Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Отгонбаяр: НАДТАЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГТ ЦЭГ ТАВЬЖ ӨГӨӨЧ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2015 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдөрийн хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, олонхийн саналаар хүлээн авсан. Тэгвэл хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Надтай холбоотой хэрэгт цэг тавьж өгөөч” гэсэн хүсэлтийг УЕП-т тавьсан нь өнөөдөр олны анхаарлыг татаад байна.

Тэрбээр хоригийг хэлэлцэх үеэр “Би хэд хэдэн зүйлийг тодруулмаар байна. Өнгөрсөн долоо хоногийн ХЗБХ-ны хуралдаан дээр хоёр гишүүнийг шалгаж байгаа гэж АТГ-аас мэдээлэл хийсэн. Өөрөөр хэлбэл, Болд бид хоёрыг. Тэгсэн хэрнээ прокуроороос ирсэн бичиг дээр нь Ё.Отгонбаяр гишүүнтэй холбоотой хэрэг хохирогчгүй, сэжигтнээр тооцоогүй гэсэн мэдээлэл өгсөн байна. Мөн өнөөдөр /өчигдөр/ АТГ-аас байнгын хороонд ирүүлсэн бичигт УИХ-ын нэг гишүүн шалгагдаж байгаа болчихжээ. Энэ мэт буруу зөрүү ойлголт олон нийтэд төрөөд байгаа учраас прокуроорын байгууллагаас энэ хэрэгт цэг тавьж өгөөчээ. Надтай холбоотой болон гэр бүлийн хүний хэрэг хэрэгсэхгүй болсон гэдгийг албан ёсоор хэлээд өгөөч гэдгийг хүсэж байна" гэсэн юм.

Ё.ОТГОНБАЯР ГИШҮҮН БОЛОН ГЭР БҮЛТЭЙ НЬ ХОЛБООТОЙ ЯМАР Ч ХЭРЭГ БАЙХГҮЙ

Түүний хүсэлтийн хариу болгож УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат “Ё.Отгонбаяр гишүүн болон гэр бүлтэй нь холбоотой ямар ч хэрэг байхгүй” гэж мэдэгдсэн нь олныг чихийг сортолзоход хүргэв. Тэрбээр хэлэхдээ “Ё.Отгонбаяр гишүүний асуултад хариулъя. БСШУЯ-ны үйл ажиллагаатай холбоотой иргэдийн гаргасан гомдлын дагуу 2013 оны зургаан сарын 5-ны өдөр үүсгэсэн эрүүгийн хэрэгт гэрч хохирогч, холбогдох этгээд байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг түдгэлзүүлсэн. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг ямар нэгэн хэрэгт сэжигтнээр тооцсон прокуроорын шийдвэр байхгүй. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар ажиллагаанд байгаа болон түдгэлзүүлсэн ямар ч хэрэгт Ё.Отгонбаярыг сэжигтнээр тооцоогүй.

Мөн 2013 оны зургаан сарын 5-ны өдөр О.Эрдэнэсолонгод холбогдох эрүүгийн хэргийг шалгаад 2014 оны найман сарын 5-ны өдөр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон” гэлээ.

Дээрх үйлдлээр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр өөрийн гэм буруугүй гэдгийг чуулганы нэгдсэн хуралдаан дээр улс орон даяар зарлуулаад авсан юм.

Түүний холбогдоод байсан хэргийг эргэн сөхвөл, эхнэр О.Эрдэнэсолонгын хамт /2009-2013 он/ "Зоос", "Голомт", "Худалдаа хөгжлийн банк"-аар 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөгийг нэрийн дансаараа эргэлдүүлсэн гэж тухайн үед хууль хяналтын байгуулагынхан шалгаж байсан билээ.