Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хүннү энгэр моодноос гарч, энгийн загвар эрэлт ихтэй болжээ

Ж.Отгон
2016 оны 2 сарын 3
Монголын мэдээ
Зураг зураг

Өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр Цагаан сар хэдхэн хоногийн дараа болох гэж байна. XVII жарны Гал бичин жил айлчлан ирж буй уламжлалт сайхан баяраараа монголчууд үндэсний дээл, хувцсаараа гоёж, айл хотол, ахан дүүсээрээ уулзан золгож, өвгөд хөгшдийнхөө амрыг тохой өргөн мэндчилж, баяраа тэмдэглэхээр энэ өдрүүдэд бэлтгэлээ базааж буй. 

Сүүлийн жилүүдэд үндэсний томоохон баярын өмнө монгол дээлийн эрэлт нэмэгдэж, хаа газрын хувцас загварын салон том жижиг гэлтгүй захиалгад дарагддаг болоод байгаа. Тиймээс манай сонин энэ удаагийн “Дугаарын сурвалжлага”-аараа баярын өдрүүдэд хамгийн эрэлт хэрэгцээтэй дээл, монгол гутал, бүсний үнэ ханш ямар байгаа талаар сурвалжиллаа.

Хүннү энгэртэй дээл сонголтгүй болжээ 

Монголчууд уламжлалт баяр цагаан сар, наадмаар үндэсний хувцсаараа гоёхыг илүүд үзэх болсон билээ. Үүнийг дагаад үндэсний хувцасны загварт ч гэсэн өөрчлөлт орох болсон. Монголчуудын хувьд сүүлийн хэдэн жилд хүннү захтай дээлийг ихэвчлэн сонгож байсан бол энэ жил  уламжлалт босоо захтай дээл трэнд болж байгаа гэнэ.  

Сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд баяраар өмсөх хувцсаа сонгож амжаагүй яваа, хямд атлаа чанартай  гоёл хайж буй хүмүүст хэрэгтэй мэдээллийг нь хүргэх үүднээс манай сурвалжлах хэсэг “Нарантуул” захыг зорилоо.

Монголчууд уламжлалт баяр цагаан сар, наадмаар үндэсний хувцсаараа гоёхыг илүүд үзэх болсон билээ.

Баярын бэлтгэлээ базааж буй хүмүүсийн хөлд зах дарагджээ. Хамгийн хямд хувцас, эд хэрэглэлийг чухам эндээс л авч болох учир бид хамгийн түрүүнд захыг сонгосон хэрэг. Хүүхдийн дээл, гутал, малгайны худалдаа орох хаалганаас эхлээд үргэлжилжээ. Харин  хос дээл, үслэг эмжээртэй дээл гээд төрөл бүрийн дээлийг худалдаалах  хэсэг захын хувьд ганц л байдаг юм.

Дээл худалдаалах хэсэгт үйлчлүүлэгчид зөрөх зайгүй шахам олон байлаа. Энэ жилийн сар шинийн баяраар иргэд ямар загварын дээлийг илүү их худалдан авч байгааг сонирхохоор “Нарантуул” зах дээр олон жил дээлний худалдаа эрхэлсэн Ч.Батцолмон гэх залуутай уулзлаа. Тэрбээр “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд иргэд хүннү захтай дээлийг их авдаг байсан. 

Харин энэ жилийн хувьд босоо захтай дээлийг ихэвчлэн худалдан авч байна. Өнгөний хувьд эрэгтэй, эмэгтэйгүй тод өнгийн дээл сонгож  байна. Харин хөдөө, орон нутгаас ирсэн хүмүүс бараан өнгийг илүүд үзэж байгаа. Насны хувьд залуучууд ихэвчлэн цамц авч байгаа бол настай хүмүүс дээлээ л авч байх жишээтэй”  хэмээсэн юм. 

Зах дээр хамгийн үнэтэй дээл 900 мянгаас нэг сая төгрөгийн хооронд байна. Энэ нь хурган дотортой дээл бөгөөд хамгийн хямд нь 900 мянга аж. Харин загварын эрэгтэй, эмэгтэй цамцны тухайд доод  тал нь 40-80 мянган төгрөгт хэлбэлзэж байна. Өнгөрсөн жил наадмын үеэр трэнд болж байсан нимгэн материалтай богино ханцуйтай дан дээл 80-130 мянган төгрөгийн хооронд байв.

