Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дасгал хийгээд ч жин хасагдахгүй байгаагийн ДОЛООН ШАЛТГААН

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ та цаг зав гарган дасгал хийж байгаа ч жин тань хасагдахгүй байгаа бол дараах долоон шалтгааны аль нэг нь нөлөөлөөд байгаа гэсэн үг.

Тиймээс өөртөө дүгнэлт хийж үзээд зөвлөгөөний дагуу арга хэмжээ авбал илүү үр дүнтэй болно.

 

Буруу хооллолт

Хэрвээ жин хангалттай хасагдаж өгөхгүй байвал эхлээд гал тогоо руугаа өнгийж харах хэрэгтэй.

Зарим хүмүүс зөвхөн жин хасахдаа хэт анхаараад, нөгөө талаас эргээд юугаар бие махбод тань тэжээгдэн нөхөгдөж байгааг тоодоггүй. Хамгийн зөв хооллолт бол мэдээж натурал хүнс.

Дасгал хийсэн өдрөө, эсвэл хүндрүүлсэн дасгалтай өдрөө цардууллаг, нүүрс устай хүнс, тухайлбал төмс, бор будаа, үр тарианы хүнс хэрэглэнэ. Харин дасгалгүй өнжиж байгаа өдрөө аль болох уураг (мах, өндөг, сүү), хүнсний ногоо хэрэглэвэл сайн. Талх, чихэр, мөн ямар нэг савласан, хагас боловсруулсан хүнс хэрэглэхээс зайлсхий. Ядаж хэтрүүлж болохгүй.

 

Хэтрүүлж идээд байна

Хэрвээ зөв хооллоод байгаа хэрнээ жин олигтой хасагдахгүй байвал хэтрүүлж идээд байгаа гэсэн үг. Уг нь та идэж байгаагаасаа илүү калори шатаах ёстой. Байнга жингээ хэмжих, авч байгаа калорийг тоолох тухай биш, ердөө тэнцвэр барих асуудал.

Өлсөлтөө мэдэрсний дараа бага багаар идэж, бүрэн цадахаасаа наана зогсож сурах хэрэгтэй.

Хоолны бус цагаар хөнгөн хүнсний зүйлс багаар идвэл их хоол идэхгүй.

 

Жин хасах дасгалаа хэтрүүлээд байна

Дасгал мэдээж сайн. Гэхдээ хэмжээг нь хэтрүүлбэл асуудалтай.

Гүйлтийн зам, дугуйн дээр 90 минут хичээллэх, эсвэл олон км зайнд гүйх зэргээр өөрийн тэвчээрийг тултал нь гаргасан дасгал хийгээд байвал бие махбод тань түүнд зориулж тэсвэрлэх, энерги нөөцлөх (өөх хуримтлуулах) ажиллагаа явуулдаг. Мөн илүү их идэх хүслийг бас төрүүлдэг гэнэ.

 

Хүчний дасгал дутагдаад байна

Дан жин хасах дасгалаас гадна тэсвэрийн зарим нэг дасгалыг нэмж өгвөл үр дүнтэй. Энэ нь өөхийг илүү эрчимтэй шатаадаг.

Жишээ нь гар дээр суниах, сууж босох, үсрэлт гэх мэт.

Үндсэн дасгалынхаа дундуур нэмж оруулж өгвөл жин хасахад сайн дэмжлэгэ болно.

 

Дасгалаа оронцоглоод байна

Хэдэн цаг дасгал хийх тогтмол хэмжээ гэж байхгүй. Энэ нь хүн хүний биеийн онцлогоос хамаардаг. Бэлтгэлд их цаг зарах сайн гэсэн үг биш. Хэрвээ та мэргэжлийн тамирчин биш л бол өдөрт нэг цагаас илүү хийгээд хэрэггүй.

Дасгал нь эрчмээс хамаарна, харин цагаас биш. Эрчимтэй хийх тусам цаг нь богино байх ёстойг санах хэрэгтэй.

Тиймээс бэлтгэлийн танхимд удаан байснаар сайн үр дүн гарна гэж ойлгож болохгүй юм байна.

 

Сэргэх цаг гаргахгүй байна

Дасгалыг хэт ойрхон хийж бие махбоддоо амрах, сэргэх цаг өгөхгүй байж болохгүй.

Дасгал хийлгүй өнжих, эсвэл өдөр өдрөөр өөр өөр дасгал сэлгэж хийх хэрэгтэй. Биеэ амрааж байх тэр хугацаанд өөх шаталт явагддаг тул маш чухал.

Тогтсон хугацаа, норм гэж байхгүй. Гол нь биеэ сайн чагна. Бие бүрэн амарч сэргээд, дараагийн өдөр хийх боломжтой болох үедээ үргэлжлүүлбэл зохино.

Биеэ дайчлахын хажуугаар бас биеэ гамнахаа мартаж болохгүй.

 

Бие тань хэт их стресстэй байна

Зөвхөн дасгал хөдөлгөөн дутагдсанаас гадна сэтгэл санааны хувьд стресстэй байвал кортизол хэмээх даавар бие махбодод ихээр ялгарч байдаг.

Энэ даавар нь хүний биед өөх үүсэх явцыг дэмждэг юм.

Тиймээс зөвхөн бие махбодын хувьд эрүүл байхаас гадна сэтгэл санаагаа эрүүл байлгахад анхаарах нь зүйтэй. Нэг үгээр хэлбэл бүх талаар эрүүл байх нь жин хасахад чухал.

 

 

Эх сурвалж: Health.com