Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хэл сурахдаа ХӨГЖИМ ашиглах үр дүнтэй арга

У.Хулан, iKon.mn
2015 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Эрика хэмээх Итали бүсгүй Испани, Англи, Герман, Франц хэлээр чөлөөтэй ярьдаг төдийгүй мөн Португалиар ярьдаг байна.

Анх тэр хаанаас ирсэнээ ч бусдад хэлж чаддаггүй байжээ. Учир нь түүний эцэг эх нь жинхэнэ нүүдэлчид байсан бөгөөд Эрикаг дагуулан маш олон газраар явжээ.

Түүний мах цусанд байдаг аялах хүслээс нь дутахааргүй чухал зүйл бол хөгжим юм. Эрика олон янзын урсгалаар дуулдаг бөгөөд түүний хэл сурах гол түлхүүр нь хөгжим ажээ.

Эрика хэл сурах болон хөгжим тоглохыг хэрхэн хослуулдаг таван аргыг сонирхъё.


  1. ДАХИН ДАХИН СОНС

“Хөгжмөө аваад дуу дуулж эхлэх хэрэгтэй. Нэг дуугаа олон удаа дуулах тусам утга нь ойлгогдож эхлэдэг. Би энэ аргаар маш олон шинэ үг сурсан” хэмээн Эрика хэлжээ.

Мөн тэр самба болон босса нова урсгалаар дуулдаг болохоосоо өмнө Португаль хэл огт мэддэггүй байсан гэнэ.

  1. ДАГАН ДУУРАЙ

Эрика англи хэл мэддэггүй байхдаа ч англи дууны үгийг сонсголоороо бичиж авах дуртай байжээ. Тэр Whitney Houston-ий “I Will Always Love You” дууны үгийг анх ‘aaaaiiiaaaa’s and ‘ooooooaaaaooooo’ гэж бичиж авч байсан ч англи хэлний багш нь түүний сурах эрмэлзлэлийг үнэлдэг байсан аж. Энэ аргаар цээжилсний дараа зөвөөр сурахад илүү амар байдаг гэнэ.

  1. ДҮРМЭНД БИТГИЙ ЗАХИРАГД

“Хөгжим бол дүрэм журамд захирагддаг зүйл биш. Үүнтэй адил хэлийг ч бас дүрмээр зааглах аргагүй. Хөгжим, хэл хоёрыг хоёуланг нь дахин дахин сонсоод, сонссон зүйлээ ашиглаж аль болох бүтээлч байх хэрэгтэй” гэж Эрика зөвлөж байна.

  1. ИДЭВХИТЭЙ БАЙ

Эрика урьд нь ахлах сургуульд байхдаа франц хэлэнд дургүй байжээ. Гэсэн ч тэр франц ресторанд зөөгч хийх болсноосоо хойш хүмүүсийн яриаг ойлгох болсон байна. “Хэл сурахыг хүсвэл яг л шинэ дуу сурч байгаа мэт анхааралтай сонсч, дахин дахин давтаж хэлэх хэрэгтэй. Олон удаа сонсох тусам илүү амархан болдог” гэнэ. Эрика яг энэ зарчмаар ажиллаад жилийн дотор франц хэлийг маш сайн сурчээ.

  1. ХАРАХ ӨНЦГӨӨ ӨӨРЧИЛ

“Танхимын сургалтаар сурсан зүйл бодит орчинд нь ороход төдийлөн сайн бэлтгэл болж чаддаггүй” гэж Эрика ярьж байна. Тэр ахлах сургуульд байхдаа герман хэлийг маш сайн судалсан боловч Германд анх очоод хүмүүсийн яриаг ойлгохгүй байжээ.

Бас түүнийг хамгийн их гайхшруулсан зүйл бол Германы өсвөр насны хүүхдүүдийн бие даасан байдал гэнэ. Үе тэнгийнх нь герман хүүхдүүдийн бие даасан байдал нь түүнийг герман хэл илүү сайн сурахад нь түлхэц болжээ. Тиймээс хэл сурахыг хүсвэл тухайн хэлтэй холбоотой соёл, зан заншил болон тухайн улсыг нь сайн судлах хэрэгтэй аж.

“Гадаад хэл бол өөр үг биш, харин өөр ертөнц” гэж Эрика хэлжээ.

 

Эх сурвалж: Babbel