 

Үнийн хувьд материалаасаа хамааран хэлбэлзэж байгаа бол том хүний энгийн  дээл 80-180 мянга, энгийн хос дээл 200-250 мянган төгрөгийн үнэтэй байх аж. Ангын үсэн эмжээртэй дээл ч цөөн тоогоор худалдаалагдаж байлаа. Ангын үсэн эмжээртэй, кашмерин хос дээл 400-450 мянга, харин эмжээргүй кашмерин хос дээл 200-250 мянган төгрөгийн үнэтэй байв. 

Хэзээнээсээ л сар шинийн баяраар өнгөтэй өөдтэй байх ёстой гэсэн үзэлтэй монголчууд бид хүүхдүүдийнхээ сар шинийн баярын хувцсанд тэр бүр гар татаад байдаггүй. Тэгвэл нэг сартайгаас зургаан нас хүртэлх хүүхдийн дээлний доод үнэ 35 мянга байх бөгөөд  материалаасаа шалтгаалаад түүнээс дээш төгрөгийн үнэтэй байсан юм. Нэхий дээлийг ч гэсэн сүүлийн үед хүмүүс лоовуузан малгайтай нь хослуулан хүүхэддээ авч өгөх болжээ. Тэгвэл ийм төрлийн хүүхдийн дээл зах дээр 60 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. 

Хиймэл үстэй лоовуузан малгай 15,000...

Хэзээнээсээ монголчууд мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс хэмээн малгай, бүсийг дээдэлж ирсэн. Тэгвэл сар шинийн баяраар үндэсний хувцсаа сонгосон хүмүүст малгай, бүс яах аргагүй хэрэгтэй. Малгайны тухайд эцэг, эхчүүд хүүхдүүддээ лоовуузан малгайг их сонгож байгаа харагдав. 

Зах руу орох хаалганы ойролцоох гадна талбайд хиймэл үстэй лоовуузан малгайг 10 мянган төгрөгөөр зарж байсан бол дотор 12, 15, 18 мянга гэх зэргээр үнийн хувьд ялгаатай худалдаалагдаж байв. Савхин оройтой дөрвөн талт малгай хүүхдийнх 25 мянга, том хүнийх 30-35 мянган төгрөгийн хооронд байх аж. Үс нь ямар байхаас шалтгаалаад малгайны үнэ янз бүр. Хиймэл бус жинхэнэ ангын үсээр урласан малгайны хувьд  200-250 хүртэлх мянган төгрөгийн үнэтэй байв. Зарим хүмүүсийн хувьд бүрх малгай сонгох нь бий. Тэгвэл энэ төрлийн малгайг 25 мянган төгрөгөөр худалдаалж байна. 

Сар шинийн баярын гоёлын нэг чимэг нь бүс. Бүсний үнэ хэлбэр хийц, материалаасаа шалтгаалаад янз бүрийн үнэтэй байв. Тухайлбал, чулуун бүс 28-30 мянга бол кашмерин бүс нь 18-20 мянга, даавуу нь 10-15 мянга, хиймэл сувдан сүлжээтэй бүс 12-15 мянгаар үнэлэгдэж байна. Харин металл бүс 10-12 мянган төгрөгөөр худалдаалагдаж байв. Кашмерин бүсийг иргэд ихэвчлэн дээлийнхээ өнгөтэй хослуулан авч байгаа гэнэ. 

Суран бүсний үнийн хувьд тоноглолтой энгийн эрэгтэй суран бүс 25 мянга бол өргөн суртай тоноглолтой бүс 35 мянга, эмэгтэй суран бүс 15 мянга байх бөгөөд 120 мянга, 150 мянган төгрөгийн үнэтэй бүс ч байлаа. Сур болон тоноглолоосоо шалтгаалаад бүс янз бүрийн үнэтэйгээр худалдаалагдаж байна.  Харин хүүхдийн суран бүс 15 мянга байв. Зах дээр гутал арвин сонголттой байх бөгөөд мөн л материал, хэлбэр хийцээсээ шалтгаалаад 75-250 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэх аж. Хүүхдийн гутал ч гэсэн 25-45 мянган төгрөгийн хооронд зарагдаж байлаа.  

