-Хөндөх сэдэв-
Оны өмнөхөн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болж арилжааны банкууд ипотекийн зээлийг “барьцаалсан”. Ингэснээр шинэ байранд орох гэж байсан хүмүүсийг гарах гарцгүй болгов. Ялангуяа Буянт-Ухаа-2 хороололд орох гэж байсан айлуудыг үүдэн дээрээс нь буцаасан гэхэд болно.
Иймэрхүү үл ойлголцлыг УИХ-ын дарга З.Энхболд “Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэр бол барьцаалбар гэдэг үгийг ойлгоогүйтэй холбоотой. Барьцаалбар гэдэг бол байрны ордер гэсэн үг. Өмч болоогүй учраас. Өмч болох хүртлээ банканд дээр хадгалагддаг, банкнаас зөвшөөрөл авдаг хамгийн гол бичиг баримт бол барьцаалбар. Гэтэл барьцаалбар өмч болтлоо 20 жил хэрэгтэй" гэж тайлбарласан.
Харин цэц байрны ордерыг чөлөөтэй эргэлдэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргасан нь арилжааны банкуудыг зээлээ зогсооход хүргэсэн гол шалтгаан. Өөрөөр хэлбэл, Үл хөдлөх хөрөнгийн тухай хуулийн гол суурь нь барьцаалбар гэж буй. Тэгэхээр бүх зүйл эндээс эхэлсэн гэсэн үг.
Ийнхүү ипотекийн зээл зогссоноор барилгын салбар тэр чигээрээ унасан гэхэд хол зөрөхгүй. Яагаад гэвэл ипотекийн найман хувийн зээл зогссоноор иргэн байр авч чадахгүй, байр авахгүй бол барилга угсралт хийдэг 77 мянган хүн, барилгын материал борлуулдаг 20 мянган хүний ажил удааширч байгаа юм.
Тэгвэл ипотекийн зээл гэж яриад байгаагийн гол учир утга нь юу юм бэ. Ерөөсөө л утааныхаа дороос толгой өндийлгөж чаддаггүй манай улсын хувьд энэ асуудлаа бага ч гэсэн шийдвэрлэж болох том боломж гэж харж болохоор. Товчоор хэлбэл ипотекийн зээл хэрэгжсэнээр хэдэн айл орон сууцтай болох юм.
Тэр хэрээрээ утааны уурхай гэгдэж, төслийн зуухнаас эхлээд төрөл бүрийн зүйл тараагаад ч утаа, угаар нь хагасрахгүй байгаа гэр хорооллоос хэдэн яндан цөөрөх вэ гэдэг нь л хамгийн чухал үр дүн. Албаны мэдээллээс харахад анх 13-22 хувийн хүүтэй байсан ипотекийн зээл найман хувь болсноор орон сууцны зээлд хамрагдах дундаж давхаргынханд хүрч эхэлсэн.
Өөрөөр хэлбэл найман хувийн хүүтэй зээлд сард 980 мянган төгрөгийн орлоготой өрх хамрагдах боломжтой байгаа аж. Цаашид ч ипотекийн зээл зогсохгүй, ямар нэг эрсдэлд орохгүйн дээр одоогийн яриагаар зээлийн хүү нь буурчихвал. Мөн орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10-20 хувь болгочихвол илүү олон айлыг хамрах боломжтой. Гэхдээ энэ машин хурдан явах ёстой. Холбогдох байгууллагууд зөвшилцөх ёстой гэдгийг холбогдох хүмүүс хэлж байгаа.
Монголын ипотекийн корпорациас өгч буй мэдээллээр бол Улаанбаатар хотод 352 мянга 812 өрх амьдардаг.
Монголын ипотекийн корпорациас өгч буй мэдээллээр бол Улаанбаатар хотод 352 мянга 812 өрх амьдардаг. Үүний 148 мянга гаруй нь орон сууцанд амьдарч байгаа. Тэгэхээр 200 гаруй мянган өрх гэр хороололд амьдарч Улаанбаатарын утаанд хувь нэмэрлэж байна гэсэн үг.
Гэр хороололд амьдардаг 169 мянган өрх орон сууцанд орон зээлд хамрагдаж орон сууц худалдан авах чадвараа баталгаажуулсан 63 мянга 915 өрх байгаа юм. Тодорхой хэлбэл ипотекийн зээлд хамрагдах шалгуур хангасан 64 мянган айл өрх байна.
Тэгэхээр ипотекийн зээл бага хүүтэй хэвийн үргэлжилснээр 64 мянган өрх гэр хорооллоос тохилог дулаахан орон сууц руу шилжинэ. Энэ нь утаанаасаа салах гэж хөрөнгө мөнгө төсөвлөдөг хэрнээ олигтой үр дүнд хүрдэггүй байдалд жаахан ч гэсэн.тус нэмэр болж гэр хорооллын 200 гаруй мянган яндангийн 64 мянга нь хасагдана гэсэг үг. Тэр хэрээр утаа багасч амьсгалах агаар бага ч гэсэн цэвэршинэ.
Тэгвэл дахиад хэдэн ч 64 мянган өрхийг орон сууцанд оруулж улмаар утааны асуудлыг шийдвэрлэх боломжийн үзүүр цухалзаж байгаа ч яг таг хэрэгжсэн зүйл алга. Энэ бол УИХ, Монголбанк, МИК-иас боломжтой гэж үзэж байгаачлан ипотекийн зээлийн хүүг таван хувь, орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10-20 хувь болгож 10 хувийг нэг удаа төрөөс дэмжих бодлого барьж байгаа. Энэ ажил бодит болж, эрүүл хөрсөн дээр буувал зээлийн шаардлага хангасан 64 мянган өрхөөс гадна орон сууцанд орох хүсэлтэй 170 мянган өрхөд боломж нээгдэнэ хэмээн тооцоолж болохоор.
Түүнчлэн таван хувь болголоо гэхэд босго өндөртэй банкнуудын шаардлага зөөлөрч зээл авах айлын сарын байж болох орлогын хэмжээ 900 мянган төгрөг болж байна. Ингэснээр байрны үнэ нэмэгдэнэ гэсэн хардлага олон нийтийн дунд байгаа ч барилга барихад хамгийн их хэрэглэдэг ган арматур, цементийн үнэ Монголд буурсан учраас үнэ тогтвортой байна. Зах зээл дээр 18 мянган орон сууцны нийлүүлэлт байгаа учраас барилгын салбарынхан үнээ нэмэхгүй гэдгийг албаныхан аль, аль талдаа мэдэгдэж байгаа.
Ямартаа ч зээлийн хүү таван хувь болж орон сууцны урьдчилгаа төлбөр 10 хувь болох ажил нэг үеийг бодоход ойртож байгаа ч энэ машиныг хурдлуулах хэрэгтэй байна. Үр дүнд нь дахиад 200 гаруй мянган өрх тохилог орон сууцанд амьдарч. 200 гаруй мянган яндангаас утаа суунаглаж та биднийг хордуулахгүй нь байна шүү.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!