Сэргэн мандалтын үеийн нэрт төлөөлөгч, Английн жүжгийн зохиолч У.Шекспирийн “Ромео & Жульетта” жүжиг 20 жилийн дараа дахин УДЭТ-ын тайзнаа тавигдах гэж байна.
“Ромео & Жульетта” жүжгийг 1966 онд Улсын Хүүхэд Залуучуудын Театрын тайзнаа найруулагч С.Гэндэнгийн /АЖ/, 1996 онд Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа найруулагч Ч.Найдандоржийн /УГЗ/ найруулгаар тайзны бүтээл болгосон.
Харин энэ удаад Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар үзэгчдийн хүртээл болж байгаа бөгөөд Драмын театрын бүх залуу жүжигчид оролцон тоглосон гэдгээрээ онцлог болж байгаа ажээ.
Найруулагч Н.Наранбаатар “Аливаа уран бүтээлийг цоо шинээр хийх бол нэг асуудал. Ямар нэгэн жиших зүйрлэх зүйлгүй учраас нээрээ л ийм юм болов уу гэсэн ойлголтыг үзэгчдэд өгдөг. Харин нэг, хоёр, гурав дахиа үзэгчдийн хүртээл болох гэж байгаа уран бүтээлийг хийхэд их түвэгтэй. Яагаад вэ гэхээр 1996 онд одоогоос 20 жилийн өмнө “Ромео & Жульетта” жүжгийг үзэж байсан хүмүүс өнөөдөр жүжгийн тавилтуудыг жишиж, харьцуулах зүйл гарна. Ийм учраас манай баг их хүндрэлтэй ажиллалаа.
Орчин цагт сонгодог уран бүтээлийг ямар хандлагаар, ямар өнцгөөр, ямар үзэмжээр үзэж байна вэ гэдэг нь хамгийн чухал. Тиймээс энэ удаад “Ромео & Жульетта” жүжгийг авангард, пост модерн урсгал чиглэлээр тавьж байгаа. Залуу уран бүтээлчид бид хөгжил дэвшил рүү алхмаар, дэлхий рүү ойртмоор, энэ жүжгээ өөрийн гэсэн өнгө төрхтэй болгомоор байна. Түүний төлөө л ажиллаж байгаа” хэмээн ярилаа.
Ийнхүү хагас мянганы тэртээд бичигдэж, зуу зууны туршид хүн төрөлхтний хайр дурлалын бэлгэ тэмдэг болон мөнхөрсөн алдарт “Ромео & Жульетта” жүжгийг шинэ зуунд шинэ өнгө төрх, утга агуулгаар баяжуулж, уран бүтээлчдийн уран сэтгэмж, өгүүлэмжээр дамжуулан үзэгч таны мэлмийд өргөн барихад бэлэн болжээ.
Жүжгийн гол дүрүүдэд:
Жүжгийн нээлт энэ сарын 12-ны өдрийн 17.00 цагт УДЭТ-ын гадна талбайд эхлэх арваннэгдүгээр сарын 12-21, 26, 27, 29-нд 18.00, 19.00 цагт тайзнаа тавигдана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!