Оёдлын цехүүд захиалгаа хаажээ 

“Нарантуул” захад худалдаалагдаж буй дээл, малгай, гуталны үнэ ханшийг сонирхсоныхоо дараа манай сурвалжлах хэсэг хэд хэдэн оёдлын цехүүдийн хаалгыг тогших хэрэг гарав. Сар шинийн баяр болоход зургаахан хоног үлдээд буй энэ өдрүүдэд тэд тун ч завгүй байгаа бөгөөд бүгд дээлний захиалгаа хаажээ. Бүр захиалга авах нэг ч газар олдсонгүй. Арай олон хувцас захиалгын газар байдаг гэдэг утгаараа олны нэрлэж заншсанаар “Урт цагаан”-ыг зорилоо. Гэвч дээлний захиалга авч буй нэг ч газар тэнд байсангүй.  Оёдолчид нь толгой өндийх завгүй дээлийн захиалгад дарагдан ажиллаж байсан юм.

Тэдний хувьд материалаас нь шалтгаалаад харилцан адилгүй оёх бөгөөд энгийн дээлийг 50-80 мянга, загварын дээлийг  80-150 мянган төгрөгийн хооронд оёж байгаа аж. Мөн хувиараа дээл хийнэ гэсэн зар өгсөн хэд хэдэн хувь хүн рүү залгаж үзсэн ч, одоогоор дээлний захиалга авахгүй гэсэн хариуг өгч байсныг энд тэмдэглэх хэрэгтэй болов уу.  Тиймээс хэрвээ дээл захиалгаар хийлгэхээр төлөвлөж буй хүн байвал оёдлын цехийг зорьж, цаг заваа алдахгүйгээр  зах, томоохон худалдааны төвүүд, компаниудад  худалдаалагдаж буй бэлэн дээлнээс л сонголтоо хийх боломжтой гэдгийг сануулъя. 

Өдөр тутам өмсөх үндэсний хувцсанд урт шулуун загвар зонхилж байна

Сүүлийн үед монголчууд зөвхөн уламжлалт баяр, наадмаар үндэсний хувцсаа өмсөхөөс гадна өдөр тутамдаа өмсч гангардаг болсон. Тиймээс ч баярт зориулан авч байгаа ч гэлээ дараа нь ажилдаа, хүлээн авалтад хаана ч  өмсч болохоор загварыг хүмүүс ихэд сонирхох болсон байна. Үүнийг дагаад энэ төрлийн хувцаснуудыг урладаг захиалгын газар ч үүд хаалгаа нээх болжээ. Тиймээс бид үндэсний өдөр тутмын хувцаснуудыг урладаг  “Esu monteE” салоныг зорин очив. 

Тус салоны үүсгэн байгуулагч, дизайнер Д.Ерөөлсүрэн “Манай салон ерөнхийдөө үндэсний өдөр тутмын хувцас хийдэг. Тиймээс бусад салонуудыг бодвол ганц удаа баяраар өмсөөд хувцасны шүүгэндээ өлгөх хувцас бус өдөр тутамдаа хаана ч өмсөж болохоор хувцаснуудыг урлаж байгаагаараа онцлог. Үнийн хувьд яг дундаж гэж хэлж болох байх. 

Тодруулбал, чанарлаг материалаар хийсэн дээлийг 88-150 мянган төгрөгийн хооронд борлуулдаг. Энэ жил өнгөний хувьд тухайн хүн бүрийн хүсэл сонирхлоос шалтгаалаад өөр өөр байна. Гэхдээ ихэвчлэн бараан өнгө сонирхдог бол хар хөх, бор өнгийг, гэгээлэг өнгө сонирхдог хүмүүс завсрын өнгүүдийг сонгож байна. Хэлбэр, загварын тухайд нэлээд шулуун болсон. Урт нь ихэнхдээ өвдөг давсан загварыг захиалж байна” гэлээ.  

