, дэвшилд туйлаас сэтгэл дундуур байна. Бид тэр эдийн засгийн нэгдмэл орон зайг 2025 он хүртэл хойшлуулмаар байна. Одоо ЕАЭС-ын хүрээнд худалдааны эргэлт уналаа.

Беларусийн хувьд Оростой ч, Казахстантай ч, бусад улстай ч худалдааны эргэлт авах юмгүй байна. 

Беларусийн хувьд Оростой ч, Казахстантай ч, бусад улстай ч худалдааны эргэлт авах юмгүй байна. Гэтэл Африк, Азитай худалдааны эргэлт өсөөд байдаг.

ЕЭАС дахь Беларусийн түншүүд хүртэл зөвшөөрч байна-Бидний хүссэн эрч далайц тэр эрчээрээ явахгүй байна. Казахстан Дэлхийн худалдааны байгууллагад элсчихдэг, тэгээд ЕЭАС-ын түншүүдээсээ илүүтэй ДХБ-ын бусад гишүүн улстай илүү либерал дэг мөрдөөд эхэлнэ хэмээн тэр сайд ярьж байв. Түүний хэлснээр ч болсон л доо.

Хатиг бэтэг болсон өөр асуудлууд ч ЕЭАС-д хэрүүл дэгдээжээ.  Кыргызийн Ерөнхийлөгч асан, одоо эрэн сурвалжлагдаад буй төрийн гэмт хэрэгтэн “цуст” Бакиевыг Беларусь өөртөө орогнуулан шилжүүлж өгөхгүй байгаагаас ЕАЭС-ын одоогийн хоёр гишүүн өвөр хоорондоо илд зөрүүлээд байна.

Астана ба Ереваны хооронд бас илд мэсний хэрүүл дэгдээд буй. Назарбаевын тавьж буй хатуу болзол байна. Тэр нь лалын нэг шашинт азер ах дүүсийнхээ төлөө юм. Хэрэв Армен нь ЕАЭС-т гишүүн л юм бол Карабахтай тогтоосон холбоогоо тасалж, Армен-Карабахын хооронд хилийн шугам татаж, гаалийн пост ажиллуул хэмээн Назарбаев Саргсянд шаардлага хүргүүлж байв. Астанад ЕАЭС-ын дээд хэмжээний уулзалт болоход эхний уулзалтаа гурвуулаа хийж, Саргсяныг оролцуулаагүй нь Назарбаевын хувийн тоглолт бус Нагорно-Карабахын мөргөлдөөнд Оросоос бусад орон хэрхэн эмзэг хандаж байдгийн илэрхийлэл болсон юм.

Крымийг Орост нэгтгэсэн, Донбасст Оросыг дагагч Донецк, Луганскийн “Ардын бүгд найрамдах улс”-ууд байгуулсан асуудал дээр Арменыг түдгэлзэх болов уу гэдэг байр сууриа Орос битүү илэрхийлсэн нь хэрэгжсэнгүй.

Армен улсын Гюмри дэх Оросын цэргийн баазаас нэг орос цэрэг оргож гараад армян гэр бүлийг хүйс тэмтэрсэн аймшигт хэрэг дэгдсэн, тийм учраас Европын зөвлөлийн парламентын ассамблей дээр Орос нь Арменаас дэмжлэг горьдох нь бүү хэл Армен ЕАЭС-т гишүүн байх, эсэх дээр Ереванд армяны элитүүдийн дунд хагарал гарчээ. Крым Оросынх гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх асуудал Ереванаас горьдолтгүй болжээ.

Азербайжан нь энэ асуудлаар Орост бүр хэт хатуурхсан хэмээн оросууд гомдоод өнгөрсөн. Энэ хөрш нь ОХУ-ыг Европын зөвлөлийн парламентын ассамблейгээс шууд хөөхийг уриалан дуудсан ба тэр үеэр Кыргызстан хэдийгээр сулхан эдийн засагтай, ядуу, хараат ч гэсэн Крым дээр Оросыг дэмжсэн санал өгсөнгүй.

Энэ мэтээс үзвэл, энэхүү ЕАЭС-ыг Европын холбооны эсрэг сөргүүлсэн хүчирхэг эвсэл болгох асуудал дэндүү алс холын төлөвлөгөө болж арагш шидэгдсэн, эсвэл нураад унах нигууртай байх шүү!

Зураг