Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Сайханбилэг: Монголын талын хувийг 54.9 болгох бүх тохиролцоог хийсэн

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д хийсэн ажлын айлчлалаа дуусгаад дөнгөж сая эх орондоо ирээд байна.

Тэрбээр ирсэн даруйдаа “Чингис хаан” олон улсын нисэх буудалд мэдээлэл хийлээ.

Түүний хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Та бүхний амар амгаланг айлтгаж байна. Дөнгөж сая онгоцноос буулаа. 

Арабын Нэгдсэн Эмират Улсад хийсэн айлчлалаасаа дөнгөж аяны дөрөө мулталлаа. Энэ айлчлалаас ганзага дүүрэн буцаж ирлээ. 
Бид бүхний удаан хүлээсэн Оюу толгойн далд уурхайг ажиллуулах төлөвлөгөөнд Дубайд гарын үсэг зурлаа. Ажлын хэсэг, айлын ажлын хэсэгтэй Улаанбаатар, Өмнөговь, Сингапур, Лондонд хэлэлцээрээ үргэлжлүүлж явсны хүчинд бид хамгийн сүүлд Дубайд дуусгалаа. 

Дубайд зурсан нь их утга учиртай, их далим боллоо. 

Яагаад гэвэл Дубай нь дэлхийд Нью-Иорк, Сингапурын дараа орох эдийн засгийн том төв юм. Энэ том төвд Оюу толгойн төсөл зурагдсан нь дэлхий дахинд өөрөө хурдан хугацаанд сурталчлагдаж, эерэг мэдээлэл өгөхөд маш их дөхөм боллоо
Хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэсэн явдал үргэлжилж байна.  

Эхний ээлжинд Оюу толгойтой холбоотой мэдээлэл өгье. 

Манай зарим хэвлэлээр Ерөнхий сайд Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурлаа гэсэн мэдээлэл цацагдаж байна. Ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй. Далд уурхайг үргэлжлүүлж ажиллуулах төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. 

Хоёрдугаарт Ерөнхий сайд гарын үсэг зураагүй. Холбогдох байгууллагын дарга нар гарын үсэг зурсан

Өнөөдрөөс эхлээд Оюу толгой, Засгийн газрын ч асуудал биш, улс төрийн ч асуудал биш болсон. Өнөөдрөөс эхлээд эдийн засгийн асуудал, компани хоорондын асуудал боллоо.  

Тийм учраас улс эх орноо боддог л юм бол улстөрчид Оюу толгойн асуудалд хутгалдах шаардлагагүй болсон. 
Одоо бол Оюу толгойг зүгээр л орхих хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэртэй адилхан цаашаа өөрөө үргэлжлээд ажиллах болсон. 

Оюу толгойн далд уурхайг эхлүүлэхтэй холбогдуулаад хэдэн зүйл хэлэх хэрэгтэй. 

Нэгдүгээрт, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх тухай асуудлыг аль аль талаасаа тавиагүй. Аль аль талд нь мэдээж хөндөх сонирхол байгаа. Гэхдээ 2009 оны гэрээг үндэслэж явсан. 

Бид далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлаа ярилцсан. 

2009 оны ТЭЗҮ-ээр хоёр тэрбумын хэтрэлтийг ярьдаг. Аль аль талаасаа ярьсаар байгаад 1.2 тэрбумын ТЭЗҮ-ийн хэтрэлтэн дээр удирдлагын зардлын төлбөр төлье. Бусдыг нь төлөхгүй гэдэг дээр хоёр тал тохиролцсон

Удирдлагын менежмэнтийн зардлыг 6 хувиар тогтоосон байсан. Монголын талд ашигтай болсон бас нэг зүйл бол удирдлагын менежмэнтийн зардлыг 6 хувиар тогтоосон  байсныг далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх 7 жилийн хугацаад 3 хувь дээр буулгаж барихаар тохиролцож чадсан

Дараагийн нэг асуудал бол бүх зардлыг Монголын тал хянах боломжтой болсон. Хоёр талаасаа хоёр, хоёр хүн гаргаад, Монголын талын хүн ахлаад цаашид Оюу толгойд хийх бүх зардалд Монголын Засгийн газар хяналтаа тавих боломжтой болсон явдал юм. 