Үстэй дээлний эрэлт их байлаа

Хүмүүсийн хүссэн загвар, хэлбэр хэмжээгээр нь дахин давтагдашгүй зөвхөн тухайн хүнд зориулагдсан дээл хувцсыг урладаг олон салон байдгийн нэг нь үндэсний хувцас үйлдвэрлэгч “Ур Ундрах” компани. Тиймээс бид тус компанийг зорьж, энэ жилийн дээлний загварын чиг хандлага хийгээд тус компанийн бүтээгдэхүүний талаар сонирхлоо. Биднийг очих үеэр захиалсан хувцсаа авахаар ирсэн,  өөрт таарсан хувцсаа сонгохоор ирсэн гээд үйлчлүүлэгчдийн хөлд дарагдсан байлаа. Тус компанийн захирал, Монгол Улсын мастер оёдолчин А.Алтантуяа үйлчлүүлэгчиддээ зөвлөгөө өгөөд тун завгүй. 

Үйлчлүүлэгчид нь ч гэсэн ямар загварын ямар материалтай хувцас өмсвөл надад зохих бол гэх зэргээр түүнээс зөвлөгөө авч байв. Үйлчин бүсгүйчүүдийн ур ухаанаа шингээн урласан ангын үсээр эмжиж хийсэн дээл, хос дээл, хантааз, өдөр тутамдаа өмсөх лоовуузон малгайнаас эхлээд ноён малгай, арьсан гутал хүртэлх иж бүрэн хувцас хэрэглэл энд байна. Энэ жил эдний хамт олон хурган дотортой дээл үйлдвэрлэсэнээрээ онцлогтой гэнэ.


Тиймээс бид энэ жилийн сар шинийн баярын малгай, дээлний загварын чиг хандлага ямар байгаа  талаар  “Ур Ундрах” ХХК-ийн захирал А.Алтантуяатай цөөн хором ярилцлаа.  

-Ур ундрах” компаниас сар шинийн баярт зориулан ямар загварын дээлнүүдийг урлан худалдаанд гаргаад байна вэ. Мөн энэ жилийн сар шинийн баярын дээлний трэнд ямар байгаа талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу? 

-Өнгөрөгч онд зохион байгуулагдсан “Гоёл” наадамд манайх үстэй дээл, үслэг эдлэлээр оролцсон. Энэ утгаараа үйлчлүүлэгчдийн дунд хамгийн их эрэлттэй байлаа. Хурган дотортой дээл, булган эмжээртэй кашмерин дээл, булган эмжээртэй ууж, малгай, гутал тэргүүтнийг иж бүрнээр нь үйлдвэрлэсэн.

Энэ жилийн үслэг эдлэлийн дээлний загвар үндсэндээ зарагдаад дуусч байна. Одоогоор хоёр дээл үлдсэн.  Манайх хоёр загвар зохион бүтээгчтэй. Тиймээс загвараа өөрсдөө зохион бүтээдэг. Ерөнхийдөө энэ жилийн дээлний загварын чиг хандлагын тухайд бариу ханцуйтай, хүннү захтай дээлнээс хэрэглэгчид татгалзаж байх шиг байна. Өөрийн биедээ таарсан тод өнгөтэй дээлнүүдийг энэ жил их хийлгэж байна. 

-Танайд захиалга хэр их байна. Захиалгаа хаачихсан уу?

-Манайх нэгдүгээр сарын 10-наас захиалгаа хаасан. Манай компани үндэсний хувцас үйлдвэрлээд 15 жил болж байна. Би өөрөө Монгол Улсын мастер оёдолчин хүн. Оёдлын салбарт 40 жил ажилласан. Тиймээс гаднаас хүн ороод ирэхэд энэ хүнд ийм хувцас таарах юм байна гэдгийг хараад л мэддэг. Тиймээс ч үйлчлүүлэгч олонтой байдаг даа.  

-Хурган дотортой дээлний эрэлт хэр их байв?

-Аливаа бүтээгдэхүүнийг хийхэд гол анхаарах зүйл нь түүхий эд материал. Тиймээс манайх БНСУ-ын “Голден Тех самсунг” корпорацийн даавуу, Энэтхэг  сари, орос даавуу, тайланд бөс бараа, БНХАУ-ын Дэдү Ян хэмээх томоохон үйлдвэрийн  үйтэн хуар, торгоор  дээл хийж байгаа.

