Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Карьер бол шат бус ширэнгийн зам"

ikon.mn
2015 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

"Тайм" сэтгүүлийн 2013 оны нөлөө бүхий 100 хүний нэг, Технологийн салбараас төрсөн анхны "инженер бус" эмэгтэй тэрбумтан Шейрил Сандбергийн ӨӨДӨӨ ТЭМҮҮЛ хэмээх олон улсын бестселлер номын хэсгээс зохиогчийн эрхтэйгээр цуврал болгон хүргэж байна. 

Энэхүү ном нь АНУ-д хэвлэгдсэн даруйдаа ихээхэн шуугиан тарьж, Нью-Йорк таймсын бестселлер жагсаалтыг 12 долоо хоног тэргүүлж, улмаар "Оны бизнесийн шилдэг ном"-оор нэрлэгдсэн билээ.

Та "Өөдөө тэмүүл" номын орчуулагчдын багтай холбогдож, номтой холбоотой нэмэлт мэдээллийг ЭНДЭЭС авч болно.


Дөрөвдүгээр бүлэг: Карьер бол шат бус ширэнгийн зам

...Коллежоо төгсмөгцөө би хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлэхээр тухайн үед Дэлхийн банкны тэргүүн эдийн засагчаар ажиллаж байсан Ларри Саммерсын судалгааны туслах ажилтан болов. Вашингтон ДиСи-д төвтэй тус банк дэлхийн ядуурлыг бууруулах эрхэм зорилготой. Ийнхүү ажилд орсон эхний есөн сараа би Пенсалвани болон 19-р гудамжны уулзварт орших банкны номын санд сууж, Ларригийн судалгаа, илтгэлүүдэд оруулах статистик, тоо баримтуудыг цуглуулан өнгөрөөв. Удалгүй Ларри надад Энэтхэг явах багийн бүрэлдэхүүнд багтан, тус улсын эрүүл мэндийн салбарт Дэлхийн банк ямар ахиц гаргасныг газар дээрээс нь харах боломжийг олгосон юм.

Энэтхэгт очиход тэс өөр ертөнц намайг угтав. Манай баг Энэтхэгийн хамгийн алслагдмал буйд, ядуу буурай бүс нутгуудад тархсан уяман өвчнийг уг үндсээр нь таслан зогсоохоор ажиллаж байлаа. Нөхцөл байдал тун ч цочирдмоор. Халдварт өвчнийх нь шархнаас болж өвчтөнүүдийг ихэвчлэн хот тосгоноос нь хөөдөг бөгөөд тэдгээр хөөрхий хүмүүс эцэстээ эмнэлэг гэгдэх аймшигтай газрын бохир шалан дээр хэвтэцгээх болдог. Тоо баримт, бичиг цаас намайг ийм бодит байдалд хэзээ ч бэлдэж чадахгүй байсан биз. Тэр цагаас хойш би ядарч зовсон хөөрхийст өөрийн биеэр тусалдаг тэдгээр буянтай хүмүүсийг гүнээ хүндэлдэг болсон билээ. Учир нь энэ бол дэлхий дээрх хамгийн хүнд ажил мөнөөсөө мөн.

Би ДиСи рүү хуулийн сургуульд сурах төлөвлөгөөтэй буцсан ч Ларритай хамт ажилладаг, бүх насаа ядуурлыг судлахад зориулсан эдийн засагч Лант Притчэт гэгч хүн бизнесийн сургууль нь илүү зөв сонголт болно хэмээн надад зөвлөсөн юм. Ийнхүү би Харвардад дахин элсэж, олонд нэр муутай “Ашгийн төлөө бус клуб”-т нэгдэн, нийгмийн идэвхтэй байхыг хичээх болов.

Түүнчлэн хоёр дахь жилээ би профессор КашРанганы удирдлаган дор сошиал медиа маркетинг буюу нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд маркетингийг хэрхэн ашиглаж болох тухай судалсан юм. Нэгэн удаа бидний судалж байсан кэйст донор эрхтэний хомсдолоос болж зөвхөн АНУ-д л гэхэд өдөрт 18 хүн амиа алддаг тухай дурдсан байв. Тэрхүү кэйсийг би ер мартаагүй бөгөөд 17 жилийн дараа Фэйсбүүк дэлхий даяарх доноруудын бүртгэлийг сайжруулах нэгдсэн систем нэвтрүүлэх зорилгоор донор бүртгэдэг газруудтай хамтран ажиллаж эхэлсэн юм.

