Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Эмэгтэй нэр дэвшигчдийг “үхэл”-ийн тойрогт илгээдэг жишиг бий

Б.Даваатогтох, Засгийн газрын мэдээ
2016 оны 3 сарын 21
Засгийн газрын мэдээ
Зураг зураг
2016.01.18. Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хөшүүргийг Сонгуулийн тухай хуулиар дамжуулан хийх ёстой гэдгийг судлаачид хэлдэг. Эхний алхмуудыг ч энэ хүрээнд хийж эхэлсний баталгаа нь 2012, 2016 оны Сонгуулийн тухай хууль. Үр дүнд нь өнөөгийн парламентын бүрэлдэхүүнд 11 эмэгтэй гишүүн ажиллаж, түүхэн дээд амжилтыг тогтоогоод буй.

2012 оны сонгуульд нийт 544 хүн нэр дэвшсэнээс 174 нь эмэгтэй байж, үүнээс 11 буюу 14.5 хувь нь сонгогдсон билээ. Харин энэ удаагийн ээлжит сонгуулиар улс төрийн хүчнүүд нэр дэвшигчдийнхээ дор хаяж 30 хувийг эмэгтэйчүүдээс бүрдүүлэх учиртай. Тэгэхээр жагсаалтын 28-ын 9-10 нь, тойргийн 48 мандатын 15-16 нь эмэгтэй нэр дэвшигч байх ёстой болж байгаа юм.

Гэхдээ улс төрийн хүчнүүд эмэгтэйчүүдийн квотыг хуульд заасан тоонд хүргэсэн гэх нэр зүүгээд өнгөрөх үү. Үнэхээр улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог өсгөх хүсэл зориг гаргах уу гэдэг нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд 30-аас доошгүй хувьд нэр дэвших боломжтой болж байгаа ч бодит амьдрал дээр биеллээ олох нь эргэлзээтэй юм.

Эмэгтэйчүүд 30-аас доошгүй хувьд нэр дэвших боломжтой болж байгаа ч бодит амьдрал дээр биеллээ олох нь эргэлзээтэй юм.

Учир нь намын жагсаалт дахь эмэгтэй, эрэгтэй нэр дэвшигчдийг хэрхэн эрэмбэлэх талаар Сонгуулийн тухай хуульд тусгаагүй нь хуулийг хийдүүлэх гарц болдог. Уг нь сонгуулийн хуулийн төсөлд “Нам, эвслээс хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцооны дагуу нэрийн жагсаалтыг эрэмбэлэхдээ гурван хүн тутмын нэг нь аль нэг хүйсийн төлөөлөл байна” гэсэн заалт байсан.

Гэвч чуулганы хуралдаанаар эцэслэн хэлэлцэхдээ тэрхүү заалтыг хасчихсан. Тэгэхээр улс төрийн хүчнүүд жагсаалтдаа эмэгтэйчүүдээ тэнцвэртэйгээр эрэмбэлэхгүй бол хуульчлагдсан 30 хувийн квот биеллээ олоход бэрх гэсэн үг. Учир нь улс төрийн намууд хуулийн цоорхойг ашиглаж, эмэгтэй нэр дэвшигчдийг жагсаалтын хойгуур эрэмбэлж, “ёсчилдог”.

Тухайлбал, 2012 онд МАН-ын жагсаалтад 10 эмэгтэй багтсанаас 10-т Д.Сарангэрэл, Ардчилсан намаас есөн эмэгтэй жагсаалтад багтсанаас долоод Р. Бурмаа, есөд М.Батчимэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн жагсаалтад долоон эмэгтэй орсноос долоод З.Баянсэлэнгэ багтсаны ачаар УИХ-д орж ирсэн юм.

Өнгөрсөн сонгуульд Ардчилсан нам 35.32, МАН 31.31, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 22.31 хувийн санал авснаас харахад жагсаалтын эхний 10-т бичигдсэн хүн л УИХ-д орох боломжтой байна.

Үүнээс гадна намууд эмэгтэй нэр дэвшигчдийг “үхэл”-ийн тойрогт илгээдэг жишиг бий. Тодруулбал, сонгуулийн үр дүн нь тодоос тод харагдах цэнхэртсэн тойрогт Ардын намынхан эмэгтэй нэр дэвшигчдийг илгээдэг. Харин Ардчилсан намынхан уг тактикийг адилхан ашигладаг.

Тиймээс улс төрийн намууд энэхүү тактикийг ирэх сонгуульд ашиглаж магадгүй аж. Учир нь хоёр том намын генсекүүд хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ талаар цухас дурджээ. 

Тухайлбал, Ардчилсан намын генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Манай намын хувд аймаг, дүүрэг, суманд эмэгтэйчүүдийг ИТХ-д олноор нэр дэвшүүлэх магадлал түлхүү байна. Зарим газар 50-60 хувь болж орж ирж буй. Харин УИХ-д арай бага байгаа. Гэхдээ 30 хувьдаа хүрнэ. Харин жагсаалтын хойгуур эрэмбэлэх асуудал байхгүй. Манайхан дотроо уралдаж, шахцалдаж байгаа” гэлээ.