Хурган дээлний хувьд үйлдвэрийн элдүүртэй. Хурган дээл ер нь эрэлт ихтэй байлаа. Ийм төрлийн дээлийг  хамаагүй даавуу, хямд торгоор өнгөлж болдоггүйгээрээ онцлогтой. Хөрс нь нимгэн байдаг учраас олон хуулдаггүй. Уламжлалаар бол  хамгийн гоё брэнд хувцас бол хурган дотортой дээл байдаг. Мөн ангын үсээр эмжсэн хүрэмнүүд байлаа. Энэ жил хүйтэн ч жил байсан болохоор үстэй эдлэлийн эрэлт их байх шиг байна.  

-Малгайны хувьд энэ жилийн сар шинээр ямар загварын малгайг хүмүүс их сонгож байна вэ?

-Залуучууд лоовуузан малгайг голдуу сонгож байна. Малгай дотроо маш олон янз. Ноён малгай, хутагт малгай, ард малгай, жонон малгай гээд маш олон янз байдаг. Хамгийн эрэлттэй малгайны хувьд лоовуузан малгай байсан. Хутагт малгайг ч гэсэн олон хүн захиалгаар хийлгэсэн. Халиуны үсээр мөн малгай хийсэн. Маш их ноолуурлаг гурван үеэр нь өмсгөдөг эдэлгээ сайтай малгайг үйлдвэрлэсэн. Гуталны тухайд цэвэр хромон гутал, ээтэн, бөөрөнхий хоншоортой, зээгт наамалтай гутал хийсэн. Ер нь  бүтээгдэхүүний үнэ харьцангуй хямд байгаа.     

100 хувийн ноолууран дээлэндээ онцгой хямдрал зарлачихсан байна гэв

Сар шинийн баяраар үндэсний хувцас, дээл, гутал, чамин хийцтэй алт, мөнгөн бүс, үнэт чулуун хөөрөг, хэт хутга гээд л үндэсний өв соёлын чанартай эд зүйлсээр гангарах болсон. Тэр дундаа дээлний хийц урлал, түүний материал, хаана урласан зэрэг нь тухайн хүний зэрэг зиндааг илэрхийлдэг болсон. Энэ ч утгаараа манайд ангилал, зэрэглэлээрээ даавуу, пүүсүү, торго, чисчүү, ноолуур гэх мэтчилэн материалаар хувцас урладаг олон үндэсний үйлдвэрлэгч бий болсон. Манай сурвалжлах хэсэг энэ удаад эдгээр тэргүүлэгчдийн нэг болох “Говь” компанийн нэрийн дэлгүүрт сар шинийн гоёл ямар үнэ ханштай байгааг сонирхохоор очлоо. 

Тус компани сар шинийн баярт зориулсан шинэ загваруудыг гаргаснаас гадна, өмнөх жилүүдийг бодвол харьцангуй их хямдрал зарлаж байгааг дуулгасан юм. Энэ талаар тус компанийн “Mongolian cashmere” дэлгүүрийн эрхлэгч Н.Энхдэлхий “Бид сар шинийн баяртай холбоотойгоор хоёр төрлийн хямдрал зарлаад байгаа.

Нэгдүгээрт, нийт хэрэглэгчиддээ хямдарсан бараандаа нэмээд 30 хувийн хямдрал эдлэх боломжийг олгож байна. Өөрөөр хэлбэл, 10-60 хувийн үндсэн хямдрал дээр нэмээд баяр болох гэж буй эдгээр өдрүүдэд дахин 30 хувийн хямдрал нэмээд зарлачихсан байна. Хоёрдугаарт, хямдраагүй буюу үндсэн үнээсээ 30 хувийн хямдрал үзүүлэх гэсэн хоёр төрлийн хямдралын урамшууллыг зарлаад байна. 

Мэдээж энэ жилийн цагаан сард зориулсан шинэ загварууд гарсан. Уламжлалаа хадгалсан, орчин үеийн шийдлийг харуулсан шинэ  коллекцийг гаргасан. Саяхан манай компани “Аргагүй амраг” коллекцийг танилцуулсан. Дээлний хувьд үндсэн хямдрал зарлачихсан байгаа. 100 хувийн ноолууран дээлнээс нэг баримтаар хоёрыг авах онцгой хямдралтай байна.

Тодруулбал, нэг баримтаар авч байгаа эхний дээл үндсэн хямдралтай үнээрээ уншигдаад хоёр дахь дээл нь үндсэн хямдрал дээр нэмээд 50 хувийн хямдрал нэмж эдлэх боломжтой. 