Монголын тал энэ төслийн өгөөжийн 53 хувийг, Рио Тинто 47 хувийг авна гэдэг зүйл байнга яригддаг.  Гэхдээ энэ тухай урьд нь ямар нэгэн баримт бичигт огт тусгагдаагүй байсан. Далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөнд энэ тухай албан ёсоор тусгасан.
Ингээд хоёр талаас бүх тооцоогоо нэгтгэсэн. 

Мөн гадны зөвлөх компаниудыг авч ажиллуулахгүй гэдэг шүүмжлэл гарч байсан. Shearman and Sterling гэдэг том компанийг хуулийн зөвлөхөөр, Black Stone гэдэг компанийг санхүүгийн зөвлөхөөр авч ажиллуулсан байгаа.

Өмнө нь хоёр тал янз бүрийн тоо ярьдаг байсан. Одоо бол хоёр талын тооцсон тоонууд нэгдсэн нэг тоон дээр очсон. Энэ дагуу тооцоход түрүүний 53:47 гэдэг харьцаа өөрчлөгдөж Монголын талд 54.9 хувь болохоор бүх тохиролцоогоо хийсэн. Одоо бол 54.9 гэдэг тоон дээр тохиролцсон. 

2009 оны гэрээгээр Монголын талд үүнээс илүү ашигтай байх нөхцөлгүй гэдгийг шууд хэлэх хэрэгтэй байх. 

Мөн татварын асуудал үүссэн байсан. Бид нэмж 30 сая ам.доллар төлөөд нөгөө айлын талаас олон улсын арбитрын шүүхэд хандах гэж байсныг зогсоосон. Бид татвар дээрээ 30 сая ам.долларын татвараа аваад цаашаагаа ямар нэгэн маргаангүйгээр явахаар тохирсон. 

Байгуулсан төлөвлөгөөнд ямар нэгэн нууц зүйл байхгүй. Энэ компани нь өөрөө олон нийтэд зарлагдсан паблик компани учир төлөвлөгөөнд гарын үсэг зурсны маргааш нь бүх вэб сайт дээр гарсан. Монгол орчуулгыг нь маргааш Засгийн газрын вэб хуудсанд орчуулж тавина. 

Оюу толгойн гэрээ манай гадаадын хөрөнгө оруулалтыг  яаж хааж боож байсан, Монголын талаар ямар буруу сэтгэгдэл төрүүлж байсныг одоо хар. Оюу толгойн төлөвлөгөөнд гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Засгийн газрын бондын хувь хэмжээ, хүү, өөрийнх нь үнэлгээ, мөн бусад газрын бондын хүүнүүд Монголд эерэгээр огцом өсч байгаа. 

Бүх үзүүлэлтүүд сайжирч байгаа. Бид үүнийг бүтэн 2-3 жил хүсч ирлээ. Сүүлийн 2-3 жил гацсан, 20 сар царцсан. Хөдөллөө. Үр дүн нь ийм байна. Бид ийм л үр дүнгийн төлөө явсан учир далд уурхайг эхлүүлсэн нь Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцсэн үйл явдал болж байна гэдгийг хэлмээр байна. 

Одоо ямарваа нэг хувь улстөрч өөртөө оноо цуглуулах гэсэн ажлаа Монгол орны хувь заяаг шийдэхээс дээр тавьдагаа больё. Одоо бүгдээрээ ажлаа хийх цаг болсон. 

Оюу толгойгоо шийдсэн. Дараа нь Засгийн газар Их Хуралтайгаа хамтраад Таван толгойг шийдэхийн төлөө ажиллах болно

Одоо харин Арабад хийсэн айлчлалын талаар ярья. Тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Шейх Мухаммед Бин Рашид Аль Мактумтай хоё талын харилцааг сайжруулах талаар ярилцсан. 

