Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Өлзийбаатар: Түүхээ мэдэж байхад хэзээ тэмдэглэх нь чухал биш

А.Ням-Өлзий, iKon.mn
2014 оны 11 сарын 26
iKon.MN
 

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хууль баталсны 90 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Монголчууд хаант засгийг халж, шинэ цагийн улс болоход чухал алхам хийсэн түүхтэй. Энэ өдрийн талаар Түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатартай ярилцаа.  

-Арваннэгдүгээр сарын 26-н буюу өнөөдөр Монголын түүхэнд ямар ач холбогдолтой өдөр вэ?

-Өнөөдөр Монголчуудын тэмдэглэх ёстой өдөр. Яагаад гэвэл арваннэгдүгээр сарын 26-нд Монголчууд анх удаа үндсэн хуулиа баталсан. Ингэснээр 20 дугаар зууны Монголын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдсэн юм. Дээр нь Бүгд найрамдах улс тунхагласан чухал өдөр.

Монголчууд 1924 онд анх удаа хаант засаглалаа халсан. 1911 онд хэмжээт эрхт хаант засагтай болоод, 1924 онд хаант засаг, хамжлагын ёсыг бүр мөсөн халсан. 

Энэ цаг үеийг тэмдэглэх ёстой. Өнөөдөр Бүгд найрамдах улс тунхагласан өдөр гэдгийг залуус ойлгох хэрэгтэй. Сүүлийн үед энэ үйл явдлыг улс тунхагласан, тусгаар тогтносон гэдэгтэй холиод мөн, биш гээд маргадаг болсон. Бүгд найрамдах улс гэдгээ тунхаглан зарласан гэсэн үг шүү дээ.  

-Тэгэхээр 1911 оны үйл явдал тусгаар тогтнол мөн үү?

-Монголчууд бид хоёр удаа тусгаар тогтнолоо зарласан. 1911 онд Манжаас салсан 1924 онд Хятадаас салсан. 1911 онд Манжаас салсан боловч тусгаар тогтнолоо алдчихсан. Хятадад эзлэгдсэн учраас. Харин 1924 онд Хятадаас салснаар хоёр дахь удаагаа тусгаар тогтнолоо зарласан

Үүнийг манайхан хольж хутгаад байдаг. Манжаас салсан нь тусгаар тогтнол биш, Хятадаас салсан нь мөн гэх мэт маргаан бий. Энэ хоёр үйл явдал хоёулаа тусгаар тогтнол мөн. 

-Тусгаар тогтнолын өдөрт ач холбогдол өгөхгүй байна гэх хүмүүс байдаг. Магадгүй бүх нийтээр амардаг байсныг болиулсантай холбоотой байх. Та ямар бодолтой байдаг вэ?   

-Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байгаа гэж үздэг. Тусгаар тогтнолын өдөр заавал 11 сарын 26-нд болдог байх нь чухал биш. Тусгаар тогтнолын өдрийг нэг өдөр дээр тогтоё гэж ихэнх түүхч, эрдэмтэд санал нэгдээд байгаа. 

Жишээ нь, ОХУ-ын тусгаар тогтнолын өдөр зургадугаар сард болдог. Гэхдээ түүхэндээ яг тэр үед тусгаар тогтнолоо зарлаагүй. Нэг өдөр сонгоод тэмдэглэдэг болсон байх жишээтэй. Яг түүхэн өдөр нь тэмдэглэх бус тусгаар тогтнолоо хэдийд олсон, хэзээ алдсаныг л залуу үе маань мэдэж байх хэрэгтэй юм.     

Түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатарын “Монголчууд” сонсдог номын нээлт өнөөдөр Гадаад харилцааны яаманд болсон бөгөөд энэ талаарх мэдээллийг ЭНД дарж уншина уу.