Бизнесээ сургуулиа дүүргээд би Лос Анжелес дахь “МакКинзий энд Компани”-д зөвлөхөөр ажилд оров. Энэ ажил надад ердөө ч тохироогүй тул би ганцхан жил ажиллаад л гарч, тухайн үед Сангийн яамны дэд сайдаар томилогдоод байсан Ларригийн багт орж ажиллахаар ДиСи рүү буцлаа.

Эхэндээ би түүний хувийн туслах хийж байгаад, хожим сайд болсных нь дараа ажлын албаных нь дарга болсон юм. Сангийн яамны үйл ажиллагааг удирдан, 14 тэрбум ам.долларын төсвийг захиран зарцуулахад нь Ларрид би туслах үүрэгтэй байлаа. Энэ ажил маань надад улсын болон олон улсын хэмжээний эдийн засгийн бодлого боловсруулалцах аз завшааныг олгосон юм. Түүнчлэн би халдварт өвчний вакцины үр нөлөөг улам сайжруулах гэх мэтийн жижгэвтэр төслүүдийг удирдаж байлаа.

Сангийн яаманд ажилласан энэ дөрвөн жилд би технологийн салбарын огцом өсөлтийг зайнаас ажиглаж байлаа. Тэрхүү өсөлтийн үр дүн илтэд харагдаж, ажилдаа жинс өмсөх боломжтойгоос гадна олон зүйлээрээ хүмүүсийн сэтгэлийг татаж байв.

Технологи нь харилцаа холбоонд хувьсгал хийж, АНУ болон хөгжингүй орнуудаар тогтохгүй дэлхий даяар хүмүүсийн амьдралыг өөрчилж байлаа. Энэ үед хэтийн мөрөөдлөө биелүүлэх зөн совин минь хатгав.

Технологи нь харилцаа холбоонд хувьсгал хийж, АНУ болон хөгжингүй орнуудаар тогтохгүй дэлхий даяар хүмүүсийн амьдралыг өөрчилж байлаа.

Ерөнхийлөгч Клинтоны засаг бууж, би ажилгүй болсон тул Цахиурын хөндий рүү нүүхээр шийдсэн юм. Эргээд харахад ухаалаг алхам хийсэн мэт харагдавч 2001 онд бол энэ нь ихээхэн эрсдэл үүрсэн хэрэг байлаа. 

Дот комын хөөс хагараад удаагүй байсан тул технологийн салбарынхан шокноосоо бүрэн гарч амжаагүй байв. Би өөртөө ажил олох дөрвөн сарын хугацаа өгөөд, энэ хооронд ажилд орж дөнгөнө гэж бодов. Гэвч жил шахам болсон юм.

Цахиурын хөндийд ажил хайж явахдаа би сайн, муу олон л зүйлтэй учирч байлаа. Бизнесийн салбарын шүтээн минь болсон иБэй-гийн гүйцэтгэх захирал Мээг Витмантай уулзах үе байхад, ажлын ярилцлагаа эхлүүлэхдээ л “Засгийн газарт ажилласан туршлага ямар ч хүнийг технологийн салбарт бэлдэж чаддаггүй болохоор манай компани тан шиг намтартай хүмүүсийг ажилд авах талаар хэзээ ч бодож байгаагүй” хэмээн угтсан захирал эмэгтэйтэй хүртэл таарч явав.

Уг нь би шударга байсанд нь түүнд талархаад, оффисоос нь шуудхан л гарч явах хэрэгтэй байсан юм. Гэвч тийм зориг надад байсангүй. Шийдвэр гаргаж чадахгүй, өрөөнд нь хүчилтөрөгчийн сүүлчийн молекул дуусах хүртэл дэмий л сууж билээ. Тэр ч хэлсэндээ хүрч, намайг авах талаар огтоос бодож үзээгүй юм.

Азаар бүх хүмүүс түүнтэй ижил бодолтой байсангүй. Сангийн яаманд ажиллаж байх үедээ би Эрик Шмидттэй хэд хэдэн удаа уулзсан бөгөөд олонд хараахан танигдаагүй байсан Гүүглийн гүйцэтгэх захирлаар томилогдоод удаагүй байхад нь түүн дээр очлоо. Гүүглийг үүсгэн байгуулсан захирлууд надтай хэд хэдэн удаа ярилцлага хийсний эцэст нэгэн ажил санал болгов. Дансан дахь мөнгө маань хурдтай хорогдож байсан тул ажилд орох цаг хэдийнэ болсон байлаа.