Давхар татварын асуудлыг нэгдүгээрт, хоёрдугаарт энэ орж ирж байгаа хөрөнгөө хэрхэн хамгаалах асуудлыг, гуравдугаарт хоёр орны хооронд шууд нислэгтэй болох гэрээ хэлэлцээрийг амжилттай хийж чадвал том хэмжээний хөрөнгө оруулалт оруулахад бэлэн байгаагаа нөгөө тал илэрхийлсэн. 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Асуудалд нөгөө тал маш шуурхай хандаж байна. Надтай уулзсан эхний өдрийн маргааш Арабын Нэгдсэн Эмират улсаас Монгол Улсад суух элчин сайдын агреманыг дамжуулж өгөөрэй гэж өгсөн байгаа. Хоёр улс хоорондоо элчин сайдын яамаа солилцож, шинэ элчин сайд томилох асуудлыг ойрын хугацаанд шийднэ.

Мөн Шадар сайд бөгөөд, Дотоод Хэргийн сайдтай уулзсан. Манай Цагдаагийн бие бүрэлдэхүүнийг сургах асуудлыг бид ярьж тохиролцлоо. Хан хүүтэй мөн уулзсан. 

Ингээд Дубай, Абу-даби хотын Худалдааны Танхимын бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Дубай, Абу-даби хотын Худалдааны Танхимын төлөөлөгчдөө Монгол Улс руу явуулъя гэж тохирсон. 

Аяны богц хоосон байсангүй. Өнгөрсөн бүтэн сайн өдөр БНЭУ Ерөнхий Сайд Нарендра Моди Монгол улсад айлчилсан нь сүүлийн 60 жилд анхны Энэтхэгийн Ерөнхий Сайдын айлчлал байлаа.

Энэ үеэр нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээж Монголын хөрөнгө оруулалтын том төслүүдийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байгаа.

Бид өнгөрсөн өдрүүдэд Оюу-Толгойн 6 тэрбум ам.долларын том хөрөнгө оруулалтын асуудлыг шийдлээ. Дээр нь айлчлалын үеэр Дубай хотноо CIB гэдэг банк санхүүгийн групптэй гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр Монгол Улсад Хөрөнгө оруулалтын  сан байгуулах замаар нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулахаар шийдэж, Сангийн яам, CIB group-н хооронд санамж бичигт гарын үсэг зурлаа

Ингээд бүтэн сайд өдрөөс хойш тавхан өдрийн дотор Энэтхэгийн нэг тэрбум зээлээр, Оюу-Толгойн нэг тэрбум хөрөнгө оруулалтаар, АНЭУлсаас хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж нэг тэрбум ам.доллар, ингээд 8 тэрбум ам.долларын асуудлыг шийдэж чадлаа.

Манай улсын эдийн засаг 10 тэрбумын эдийн засаг. Тэгэхлээр бид нэгдэж ажиллаж чадвал маш олон боломж байгаа  гэдгийг харуулж байна. Одоо ЗГ хувийн хэвшлийнхэнтэйгээ нийлээд шинээр хөрөнгө оруулалт олох талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулах болно гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Хурлын төгсгөлд хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчдийн асуултанд хариуллаа: 

-RioTinto, Монгол Улсын Засгийн газар ямар ямар асуудлууд дээр буулт хийсэн бэ?

-Харилцан тохиролцсон бүх асуудлуудаа би сая хэллээ. Харилцан тохиролцож чадсан учраас "Далд уурхайн төлөвлөгөө" гэдэг зүйл дээр гарын үсэг зураад одоо бид нар дараагийн процессийн ажлуудыг явуулна.

14 банкнаас том хөрөнгө оруулалтыг босгох ёстой. Энэ бүх ажил цаг хугацаандаа үргэлжлэх хэрэгтэй. Одоо засгийн ажил дууссан. Одоо компани хоорондын ажил үлдсэн. Монголын талаас Эрдэнэс Монгол, Оюу-Толгой компани, нөгөө талаас Turquoise Hill Resources, RioTinto компаниуд нийлж энэ асуудлуудын ард гарахын төлөө өдөр шөнөгүй, нартай, сартай уралдан ажиллах ийм шаардлага, цаг үе ирж байгаа. 