 Босоо захтай эрэгтэй дээл 565 мянган төгрөгөөс дээш үнэ ханштай байна. 

Түүнчлэн энэ сарын 01-нээс эхлээд Японы мэргэжлийн технологичдын олон жилийн туршлага, байгалийн тансаг ширхэгтүүдийн зохимжит харьцаа, загварлаг өнгөлөг бүхний нийлбэр болох “Алтан хольц” коллекцийг худалдаанд гаргаж эхлээд байна. Энэ бүтээгдэхүүний онцлог нь нарны хэт ягаан туяанаас 95 хувь хамгаалдаг, бөөсрөлт маш багатай зэрэг олон давуу талтай” гэв.

Үнийн хувьд лоовуузан малгай 269, үндэсний хэв маягтай загварын даашинзууд 263, эрэгтэй хүрэм 629, хүннү захтай эрэгтэй, хүрэм 708, эмэгтэй хүрэм 683,үндэсний хээ угалз бүхий эмэгтэй нөмрөг 393 мянган төгрөгийн үнэтэй байна. Босоо захтай эрэгтэй дээл 565 мянган төгрөгөөс дээш үнэ ханштай байна. Түүнчлэн сүлжмэл, нэхмэл бүх бүтээгдэхүүн буюу малгай, ороолт, бээлий, оймс зэрэг бүтээгдэхүүнээ 30 хувь хямдруулжээ. 

Жийнсэн дээл залуусын сонголт болжээ 

Эх орны шилдэг үйлдвэрлэгчдийн нэг, залуусын сонголт болоод буй Урбан жийнсийн нэрийн дэлгүүрүүд энэ өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байгаа аж. Урбан жийнсийнхэн сар шинийн баярт зориулан “Хүрээ jeans”, “Casual jeans” коллекцийг гаргажээ. Түүнчлэн бяцхан хүүхдүүдээ ч тэд мартсангүй. Тэдэнд зориулсан сар шинийн коллецийг ч мөн гаргасан байна. Ер нь сүүлийн жилүүдэд цагаан сараар дээлний эрэлт, хэрэгцээ ихэссэн учраас урчууд маань үндсэндээ завгүй байдаг болсон. 

Тэгвэл залуусын өмсөх дуртай жийнсээр үндэсний хэв маягийг шингэсэн бүтээгдэхүүнийг урлаж буй Урбан жийнсийн захиалгын төвд эрэгтэй дөрөв, эмэгтэй найм, хүүхдийн хоёр төрлийн загвараар тус тус захиалга авч байсан ч өнөөдрөөс /өчигдөр/ захиалга авахаа зогсоогоод байгаа юм билээ.

Үнийн хувьд хүннү захтай болон босоо захтай эрэгтэй Монгол цамц 59,900, эмэгтэй цамц 49,900, үндэсний хэв маяг шингээсэн бошинз /юбка/ 34,900, сар шинийн баярын өдрүүдэд өмсөж болохуйц загварын даашинзууд 59,900, эмэгтэй дан дээл 64,900 төгрөгийн үнэтэй байна. 

Хүүхдийн хувцасны хувьд дан дээл 26,900-34,900, эрэгтэй хүннү захтай цамц /жижиг/ 24,900, том нь 49,900, босоо захтай цамц /том/ 44,900, хүннү захтай Монгол эмэгтэй дээл 49,900 төгрөгийн үнэтэй байна. Энэ үеэр цэнхэр өнгийн жийнсэн дан дээл худалдан авч байсан нэгэн бүсгүй “Урбан жийнсийн бүтээгдэхүүн биед их эвтэйхэн байдаг. 

Сар шинийн баяраар үндэсний хувцасаа өмсөхийг хүсдэг байсан ч сэтгэлд таарах загвар олдохгүй хэцүү байсан. Харин эднийх залуучуудын хүсэл сонирхолд нийцүүлээд ийм сайхан загваруудыг гаргаж байгаад нь баяртай байна. Мэдээж залуус бидэнд худалдан авахад ч үнэ нь боломжийн юм. Миний худалдан авч байгаа дээл гэхэд 64 мянган төгрөгийн үнэтэй байна” хэмээсэн. Тэгэхээр үндэсний хувцсаар гоёхыг хүсч буй залуус “Урбан жийнс”-ийг зориход алдахгүй болов уу. 

Зураг