Улмаар би, хэдий залхмаар ч гэлээ бизнесийн удирлагын магистр хамгаалсан хүний ёсоор цаасан дээр өөрт буй ажлын боломжуудаа харьцуулсан хүснэгтэнд хийв. Мөрийн дагуу буй бүх ажлын боломжуудаа, баганын дагуу сонголт хийхэд нөлөөлөх үзүүлэлтүүдийг жагсаан бичээд, тэдгээр ажлуудын гүйцэтгэх үүрэг, хариуцлагын түвшин зэргийг харьцуулан үзлээ. Сэтгэл зүрхээ дагая гэвэл би “дэлхий дахиныг мэдээллээр хангах” эрхэм зорилготой Гүүглд ажиллахаар байсан ч мөнөөх харьцуулсан хүснэгтэнд Гүүглийн ажил сүүл мушгиж байв.

Би Эрик дээр буцаж очоод, хэрхэн мухардсанаа тайлбарлав. Бусад компанид ажиллавал би дороо баг удирдаж, тодорхой зорилгын төлөө явах боломжтой байхад Гүүгл-д бол “бизнесийн нэгжийн ерөнхий менежер” хэмээх шинээр бий болгосон албан тушаалд очихоор байв. Сайхан сонсогдох боловч үнэн хэрэгтээ тухайн үед Гүүглд бизнесийн нэгж байгаагүй тул удирдаад байх юм юу ч байсангүй. Гүүглийн ажил бусдаасаа түвшин доогуур төдийгүй хамгийн гол нь хийх зүйл нь тун тодорхойгүй байлаа.

Энэ үед Эрик надад нэгэн зүйлийг хэлсэн нь магадгүй миний өнөөг хүртэл сонсож байсан хамгийн гайхалтай карьерын зөвлөгөө биз ээ. Тэрбээр цаасыг минь авч харснаа “Бүү тэнэглэ. (Бас л сайн зөвлөгөө.) Ажил сонгох үед тавигдах учиртай цорын ганц шалгуур бий, тэр нь хурдтай өсөлт юм” хэмээгээд цааш тайлбарлав.

Ажил сонгох үед тавигдах учиртай цорын ганц шалгуур бий, тэр нь хурдтай өсөлт юм.

Хурдтай өсөж хөгжиж буй компанид хийх ажил нь хүмүүсийн тооноосоо хол давдаг бол компаниуд бага багаар урагшлах буюу өсөн дэвжихээ болих үед ажил нь багасаж, хүн нь илүүддэг. Үр дүнгүй хэт их хэлэлцэх, зогсонги байдал зэрэг нь хүний эрч хүчийг сулруулдаг. “Хэрвээ чамайг пуужинд суух уу гэвэл чи ямар суудалд суухаа асууна гэж үү? Чи олон юм бодолгүй тэгье гээд л суух болно” хэмээн Эрикийг зөвлөхөд би тэр даруй эргэлзэхээ больж, шийдвэрээ гаргасан юм.

Гүүгл хэдий жижиг, зохион байгуулалт муутай компани ч гэлээ жинхэнэ пуужин байв. Түүнээс ч чухал нь юу вэ гэвэл, тэрхүү пуужин миний итгэл үнэмшилтэй яв цав нийцсэн эрхэм зорилготой байлаа.

Олон жилийн турш би өч төчнөөн хүнд Эрикийн зөвлөгөөг давтан хэлэхдээ карьерын сонголт хийх хүснэгтээ өсөж хөгжих боломж гэсэн ганц л баганад зангидахыг уриалж ирсэн. Мэдээж хүн болгонд хурдацтай хөгжиж яваа өндөр технологийн салбаруудад ажиллах хүсэл ч, бололцоо ч байхгүй. Гэхдээ аль ч салбарт бусдаасаа хавьгүй илүү өсөж хөгжих боломжтой ажлууд гэж байдаг. Илүү тогтворжсон салбаруудад та пуужинг компани дотроосоо ч хайж болно.

Өөрөөр хэлбэл, өргөжин тэлж буй хэлтэс, тасгууд гэж заавал байдаг. Боловсрол, анагаах зэрэг карьерын хувьд аливаа нэг ур чадварын эрэлт хэрэгцээ өндөр байх ажлуудыг хайн олох хэрэгтэй. Жишээлбэл, дүүгийн маань ажилладаг хүүхдийн мэдрэлийн мэс заслын салбарын хувьд зарим хотод хэтэрхий олон мэргэшсэн эмч байдаг бол заримд нь тун цөөхөн ноогддог. Дүү маань хэзээд энэ төрлийн эмч ховор, мэдлэг чадвар нь ихээхэн хэрэг болох газруудад ажиллаж ирсэн бөгөөд тэндээ ч үлэмж нөлөө үзүүлж чаддаг юм...

Шейрил Сандбергийн Монголын уншигчдад зориулсан бичлэгийг үзнэ үү