- Нэгдүгээрт 14 банкнаас хөрөнгө босгохдоо Оюу-Толгойг өөрийг нь барьцаанд тавина гэсэн яриа байгаа, Хоёрт ОТ-н асуудлыг яагаад гадаадад шийдэв ээ гэсэн асуудал байна. Энэ нь сөрөг мэдээллүүдийн нэг байлаа.

-Нэгдүгээр асуултын хувьд саяын асуудлууд 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр шийдэгдсэн асуудал. Энэ асуудал руу бид огт ороогүй. Хоёрдугаар асуудлын хувьд ямар нэгэн байдлаар нуугдаж, хулгайгаар өөр газар хийсэн гэдэг асуудал байхгүй.

Би хэлж байсан. Өмнөговь аймаг, Улаанбаатар хотод, Лондон хотод, Сингапурт, тэгээд Дубайд гээд шат дараалсан, сүүлийн бүхэл бүтэн гурван сарын турш хэлэлцээрүүд явагдлаа шүү дээ. Бид Дубайд хэлэлцээр байгуулж, асуудлаа дуусгаж чадахуу үгүй юу гэдэг ч асуудал байлаа. Гэхдээ Дубайд хийсэн хэлэлцээрийн үеэр бүх асуудлуудаа тохирч чадсан учраас Ерөнхий сайдын хувьд гарын үсэг зурах нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргаад холбогдох байгууллагууд Эрдэнэс Монгол компаний захирлууд, Оюу-Толгойн захирлууд гарын үсэгээ зурж шийдэгдсэн. 

-ОТ-н борлуулалтын орлого гадны банкаар дамжиж байгаа. Энэ асуудлыг ярилцсан уу?

-Хэлэлцээрийн үеэр энэ асуудлыг байнга хөндөж байсан. Нөгөө талаас нэг зүйлийг хэлж байгаа. 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр энэ асуудал нээлттэй байгаа. БОЛНО гэдэг үгтэй байгаа.

Өнгөрсөн хугацаанд юу болсон гэхээр, Монголын тал нөгөө талдаа хэлэлгүйгээр төсвийн хуулиндаа шууд шинэ орлого тавьдаг. Мөн татварын байцаагч нар очоод шууд хоёр гурван удаа дансыг нь тэр чигээр нь хааж байсан учраас бид нарын хооронд итгэлцэл алга болсон байна.

Харилцаан дээр хүндрэлтэй асуудлууд гарсан байна. Одоо бид нар нэг завин дээр суулаа гэдгээ аль аль тал ойлгох хэрэгтэй. Монгол улсын бизнес, эдийн засгийн судсаар Оюу-Толгойн цус гүйх нь зүгээр л цаг хугацааны асуудал гэж харж байна.

-Хөрөнгө оруулалтын хэмжээ 4 тэрбум гэж байсан, одоо 6 тэрбум гээд байна. Энд үл ойлголцол үүсэж байна уу?

-ОТ болон ер нь ямар ч уул уурхайн төсөл хөрөнгө оруулалт шаардаж байдаг. Далд уурхайд ОТ-н нөөцийн 80% байдаг. Тийм учраас далд уурхайгаа эхлэхийн тулд зайлшгүй хөрөнгө оруулалт шаардлагатай болно. Явцын дунд ч гэсэн дараа дараагийн хөрөнгө оруулалтын асуудлууд гарахыг үгүйсгэхгүй. Тухай бүрд нь бид нар ТЭЗҮ-гээ баталж хяналтаа тавьж явахад энэ асуудлыг зохицуулах боломжтой. 


Эцэст нь нэг зүйлийг ойлгоцгооё. Энэ бол УИХ гишүүдэд ч юмуу, улс төрчдөд ч юмуу хамаатай асуудал бишээ. Энэ бол цэвэр эдийн засгийн, бизнесийн харилцаа, компани хоорондын асуудлууд. Бид том төсөл, бүтээн байгуулалтаа бүгдийг нь ингэж улс төржүүлж явах юм бол хэзээ ч бид тамын тогооноосоо гарахгүй.