“Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Амартүвшинтэй ам зөрөлдөн, улмаар хэвтэрт ортол нь зоджээ. Улсын сайн малчин тодруулахаас үүдэлтэй энэхүү маргаанаас үүдсэн маргаан зодоон болж, улмаар тэр хүний хамар амнаас нь цус гарч эмнэлэгт хүргэгдсэн байна” гэх мэдээлэл өчигдөр цахим сайтуудаар тавигдсан юм. Энэхүү мэдээлэл үнэн эсэхийг Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатараас тодрууллаа.
-Сайхан өвөлжиж байна уу. Таны талаар таагүй мэдээлэл гараад байна уншсан уу?
-Сайхан өвөлжиж байна. Тийм үү, ямар мэдээлэл юм бол.
-Хүнс хөдөө аж ахуйн газрын даргаа хэвтэрт ортол нь зодсон гэх мэдээлэл?
-Хүнийг хэвтэрт ортол нь зодчихсон бол ар гэрийнхэн гомдол гаргана даа. Ядахдаа л миний талаар цагдаад мэдэгдэл очих байлгүй дээ. Тийм зүйл ерөөсөө болоогүй.
Хүнийг хэвтэрт ортол нь зодчихсон бол ар гэрийнхэн гомдол гаргана.
-Засаг даргын зөвлөлийн хурал дээр маргаан үүссэн юм биш үү?
-Тийм зүйл ерөөсөө болоогүй. Ах нь тэгж хүн амьтан зодож нүдэж явдаг хүн биш. Тийм ёс зүй ч байхгүй. Өглөө нарийн бичгийн дарга маань ийм мэдээлэл гарлаа гэж надад хэлсэн.
Би тэр тавьсан сайтуудыг шүүхэд өгнө. Шударга ажиллах ёстой. Эсвэл миний эсрэг зохион байгуулалттай сурталчилгаа явуулаад байна уу. Эсвэл намайг үнэгүй сурталчлаад байна уу /инээв/. Ерөөсөө зодоон цохион, маргаан болоогүй гэдгийг л хэлчихье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!