Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Германд шинэ жилээр бүлэглэн хүчирхийлсэн хэргүүд гарчээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Германы Кёльн хотод шинэ жилийн баяраар эрчүүд бүлэглэн олон тооны эмэгтэйчүүдийн биед халдсан хэрэг гарчээ.

Урьд өмнө нь гарч байгаагүй энэ хэргийг “зохион байгуулалттай гэмт хэргийн шинэ төрөл” гэж Германы хуульзүйн сайд Хэйко Маас хэвлэлд мэдэгдсэн байна.

Бүлэг бүр нь 20 хүртэл тооны эрчүүдээс бүрдсэн нийт 1,000 орчим хүн шинэ жилийн орой тус хотын төв талбайн баярын арга хэмжээн дээр цуглажээ.

Энэ үеэр 90 орчим дуудлага цагдаад ирсний дотор халаасны хулгай, эмэгтэйчүүдийн биед халдах, доод тал нь нэг хүчингийн хэрэг зэрэг багтсан байна.

Нэгэн хохирогч эмэгтэйн ярьснаар түүнийг 200 хүрэхгүй метр зайнд алхах хооронд залуус 100 орчим удаа биенд нь халджээ. Эмэгтэй хашхирч, эсэргүүцэл үзүүлж байсан ч тэд үйлдлээ огт зогсоогоогүй байна.

Өөр нэг хохирогч эмэгтэй найз бүсгүйтэйгээ явж байхад нь хэсэг эрчүүд тойрон хүрээлж биеийг нь оролдож эхэлсэн байна. Тэд гараараа бүх биеийг нь оролдож, базалж байсан гэнэ.

Цагдаагийнхны сэжиглэж байгаагаар эдгээр бүлэглэлүүд нь “Араб, Хойд Африкийн дүрвэгч” нар байж болзошгүй гэжээ.

Одоогоор Германд нэг сая орчим дүрвэгч Ойрх Дорнод, Африкаас ирээд байгаа юм.

Өчигдөр Кёльн хотын захиргаа хуралдаж дараагийн олон нийтийн арга хэмжээний үеэр ийм гэмт хэргээс яаж сэргийлэх талаар хэлэлцжээ.

 

Эх сурвалж: NBCnews