Тэгвэл сөрөг хүчний “гал тогоо” удирдаж буй Ж.Мөнхбат “Манай нам улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог Ha-Max талаар хамгийн түрүүнд дуугарч, нээлттэй болгож өгсөн улс төрийн хүчин учраас эмэгтэйчүүдээ алагчилж, хойш нь тавьдаггүй. Нэр дэвшүүлэхдээ ч энэ зарчмаа хадгалж, хуулиа баримтална.

Эрэгтэй, эмэгтэй, мөнгөтэй, мөнгөгүй нь хамаагүй. Хэн нь сонгогчдын итгэлийг хүлээж, хэн нь МАН-ыг төлөөлж төрд ажиллаж чадахаар байна, тэр хүнийг л нэр дэвшүүлнэ. Энэ бол манай намын баримтлах гол зарчим. Тийм ч учраас эмэгтэйчүүдээ л хойш нь бичнэ гэсэн зарчим өмнө нь баримталж байгаагүй, одоо ч тийм зүйл байхгүй” хэмээн мэдэн будилж, мөрөө хавчжээ.

Ардын намын генсекийн дээрх үг бодит байдалтай нийцэж байгаа нь эргэлзээтэй. Учир нь, 2012 оны УИХ-ын сонгуулиар тус намын жагсаалтын 10-т Д.Сарангэрэл эрэмбэлэгдсэн. Сонгуулийн дүнгээр тус намын жагсаалтын эхний есөн хүн УИХ-д орсон. Харин У.Хүрэлсүхийн улс төрийн шийдвэрийн дараа Д.Сарангэрэл төрийн түшээ болсон билээ. Тэгэхээр Ардын намын генсекийн үг хоосон төдий л сонсогдож байгаа хэрэг.

Тиймээс Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг тусгахаас илүүтэйгээр жагсаалтыг эрэмбэлэх асуудалд анхаарах нь улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах чухал ажлуудын нэг гэлтэй. Хэрэв 2016 оны сонгуульд ч мөн улс төрийн намууд эхний 10 дотроо эрэгтэй нэр дэвшигчдээ давамгай зоож өгвөл парламент дахь жендерийн тэнцвэрт байдалд төдийлөн хүчтэй нөлөөлж чадахгүй л болов уу.

Дашрамд дурдахад, Монголын нийт хүн амын 51.7 хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүд 1992 оноос хойших УИХ-ын зургаан удаагийн сонгуулийн үр дүнгээр парламентын суудлын дөнгөж 4-18 хувийг эзэлж иржээ.

Энэ удаагийн парламентад сууж буй эмэгтэйчүүд намын дэмжлэг гэхээс илүүтэйгээр өөрсдийн эр зоригоор тойрогт өрсөлдөн, УИХ-Д сонгогдсон гэдгийг тодотгоё. Харин энэ талаар УИХ дахь эмэгтэй гишүүдийн зарим нь дараах байр суурийг илэрхийлж байгаа.

С.ОДОНТУЯА: ЭЦСИЙН ШИЙДВЭР ГАРААГҮЙ БАЙНА

2016.01.06 Гэрэл зургийг mpa.mn

-Сонгуулийн тухай хуулиар батлагдсан квотын дагуу 76 нэр дэвшигчийн 30 хувь нь эмэгтэй байх ёстой. Өнөөдрийн байдлаар энэ асуудлаар манай намын эцсийн шийдвэр гараагүй байгаа.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос эмэгтэй нэр дэвшигчдийг ажиллаж байсан буюу боломжтой тойрогт нэр дэвшүүлэх болон намын жагсаалтын урдуур эрэмбэлүүлэхийн төлөө ажиллана.

Д.САРАНГЭРЭЛ: ЭНЭ TOO ИРЭХ СОНГУУЛИЙН ДАРАА ӨСӨХ БАЙХ

 

-Сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь гэсэн хязгаарт тогтоож байгаад сэтгэл дундуур байдаг. Гэхдээ өнөөгийн нийгмийн нөхцөлд эмэгтэйчүүдийн квотыг хуульчилж өгснөөр улс төр дэх оролцоог нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

Өнгөрсөн 2012 оны сонгуулиар эмэгтэйчүүдийн квотыг 20 хувиар тогтоож өгсний дүнд өнөөгийн парламентад 11 эмэгтэй гишүүн орж ирсэн. Энэ бол улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх гэсэн бодлогын үр дүн гэж бодож байна. Тиймээс энэ тоо ирэх сонгуулиар өсөх байх гэж бодож байна.

З.БАЯНСЭЛЭНГЭ: НАМУУД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ

 

-Сонгуулийн тухай хуулийн заалтыг улс төрийн намууд хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэхдээ дүр эсгэсэн байдлаар хэрэгжүүлэх ёсгүй гэж бодож байна.

Нэг үгээр хэлбэл, үр дүн нь таагүй гарах тойрог болон намын жагсаалтын хойгуур бичих байдлаар хэрэгжүүлбэл нэмэргүй л дээ.

Зураг